Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00928

 

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00462 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд нийт 765,697,446 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хайгуулын цооног өрөмдөх гэрээ байгуулсан. Манай компани нь гэрээт ажлыг гүйцэтгэн тухай бүрт актаар хүлээлцэж байсан. 2022 оны 12 сард талууд тооцоо нийлж ажлын хөлсний үлдэгдлийг баталгаажуулсан боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй. Төлбөрийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор гэрээний 4.4-т заасны дагуу алданги тооцох үндэслэл бүрдсэн. Мөн өмнө хүлээлцсэн ажлын хөлсөнд 8,420,747 төгрөгийн ханшийн зөрүү үүссэн. Гэрээнд гарын үсэг зурснаас 10 хоногийн дотор ажлын талбайд очиж ажлыг эхлүүлэхээр тохиролцсон боловч захиалагч ажлыг хугацаанд эхлүүлээгүйгээс ажилчдын цалин болон унаа, хоолны зардлаар хохирсон. Иймд хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 184,338.09 ам доллар буюу 644,274,528 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ шаардлагад өрөмдсөн ажлын хөлс 1,474,390.50 ам доллар, сул зогсолтын мөнгө 37,056.25 ам.доллар, шуудайны үнэ 4,420.46 ам.доллар, тээврийн зардал 9,240 ам.доллар багтаж байгаа. Үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж тооцсон болно.  

1.1.Гэрээний 4.4-т захиалагч гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, хугацаандаа хүлээн аваагүй, эсвэл төлөх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эрхтэй. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тохирсон. Уг алданги гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтэрсэн тул 64,427,421 төгрөгийн алданги шаардах эрх үүссэн.

1.2.Өмнөх саруудын гүйцэтгэсэн ажлын хөлс төлөхөд үүссэн ханшийн зөрүү 8,420,747 төгрөг гаргуулна. 2022 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн ажлын хөлсний зарим хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн. Талуудын хоорондох гэрээний 5.3-т тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцож ажлын хөлсийг төлөхөөр заасан боловч хариуцагч төлбөрийг төлөхдөө түүнээс бага ханшаар бодож төлсөн. Үүнээс 8,420,747 төгрөгийн зөрүү үүсч, ажлын хөлс дутуу төлөгдсөн.

1.3.Гэрээнээс учирсан хохиролд 48,574,750 төгрөг гаргуулна. Гэрээний 1.2-т гэрээнд гарын үсэг зурагдсанаас 10 хоногийн дотор хайгуулын талбайд очиж ажилд бэлтгэх байсан. Гэвч Захиалагч нь төрийн байгууллагаас холбогдох зөвшөөрлийг аваагүй байсан тул ажил гүйцэтгэх талбай дээр очиж байрлах, ажилд бэлтгэх боломжгүй байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой хариуцагчаас зөвшөөрөл гарсан тул өрөмдлөгийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхийг хүссэн цахим шуудан ирүүлсэн. Энэ үед нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Үндэсний их баяр наадам таарсан ч бид хээрийн ангийг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нүүлгэж, ажил гүйцэтгэх талбайд очин, гэрээнд заасан өрөмдлөгийн ажлыг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан тул манай ажилчид өөр ажилд гаралгүй бэлэн байдалд байсан. Энэ хугацаанд унаа, хоол хүнсний зардал болон цалинг нь тогтмол олгож байсан болно. Тиймээс захиалагч ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйн улмаас энэхүү зардлын хэмжээгээр манай компанид хохирол гарсан. Иймд нийт 765,697,446 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тооцоог баталгаажуулсан. Энэ нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон болно гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Хайгуулын цооног өрөмдөх гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт, нөхцөлд тодорхойлсноор 169 метрийн гүн бүхий нийт 60,000 тууш метр хайгуулын цооног өрөмдлөгийн ажлыг “Эрдэнэ дрийлинг” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, “Г-” ХХК техникийн даалгавар, бусад шаардлагад нийцсэн ажлыг хүлээн авч, төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Талууд ажлыг дүгнэж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн актаар Хайрхан ордод цооногийн өрөмдлөг 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нийт 151 цооногийг 23,515 тууш метр, 94.4 хувийн дундаж керний гарцтайгаар өрөмдөж хүлээлгэн өгснийг баталгаажуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж хуульчилсан. Тийм ч учраас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр яг ямар хэмжээ, чанартай ажил гүйцэтгэхээр анх тохиролцсон, гүйцэтгэгч тухайн ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн эсэхэд шүүх онцгой анхаарах учиртай.

2.1.”Э-” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, тухайн ашигт малтмалын өрөмдлөгийн талаар туршлага, мэдлэггүйн улмаас технологийн горимыг хангаж ажиллаагүй, үүний улмаас хаягдал буюу шлам тооцоолсноос илүү их хэмжээгээр гарсан. “Э-” ХХК нь гүйцэтгэх ажлаа гэрээнд заасны дагуу хугацаандаа гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэх ямар ч бодит боломжгүй болсон нь илэрхий болсон тул өрөмдөх ажлын зарим хэсгийг “Ордгео” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гэрээний 6.1-д заасан давагдашгүй хүчин зүйл буюу төрийн байгууллагын эрх зүйн актын улмаас ажил эхлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон.

2.2.Нэхэмжилсэн сул зогсолтын төлбөрийг манайх бүрэн төлсөн. Иргэдийн бослоготой холбоотойгоор 2022 оны 08 дугаар сард сул зогсолт хийсэн. Түүнээс хойш манайхаас шалтгаалсан, эсхүл гадны хүчин зүйлээс шалтгаалсан сул зогсолт болоогүй. Мөн шуудайны үнэ гэж шаардсаныг зөвшөөрөхгүй. Гэрээгээр өрөмдлөгийн ажлаас үүсэх хаягдлыг байршуулах, устгах үүргийг гүйцэтгэгч өөрөө хариуцахаар хүлээсэн. Мөн санг хугацаа хоцроож барьсанд маргахгүй ч гэрээнд өрөмдлөгийн ажлыг хангах зорилгоор сан барих зэрэг шаардлагатай ажлыг манайхтай хамтран хийх үүргийг гүйцэтгэгч мөн хүлээсэн. Түүнээс гадна хаягдлыг шуудайлуулахад гарах зардлыг төлөх талаар тохиролцоо хийгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй.

2.3.Алдангийн тухайд нэхэмжлэгч бус харин эсрэгээрээ манайх ажлыг хугацаанд нь дуусгаагүй тул гэрээний 4.2 дахь заалтын дагуу захиалагч тал болох “Г-” ХХК-ийн зүгээс алданги тооцох үндэслэлтэй. Манайхаас гэрээний дагуу алданги тооцно гэдгээ 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/97 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлээгүй болно. Гэрээнээс учирсан хохирлын тухайд зөвшөөрөл манайхаас үл хамаарч төлөвлөснөөс удаж гарсан ч анхнаасаа гэрээний 1.2-т манайх ажил эхлэхийг бичгээр мэдэгдсэнээс хойш ажлыг эхлүүлэхээр тохирсон тул үндэслэлгүй. Иймд “Эрдэнэ дрийлинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Г-” ГХОХХК-иас 577.090.109 /таван зуун далан долоон сая ерэн мянга нэг зуун есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188.607.337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,986,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 3,043,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 184,338.09 ам.долларыг хоёр тал тооцоо нийлэх актаар баталгаажуулсан. “Э-” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлаа тухайн сар бүр захиалагч “Г-” ХХК-д хүлээлгэн өгч, ажлын гүйцэтгэлд холбогдох хүмүүс нь гарын үсэг зуран ажлын үр дүнг тухай бүр хүлээн авч байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хоёр компани тооцоо нийлсэн бөгөөд тус тооцоо нийлж, “Г-” ХХК нь 184,338.09 /Нэг зуун наян дөрвөн мянга гурвсан зуун гучин найман ам.доллар есөн цент/ болон 8,420,747.27 /Найман сая дөрвөн зуун хорин мянга долоон зуун дөчин долоон төгрөг хорин долоон мөнгө/-ийн өглөгтэй гарсныг харилцан баталгаажуулсан. /1хх 222/. Энэ тооцоо нийлсэн актыг харилцан майлээр солилцож, тус мэйлд анхан шатны шүүх үзлэг хийж, хэрэгт нотлох баримтаар авагдсан.

4.1.Гэрээний 4.4 дэх заалтад “Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасан. Дээрх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 184,338.09 ам.доллараас 10 хувь буюу 18,433.80 ам.долларыг нэхэмжилсэн. Гэрээний 4.4 дэх заалтад “хоног тутамд” гэдэг үгийг орхисноороо хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний агуулгад илүү тохирсон утгаар тайлбарлавал гэрээний 4.4 дэх заалт нь алдангийн талаар тохирсон тохиролцоо болно. Мөн захиалагч хайгуулын цооног өрөмдөх ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйгээс ажил хүлээх хооронд гарсан ажилчдын цалин болон бусад зардлын улмаас учирсан хохирол 48,574,750 төгрөг болон алдангийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч нь хийсэн ажлын үр дүнг хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй байна. “Э-” ХХК нь ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэх явдалд захиалагч “Г-” ХХК нь өөрөө буруутай. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хаиуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хоёр компанийн хооронд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан үүссэн. Захиалагч нь “Г-” ХХК, гүйцэтгэгч нь “Э-” ХХК. Анхан шатны шүүх гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд тодорхой дүгнэлт өгөөгүй. Харуицагчийн зүгээс гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой тайлбар нотлох баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гомдлын 8-д гэрээнд зааснаар эхний саруудад гэрээнд зааснаар нэг цооног 169 метр орчим гүн өрөмдөх ёстой байсан боловч захиалагчийн геологчидийн даалгаврын дагуу 250 метрээс дээш гүнтэй өрөмдсөн гэсэн байдаг. 250 метр гүн өрөмдөх гэрээ байгуулсан. Энэ үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гомдлын 10-т илүү гарсан буюу цооногт буцааж хийгээд үлдсэн шлам гэдэг бол цацраг идэвхт хаягдал юм. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны гомдолд яригдаж байгаа зүйл нь шлам цацрагт идэвхит хаягдлыг хооронд нь хольж ярьдаг. Цацрагт идэвхит буюу өрөмдлөгийн үед үүссэн шламын ихэнхийг буцааж цооногийн нүхийг бөглөх ёстой. Гэрээнд “бүгдийг буцааж хийхийг эрмэлзэнэ” гэж заасныг биелүүлээгүй. Шүүх энэ талаар зөв шийдвэрлэсэн. Гэрээнд заасан тус үүрэг нь гүйцэтгэгч буюу “Э-” ХХК байгаа тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэдэг. Шлам ямар учраас их гарсан бэ гэхээр нэхэмжлэгчээс гадна “Ордгео” компани өрөмдлөг хийж байсан. Энэ хоёр компанийн өрөмдлөгөөс гарсан шламын шигшилтийн дүрс бичлэгийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй. Энэ нотлох баримтаас “ямар учраас шигшилт нь ажиллаагүй юм. Яагаад шингэн их гарсан бэ” гэдэг нь харагдана. Давж заалдах гомдлын бусад үндэслэлүүд буюу төлбөртэй холбоотой асуудлын хувьд анхан шатны шүүхийн шүүгч маш тодорхой дурдсан тул нэмж тайлбар хэлэх шаардлагагүй. 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 60.000 тууш метр өрөмдөх ёстой байсан. Гэтэл үүнийг гүйцэтгэгч биелүүлээгүйтэй холбоотой маргаан үүссэн гэжээ.

 

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... Гэрээний хавсралтад зааснаар ажлын гүйцэтгэлийн үндсэн шаардлагуудыг нийт 14 үзүүлэлтээр жагсааж тодорхойлсон бөгөөд уг 14 шаардлагын зөвхөн нэг нь буюу 6 дахь шаардлага нь “кернийн гарц-90%-ас доошгүй байна” гэж заасан. Нэхэмжлэгч “Э-” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ техникийн тодорхойлолтод заасан 14 шаардлагыг бүгдийг хангаж ажиллаагүй. Тодруулбал, 5 м-ээс 250 м хүртэлх цооногийг өрөмдөхдөө 96 мм-ээс илүүгүй диаметртэйгээр өрөмдөх үүрэгтэй байсан бөгөөд энэ нь цооногоос гарах хаягдал, шлам зэргийг хамгийн боломжит стандартын түвшинд барих, тэр хэрээр тооцоолоогүй шлам, хаягдал ихээр гарахаас сэргийлэх үндсэн нөхцөл юм. Гэтэл өрөмдсөн цооногийн диаметр нь зарим хэсэгт 100 мм-250 мм хүртэл диаметртэй буюу цооногийн нуралт ихээр үүсгэсэн байдлаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй буюу доголдолтой байсныг нотлох нэг нотлох баримт болох шламын шигшүүрийн ажиллагаатай холбоотой тайлбар, нотлох баримтыг сидигээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг нотлох баримтыг шинжлэн судлаагүй.

6.1.Хариуцагч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн сул зогсолтын төлбөрийг хүлээн зөвшөөрсөн ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд харин ч төлөх ёстой сул зогсолтын төлбөрөө тухайн үед төлсөн тул нэмж сул зогсолтын төлбөр төлөх үндэслэлгүй талаар тайлбарласан болно. Түүнчлэн тухайн төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй болохыг шүүх өөрөө дүгнэсэн хэр нь түүнийг төлөх нь “чөлөөт байдлын зарчимд нийцнэ” гэж эсрэгээр дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

6.2.“Э-” ХХК нь гэрээнд заасан сар бүр гүйцэтгэх ёстой байсан ажлын хэмжээнд ажил эхэлснээс хойш огт хүрээгүй, гэрээний үүргээ зөрчиж байгаа талаар “Э-” ХХК-ийг Хайрхан ордын талбайд очиж, ажил эхэлсний дараа хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 02- ны өдрийн №88/22 албан бичгээр мэдэгдэл хүртэл хүргүүлж байсан. Мөн энэ асуудлаар анхан шатны шүүхэд хариу тайлбартаа ч тодорхой дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх гол үндэслэл болгож маргасан. Зохигчид гэрээний дагуу ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй явдал хэний буруугаас үүдэлтэй талаар маргасан ч нэгэнт гүйцэтгэгч талын гүйцэтгэсэн ажлынх нь хувьд тоо хэмжээ, чанар болоод төлсөн мөнгөн дүнд маргаагүй гэсэн нь зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар талууд тухай бүр ажлаа хүлээлгэн өгч, хөлсөө авах тохиролцоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу “Э-” ХХК хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд “Э-” ХХК нь ажил гүцэтгэгч, “Г-” ХХК нь ажил гүйцэтгүүлэгч. Ажил гүйцэтгүүлэгч нь тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхийн тулд ажил хийх нөцхөлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой. “Г-” ХХК нь сан барих ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс болж хугацаа хэтэрсэн. Иймд харуицагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Бассейн барихгүй бол ажлын хугацааг 3-4 дахин удаашруулж байна гэх мэдээллийг “Г-” ХХК-д тухай бүр мэдэгдэж байсан. Энэ талаарх баримт нотлох баримтаар бүрэн авагдсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.      

2.Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 184,338 ам.долллар буюу 644,274,528 төгрөг, өмнөх саруудын ажлын хөлсний ханшийн зөрүү 8,420,747 төгрөг, алданги 64,427,421 төгрөг, хохиролд 48,574,750 төгрөг, нийт 765,697,446 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Хайгуулын цооног өрөмдөх гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э-” ХХК нь Дундговь аймаг, Өлзийт сум, Хайрханы орд нэртэй газар 356 ширхэг, 60,000 тууш метр цооног өрөмдөх ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч “Г-” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд нийт 3,771,240 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, “Хайгуулын цооног өрөмдөх гэрээ” зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 7-15-р тал/

 4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, талууд гүйцэтгэсэн ажлын доголдол болон ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийн талаар маргасан байна.

5.Гэрээний талууд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх бөгөөд тус актад “... 2022 оны 07 сарын 24-ний өдрөөс 12 сарын 08-ны өдрийн хугацаанд өрөмдлөгийг төлөвлөсөн гүний дагуу өрөмдөж, нийт 151 ширхэг цооногийг 23,515 тууш метр, 94,4 хувийн дундаж кернийн гарцтайгаар шаардлагын дагуу гүйцэтгэснийг хүлээж авлаа, ... Хайрхан ордын тэргүүлэгч геологич чанарыг шалгаж хянасан болно.” гэжээ. /1хх-ийн 89-р тал/.

5.а.Захиалагч буюу хариуцагч “Г-” ХХК нь нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил гэрээнд заасан тоо хэмжээнд хүрээгүй, техникийн болон чанарын шаардлага хангаагүй гэж маргаж байх боловч дээрх гэрээ дүгнэсэн актад ажлын чанарыг шалгаж хүлээн авсан талаар тодорхой тусгасан байхаас гадна ажлын гүйцэтгэл доголдолтой болсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд ажлыг хүлээн авах үед чанарын доголдол илэрсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.б.Мөн талууд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Г-” ХХК нь 184,338 ам.доллар болон 8,420,747 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталгаажуулсан болох нь цахим хаяг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Хариуцагч “Г-” ХХК нь дээрх хугацаанаас хойш ажлын хөлс төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. /1хх-ийн 203-217, 222-р тал/.

5.в.Талууд дээрх байдлаар гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын хөлсний тооцоог харилцан баталгаажуулсан байх бөгөөд хоёр талын үйлдсэн тус баримтууд нотолгооны ач холбогдолтой. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 184,338 ам.долллар буюу 644,274,528 төгрөг, өмнөх саруудын ажлын хөлсний ханшийн зөрүү 8,420,747 төгрөгийн шаардлага нь дээрх тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх уг шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй.

6.Алданги 64,427,421 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч “Э-” ХХК нь гэрээний 4.4-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, хугацаандаа хүлээн аваагүй, эсвэл төлөх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах эрхтэй, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн алданги шаардсан.

6.а.Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээгээр хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг харилцан тохиролцож тогтоох эрхтэй хэдий ч тус тохиролцоо хуульд нийцсэн байхыг шаардана. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, талууд алданги тооцох хугацаа болон хувь хэмжээг дээрх хуульд нийцүүлэн тохиролцох учиртай. Гэрээний агуулгаас үзвэл талууд “хоног тутам, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцох” нөхцөлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцүүлэн тохиролцсон гэж үзэхээргүй байна. Энэ тохиолдолд алдангийн тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх тул алданги 64,427,421 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ, энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

7.Хохиролд 48,574,750 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ “захиалагч ажлыг гэрээнд заасан хугацаанд эхлүүлээгүйгээс ажилчдын цалин болон унаа хоолны зардал гарсан” гэж тайлбарлажээ. Талууд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 1.2-т “... гэрээнд гарын үсэг зурснаас хойш хуанлийн 10 хоногийн дотор ажил гүйцэтгэх талбайд очиж эхлэхэд бэлэн болсон байх бөгөөд захиалагч ажил эхлэхийг бичгээр мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор ажлыг эхэлнэ” гэж заасан байна. /1хх-ийн 8-р тал/.

7.а.Захиалагч нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажил эхлэх талаар гүйцэтгэгчид мэдэгдсэнээр гүйцэтгэгч талбайд очиж, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүйд нэхэмжлэгч “Э-” ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч “Э-” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар холбогдох зардлыг баримтаар нотлогдсон хэмжээнд шаардах эрхтэй.

7.б.Хохирол гэх 48,574,750 төгрөгт цалингийн зардал 36,850,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 4,974,750 төгрөг, унаа хоолны зардал 6,750,000 төгрөг багтсан байна. Нэхэмжлэгч “Э-” ХХК нь цалингийн зардал 36,850,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 4,974,750 төгрөгийн зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан цалингийн тооцоолол, хохирлын тооцоо гэх баримтууд нь дээрх шаардлагыг эргэлзээгүй нотолсон баримтууд биш буюу цалингийн зардал гарсантай холбоотой төрийн эрх бүхий байгууллага болох татвар, нийгмийн даатгалын холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

7.в.Харин унаа хоолны зардал 6,750,000 төгрөгийн шаардлага нь 1 дүгээр хавтаст хэргийн 97-103 дугаар талд авагдсан бараа материалын зарлагын баримт болон төлбөрийн баримтуудаар тогтоогдсон байна.

8.Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 644,274,528 төгрөг, өмнөх саруудын ажлын хөлсний ханшийн зөрүү 8,420,747 төгрөг, хохирол 6,750,000 төгрөг, нийт 659,445,275 төгрөгийг хариуцагч “Г-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 106,252,171 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “.... 577.090.109 /таван зуун далан долоон сая ерэн мянга нэг зуун есөн/...” гэснийг “659,445,275” гэж, “... 188.607.337 төгрөгийг ...” гэснийг “106,252,171 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

2 дахь заалтын “...3.043.400 ...” гэснийг “3,455,176” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э-” ХХК-аас төлсөн 1,101,776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Г-” ХХК-аас төлсөн 3,048,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                        Э.ЭНЭБИШ

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ