Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 113

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 1918000360056 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Ч.Б /РД: /, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь Ц.Цг “............” ХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ц.Цгээс 3.000.000 төгрөг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Бийн өгсөн: ...Ц.Цг “...........” ХК-д ажилд оруулж өгөх боломж байсан. Миний таньдаг хүн “...........” ХК-д ажилладаг гэж сонсож байсан. Тухайн үед тэр хүнтэйгээ холбогдож чадаагүй учир Ц.Цг ажилд оруулж өгч чадаагүй. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Цгийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр миний зүс таних Ч.Б гэх эгч намайг “...........” ХК-нд баяжуулалтын инженерээр ажилд оруулж өгнө гээд 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Надад мөнгө шилжүүлж өгсөн дансны хуулга байгаа. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ч.Б нь худлаа, үнэн нь мэдэгдэхгүй, товлосон хугацаагаа сунгаад байсан. Тэгээд би мөнгөө буцааж авъя, ерөөсөө больё гэж ярьсан. Тэгээд аргаа бараад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр надаас авсан 3.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч А.Аын өгсөн: Би нөхөртэйгөө хамт 2018 оны 6 дугаар сарын12-ны өдөр Ч.Б гэдэг хүнтэй Шинэ хорооллын 1а байрны гадаа уулзсан. Ч.Б нь “...........” ХК-нд баяжуулалтын инженерээр ажилд оруулж өгвөл 3.000.000 төгрөг, бусад чиглэлээр ажилд оруулж өгвөл 1.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 АТМ-аас Ч.Бийн ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 8 сард Ч.Б нь “...........” ХК-нд хамгаалагчаар ажилд оруулаад өгье гэж хэлэхээр нь манай нөхөр “эгчээ та ярьснаараа баяжуулалтын инженерээр ажилд оруулж өгнө гэж хэлсэн яасан бэ?, болохгүй байвал мөнгөө буцааж авъя” гэж хэлсэн. Түүнээс хойш цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх хүртэл Ч.Б нь гар утсаа авахгүй байснаа 2019 оны 01 сарын 10-нд манай нөхрөөс авсан 3.000.000 төгрөгөө буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч Д.Баасансүрэнгийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Ч.Б нь надад “хүүхэд ажилд оруулж өгөх хэрэгтэй байна, танд “...........” ХК-нд таньдаг хүн байгаа юу? Би танд 500.000 төгрөг өгье. Би өөрөө дундаас нь 500.000 төгрөгийг нь авъя. Ажилд оруулж өгөх цаад хүнд чинь 2.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 7 дугаар сарын эхээр Тогоо гэх таньдаг хүнээсээ “...........” ХК-нд нэг хүн ажилд өгөх хэрэгтэй байна яах уу? гэж утсаар асуутал Тогоо нь “би боловсон хүчин биш, манай хойд уурхай зогсоод ажиллахгүй байгаа, юу ч гэсэн хөөцөлдөөд үзье” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Ч.Отгонжаргалын өгсөн: Ц.Цг “...........” ХК-нд ажилд оруулах талаар Ч.Бтэй ярихад “надад таньдаг хүн байгаа. Уулзаж өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэйгээ уулзчихаад “ажилд оруулахад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болох нь” гэж хэлсэн. Тэгээд би Ц.Цд “Ч.Бтэй уулзаад мөнгө төгрөгийн асуудлаа шийд” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33/,  

Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...би Ц.Цд “...........” ХК-нд ажилд ороход доод тал нь 3 сар хүлээх юм шиг байна гэхэд Ц.Ц нь “ажилд орж л байвал хүлээх нь яах вэ” гэж хэлсэн. Тэгээд би “нөгөө хүн чинь 3.000.000 төгрөг гэж байна” гэж хэлээд тэр өдрөө Ц.Цгээс 3.000.000 авсан... гэх мэдүүлэг,  

Хохирогч Ц.Цгийн ХААН банк дахь ........... тоот данснаас 3.000.000 төгрөгийг ХААН банк дахь ......... тоот дансанд шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5/,

Үзлэгээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12:22 цагт ........... тоот данснаас 3.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх нь 248 дахь мөр, журналын 1492753 дугаарт гэх Ч.Бийн ХААН банк дахь .............. тоот дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

Үзлэгээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны 12:22 цагт ХААН банкны 5042 кодтой салбараас ХААН банкны ........... тоот данс руу 3.000.000 төгрөгийн зарлага хийгдсэн байв гэх Ц.Цгийн ХААН банк дахь ................ тоот дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/,

Хохирогч Ц.Цгээс зүүн дээд буландаа ДА ТОСГОН Т/Т гэсэн бичиглэлтэй, баруун доод буландаа Хаан банк 10647-1 гэсэн тэмдэг бүхий 1 хуудас дансны хуулгыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-10/,

Шүүгдэг Ч.Бээс зүүн дээд буландаа ДАРХАН БИЗНЕС ТӨВ гэсэн бичиглэлтэй 4 дэх хуудасны баруун доод буланд Хаан банк 16763-01 гэсэн тэмдэг бүхий 4 хуудас дансны хуулгыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-12/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ц.Цг “................” ХК-д ажилд оруулж өгнө гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ц.Цгээс 3.000.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ч.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Цд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч Ц.Ц нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Бийн картаас хохирогч Ц.Цгийн ХААН банк дахь .............. тоот дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 14/, хохирогч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр надаас авсан 3.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ч.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай албан бичиг /хх-ийн 44/-ээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ч.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хоёр хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг зэрэг хувийн байдал болон түүний орлого олгох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР