Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч О.Д- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л-түүний өмгөөлөгч Т.Золбоо,

шинжээч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ө овогт О-ын Д- холбогдох эрүүгийн 1705017430002 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ........ тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулсаныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ө овогт О-ын Д-.

 

Шүүгдэгч О.Д- нь .......... оны ... дугаар сарын ...-нээс ....  оны ... дугаар сарын ... -ны өдрүүдэд ......... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” таун барилгын ... байрны ... тоотод .......... биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж биед нь хүч хэрэглэн халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.О-г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д- мэдүүлэхдээ: Би анх талийгаачтай такси үйлчилгээнд явж байгаад танилцаж байсан. Тэр үед шөнийн 04 цагийн орчим гэрийн ойролцоо ирж буулгах гэтэл согтуу байхаар нь бие нь яаж байна гэж асуутал бие муу байна гэхээр нь эмийн сангаас дусал аваад 21 дүгээр хороолол руу дүүгийнх нь гэрт очтол хаалгаа онгойлгоогүй. Буцаж гараад гэрт нь хүргэж өгөх замд бид хоёр танилцаад миний утасны дугаарыг авч үлдсэн. Маргааш нь би автомашинаа угаалгаж байхад над руу залгаад ганц шил архи аваад хүрээд ир гэж хэлэхээр нь угаалгаж дуусчихаад явж очоод дотно танилцсан. Энэ үеэс бид хоёр хамт архи ууж эхлэхэд байнгын хэрүүл маргаан, зодоон гардаг байсан. Архи уугаад согтохоороо агсан, их ууртай болдог. Энэ талаар ээжид нь хүртэл арай их архи ууж байна, би архи уулгахыг нь болиулж дийлэхгүй байна, аймаар агсан ууртай гэж хэлж байсан. Заримдаа архи уусан үедээ автомашин жолоодох эрхээ хасуулсан байж автомашины түлхүүр аваад барьж явах гээд байхаар нь би түлхүүрийг нь өгдөггүй байсан. 2018 оны 4 дүгээр сард архи уусан байхдаа надаас зөрүүдэлж, уурласаар байгаад түлхүүр авч автомашинаа барьж яваад 7 хоног баривчлагдсан. Байнга архи ууж согтуу явдаг байсан. Ээж аавтайгаа хүртэл эрүүл уулзаж байсныг нь хүртэл мэдэхгүй. Хэрэг болсон байх өдөр би найзуудтайгаа уулзаж архи уучхаад харихад над руу дайрч маажиж уурлаад байхаар нь босоход толгойг хэсэгт нь санаандгүй мөргөхөд улам уурлаж маажиж цохиод байхаар нь би цээж рүү нь цохитол намайг хөөгөөд байхаар нь би явлаа гэж хэлээд явах гэтэл аппарат аваад яв гэж хэлсэн. Мөн миний халаасанд утас байсныг мэдээгүй. Ингээд гараад таксинд сууж архи уусны дараа мэдсэн. Маргааш нь над руу цагдаагаас залгаж утсаа авна гэхээр нь би согтуу байна, нүүр ам шалбарсан байгаа болохоор маргааш нөгөөдрөөс очно гэж хэлсэн. Энэ үед би өвөөгийндөө байж байгаад нүүр ам гайгүй эдгэрээд эхлэхээр нь хот руу орж ирээд Ганданд байдаг найзындаа очоод эхнэртэйгээ маргалдсан талаараа хэлээд бид хоёр хамт гэр рүү явж очтол хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар нь хүн байхгүй байна, эсвэл эмнэлэгт хэвтсэн байх гэж ярилцаад буцаж яваад архи нэлээн ууж байгаад маргааш нь сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Би талийгаачийг байнгын уурлаж зоддог байсан удаа байхгүй. Аль болох ямар нэгэн асуудалд оруулахгүй гэж боддог байсан. Заримдаа өөрөө архи уучихаад намайг цагдаад дуудлага өгч явуулчихаад маргааш надаас уучлалт гуйж байсан. Цагдаа нар нь хүртэл наад эмэгтэй чинь ямар солиотой юм бэ өөрөө ирж цагдаа дуудчихаад өргөдөл бичиж өгөхгүй гомдолгүй гээд байхын гэхэд нь би зөв зүгээр байж байхад цагдаа дуудчихдаг юм байна, гайхаж байна гэж ярилцаж байсан. Намайг 3, 4 удаа цагдаад дуудлага өгч байсан. Над руу уурлаад байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллага дээр очиж асуудлаа хэлээд эрүүлжүүлэх байр руу орох гэтэл намайг авахгүй гэхээр нь би хаалгыг нь өшиглөөд орж байсан. Эрүүлжүүлэх байранд байж байхад намайг хордлоготой байна гээд хордлогын төв рүү явсан. Тэгээд би буцаж очоогүй. Тэгээд ийм юм болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л-мэдүүлэхдээ: “Би энэ хүнийг миний охиныг алсан гэж үзэж байна. Хүн алсан хүнийг гадуур байцааж байгаад гомдолтой байна. Мөн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Золбоогоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:

“Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг  хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ гэмт хэргийн бодит байдал бол хохирогч нас барсан. Гэтэл прокурор дахиж хавтаст хэрэг, хэрэг бүртгэлт хийж байгаа талаар тайлбар гаргаж байна. Уг гэмт хэрэг нь нэг үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг байтал салгаж шалгах шаардлага байна уу гэдэг нь асуудал. Мөн хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох учиртай. Ямар шалтгаанаас болж нас барсан байж болох уу гэхэд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Д- мэдүүлэхдээ нүүр, цээж рүү нь цохисон, бид хоёр маргалдсан гэдгээ мэдүүлсэн. Энэ гэмтлийн улмаас хохирогч маш их хэмжээний цус алдсан, зүүн 6 дугаар хавирганд хугаралт өгтөл цохисон болон шүүгдэгчид учирсан гэмтлүүдийг харахад хоорондоо зодолдсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хэргийг хөнгөн гэмтэл гэж шийдэхэд болон хэргийг хөнгөнөөр авч үзэхэд хангалтгүй байна. Жишээлбэл зураг дээр гэмтлийн хугацааг тогтоох боломжтой. Зураг дээр цаг хугацаа авсан өдөр өнгө будаг нь байж байхад тогтоох боломжгүй гэж бичих, урьдчилсан хэлэлцүүлэгт, шүүх хурал дээр эмч нар хүрч ирээд зарим нэг эмч нь зүрхний доргилт үхлийн шалтгаан болох боломжтой гэж хэлдэг. Цус алдалт бол үхлийн шалтгаан болж болно. Ганболд эмч хоёр өдөр ам хамраас цус алдвал үхэх боломжтой гэдгийг бас хэлсэн. Тэгэхээр хавтаст хэрэгт байгаа зүйлүүдийг тусгаарлаж нөгөө хавтас руу оруулах биш, энэ хэрэг дээр үргэлжлүүлээд дахиж нэмэлт ажиллагаа буюу шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт буюу аль нэг тал руу нь хөдөлгөөнгүй болгож, дахиж шийдэхээр мөрдөн байцаалтад буцааж хэргийг шийдэх боломжтой. Иймд өмнө гаргасан саналаа дахин дэмжиж байна” гэв.

 

Прокуророос О.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч О.Д- нь гэр бүлийн хамааралтай, хамтран амьдарч байсан Л.О-г байнга зодож байсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад байнга зодсон гэж яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Л.О-ийн “... Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд ............ дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод амьдардаг эгч О-гийн гэрт ганцаараа очсон. ... Тэгээд байрны орцоор нь дотогш орох гэтэл хоёр цагдаа эгчийн уулздаг Д- байхаа нэрийг сайн мэдэхгүй байна, тэр залууг аваад гарч байсан. Би тухайн үед яасан бэ гэж асуухад нэг цагдаа нь энэ хүн хамтран амьдрагчаа зодсон талаар дуудлага ирсний дагуу ирээд энэ хүнийг аваад явж байна, өмнө нь дөрвөн удаа ирж энэ залууг авсан гэж хэлсэн. ... Эгч ганцаараа байсан ба бусдад зодуулсан гэмээр нүүр, хамар, амнаас нь цус гараад хамарнаас нь цус дусалж байхаар нь гэрт нь юу болсон бэ гээд яваад ороход зурагт буйдан хоёрын гол, хоёр дэр битүү цус болсон мөн шал нь цус болсон байсан. Тэгтэл эгч О- нь Б- бид хоёр маргалдахад Б-аа намайг зодсон гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү явъя гэхэд эгч О- нь үгүй, үгүй надад жин тавих хүйтэн лаазтай кола аваад ир гэхээр нь би гэрээс нь гараад дэлгүүрээс 4 ширхэг лаазтай Пепси, 10 ширхэг бууз оруулж өгөхөд тэр буузнаас 1 ширхэгийг ч идээгүй.

Тэр үед гаднаас хаалга тогших үед эгч О- нь тэр буцаад ирж байгаа юм байхдаа, ийм хурдан явуулчихаж байгаа юм байхдаа, орж ирвэл бид хоёрыг зодвол хоёулаа дийлэх байхаа гэж хэлээд хаалганы дурангаар харахад СӨХ-д ажилладаг гэх залуу байна гээд хаалгаа онгойлгоход нөгөө залуу гар утсаа өгөөд таньтай цагдаа яръя гэж байна гээд өгсөн. Тэгээд эгч О- нь гар утсыг нь аваад цагдаатай ярьсан. Тэгээд надад хэлэхдээ цагдаа нар өргөдөл бичиж өг, надтай ямар утсаар холбогдох вэ гэхээр нь надад утас байхгүй, наадах чинь миний гар утсыг авч гараад алга болгосон гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тухайн үед утсаараа ярьж дуусаад хаалга онгойлгоод нөгөө залууд гар утсыг нь өгсөн. Би  эгчид та яах гэж гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн юм бэ гэж хэлэхэд дугуйн дорцовоороо хаалга цохиод хаалга эвдээд ороод ирсэн гэж хэлсэн. Эгч О- нь хоёулаа яваад цуг цагдаад өргөдөл бичиж өгөөд ирье гэж хэлэхээр нь би энэ цусаа цэвэрлэх хэрэгтэй гэж хэлэхэд эгч наадахдаа битгий хүр би цагдаа нарт харуулах гэж байгаа гэж хэлсэн. ... ойр орчимд ...  дугаар хорооны цагдаагийн хэсгийг хайсан боловч олоогүй. ...Б-аа аваад гарч магадгүй гээд нуусан байгаа гээд буйдангийнхаа доороос гаргаж ирээд интернэт банкнаас өөрийнхөө данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн байхаа. Надад 300.000 төгрөгийг өгөөд АТМ орж авч өгсөн.  ... Тэгээд би явсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар холбогдоогүй.  Утас нь холбогдохгүй байхаар нь 2 хоногийн дараа гэрт нь очиход хаалгаа онгойлгоогүй. Маргааш нь дахин очиход хаалгаа онгойлгохгүй байхаар нь тэнд байдаг жижүүр, СӨХ-ийн залуу нараас асуухад ойрд харагдаагүй, тэр залуу нь ирээгүй байхаа, ойрд харагдаагүй гэсэн. Тэрний маргааш нь би аав Л-ын хамт гэрт нь очиход эгчийн гэр нь цоожтой хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээж П-ын хамт очиход мөн адил хаалгаа онгойлгоогүй. Тэгээд өнөөдөр өглөө аав, ээж бид гурав цуг гэрт нь очиход хаалга онгойлгохгүй байхаар нь аавд байсан илүү түлхүүрийг нь хийж эргүүлэхэд дотроосоо цоожтой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ... Намайг харахад нүүрний уруул, хамар дух нь хавдаж 2 нүдний доод хэсгээр хөхөрсөн. Мөн хоёр талын шанаа хэсэг хөхөрсөн байсан. Хамарнаас нь цус гараад дусалж байсан ба надад хэлэхдээ амнаас цус гараад байна гэж хэлсэн. Баруун гуяны гадна хэсэгт нилээн том хөхөрсөн шархтай байсан. Тэр үед зурагтны тавиур дээр хутга байсан. Гэр нь нилэнхүйдээ цус болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-34 дүгээр хуудас/

 

Гэрч О.У-ын “2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд би грашны үүдний хэсгийг шүүрдэж байх үед дотроос үл таних нүд нь шалбарчихсан, хамарнаас нь цус гарсан эмэгтэй утсаараа яриулаач гээд ... орцны грашнаас гарч ирсэн. Тэгээд утсаар цагдаа дуудчихаад гэрлүүгээ явчихсан. Тухайн үед цагдаа нар тэр хүний гэрээс зүүн хөл нь доголчихсон эрэгтэй хүнийг авч явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/

“... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдөр билүү би яг сайн санахгүй байна. Тухайн өдрийн 11 цагийн  орчим грашийн үүдээр О- нь согтуу ирээд цагдаа дуудаад өгөөч манай нөхөр намайг зодоод байна, эгчдээ хурдан цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг О-д өгөөд цагдаад дуудлага өгүүлсэн. ... Өдөр 12 цаг өнгөрч байхад хоёр цагдаа ирээд нөхөр Д-ыг аваад явж байсан. Өдөр 13 цагийн орчим цагдаагаас над руу хэсгийн байцаагч нь яриад .... тоотод оршин суух О-тэй яриулаад өгөөч гэхээр нь би дээшээ гараад хаалгыг нь нүдсэн чинь О-гийн нэг эмэгтэй дүү нь ирчихсэн хаалгыг нь нээсэн. Би О-г дуудуулаад хэсгийн байцаагчтай нь яриулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 188 дугаар хуудас/

 

Гэрч Н.Ц-ийн “... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д-ыг Баянбулаг зусланд миний аав Н-ын гэрт нь байхад нь би очиж машины түлхүүрийг нь авахдаа уулзсан. Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим манай гэрт эрүүл ирээд надаас 25.000 төгрөг аваад явсан. ... Д- надад О-гийн талаар юу ч яриагүй. Өчигдөр бол надаас автобусны мөнгө өгчих гэж хэлээд л 25.000 төгрөг аваад явсан. ...О- над руу ярихдаа Д-т зодуулсан гэж ярьж л байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-ын “Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тайшир 113 дугаар чиглэлд жолооч ахлах Б-ийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед Тайшир 10-аас оройны 23 цаг 14 минутанд Баянгол дүүргийн ... дугаар хороо ............. байрны ... дүгээр давхарт ... тоотод нөхөр ирээд зодчихоод явлаа гэсэн дуудлагыг аваад 23 цаг 20 минутанд очиж шалгахад уг тоотод оршин суудаг эмэгтэй О- нь үүднийхээ харуулын гар утсаар дуудлага өгсөн байсан.

Тэгээд уг тоотод ороход О- нь зодуулсан байдалтай, хамарнаас нь цус гарсан байдалтай, нүүр нь цус болсон байсан. Тэр үед уг О-гийн гэрийнх нь том өрөөний буйдангийн хажууд нь нэлээн цус болсон байсан. Уг эмэгтэй өөрөө нэлээн их хэмжээний согтолттой байсан. Тэр эмэгтэйгийн хамар руу нь цохисон гэмээр нэлээн хавдсан байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад О- нь нөхөр Д- намайг зодчихоод гар утас аваад явчихлаа, гар утсаа авмаар байна гэж байсан. ... Би өмнө нь 1-2 удаа уг хаяган дээр дуудлагаар очиж байсан. ...Архи уухаараа дандаа хоорондоо муудалцаж зодолддог юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дугаар хуудас/

 

Гэрч Б.А-ын “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагаас 19 цагийн хооронд би ахлах ахлагч Д.Ө-ын хамт ... УБӨ улсын дугаартай Тайшир 113 дугаарын машинтай Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тайшир 10-аас 11 цаг 20 минутанд Баянгол дүүргийн ... дугаар хороо .... тоотод хамтран амьдрагч нь гэрээс гаргахгүй байна гэсэн дуудлагыг өгөхөөр нь 11 цаг 30 минутанд очиход О- гэх дуудлага өгсөн эмэгтэй гэрийнхээ үүдэнд буюу уг орцныхоо 9 дүгээр давхарт зогсож байсан. Өсөхбаяр бид хоёр гэр рүү нь ороход Д- нь чармай нүцгэн том өрөөнийхөө орон дээр согтуу унтаж байсан. О- согтуу нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Бусдаар ил харагдах шархи сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56-58 дугаар хуудас/

 

Гэрч Л.Д-ын “Би хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 20-ны орчимд байхаа Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоотын урд талын хүнсний дэлгүүр дотор анх тааралдаж байсан. Тухайн үед Д- нь ганцаараа 0.33 граммтай архи 2 шилийг уусан. Архи ууж байхдаа мөнгөтэй эхнэрээ зодсон чинь хоёр хавирга нь хугараад эмнэлэгт хэвтсэн байгаа гэж хэлээд байсан. Намайг Д-тай уулзах үед Д-ын нүүр, хамар нь халзарч маажуулсан юм шиг болсон байхаар нь би нүүрээ яасан юм гэхэд Д- нь эхнэртээ маажуулсан гэж хэлсэн. Тэгээд өөр нээх юм яриагүй байж байгаад ганцаараа 00 цагийн орчимд яваад өгсөн. Тэрнээс хойш одоо хүртэл уулзаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 79-81 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн:

“1. Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй

2. Талийгаач нь цогцосны хожуу үеийн өөрчлөлтөд орж ялзарсан тул үхлийн шалтгаан тогтоох боломжгүй.

3. Цус нь 4-р бүлгийн харъяалалтай байна.

4. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 83-85 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Ариунзулын “Талийгаач О-гийн цогцос нь ялзрал үүссэн байсан учраас нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цогцос нь нас бараад 24 цагаас дээш болсон. ... Язрал үүсээд хэд хоносныг тогтоох боломжгүй.Цогцос язрал үүсэхэд ам хамарнаас цусархаг шингэн гарах боломжтой. Тухайн цусархаг шингэн нь нөлөөтэй байдлаар гарсан шинж байгаагүй байсан. Цогцосны язралын үед уушигнаас тухайн цусархаг шинж гардаг. Талийгаачийн гавал тархинд гэмтэл байгаагүй. ... Цогцост задлан үзлэгээр эд эрхтэнд гэмтэл учраагүй. /үхэлд хүргэх гэмтэлгүй/” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 90-91 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №165 дугаартайхэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн:

“1. Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 7 дугаартай дүгнэлтийн “талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Дүгнэлтийн бусад хэсэг үндэслэлтэй байна.

2.Талийгаачид хоёр талын хацар ясны нум, хоёр нүдний ухархайн доод хана, хоншоор ясны хугарал, хамар яс, зүүн 6-р хавирганы хугарал, хамар зүүн нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлээс хоёр талын хацар ясны нум, хоёр нүдний ухархайн доод хана, хоншоор ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байх ба дээрх гэмтэл үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Харин хамар яс, зүүн 6-р хавирганы хугарал, хамар зүүн нүдний доод зовхи, баруун гуян дахь цус хуралт, баруун шилбэн дэх зулгаралт гэмтэл шинэ гэмтэл байх тул 2017-12-11, 12-ны өдрүүдэд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, зүүн 6-р хавирганы хугарал, хамар зүүн нүдний зовхи, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Талийгаачийн цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөд орж ялзарсан тул үхлийн шалтгаан тогтоох боломжгүй, Задлан шинжилгээний үе дэх цогцост гарсан эрт үеийн болон хожуу үеийн өөрчлөлтүүдээс үзэхэд талийгаач нь нас бараад 72 цагаас дээш хугацаа болсон байсан байна.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5.Талийгаачийн цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөд орж ялзарсан тул архаг хууч өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.

6.Задлан шинжилгээний тэмдэглэлээс үзэхэд талийгаачийн тархинд ямар нэгэн гэмтэл тогтоогдохгүй байна. Харин нас барсны дараах өөрчлөлтөнд орсон байна.

7.Цогцосоос эд эсийн шинжилгээ авч болох боловч тухайн үед цогцос нь ялзарч хожуу үеийн өөрчлөлтөнд орсон байсан тул эд эсийн шинжилгээгээр үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй байжээ.

8.Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2,2 промили, ходоодны шингэнд 2,0 промили спиртийн зүйл илэрсэн байна. Цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарсан тул архины хордлогод орж нас барсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 125-129 дүгээр хуудас/

 

Үзлэг хийсэн тэмдэглэл “... Талийгаач Л-ын О-гийн цогцост дахин шинжилгээ хийхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас ертөнцийн зүгээр баруун тийш 25 км орчим зайд Сэлэнгэ аймгийн “Хушаат” сумын 2 дугаар багт байрлах “Хөдөө хараат” хайрханаас ертөнцийн зүгээр баруун урагш “хүн тавьдаг” гэх оршуулгын газар байлаа. ...Цогцосны хамрын яс нь хугарсан, 2 шанаанд хуучин мэс ажилбарын бэхэлгээ төмөртэй, зүүн талын 6 дугаар хавирга, хэвлий хэсэгт хугарсан гэмтэл тогтоогдсон. ...” гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 247-250, 2 дугаар хавтас 1-17 дугаар хуудас/

 

Шинжээч М.Энхбаярын “Цогцос нь хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарсан нь эсийн бөөм үгүй болоод бүх эсүүд 1 төрөл болж хувирдаг. Энэ тохиолдолд өрөвлөг, цусны эс өвчин эмгэг байгаа эсэхийг ялгах боломжгүй болдог. Ийм учраас ямар нэгэн өвчин, гэмтэл байгааг ялгахгүй бөгөөд яг юунаас болж нас барсныг тогтоох боломжгүй байдаг. Ийм тохиолдолд эд эсийн шинжилгээ аваад ач холбогдолгүй байдаг. Хамрын ясны хугарал, 6-р хавирганы хугарал нь үхлийн шалтгаан, үхэлд хүргэсэн гэдгийг батлах нотлох үгүйсгэх боломжгүй болсон учраас энэ талаар нарийн хэлэх боломжгүй байна. Анх цогцост шинжилгээ хийсэн тэмдэглэлд “толгойн хуйхны дагзны хэсэгт голомтлог цус хуралттай” гэсэн байна. Шарил шинжилэхэд хамар болон зүүн нүдний доод зовхины хэсэгт цус хуралттай, хамрын ял 2 талдаа хугарсан зэргээс үзэхэд тухайн үед нүүр толгойн хэсэгт цохиулсан байх бөгөөд яг тархи  эдээ голомтлог цус харвалт, цус хуралт үүсээгүй байна. Гэхдээ тархины доргилт гэх мэт тархины гэмтэл аваагүй гэсэн үг бишээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 23-25 дугаар хуудас/

 

Шинжээч Ш.Цэцэгмаагийн “... талийгаачийн цогцос нь ялзарч муудсан байсан тул эд эсийн шинжилгээ аваад шинжилж үзэхэд дотор эрхтэн ялзарсан байсан учраас үхлийн шалтгаан тогтоох боломжгүй байсан. Хамар ясны хугарал, зүүн талын 6-р хавирганы хугарал 2 гэмтэл нь талийгаач Л.О-г үхэлд хүргэхгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дотор эрхтэнүүдэд гэмтэл байгаагүй.Тухайн хавирганы хугарал нь дотор эд эрхтэн гэмтээгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26-28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №914 дугаартай “...2.1 Уушги-ялзрал эдэд голомтлог тоосжилттой, гялтанд голомтлог цус харвалттай, цуцлангийн хөндийн нил ягаан масстай.

Зүрх ялзралт, эпикардын зузаан өөхлөгт голомтлог цус харвалттай.

Бөөр-язрал, гадна өөхлөгт голомтлог цус харвалттай.

Элэг-язрал, эдэд хоосовчууд ихээр үүссэн. Капсул дор голомтлог цус харвалттай.

Өөх холбогч эд бүхий зөөлөн эд-тархмал цус харвалт. Өөр нэг зөөлөн эдэд голомтлог цус харвалттай.

Хөндлөн судалт булчин, өөх бүхий ханархаг арьс байж болохоор эдэд-язралттай, голомтлог цус харвалттай.

Мөгөөрс өөх, холбогч эд бүхий эд-голомтлог цус харвалттай гэсний уушги, зүрх, бөөр элэг зэрэг эрхтнүүдэд гарсан өөрчлөлтүүд нь дотор эрхтний цус эргэлтийн алдагдлаас гардаг өөрчлөлт болно. Харин өөх холбогч эд хөндлөн судалт булчин, арьс, мөгөөрс, өөх холбогч эдэд гарсан цус харвалт нь хамрын яс, зүүн 6-р хавирганы хугарлын орчмын булчин, зөөлөн эд, мөгөөрс, арьснаас дээж авахад илэрсэн эд, эсийн өөрчлөлт юм.

2.2 Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон хамар яс, зүүн 6-р хавирганы хугарал, зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь дангаараа үхэлд хүргэхгүй. Хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хөндлөн судалт булчин, арьс, мөгөөрс, өөх холбогч эдэд гарсан цус харвалтаар үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй ба дээрх цус харвалт нь гэмтлийн зэрэгт хамаарна.

2.3 Цогцос ялзарч муудсан. Эдэд хожуу үеийн өөрчлөлтүүд илэрсэн тул дээрх гэмтлүүдийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх боломжтойг тогтоох боломжгүй байна.

3.3 Хэргийн задгай материал дахь шарилд хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээгээр хоёр төлйн хацар ясны нум, ухархайн доод хана, хоншоор ясны хугарал, хамар яс, зүүн 6-р хавирганы хугарал, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр гэмтлээс хоёр талын хацас ясны нум, ухархайн доод хана, хоншоор ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байх ба үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Харин хамар яс, зүүн 6-р хавирганы хугарал, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун гуянд дахь цус хуралт, баруун шилбэн дэх зулгаралтууд шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас 168-173 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б-ийн “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байхаа нэг шөнө 03 цагийн орчим талийгаач О- нь манай өрөөнд цусаа гоожуулаад цагдаа дуудаад өг гэж орж ирж байсан. Би тэр эмэгтэйгээс танай нөхөр чинь байгаа юм уу гэж асуухад байгаа гэж хариулсан. Тэгээд би 102-т цагдаад дуудлага өгчихөөд камераар хараад хянаад байж байтал 2 цагдаа ирээд гараад явсан. Би гарахаар ньнөгөө эмэгтэйгээс гараад асуухадманай нөхөр зугтаагаад явсан гэж хэлсэн. Маргааш нөгөөдрөөс нь дахиад архи уугаад зодолдсон сураг гарсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 5-6 хоногийн дараа уг эмэгтэйг нас барсан гэж сонссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 191-192 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1179 дугаартай:

“1. Л.О-гийн цогцост задлан шинжилгээ болон шарил шинжилгээгээр гавал тархины гэмтэл тогтоогдоогүй байна.Задлан шинжилгээгээр илэрсэн ... өөрчлөлтүүд нь хүн нас барахад цусны эргэлтийн алдагдал үүсдэгтэй холбоотой гарах өөрчлөлт юм.

2. Үнхэлцгийн хөндийд зүрх агших, сулах хөдөлгөөний үед чийглэх зориулалттай 10 мл орчим шингэн байдаг ба тухайн тохиолдолд уг шингэн хэвийн хэмжээтэй, ялзралын улмаас өнгө өөрчлөгдсөн байдалтай байжээ.

3. Хэргийн газраас олдсон гэх эд зүйлд шинжээч эмч шинжилгээ хийдэггүй болно.

4. Талийгаач Л.О-гийн зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Зүүн талын 6-р хавирга анатомийн байрлалын хувьд зүрхний орой хэсэгтэй нэг түвшинд байрладаг.

6. Талийгаачид эд эсийн шинжилгээгээр зүрхний гадна давхаргын өөхлөгт голомтлог цус харвалт илэрсэн нь үхлийн шалтгаан болохгүй бөгөөд энэ нь дотор эрхтний цус эргэлтийн алдагдалтай холбоотой гарах өөрчлөлт болно.

7. Зүрх доргиж нас барах нь ихэвчлэн гэмтэл авсан даруйдаа үхэлд хүргэдэг ба тухайн тохиолдолд яллагдагч талийгаачийн хөхний доод хэсэгт гараараа цохисон нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 203-206 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ц.Ганболдын “...Гавал тархинд гэмтэл тогтоогдоогүй. Дүгнэлтэнд бүгдийг тусгасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 235-237 дугаар хуудас/зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч О.Д-ыг 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд ........... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... байрны ... тоотод Л.О-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж биед нь хүч хэрэглэн халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  нь дээрх үйл баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

Шүүгдэгч О.Д-ын үйлдэл нь 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талийгаач Л.О-гийн амь нас хохирсон асуудлыг Прокуророос 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тогтоол гаргаж “Яллагдагч О.Д-т холбогдох эрүүгийн 17050171430002 дугаартай хэргээс хэрэг бүртгэлтийн 180506164 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн хэргийг тусгаарласугай” гэжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Л.О-гийн амь нас хохирсон асуудлаар уг тусгаарласан хэрэгт нь гомдлоо гаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул О.Д-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хэмжээнд хэргийг хянан хэлэлцэх бөгөөд харин талийгаач Л.О-гийн амь нас хохирсон асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаар нотлох баримтуудаа цуглуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Аррle брэндийн Ipad 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Д-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 60 хоногийг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан, хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч О.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ө овогт О-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар О.Д-т холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Аррle брэндийн Ipad 1 ширхэгийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лд олгосугай.

 

5. О.Д- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, 60 хоног цагдан хоригдсон болохыг  дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л-нь хохирол, хор уршгийн талаар нотлох баримтуудаа цуглуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д-т авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

         

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ