Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00927

 

 

 

 

“К-” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “К-” ХК-ийн хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, М.Н-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 170,753,797 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

зээлийн гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.Н-, Д.П-  нарын сөрөг нэхэмжлэлтэй,

үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нарын бие даасан шаардлагатай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Г, хариуцагч О.Г-, хариуцагч Н.Н-, хариуцагч Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээд З.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Н.Н- болон гуравдагч этгээд З.Н- нарын өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, М.Н--Нара, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нар нь К-тай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3096-2018/11 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “Х-” ХХК-ийн дансанд 150,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3096-2018/11-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр иргэн Д.Д-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү2204065704 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 6/5 тоот хаягт орших 50 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн З.Н-ийн өмчлөлийн Ү-2207072108 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 71 дүгээр байр, 71 тоот хаягт байрлах 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3091-2018/11-02 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Х-” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Хариуцагч нар үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүйн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч нараас 187,622,980 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүг 10,144,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 1,486,703 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 199,253,797 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Хариуцагч М.Н--Нара нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид 28,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 28,500,000 төгрөгөөр багасгаж, түүнд холбогдох хэсгээс татгалзсан. Иймд хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нараас 170,753,797 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваарилж нэг хариуцагчаас 28,458,966 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Х-” ХХК, Ц.М- нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч “К-” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11,630,813 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага 170,753,795 төгрөгөөс сүүлд нэмэгдүүлсэн 11,630,813 төгрөгийг хасаад үлдэх 159,122,984 төгрөгийг 6 хуваагаад гарсан үнийн дүнг төлөхөд “Х-” ХХК болон Ц.М- нарын хувьд татгалзах зүйлгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээгээ цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогдох хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 11,630,813 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой шаардлага гаргахад заавал өмчлөгчийг хариуцагчаар татсан байхыг шаардах практиктай.  Тус хэрэгт хариуцагчаар барьцааны зүйл болох хоёр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгдөгчийг хариуцагчаар татаагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.а.Хариуцагч Г.О-ийн тайлбар, татгалзалын агуулга: 2018 онд “Х-” ХХК нь К-наас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед компани эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас банкнаас зээл авах талаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.Гантулга, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан О.Г- нарын саналыг хувьцаа эзэмшигчид дэмжсэнээр зээл авсан. Зээлийг Н.Гантулга, О.Г- нар зарцуулсан байдаг. 2018 онд гүйцэтгэх захирлаар Ц.М- томилогдсон бөгөөд Ц.М- нь Капирон банкны зээлийн өрийг барагдуулж, барьцаанд байгаа хөрөнгүүдийг суллуулна гэсэн амлалттайгаар захирал болсон. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Х-” ХХК нь засвар хийж тохижуулсан обьектоо түрээслүүлэн олж буй ашгаас зээлийн төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэжээ.

 

2.б.Хариуцагч О.Г-ын тайлбар, татгалзалын агуулга: Би өөрийн эзэмшиж байсан “Х-” ХХК-ийн хувьцааг, компанийн эрхийн хамт Ц.М-эд 100 хувь шилжүүлэн өгсөн. Энэ нэхэмжлэлд миний бие хамааралгүй байна. Тухайн үед компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан зээлийн гэрээнд хувьцаа эзэмшигчдийг яагаад гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй байна. Уг мөнгийг бид аваагүй, ашиглаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2.в.Хариуцагч Н.Н-ын тайлбар, татгалзалын агуулга: Би З.Н-ээс олгосон итгэмжлэлийн дагуу 2 өрөө орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. “Х-” ХХК-иас тухайн зээлийн эргэн төлөлтөд санаа зоволтгүй, зээлийг хугацаанаас нь өмнө дуусгаж барьцаа хөрөнгийг суллаж өгнө гэсний дагуу би үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хувьцаа эзэмшигчид  хамтран үүрэг гүйцэтгэх хүсэл зориг байгаагүй. Хуулинд  зээлдэгч болгонд хувийн хэрэг нээнэ гэсэн байдаг. Гэтэл хувийн хэрэг зөвхөн “Х-” ХХК дээр нээгдсэн, бусад хүмүүсийн нэр дээр байдаггүй. Мөн банк Ц.М-, М.Н--Нара, О.Г- нарыг сонгоод шалгаж үзэхэд 500 гаруй сая төгрөгийн өртэй байхад зээл олгосон байдаг. Тэгэхээр ашиг сонирхлын процесс явагдаад байгаа юм. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Нөгөөтээгүүр, гэрээнд зээлдэгчийг төлөөлж гээд хувьцаа эзэмшигч нараар гарын үсэг зуруулсан атлаа хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж гээд 6 хүнээр гарын үсэг зуруулсан байгаа нь ойлгомжгүй байна. Зээлдэгч, батлан даагч, барьцаалагчийн алинаар нэхэж байгаа нь нэхэмжлэлд тодорхойгүй байна. Тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

2.г.Хариуцагч Д.П-гийн тайлбар, татгалзалын агуулга: Ц.М-, М.Н--Нара, Г.О-, О.Г-, Н.Н- нартай хамтарч “Х-” ХХК-ийг байгуулан 260 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж, 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2018 онд компанийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Д.Д-ын үл хөдлөх хөрөнгийг баьцаанд тавьж К-наас зээл авч өгсөн. 2019 онд худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 260 сая төгрөгөөр 20 хувийн хувьцаагаа Ц.М-эд худалдсан. Дээрх гэрээгээр Ц.М- нь К-ны зээлийн төлбөрийг барагдуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр тохиролцсон боловч тэрээр үүргээ биелүүлээгүйгээс миний эрх, ашиг зөрчигдөн хохирч байна. Зээлийн гэрээний хувьд Д.П- зээлдэгч биш юм. Зээлийн хувийн хэрэгт хүсэлтүүд байгаагүй зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөл эсэх нь тодорхой биш байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Н-ийн шаардлагын агуулга: Тухайн үед Н.Н-ад итгэмжлэл өгсөн ба итгэмжлэлийг нэг жилийн хугацаатайгаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар хязгаарлалт хийж олгосон. Н.Н- нь уг итгэмжлэлээр “Хөтөл номгон ББСБ” ХХК-иас үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан байдаг.  Нэг удаа ашиглах итгэмжлэлээр “Хөтөл номгон ББСБ” ХХК-иас зээл авсаар байхад “К-” ХК нь мөн барьцаалсан байдаг. Банк тухайн зээл олгохдоо шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээр зээл олгосон байна. З.Н- үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд хязгаарлуулж хохироод явж байгаа юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74б-71 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3.а.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д-ын шаардлагын агуулга: “К-” ХК, “Х-” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлийн тухайд Д.Д- нь төрсөн ах Д.П-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж, гэрээ байгуулахад гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд мэдүүлэх, мэдүүлэгт холбогдуулан лавлагаа авах, холбогдох зөвшөөрөлд гарын үсэг зурах гэсэн эрхийг хэмжээ хязгаартайгаар тодорхойлж итгэмжлэлийг олгосон байдаг. Гэтэл “К-” ХК нь дээрх Д.Д-аас Д.П-д олгосон итгэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ мөн өдөр байгуулсан барьцааны гэрээг байгуулахад ашигласан баримт хэрэгт авагдаж тодорхой болсон. Итгэмжлэлийн хугацаа болон итгэмжлэлээр эдлэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хязгаарласан эдгээр нөхцөлийг зөрчиж дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж байна. Түүнчлэн Д.Д- нь зээл болон барьцааны гэрээний харилцаанд оролцоогүй, оролцох эрхээ шилжүүлээгүй байхад тухайн гэрээнд оролцогч этгээдүүдийн хувьд хүлээх үүргийг гуравдагч этгээд Д.Д-ын өмчлөх үл хөдлөх эд хөрөнгөөр бүхэлд нь хангуулахаар тус гэрээнүүдийн холбогдох хэсгийг тодорхойлсон байгаа нь  түүний хууль ёсны эрх, ашиг ноцтой зөрчигдөхөөр байна. Мөн дээрх нөхцөл байдалд тус итгэмжлэлээр Д.П-д олгогдсон эрхийг хэтрүүлэн ашигласан нөхцөл байдал дүгнэгдэж байна. Д.Д- нь “Х-” ХХК болон нэр бүхий иргэдэд итгэмжлэл олгоогүй, тэдний өмнөөс үүрэг хүлээнэ гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл анхнаасаа байхгүй тул бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Н.Н-ын сөрөг нэхэмжлэлийг агуулга: Миний бие “К-” ХХК-д зээл олгохыг хүссэн өргөдөл өгч байгаагүй зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар сонгосон арга хэлбэр түүнтэй холбогдох мэдээлэл зээлдэгчийн талаарх мэдээлэл, надтай холбоотой хувийн хэрэг нээгдээгүй. Зээлийн гэрээнд “Х-” ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшиж байсан Н.Н- нарын 6 этгээд гарын үсэг зурсныг зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй. Зээлийг “Х-” ХХК-иас шаардах ёстой. 2014 оны Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. 2002 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаанд оролцох этгээдийг зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлийн батлан даагч, барьцуулагч хувийн этгээд байхаар зохицуулж өгсөн. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тодорхойлж цорын ганц заалт хийж өгсөн байгаа. Үүнийг хэрэгжүүлэхгүй биднээс нэхээд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “К-” ХХК болон “Х-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний надад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4.а.Хариуцагч Д.П-гийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: “К-” ХК нь Д.П- нарт зээл олгохдоо ямар нэгэн данс нээгээгүй миний дансанд зээл шилжүүлээгүй, надад зээл олгоогүй, миний бие тухайн зээлийг ашиглаагүй. “Х-” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж үүрэг хүлээх тухай баталгаа гаргасан удаа байхгүй. Миний бие 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зээлдэгчийн төлөөлөгчийн хувьд гарын үсэг зуруулж байгаа гэж ойлгож гарын үсэг зурсан. Төлөөллийн үүргийг гүйцэтгэх байдлаар зурсан нөхцөлийг “К-” ХК нь зориудаар өөрөөр тайлбарлаж зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн үүрэгтэй адилтган хариуцагчаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байснаараа компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хүлээх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар компанийн тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн байдаг. Иймээс тус зээлийн гэрээний Д.П- нарт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

5.Сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Бие даасан шаардлагын хувьд тухайн хоёр итгэмжлэлээс үзэхэд тодорхой нэгэн этгээд К-ны зээлийн зориулалтаар эсхүл “Хөтөлт номгон ББСБ” ХХК-ийн зээлд зориулж энэхүү итгэмжлэлийг ашиглана гэсэн үг өгүүлбэр огт байхгүй байдаг. Нэг жилийн хугацаанд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, үүргийн гүйцэтгэлд хангаж болно гэдгийг итгэмжлэл дээр дурдсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээн дээр итгэмжлэлээр төлөөлж гарын үсэг зурж оролцсон байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээ нь 2018 онд байгуулагдсан байтал Д.П-, Н.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2021 оны банкны шинээр батлагдсан хуулийн зохицуулалтын дагуу зохицуулах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2018 онд анх үүссэн асуудал учраас 1995 онд батлагдсан хуулийг хэрэглэх ёстой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар агуулгаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иймээс бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 159,122,984 төгрөг гаргуулж, “К-” ХХК-д олгож, хариуцагч Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нарт холбогдох нэхэмжлэлийг, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,630,813 төгрөгийн шаардлагыг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “К-” ХХК нь хариуцагч М.Н--Нараг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3096-2018/11-01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, З.Н-ийн өмчлөлийн Ү-2204072108 улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74б байр, 71 тоот, 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Д.Далайнхандын өмчлөлийн Ү-2204065704 улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 49 байр, 6-05 тоот, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцаалбарыг хүчингүй болгож,

Хариуцагч Н.Н-, Д.П- нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,727,150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 953,565 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “К-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 517,150 төгрөгийг гаргуулж, З.Н-т, улсын тэмдэгтийн хураамжид 517,150 төгрөгийг гаргуулж Д.Д-ад тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, хариуцагч Н.Н-, Д.П- нарт буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх хариуцагч Ц.М-, Н.Очцэцэг, О.Г-, Н.Н-, Д.П- нарыг хууль зүйн үндэслэлгүйгээр төлбөр төлөх үүргээс нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь “Х-” ХХК-ийн хувьцаа болон хувьцаа эзэмшигч О.Г-, Н.Н-, Д.П- нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад хувьцаа шилжсэн баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нь ойлгомжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хамтарч зээл олгох харилцааг зохицуулсан зохицуулалт болохоос биш хамтран зээл авах харилцааг зохицуулаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч “Х-” ХХК-ийн нэр дээр зээлийн хэрэг нээсэн, түүнийгээ шүүхэд хүргүүлсэн болно. Тус хуулиар хамтран үүрэг гүйцэтгэгч нарыг зээлдэгчийн адил хувийн хэрэг нээж, судалгаа хийх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны хариуцагч Ц.М-, Н.Очцэцэг, О.Г-, Н.Н-, Д.П- нар нь зээлийн гэрээнд батлан даагчаар бус хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсоныг шүүх батлан даагчаар оролцох ёстой байсан гэж үзсэн нь гэрээний талуудын чөлөөт байдалд халдсан гэж үзэж байна.

7.а.Шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.8, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дугаар зүйлүүд, Компанийн дүрмийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл холбогдох хуулиудад компанийн бүх хувьцаа эзэмшигчид гэрээнд гарын үсэг зурж болохгүй гэсэн заалт байхгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.7-д гүйцэтгэх удирдлага нь гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар заасан бөгөөд хариуцагч “Х-” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гүйцэтгэх захирлын гэрээ”-ний 3.1.9 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл ( 20,000,000 төгрөгөөс дээш үнийн дунтэй) гэрээ, хэлцэл байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах, барьцаалах бол хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авах” гэж гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хязгаарласан байна. Иймд гүйцэтгэх захирлын гэрээ, “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зээл авах шийдвэр зэргээс үзэхэд хувьцаа эзэмшигчид К-тай байгуулах зээлийн болон барьцааны гэрээг байгуулах эрхийг Гүйцэтгэх захиралд олгоогүй буюу тус эрхийг хувьцаа эзэмшигч нар өөрсдөдөө хадгалсан. Шүүх хариуцагч Ц.М-, Н.Очцэцэг, О.Г-, Н.Н-, Д.П-, М.Н- нарыг зөвхөн “Х-” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан талаас нь тайлбарласнаар нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгыг буруу тогтоож, маргааны зүйлийг оновчтой тодорхойлоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.М-, Н.Очцэцэг, О.Г-, Н.Н-, Д.П-, М.Н- нарыг “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааг эзэмшиж байсан гэдэг үндэслэлээр бус харин зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тул хариуцагчаар татсан болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж тодорхойлсон. Хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдах үед тус хууль батлагдаагүй байсан ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар мөн л хамтран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон байдаг. Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3096-2018/11 тоот “Зээлийн гэрээ”-ний талуудыг тодорхойлох хэсэгт Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хариуцагч Ц.М-, Н.Очцэцэг, О.Г-, Н.Н-, Д.П-, М.Н- нарыг бичсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг батлан даагчаар оролцох ёстой байсан гэж мөн л үндэслэлгүй дүгнэжээ.

7.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг тус тус заасныг зөрчсөн. Шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаас татгалзсан нь барьцаалагчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан байна. Барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нараас “...тухайн хөрөнгүүдийн зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх, барьцаанд бүртгүүлэх, лавлагаа авах” гэх мэт эрхүүдийг олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хуульд нийцээгүй гэж үзсэн нь мөн л үндэслэл муутай болжээ. Итгэмжлэл гэдэг нь нэг этгээд өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх бүрэн эрхийг нөгөө этгээдэд олгосноо бичгээр тодорхойлсныг хэлэх бөгөөд тухайн итгэмжлэлийг ашиглах тохиолдолд олгосон этгээдээс нь зөвшөөрөл авах, зээлийн барьцаанд бариулах тохиолдолд зээл олгогчийн нэрийг бичих ёстой гэж хуульчилж өгөөгүй болно. Хэн ч барьцаанаас чөлөөлөх сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргаагүй байхад шүүх санаачилгаараа барьцаанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй буюу хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өорчлөлт оруулж, хариуцагч “Х-” ХХК болон С.Мөнхсүх, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нараас зээлийн гэрээний үүрэгт 170,753,797 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитронбанк” ХК-д олгох, хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулж өгнө үү гэжээ.

 

8.а.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тус зээлийг “Х-” ХХК авч, өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа захиран зарцуулж зээлийн хүүг төлж байсан. Хариуцагч Д.П-гийн хувьд тухайн зээлийг авах хүсэлт гаргаж, зарцуулалтад оролцож, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй. “Х-” ХХК-ийн 20 хувийн хувьцааг 260,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эзэмшиж байсан. Хөрөнгө оруулалт хийж байсан боловч нэг ч төгрөг буцааж аваагүй. “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ц.М-эд худалдсан боловч мөнгөө авч чадаагүй. 2019 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 4 жилийн хугацаанд шалгуулсан. “Х-” ХХК нь хариуцагч Н.Н-аас 390,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Тус хөрөнгөөр Хүүхдийн 100-д байдаг Солонго ресторан буюу 2 давхар обеъктод бүрэн хэмжээний засвар хийж, тоног төхөөрөмжөөр тохижуулж, ресторанаа бусдад түрээслүүлээд төлбөрөө аваад явж байсан. Анхан шат шүүх шийдвэртээ “Х-” ХХК зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд зээлдэгч байх тул хариуцагч Ц.М-, М.Н--Нара, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нар зээлийн гэрээний дагуу төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8.б.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч О.Г-ын тайлбарын агуулга: 2018 онд Ц.М-  өр төлбөрөө хариуцна гэж гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш 900 м.кв объектын дээд талыг 30,000,000 төгрөгөөр, доод талыг 7,000,000 төгрөгөөр түрээслээд нийт 37,000,000 төгрөгийг 2022 он хүртэл “Х-” ХХК тогтмол төлж байсан. Бүх хувьцаа эзэмшигчдэд мөнгийг нь өгнө гээд түрээслээд явж байсан боловч биднээс зээлийн төлбөр нэхэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

8.в.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.Н-ын тайлбарын агуулга: Би зээл аваагүй. Компанийг төлөөлж гарын үсэг зурсан гэжээ.

 

8.г.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас барьцаатай холбоотой гомдол гаргасан. Ямар ч төрлийн итгэмжлэл байвал ямар ч барьцааг зээлд барьцаалж болно гэдэг гомдлыг агуулга үндэслэлгүй. Анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүсэл зоригийн илэрхийлэл, яг ямар зээлийн барьцаанд ямар агуулгаар олгосон гэж үзэх үндэслэл байгаа вэ гэдэгт бодитой дүгнэлт хийсэн. Д.Д- өөрийнхөө төрсөн ахад зээл хэрэгтэй байна гэх нөхцөл байдал үүссэн учраас зөвхөн Д.П-д зээлийн асуудлын хувьд итгэмжлэл олгосон. Түүнээс биш “Х-” ХХК-ийг мэдэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д-аас Д.П-д олгосон итгэмжлэл байдаггүй. Гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба Д.Д-ын гарын үсэг биш гэх дүгнэлт гарсан. Үүний дараа нэхэмжлэгч нотариатын газарт итгэмжлэл байгаа гэсэн учраас шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулахад итгэмжлэл гарч ирсэн. Энэ нөхцөл байдлаас харахад гуравдагч этгээд болох “Х-” ХХК-ийн банкны өмнө хүлээж байгаа тэр их хэмжээний төгрөгийг өөрийн хөрөнгөөр үүрэг гүйцэтгэх ямар ч хүсэл зориг байгаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “К-” ХК нь 5 жилийн хугацаанд нэхэмжлэлээ шийдүүлэхийн тулд явсан. Энэ хугацаанд “К-” ХК нь гуравдагч этгээд оролцуулах талаар ямар ч хүсэлт гаргаагүй. Ийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

            8.д.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд З.Н-ийн итгэмжлэгдсн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. “К-” ХК нь гомдолдоо итгэмжлэлд ямар зээлийг тодорхой зааж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. З.Н- хариуцагч Н.Н-ад итгэмжлэл олгохдоо 1 жилийн хугацаагаар гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүйгээр хязгаарлалт зааж олгосон. Ингээд Н.Н- нь “Хөтөл номгон ББСБ” ХХК-иас өөрийн биеэр зээл авч компанид өгсөн байдаг. Тухайн мөнгө компанийн данс руу орсон гэдэг нь баримтаар хэрэгт авагдсан. Хэд хоногийн дараа тухайн итгэмжлэлийг дахин ашиглаж “К-” ХК-иас зээл авсан. Үүнийг З.Н- хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдрийг хүртэл З.Н-ийг хариуцагчаар татсан үйл баримт байхгүй. Гэтэл З.Н-т мэдэгдээгүй байж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль бус тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “К-” ХК нь хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, М.Н-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 170,753,797 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /4хх-ийн 79-р тал/

2.а.Хариуцагч Н.Н-, Д.П- нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч зээлийн гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл,

 

2.б.Гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нар нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч “К-” ХК нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, М.Н-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “К-” ХК нь 150,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 150,000,000 төгрөгийг хариуцагч “Х-” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 12-16, 130-р тал/

 3.а.Мөн өдөр нэхэмжлэгч “К-” ХК нь хариуцагч “Х-” ХХК, гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, З.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072108 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74б байр, 71 тоот хаягт байрлах 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон Д.Далайнхандын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065704 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 49 байр, 6-05 тоот хаягт байрах, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /1-р хх-ийн 17-20-р тал/

3.б.Анхан шатны шүүх зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон хамтран үүрэг гүйцэтгэгчдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3.в.Зээлийн гэрээний 6.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Х-” ХХК-д дангаар хариуцуулж, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зээлийн гэрээний 6.3, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар нэхэмжлэгч “К-” ХК-тай гэрээгээр тохиролцсон, энэхүү тохиролцоог шүүх өөрөөр тогтоох эрхгүй юм.

 

3.г.2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 46,774,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,479,771 төгрөг, нийт 199,253,797 төгрөгийн үүрэг зээлдэгчид үүссэн болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 170,753,797 төгрөгийг зээлдэгч “Х-” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас хувь тэнцүү гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. /1-р хх-ийн 213, 4-р хх-ийн 79-р тал/

 

3.д.Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүрэг тэнцүү байх зарчмын хүрээнд хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нараас тус бүр 28,458,966 төгрөг буюу нийт 170,753,797 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХК-д олгох нь зүйтэй.

 

4.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.” гэж заасан. Нэхэмжлэгч “К-” ХК, хариуцагч “Х-” ХХК, гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

4.а.Гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалахтай холбоотой итгэмжлэлийг Н.Н-, Д.П- нарт олгосон, “итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж, танилцсан, бусдын дарамт, шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн” талаар итгэмжлэлд тодорхой тусгасан байна. Гэтэл анхан шатны шүүх итгэмжлэлийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

4.б.Нэхэмжлэгч “К-” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй тул уг шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

4.в.Барьцааны гэрээ дээрх байдлаар хүчин төгөлдөр байх тул барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан хэсэгтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд З.Н-, Д.Д- нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.Хариуцагч Н.Н-, Д.П- нар нь зээлийн гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул зээлийн гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.Н-, Д.П- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нараас тус бүр 28,458,966 төгрөг буюу нийт 170,753,797 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “К-” ХК-д олгосугай.” гэж,

 

2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072108 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74б байр, 71 тоот, 44.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Далайнхандын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065704 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжүгийн гудамж, 49 байр, 6-05 тоот, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К-” ХК нь хариуцагч М.Н-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3, 4 дэх заалтыг нэгтгэн 4 гэж дугаарлан “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай З.Н-, Д.Далайнханд нарын бие даасан шаардлага болон зээлийн гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.Н-, Д.П- нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

5 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “К-” ХК-аас төлсөн нийт 1,727,150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Н-ээс төлсөн 517,150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д-аас төлсөн 517,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Х-” ХХК, Ц.М-, Г.О-, О.Г-, Н.Н-, Д.П- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,011,719 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХК-д олгосугай.” гэж,

 

6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Н-аас төлсөн 307,950 төгрөг, хариуцагч Д.П-гээс төлсөн 307,950 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 271,244 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ

 

                         ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ