Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 136

 

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Г-од холбогдох 1805063410046 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, .......... байрны ... тоотод оршин суух, урьд .......... дүүргийн шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар .. жилийн хугацаагаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж .. жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б-ийн Г-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г-нь 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ........... дүүргийн ... дугаар хороо ...... байрны гадна таксины төлбөрөөс үүдсэн маргааны улмаас иргэн А.Э-г зодож биед доод баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч  А.Э-гийн “2018 оны 12 дугаар сарын 15-ны орой гадуур хүн ихтэй болохоор нь өөрийн ........... улсын дугаартай ... маркийн автомашинтай гадуур халтуур хийж байхад 00 цагийн үед урт цагааны орчмоос 3 үл таних хүн аваад Сансарын 15-р хороололд ирээд таксины тооцоо 15.000 төгрөг болсон гэсэн чинь нөгөө ах 10.000 төгрөг өгөөд болно 10.000 төгрөг л гардаг юм гэсэн. Тэгэхээр нь би ядаж 2000 төгрөг өгчихөө цаг гаран явлаа ш дээ гэсэн чинь дахиад 10.000 төгрөг гаргаж ирээд дахиад энийг авах юм уу гэсэн. Тэгэхээр нь та 20.000 төгрөгөө өгчих би задлаад өгье гэсэн чинь миний ам руу зөөлөн цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гээд нөгөө хүнийг түлхсэн чинь хажууд сууж байсан хүн намайг араас боогоод авсан. Тэгээд жижиг биетэй ах нь намайг нүүр рүү 5-6 удаа цохисон. Тэгээд би машинаасаа зугтаагаад буусан чинь нөгөө хоёр машинаас буугаад намайг хөөсөн. Том биетэй ах нь намайг наад мөнгөө аваад одоо явчих гэсэн тэгэхээр нь миний шүд хөдөлчихсөн гэсэн алив харъя гэхээр нь харуулах гээд очсон чинь том биетэй ах нь намайг барьж авсан энэ үед жижиг биетэй ах нь өшиглөөд нүүр рүү нэг удаа цохисон. ... Машин дотор жижиг биетэй Г- нь намайг машин дотор 5-6 удаа тохойгоороо цохиод байсан. ... Эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Ялалтын “...Уг машины жолооч хойд суудал руугаа хараад юм яриад байсан удалгүй хойно сууж байсан залуу нь жолоочийг тохойгоороо  нүүр рүү нь 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд бид хоёр за юу болоод байна юу ч гэсэн харж л байя гэсэн. Тэгээд нөгөө жолооч машинаасаа буугаад ирэнгүүт машины хойноос хоёр эрэгтэй хүн бууж ирсэн. Тэгээд нөгөө жолоочийг хөөгөөд зодоод байсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад уг зодооныг салгах гээд ах нар одоо болно гэхэд нөгөө ах нар болихгүй жолоочийг хөөгөөд л зодоод гүйгээд байсан. Тэгэхээр нь цагдаад хандаж дуудлага өгсөн. Намхан ах нь нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан. ... Таксины жолооч уг хүмүүст гар хүрч чадахгүй байсан. Ганц нэг удаа түлхэж л харагдсан. Бараг биеэ хамгаалах гэж л түлхэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №245 дугаартай:

“1. А.Эгийн биед доод баруун 1,2, зүүн 1,2-р шүдний сулрал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... Би цохисон нь үнэн. Тухайн үед согтуу байсан болохоор ийм асуудал гаргасан байна. Гаргасан алдаагаа ухамсарлаж байна. ... Би өөрийн  гаргасан гэмт үйлдэлдээ харамсаж байна. Би тухайн эмчилгээний зардлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Г-нь таксины төлбөрөөс үүдсэн маргааны улмаас иргэн А.Эг зодож биед доод баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч А.Э, гэрч Ц.Ялалт нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт А.Эгийн Хаан банкны 5024465011 дугаарын дансанд “Г-оос шүдний эмчилгээ, 845.000 төгрөг” шилжүүлсэн тухай баримт /хэргийн 106 дугаар хуудас/ авагджээ.

Иймд шүүгдэгч Ц.Г- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч А.Э нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г-нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй тул орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Г-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Э цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ