Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00875

 

 

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -23 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ-23/03357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Д-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2-6058307 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны -8/2 дугаар байрны - тоот хаягт байршилтай, 101.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг үнэлгээчин 314,400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч буюу Ж.Д- надад хуульд зааснаар мэдэгдээгүй бөгөөд -23 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрт хүргүүлж миний эцэгт гардуулж өгсөн. Албадан дуудлага худалдаа явуулах тухай -23 оны 06 дугаар сарын --ны 7/64 дугаартай тогтоол, -23 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4-238/12416 дугаартай мэдэгдлээс үнэлгээг мэдэж үнэлгээний тайлантай танилцан хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь нийтэд илэрхий баримт болох unegui.mn сайтад эрхийн улсын бүртгэлийн Ү- 2-6058307 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны -8/2 дугаар байрны - тоот хаягт байршилтай, 101.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцтай адил ашиглалтанд орсон байршил ижил орон сууцны зах зээлийн худалдах үнэ нь 3-,000,000 төгрөг түүнээс дээш байх бөгөөд үнэлгээчний үнэлгээгээр төлбөр төлөгчийн эрх ашгийг багадаа 6,000,000 түүнээс дээш хэмжээгээр хохироохоор байна. Тиймээс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний 314,400,000 төгрөг гэсэн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед би 1 м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр авч байсан. Одоогийн зах зээлийн үнэ ханш нь 5,000,000 гаруй төгрөг байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2-6058307 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан Дүнжингарав гудамжны -8/2 дугаар байрны - тоот хаягт байршилтай, 101,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнийг үнэлгээчин 314,400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -21 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2177 дугаар шийдвэрээр “Олом трейд” ХХК, Ж.Д- нараас 161,927,000 гаргуулж “Зууннайман ойл” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн -22 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22290450 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч “Олом трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Ж.Д-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2-6058307 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /170-/, Дүнжингарав гудамж, -8/2 байрны - тоот хаягт байрлах 101.4 м.кв талбай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг -23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22290450/03 дугаар тогтоолоор битүүмжилж, -23 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22290450/04 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг -23 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/228 дугаар тогтоолоор томилсон. Шинжээч нь -23 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 314,400,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт -23 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-222/11306 тоот албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт биечлэн хүлээлгэн өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н-т холбогдох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /170-/, Дүнжингарав гудамж, -8/2 дугаар байр, - тоот хаягт байрлах 101,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 314,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн -23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,-0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шийдвэр үндэслэлгүй бөгөөд эргэлзээгүй болж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Учир нь үнэлгээг -23 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-222/11306 тоот мэдэгдлээр Ж.Д-д мэдэгдсэн гэх баримтанд нэхэмжлэгч Ж.Д- би гарын үсэг зураагүй бөгөөд үнэлгээний тайланг хүлээн авч танилцаагүй, харин -23 оны 06 сарын 26-ны өдөр гэрт хүргүүлж миний эцэгт гардуулж өгсөн албадан дуудлага худалдаа явуулах тухай -23 оны 06 дугаар сарын --ны 7/64 дугаартай тогтоол, -23 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4-238/12416 дугаартай мэдэгдлээс үнэлгээг мэдэж, үнэлгээний тайлантай танилцан үнэлгээг анх мэдэн -23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн -23 оны 10 сарын 24-ний өдрийн 183/ШШ-23/03357 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: -23 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч, -23 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу 2 хоногийн дотор төлбөр төлөгч болох “Олом трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Д-ийн гэрийн хаяг болох Цэнгэлдэх хотхон -6 дугаар байрны 1-3 тоот хаягт орлон гүйцэтгэгч Н.Энхзул очиж гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан ба тухайн тэмдэглэлд Ж.Д- гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -21 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ-21/02177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн -21 оны 12 дугаар сарын --ны өдрийн 1812 дугаар магадлалаар “Олом трейд” ХХК-аас 161,927,000 төгрөгийг гаргуулан “Зууннайман ойл” ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Ж.Д-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /170-/, Дүнжинагарав гудамж, -8/2 дугаар байр, - тоот хаягт байрлах, 101,4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2-6058307 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 22-31-р тал/

 

4.а.Төлбөр төлөгч “Олом трейд” ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Зууннайман ойл” ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх -22 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 183/ГХ-22/00523 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 19-р тал/

 

            4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн -22 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Ж.Д-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг -23 оны 03 дугаар сарын 30-ны өдөр битүүмжилж, -23 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 32, 35-40-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнэлгээнд тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 41, 45-46-р тал/

 

4.г.Хөрөнгийн үнэлгээний “Файн эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг 314,400,000 төгрөгөөр үнэлж, хариуцагч Н- нь дээрх үнэлгээг -23 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ж.Д-д мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаар тогтоогджээ. /хх-ийн 74-р тал/.

 

4.д.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Д- нь -23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.   

 

5.Түүнчлэн, “Файн эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна үл хөдлөх эд  хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй.

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -23 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ-23/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,-0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

              ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ