Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/00454

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/00454

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХЗЯ-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 4.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, гэрч А.Э, И.Х шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О нь ХЗЯ-ны Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төсөлд 2014.07.01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Төслийн бизнесийн шинжээчээр ажилласан. Гэрээг байгуулахдаа төслийн удирдагч А.Э-тай гарын үсэг зуралцан, 2 хувь үйлдэн Хөлсөөр ажиллагчид үлдэх хувийг төслийн хувийн хэрэгт авч үлдсэн бөгөөд гэрээний эх хувь уг төслийн үндсэн баримт бичиг болон удирдах зөвлөлийн хуралдааны материалд байгаа. Гэрээт хугацаанд ажлын хөлс 1 сарын 2 сая төгрөгөөр тохиролцсон бөгөөд тухайн үед гэрээний хугацаа дуусахад таны цалинг дансанд чинь шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл ажлын хөлс болох 4 сая төгрөгийг төлөхгүй байна. Энэ тухайгаа ХЗЯ-д 2016.02.15-ны өдөр өргөдөл гаргасан боловч одоог хүртэл албан ёсоор, бичгээр хариу өгөхгүй байгаа тул Хөлсөөр ажиллах гэрээний 2 сарын төлбөр болох 4 сая төгрөгийг Хууль зүйн яамнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХЗС-н 2013 оны А/116 дугаар тушаалаар Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, төслийн удирдагч болон гэрээгээр үүрэг гүйцэтгэх ажилтнуудыг түр хугацаагаар томилох, төсөл хэрэгжүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад даалгасан. Дээрх тушаалаар олгогдсон эрхийн хүрээндХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажил олгогч болохын хувьд уг төслийн нэгжид ажиллах ажилтнуудыг томилж, гэрээ байгуулан ажиллуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг бөгөөдХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь ажил олгогч болохын хувьд Ц.О-г ажилд авсан ямар нэг шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулаагүй, түүнчлэн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх талаар болон цалин хөлсний талаар тохиролцсон асуудал байхгүй тул хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болно. Уг төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд иргэн Ц.Отай ямар нэгэн гэрээ байгуулж ажиллаагүй байсан.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийсэн хэлцэл гэж үзнэ., мөн хуулийн 195.2-д гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна., 195.3-д ...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гол нөхцөл гэнэ. гэж тус тус заасан шаардлага хангахгүй байна. Түүнчлэн төслийн удирдагчидХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг төлөөлөх эрх олгогдоогүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ХЗЯ-д холбогдуулж хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэгэнт хийсэн ажлынхаа хөлсийг авч чадаагүй тул нэхэх эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд бид Ц.Отай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, төслийн удирдагчид яамыг төлөөлөх эрх байхгүй тул хөлс төлөх үүрэг хүлээхгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.26-ны өдрийн 8105 дугаартай шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Монгол Улсын ХЗС-н 2013.05.29-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч Ц.О нь дээрх төсөл буюуХЗЯ-ны Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төсөлд 2014.07.01-нээс 2014.08.31-нийг дуустал бизнесийн шинжээчээр ажиллаж байсан, түүний нэг сарын цалин хөлс 2.000.000 төгрөг, ажилласан 2 сарын хугацааны хөлс болох 4.000.000 төгрөгийг Хууль зүйн яамнаас авч чадаагүй болох нь түүний төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч Ц.О-с түүний төлөөлөгч Т.Бд ирүүлсэн цахим захидал /email/, түүний хавсралтуудад үзлэг хийж бэхжүүлэн хуулбарлаж авсан ажлын файлууд, тухайлбал 2014.06.11-ний өдрийн Хууль зүйн цахим мэдээллийн нэгтгэлийн системийн асуулга, 2014.07.22-ны өдрийн Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгтгэлийн төвийн Хууль зүйн цахим нэгтгэлийн системийн төсөл-ийг хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө, гэрч А.Э, И.Х нартай хамт авхуулсан гэрэл зургууд,

гэрч А.Эрдэнбулагийн тухайн үедХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг надад багаа бүрдүүлэх эрхийг олгож, төсвийг баталж өгсний дагуу би багаа бүрдүүлж О , Х нарт санал тавьж, ажилд авч байсан, бүх ажилчдын сарын цалинг 2.000.000 төгрөгөөр тохирсон, бид 15 хүний ажлыг 5-лаа хийж байсан, хийсэн ажлаа тухай бүр тайлагнаж байсан, О ажилласан хугацааныхаа цалинг авч чадаагүй гэх мэдүүлэг,

мөн гэрч И.Х ийн бидний төслийн удирдагч Э байсан, бидэнд ажлын санал тавьсан хүн бол Э , би О ажиллаж байхад уг төсөлд сүүлд орж ирсэн, бид гэрээ байгуулах талаар олон төсөлд гарын үсэг зурж ХЗЯ-д хүргүүлсэн боловч яасан нь мэдэгдэхгүй алга болдог, бидний сарын цалин 2.000.000 төгрөг, би мөн цалингаа авч чадаагүй байж байгаад сүүлд шүүхээр явж шийдвэр гаргуулсан, О ажилласан хугацааныхаа цалинг авч чадаагүй гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх нэг талаас нэхэмжлэгч тохирсон ажлыг гүйцэтгэх, нөгөө талаас хариуцагч хөлс төлөх үүрэг хүлээсэн, гэрээний зүйл нь тухайн ажил үйлчилгээ байгаа шинжийг харгалзан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байна гэж үзсэн бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай тус тус нийцжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

 

360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгчид шаардах эрх, харин хариуцагчид хөлс төлөх үүрэг үүссэн байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухай тайлбарыг ирүүлсэн байх боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Иймд хариуцагч Хууль зүйн яамнаас 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ю.А шүүх хуралдааны товыг мэдсэн, тэрээр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлснийг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ХЗЯ-с 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ос тэмдэгтийн хураамжид төлсөн 79.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хууль зүйн яамнаас 79.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА