Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2016/0076/И |
Дугаар | 182/ШШ2016/00466 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2016/00466
2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2016/00466 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ЭТӨЧ, Пийс тауэр 703 тоотод байрлах ВБ ХХК /РД:2823624/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Н нь 2015.03.31-ний өдөр манай байгууллагын 4 дүгээр салбараас зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 18 сарын хугацаатай, сарын 2.7%-ийн хүүтэй зээлж авсан. Э.Н нь зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад 2015.12.31-ний өдрөөс төлөхөө больсон. Одоогийн байдлаар түүний үндсэн зээл 1.520.000 төгрөг, зээлийн хүү 280.000 төгрөг болсон. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч зээлдэгч нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй тул байгууллагын зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, төлбөрийг нэхэж байгаа юм. Харин бид нэмэгдүүлсэн хүү нэхээгүй. Иймд хариуцагч Э.Н-с зээл, хүүний төлбөрт нийт 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ВБ ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Э.Н нь ВБ ХХК-тай 2015.03.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 2.7%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, Э.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, зээл тараалтын баримт зэргээр тогтоогдов.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч Э.Н нь хамгийн сүүлд 2015.12.30-ны өдөр 63.227 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй, уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан байх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, хариуцагч Э.Н-с үлдэгдэл зээлийг, хүүгийн хамт шаардаж байгаа үйл баримт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар нотлогдсон.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “зээлдэгч дараах үүрэгтэй” 3.2.3-д “энэхүү зээлийн гэрээний үүргийг хавсралт ¹ 1-д заасны дагуу хугацаанд нь биелүүлэх”,
4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдүүлэгч нь дараах эрхтэй байна”,Үүнд: 4.1.1-д “зээлдэгчийг хавсралт ¹ 1-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг шаардах”, 4.1.5-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний нөхцөлийг зөрчсөн, …тухайн зээл эргэн төлөгдөх нь эргэлзээтэй болсон тохиолдолд нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө нь гэрээг цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон …зээлтэй холбогдох маргааныг шийдвэрлүүлэхээр шүүх, хуулийн байгууллагад өргөдөл, нэхэмжлэл гаргах” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч ВБ ХХК нь дээрх хууль болон гэрээний заалтуудын дагуу зээл, хүүг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Э.Ннь зээл, хүүг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн тооцоогоо үндсэн зээлийн 1.520.000 төгрөг, хүү 2016.01.01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2016.06.08-ны өдрийг хүртэл 280.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү шаардаагүй гэж тайлбарлаж байх боловч зээлийн тооцооллыг нарийвчлан задалж чадсангүй.
Өөрөөр хэлбэл зээлийн дансны хуулгаас 2015.12.31-ний өдрийн байдлаар хариуцагч Э.Н-н төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 1.515.403 төгрөг болох нь харагдаж байх тул шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг 1.515.403 төгрөг гэж үзэн, үүнээс хүүг тооцвол 1.515.403*2.7%=40.915 төгрөг сарын хүү.
2016.01.01-нээс 2016.06.08-ныг өдрийг хүртэл 5 сар, 8 хоногийн хүү 215.479 /204.575+10.904/ төгрөг.
Ингээд үндсэн зээл, зээлийн хүү нийт 1.730.882 /1.515.403+215.479/ төгрөг болж байх бөгөөд уг мөнгийг хариуцагч Э.Нтөлөх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч Э.Н-с 1.730.882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 69.118 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс хариуцагч Э.Н-д нэхэмжлэлийг 2016.07.06-ны өдөр гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2016.07.20-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч Э.Н-г нэхэмжлэгч ВБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч тал хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Шүүхээс хариуцагч Э.Н-д хурлын тов мэдэгдэх гэж түүний 98999737 дугаарын утсаар удаа дараа залгахад утсаа аваагүй, түүний оршин суугаа хаягаар хурлын товыг хүргэсэн, хариуцагч Э.Н өөрөө 98999737 дугаарын утсаар 2016.08.25-ны өдрийн 14:14 цагийн үед шүүгчийн туслах Б.А-с хурлын товыг лавлаж асууж мэдсэн болох нь утсаар ярьсан тухай тэмдэглэл, шуудангийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Э.Н нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Н-с 1.730.882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 69.118 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ВБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-с 42.644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА