| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0088/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 112
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Э.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөг Ж.Туяа,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Н.Ут холбогдох эрүүгийн 1818006550017 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Н.У /РД: /, Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.У нь иргэн Э.Бгийн 33 толгой үхрийг маллаж байхдаа 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 толгой шүдлэн үхрийг идшинд хэрэглэж, 2.950.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 толгой үхрийг бусдад зарж борлуулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Уын өгсөн: Хохирогчийн 4 үхрийг зарж, банкны зээлэнд өгсөн. Нэг үхрийг нь идшинд хэрэглэсэн. Би идшинд нэг үхэр идье, оронд нь охин бяруу өгье гэж хэлэхэд Э.Э нь мухар улаан зүсмийн үхрийг ид гэж хэлсэн. Би тэр үхрийг нь идээд оронд нь охин бяруу өгсөн. Идшинд өгсөн үхрийг аваагүй гэж маргаж байгаа гэв.
Хохирогч Э.Бгийн өгсөн: Анх 9 тугалтай үнээ буюу 18 толгой үхэр, эр, эм нийлсэн 3 шүдлэн, идшинд хийх 1 үхэр нийт 22 тооны үхрийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Н.У туугаад авсан. 2018 оны 06 дугаар сарын 06-ны хавьд хүнээс мал авахад, Н.У саах үхэр аваарай, надад сүү сааль нь хэрэгтэй гээд байхаар нь хэдэн үнээ авсныг Н.У туугаад аваад явсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сараас манай мал алга болж эхэлсэн. Н.Уаас асуухад тэр үхэр олдсон гэдэг байдлаар бидэнд шалтаг тоочиж явсаар нийт 5 үхэр алга болсон байсан. Н.Утай 5 үхэр алга болгосон, манай сэтэрлэсэн үхрийг алж зарсан байна гэдэг шалтгаанаар муудалцаж, цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Сүүлд нь 4 үхэр зарж, нэг үхэр идшинд хэрэглэснийг нь мэдсэн. Н.У нь зөвшөөрөлгүй 4 үхэр зарсан, зөвшөөрөлтэй 1 үхэр идсэн байсан. Идшинд хэрэглэсэн үхрийнхээ оронд өгөх үхрээ зааж өгнө гэсэн боловч зааж өгөөгүй. Зөвшөөрсөн гээд байгаа үхрийг 11 сард алж идчихээд 1 сар хүртэл орны үхрийг нь зааж өгөөгүй учир бид хоёр 5 үхэр зөвшөөрөлгүй алж идсэн гэж гомдол гаргасан. Н.У авсан үхрийнхээ оронд үхэр өгье гэхэд нь зөвшөөрөөгүй. Н.Уаас хохиролд авсан тугалтай үнээ, гунжны үнэлгээ 1.900.000 төгрөг болсон. Нийт хохирол 3.650.000 төгрөгөөс 2.200.000 төгрөгийг төлсөн, 1.450.000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг мөнгийг шүүгдэгчийн эмээ нь батлан дааж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Э.Эын өгсөн: ...би цэрэгт хамт алба хаасан Н.Ут 33 толгой үхэр маллуулахаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэгээд өвлийн улиралд сард 100.000 төгрөгийн цалин өгч, зуны улиралд үхрийн сүү саалийг зарж борлуулж орлого олж байхаар хоорондоо тохиролцсон. Өнгөрсөн өвөл Н.У нь нэг шүдлэн үхрийг хүнсэндээ хэрэглээд орных нь үхрийг өгье гэж хэлсэн. Түүнээс гадна дур мэдэн 4 тооны үхэр зарчихсан байсан. Хэзээ хэрхэн зарж борлуулсан талаар нь асуухад Н.У нь “мөнгөний хэрэг гараад зарж ашигласан. Ногоо тариалсан байгаа түүнийгээ зараад үхрийн төлбөрийг төлнө” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Н.Бын өгсөн: ...нийтдээ 33 тооны үхрийг Н.У нь авч ирээд маллаж байсан. Миний мэдэхээр 4 тооны үхрийг Н.У нь нядалж борлуулсан. Би “чи яагаад хүний үхрээс гаргаж нядлаад байгаа юм бэ?” гэж асуухад “би мэдэж байна хөлсөнд нь авч байгаа юм” гээд байхаар нь би тийм юм байх гэж бодсон. Манайхаас 1 тугалтай үхэр, гунжин үхэр нийтдээ 3 тооны үхэр авсан. Тэрийг хохирол төлбөрөөс хасаж байгаа гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “иргэн Э.Бгийн эзэмшлийн нас гүйцсэн сувай эм үхэр 3 толгой, эр шүдлэн үхэр 2 толгой мал нь 3.650.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
Шүүгдэгч Н.Уын яллагдагчаар өгсөн: ...Э.Эаас нийт 33 тооны үхэр авч малласан. Тэгээд би мөнгөний хэрэг гараад 4 тооны үхрийг нядалж зарсан. Өвөл нь 1 үхрийг идшиндээ идсэн. Ингээд 5 тооны үхэр дутаад байгаа юм. Хохирол төлбөрт тугалтай үхэр, ягаан халзан гунж, нийт 3 тооны үхэр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.У нь иргэн Э.Бгийн 33 тооны үхрийг маллаж байхдаа 1 толгой үхрийг идшинд хэрэглээд оронд нь үхэр өгөхөөр хохирогчтой тохиролцоод идшинд хэрэглэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бгийн өгсөн “...Н.У нь зөвшөөрөлгүй 4 үхэр зарсан, зөвшөөрөлтэй 1 үхэр идсэн байсан. Идшинд хэрэглэсэн шүдлэн үхрийнхээ оронд үхэр өгнө гэсэн боловч зааж өгөөгүй. Зөвшөөрсөн гээд байгаа үхрийг 11 сард алж идчихээд 1 сар хүртэл орны үхрийг нь зааж өгөөгүй учир бид хоёр 5 үхэр зөвшөөрөлгүй алж идсэн гэж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Э.Эын “...Өнгөрсөн өвөл Н.У нь нэг шүдлэн үхрийг хүнсэндээ хэрэглээд орных нь үхрийг өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид холбогдох хэргээс 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны шүдлэн үхэр завшсан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Н.У нь иргэн Э.Бгийн 33 толгой үхрийг маллаж байхдаа 4 тооны үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулан 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 2.950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Н.У нь хохирогч Э.Бд учирсан 2.950.000 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны тугалтай үнээ, 1 тооны гунжин үхэр болон биет 300.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бгийн өгсөн “...Н.Уын өгсөн тугалтай үнээ, гунжны хохирлын үнэлгээ 1.900.000 төгрөг болсон байсан...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Н.Бын өгсөн “...Манайхаас 1 тугалтай үхэр, гунжин үхэр нийтдээ 3 тооны үхэр авсан. Тэрийг хохирол төлбөрөөс хасаж байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Н.Уаас иргэн Э.Бд хохирол төлбөрт тооцож өгсөн үнээ 1 толгой, тугал 1 толгой, шүдлэн гунж 1 толгой зэрэг үхэр нь 1.900.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/, “Шүүгдэгч Н.Уын иргэн Э.Бд учруулсан хохирлын төлбөрөөс Н.Уын ээж Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийг бэлнээр Э.Бд өгсөн нь үнэн болно” гэх нотариатаар батлуулсан мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 96/-аар тус тус нотлогдож байна.
Хохирогч Э.Б нь шүүгдэгчээс 5 тооны үхрийн үнэ 3.650.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны үхэр завшсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2.200.000 төгрөгийн хохирол төлсөн тул Н.Уаас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгож, хохирогчийн 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авсан боловч хохирлоо төлөөгүй, харин 750.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Н.У нь анх удаа гэм хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Уын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнх 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэмт хэргийн улмаас учирсан хохирол 750.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Н.Ут холбогдох эрүүгийн 1818006550017 дугаартай хэргээс 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны шүдлэн эр үхэр завшсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.Ут шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ хоногийн дотор гэмт хэргийн улмаас учирсан хохирол 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Уаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д овогт Э.Б /РД:, утас /-д олгож, хохирогчийн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР