Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00870

 

 

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00594 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.А-т холбогдох

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай П.Э бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч В.А-тай харилцан тохиролцож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 257,400,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож мөнгө хүлээлцэх тухай хэлцэл хийж баталгаажуулсан. 257,400,000 төгрөгөөс 117,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх өглөгтөө суутгаж, 20,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу гэрээ хийхдээ дансаар шилжүүлж төлсөн. Орон сууцны гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг өгөхөөр тохирсон боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй. 20,000,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байсан.

    

            1.а.Орон сууцыг П.Э-д 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдсан тул байр чөлөөлж өг гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдахад үнэ бүрэн төлөгдсөн байхыг шаарддаггүй. Хариуцагч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа.

    

            1.б.Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, авна гэж заасан. Д.Б- гэрчээр шүүхэд худал мэдүүлэг өгсөн. С.Б- “Могул скай” ХХК, “Могул коммуникэйшн” ХХК-д нүүрс нийлүүлдэг, хоорондын тооцоог хийж 175,000,000 төгрөгийн авлагыг байрны үнэд төлснөөр тооцохоор тохирсон байдаг. В.А- энэ тохиролцоог зөвшөөрч 117,000,000 төгрөгийг байрны үнэд төлөгдсөн гэж мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл байгуулагдсан. Энэ хэлцэл хүчин төгөлдөр байхад В.А- нь П.Э-тэй 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.М-ыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А-, П.Э- нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. В.А- нь Ц.М-д өгөх өглөг байхгүй. 40,000,000 төгрөг шилжүүлсний 20,000,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Түүнчлэн орон сууцыг П.Э- гэх хүнд худалдаж өмчлөх эрх шилжсэн. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгө хүлээлцсэн хэлцэл өнөөдрийн байдлаар дуусгавар болсон. Хэлцлийн дагуу мөнгө төлөгдөөгүй. Тухайн үед мөнгөө төлөхийг Ц.М-аас шаардаж байсан боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Нэгэнт байрны үнэ төлөгдөөгүй тул өмчлөлийг П.Э- гэдэг хүнд гэрээгээр худалдаж шилжүүлсэн. С.Б-, В.А- нарын хооронд өглөг авлагын асуудал байхгүй. Байрны үнэд 117,000,000 төгрөг өгсөн гэж байгаа боловч ямар ч мөнгө төлөгдөөгүй. 117,000,000 төгрөгний өр төлбөрт тооцсон асуудалтай холбоотой “Могул скай” ХХК-ийн захирал Г.Болд гэрчээр мэдүүлэг өгсөн. “Могул коммуникэйшн” ХХК, С.Б- нарын хооронд тооцоо байгаа бол жич шийдвэрлэх ёстой. В.А- өөрийн өмчлөлийн хөрөнгийг П.Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрх шилжсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжнэ гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэлгүй. Гэрээ нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон мөнгөө төлж барагдуулаагүй. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл амьдарсан түрээсийн төлбөрт суутгасан. Ц.М- байрыг чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хуулиар зохицуулсан тул буцааж өгөх үүрэгтэй. Бид хөрөнгийн үнэлгээний төвд хандаж үнэлгээ гаргуулахад тухайн үеийн 2023 оны 01 сараас 07 сарын хугацаанд 3 өрөө орон сууцны зах зээлийн түрээсийн үнэ ханш сарын 2,000,000 төгрөг байсныг тогтоосон. Ямар нэг байдлаар түрээс төлөх тохиролцоо байхгүй боловч Иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул сарын түрээсийг 2,000,000 төгрөгөөр тооцож 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-аас шаардсан гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч бол шударга эзэмшигч. Тухайн үед ямар нэг байдлаар байрыг түрээслэх төлбөрийн талаар гэрээ хийгээгүй, энэ асуудал огт яригдаагүй. Худалдаж аваад засвар хийж, тохижуулан амьдарч байгаа. Шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Орон сууцны гэрчилгээ гаргаж өгсний дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг өгнө гэсэн тохиролцоотой байсан боловч хариуцагч гэрчилгээ гаргаж өгөөгүй гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Э-ийн шаардлагын үндэслэл, түүний агуулга: Маргаан бүхий 3 өрөө орон сууцыг В.А-тай 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн өмчлөлийг шилжүүлж авсан. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу маргаж байгаа эд хөрөнгө нь улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр П.Э-ийн өмчлөлийн хөрөнгө. Гэвч уг орон сууцанд Ц.М- өнөөдрийг хүртэл амьдарч, хууль бусаар эзэмшиж байна.

 

5.а.Нэхэмжлэгч улсын бүртгэлийг хууль бус гэж үзэж байгаа бол бүртгэлтэй холбоотой захиргааны шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Хариуцагч В.А- маргаан бүхий орон сууцны түрээсийн төлбөрийг тодорхойлуулахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар дүгнэлт гаргуулахад сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ар зайсан гудамж Могул таун 97 дугаар байр 303 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс  2023 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл эзэмшиж, ашигласан түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын татгалзал, тайлбарын агуулга: Эхлээд байрны өмчлөлийн асуудлыг шийднэ. Түүний дараа гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх үү гэдэг асуудал яригдана. Үндсэн хэлцэл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг төлнө гэсэн тохиролцоо байгаа. Худалдаж авсан хөрөнгөд доголдол байгаа эсэхийг гуравдагч этгээд гэрээ хийхээсээ өмнө шалгах боломжтой. Гэнэт гэрчилгээ гарангуут эрх ашиг хөндөгдлөө гэж болохгүй.

 

6.а.257,400,000 төгрөгийн үнэ бүхий байрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөө яаж төлсөн нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй. Ц.М-, В.А- нарын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр хэлцэл тул Ц.М- өмчлөгч нь мөн. Иймд бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч В.А-т холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн В.А- П.Э- нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-д холбогдох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин, ашигласны төлбөр /түрээс/ 14,000,000 төгрөг гаргуулах хариуцагч В.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан гудамж 97 дугаар байр 303 тоот хаягт байрлах 117,75 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ц.М-аас түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах П.Э-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 227,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Э-ийн төлсөн 245,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.М-аас 70,200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч талын төлсөн үлдэгдэл 20,000,000 төгрөгийн асуудлыг шийдээгүй, мөнгө хүлээлцэх хэлцэл хүчин төгөлдөр эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчтай мөнгө хүлээлцэх хэлцэл байгуулж орон сууц худалдаж авсан хүчин төгөлдөр хэлцэл байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ бусдын нэр дээр гаргасан хууль бус үйлдэл нь Ц.М-ын өмчлөх эрхэд халдсан асуудал юм. Шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, гэрчүүд худал мэдүүлэг өгч байгаа талаар нэхэмжлэгч тал удаа дараа хэлж байсан. А.Батцэцэгийг гэрчээр асуулгах тухай хүсэлт өгсөн боловч хангаагүй.

 

8.а.Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” №22/01 нэхэмжлэгч С.Б- Төлөгч: “Могул скай” ХХК түүнийг төлөөлж захирал Д.Б-. С.Б- болон “Могул коммуникэйшн” ХХК, “Могул скай” ХХК нарын хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний дагуу талуудын хоорондын тооцоог нийлэхэд “Могул коммуникэйшн” ХХК, “Могул скай” ХХК нь С.Б-од 175,000,000 төгрөгний өртөй гарсан гэх нотлох баримт нь С.Б-, “Могул коммуникэйшн” ХХК, “Могул скай” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан, нүүрсний төлбөр тооцоотой төлөх өртэй, өглөгтөй болох нь нотлогдож байхад шүүх үнэлэхгүй зөвхөн нэг талын болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмааp үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

 

            2.Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч В.А-т холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр В.А-, П.Э- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөр буюу хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Э- нь орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч В.А- нар нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл” нэртэй баримт үйлдэж, хариуцагч В.А- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам, 315 айлын, Могул таун орон сууцны 97 дугаар байр, 303 тоот, 117,75 м.кв, 3 өрөө орон сууцыг 257,400,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Ц.М- нь 117,000,000 төгрөгийг авлагатаа тооцуулж, 20,000,000 төгрөгийг хэлцэл хийсэн өдөр шилжүүлж, үлдэх 120,000,000 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа хүлээлцэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-р тал/

3.а.Дээрх хэлцлийн агуулгаас үзвэл нэг тал нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан буюу тэдгээрийн хооронд үүргийн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

3.б.Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч В.А- нар нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны төлбөр төлөлттэй холбоотой бичгийн баримт үйлдэж, нэхэмжлэгч Ц.М- нь үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор хариуцагч В.А-т төлөхөөр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 5-р тал/. Мөн дээрх хэлцэлд тусгагдсан 117,000,000 төгрөгийг хариуцагч үгүйсгэж маргасан бөгөөд уг дүнгээр авлагат тооцсон болохыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

3.в.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үндсэн үүргийг хүлээдэг бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

3.г.Нэхэмжлэгч Ц.М- нь орон сууцны төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй үүргийн зөрчил гаргасантай холбоотойгоор хариуцагч В.А- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.

3.д.Улмаар хариуцагч В.А- нь гуравдагч этгээд П.Э-тэй 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг П.Э-д худалдсан нь хууль зөрчөөгүй. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болно.

3.е.Иймд маргаан бүхий 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр В.А-, П.Э- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

            4.Орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч В.А-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тус орон сууцыг эзэмшиж байсан тул хариуцагч нь гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг шаардах эрхгүй, шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5.Орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд П.Э-ийн шаардлагын тухайд гуравдагч этгээд П.Э- нь маргаан бүхий 303 тоот орон сууцыг хариуцагч В.А-аас худалдан авч, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байна. /хх-ийн 22, 92-р тал/

 

5.а.Иймд гуравдагч этгээд П.Э-ийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх тул 303 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, гуравдагч этгээдийн шаардлагаас орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөр гэх 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Мөн шийдвэрийн энэ хэсэгт гуравдагч этгээд гомдол гаргаагүй болно.

 

6.Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хариуцагч хохирол, гуравдагч этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт өмчлөгчийн эрх болон эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон, мөн гуравдагч этгээдийн шаардлагын үнийн дүнг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт байгаа техникийн шинжтэй алдааг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 100 дугаар зүйлийн 100.1 ...” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж,

3 дахь заалтын “... 287 дугаар зүйлийн 287.1 ...” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж,

4 дэх заалтын “... 287 дугаар зүйлийн 287.1 ...” гэснийг “493 дугаар зүйлийн 493.3” гэж, “... 14,000,000 ...” гэснийг “10,000,000” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                   ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ