Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00874

 

 

“Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/00198 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х-” ХК-ийн хариуцагч У.Б-, Н.Ө- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын үйлчилгээний зардалд нийт 759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргаантай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч У.Б-, Н.Ө- нар нь “Х-” ХК-тай 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлболон барьцааны гэрээ байгуулж, 260,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдэл болон У.Б-гийн өмчлөлийн 180.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 100 м.кв газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт нийт 18,762,138 төгрөгийг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 255,254,666 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 456,800,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,143,523 төгрөг, нийт 759,198,194 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний зардлын 22,000 төгрөг, нийт 759,220,194 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Х-тай 2015 оны 02 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ байгуулж, 260,000,000 төгрөгийн зээл авсан. 3 сар гаруй паб, караокены зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулахаар засвар хийсэн. Гэтэл тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Энэ хугацаанд Х-ны төлөөлөгчтэй удаа дараа уулзаж, бичгээр болон амаар энэ зээлийг төлж чадахгүй болж байна гэдгийг ч хэлж байсан боловч банк гэрээний хугацаа дуусахыг хүлээж, хугацаа дууссанаас 1 жил 8 сарын дараа шүүхэд өгч өрийн дарамтад оруулж байна. Анхнаасаа 2015 онд 3 удаа зээлээ төлөөд дахин төлж чадахгүй байхад зээлийн гэрээний заалт дээр байгаа хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах эрх байсаар байтал өдий олон жил намайг өрийн дарамтад оруулж авсан зээлээс 2 дахин их хүү нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч У.Б-, Н.Ө- нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 759,220,194 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Б-, Н.Ө- нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд У.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, Б.Доржийн гудамж 53/1 тоотын 180.5 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043447 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сэлэнгэ зочид буудлын баруун талд 100 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,024,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-, Н.Ө- нараас 4,024,250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. “...2015 оны 05 сараас эхлэн зээлээ хуваарийн дагуу төлөөгүй төлөх боломж байхгүй байгаа шалтгаанаа бичгээр, утсаар удаа дараа мэдэгдэж байсан. Нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үүдсэн үр дагаврыг хариуцагчид ногдуулсан байдлаар шийдвэрлэсэн нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болсныг мэдэж байсны дээр зориудаар төлбөрийн чадваргүйг ашиглаж эдийн засгийн дарамтад оруулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуудийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэдгийг хардгаас бус яагаад ийм үр дагавар авч ирэх болсныг оролцогч, агуулга, объект зэргээрээ ялгагддаг онцгой харилцаа гэдгийг орхигдуулж дүгнэж буруу жишиг бий болгож байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “... хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй...” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр болох 456,800,003.70, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,653,481 төгрөг, нийт 504,453,484 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэж байна. Хүүгийн төлбөрөө төлөхгүй байгаа эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчилд орохгүй бөгөөд энэ нь 2015 оны 5 дугаар сараас хариуцагчид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдлыг бий болгожээ. Нэхэмжлэгч талд гэрээ цуцлах эрх нь хуулиар олгож байгаагийн гол зорилго нь нэг тал үүргээ ноцтой зөрчиж биелүүлэхгүй байгаагаас нөгөө талд үүсэх хохирлын хэмжээг нэмэхгүй байх, эдийн засгийг үр өгөөжгүй байдал гаргахгүй байхад чиглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас гаргах гүйцэтгэлийг 504,453,484 төгрөгөөр багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Х-” ХК нь хариуцагч У.Б-, Н.Ө- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХК нь 260,000,000 төгрөгийг, жилийн 22,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч У.Б-, Н.Ө- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 260,000,000 төгрөгийг зээлдэгч нарын дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 15-17, 35-р тал/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч У.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, 53/1 тоот хаягт байршилтай, 180.5 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 100 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, тоног төхөөрөмж, бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалжээ. /хх-ийн 18-19-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

4.а.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч “Х-” ХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч У.Б-, Н.Ө- нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

4.б.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч У.Б-, Н.Ө- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2015 оны 05 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нарт үндсэн зээл 255,254,666 төгрөг, хүү 456,800,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,143,523 төгрөг, нийт 759,198,194 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогджээ. /хх-ийн 43-р тал/

4.в.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4.3-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл, ямар хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд гэрээгээр тохиролцсон, энэхүү тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Мөн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээгээр ямар эрх, үүрэг хүлээж, хэрхэн цуцалж, дуусгавар болгохыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх учиртай.

4.г.Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээг цуцлах, төлбөр төлөлтийг хойшлуулахтай холбоотой аливаа хүсэлтийг банкинд гаргаагүй, ямар нэг байдлаар шийдвэрлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүйтэй холбоотойгоор их хэмжээний хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.

5.Анхан шатны шүүх зээлийн нийт үүрэг болон барьцааны зүйлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагад хамаарах шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад маргаанд хамааралгүй хууль баримталсан, 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус залруулах шаардлагатай.

Тодруулбал, нэхэмжлэгч “Х-” ХК нь зээлийн төлбөрөөс гадна нотариатын үйлчилгээний зардалд 22,000 төгрөг нэхэмжилсэн ба энэхүү зардал нь хэргийн 9-10 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй болно.

6.Давж заалдах шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 30 минутад товлогдсон. Шүүх хуралдааны товыг зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдааны товлогдсон хугацаанд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 45 минутад цахимаар ирүүлсэн болохыг дурьдлаа.

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/00198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад  “Иргэний хуулийн ...” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1,” гэж нэмж,

2 дахь заалтаас “... 158 дугаар зүйлийн 158.1 ...,” гэснийг хасаж,

3 дахь заалтаас “... тус тус ...” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б-гоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,680,388 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЭНЭБИШ

 

            ШҮҮГЧ                                        Д.ЗОЛЗАЯА

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ