Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00909

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00909

 

ххх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00835 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххх, хххх,ххххх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, бэлэглэлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ххххх, түүний өмгөөлөгч ххххх, ххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххх миний бие 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ххх тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнээс татгалзаж байна. ххх нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн дүү болох хххххын шахалтаар өөрийн төрсөн хүүгийн хамт амьдарч байсан ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххххххххххххх тоот хаягт байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн.

1.2. Тухайн үед энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр хххгийн дүү ххххх нь намайг болон миний гэр бүлийг дарамтлахаа болих болов уу, мөн тус орон сууц нь ххххх амьдралд нэмэртэй байх болов уу гэж бодсон боловч ххххх дарамтлахаа зогсоохгүйгээр үл барам шүүхэд болон цагдаагийн байгууллагаар ххх болон манай гэр бүлийнхнийг удаа дараа шалгуулах тухай гомдол гаргаж байна.

1.3. Түүнчлэн миний хувийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, харилцагч байгууллагууд руу үндэслэлгүй худал мэдээлэл хүргүүлж, миний болон манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна.

Энэ нь ххххх сайтаар дамжуулж, нэвтрүүлэг хийлгэсэн баримтаар болон хххххххххххххххххххх хариуцагчийн гэр бүл хххххд итгэмжлэл олгосон болон ирүүлсэн захидал зэрэг баримтуудаар нотлогдоно.

Иймд миний бие болон манай гэр бүлийн гишүүд болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэх эрх бүхий этгээдүүд бид Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ххх тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний эцэг ххххх, эх хххххх нар нь 1992 оноос ххххххх дүүргийн ххххххх орчимд хашаа байшинд амьдарч байгаад нас өндөр болсон учраас 2004 онд хххххххх дүүргийн хх хороо ххххххххххх тоот хх өрөө орон сууцыг 23 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд ингэхдээ өөрийн хххххххххх дахь хашаа байшингаа зараад тодорхой хэмжээний мөнгө нэмж авсан.

2.2. Миний эцэг, эхийн хувьд 2004 оноос хойш тухайн байрандаа амьдарч байгаад нас барсан ба эцгийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа амьд сэрүүн үедээ өөрийн голомт залгах ганц хүү болох ххххххт бид бүгдэд хэлж байсны дагуу гэрээслэлээр өгөхөөр шийдвэрлэсэн.

Миний эцгийн гэрээслэлийн дагуу эгч ххх нь 2022 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба гэрээ хийгдэх үед уг орон сууц ххх, хххх,ххххх нарын нэр дээр байсныг мэдсэн ба эцэг минь өөрийн захиасыг эгч хххд хэлж, захиасны дагуу эгчийн хувьд эцэг хххххын гэрээслэлийг биелүүлж миний хүүд уг орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа үйл байдал юм.

2.3. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний дагуу орон сууцыг авах талаар болон өөрийн хүүгийн амьдарч байсан байрыг дарамт шахалтаар өгсөн гэж бичсэн нь үндэслэлгүй.

хххгийн хувьд эцгийн захиасыг биелүүлж ач хүүд нь орон сууцыг нь шилжүүлж өгсөн үйл байдлыг зориуд мушгин, хүн чанаргүй, ёс жудаггүй үйлдэл гаргаж буцаан нэхэж байгааг гайхаж байхын сацуу хуульд заасны дагуу миний зүгээс нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй.

2.4. Маргаан бүхий орон сууцад бэлэглэлийн гэрээ байгуулах үед 3 хүний нэр дээр байсан. хххг ххххх гомдоосон талаар ярьсан. хххх,ххххх нарыг ноцтой гомдоосон үйл баримт яригдахгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нотлох баримтын шаардлага хангаагүй албан бичиг өгсөн бөгөөд энэ баримт нь энэ шаардлагад хамааралгүй юм. Тийм учраас эхний албан бичигтэй холбоотой үйл баримт үгүйсгэгдэж байна.

2.5. Бичлэг гээд флаш гаргаж өгсөн боловч үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, юу байгааг мэдэхгүй. Нэхэмжлэгч тал сэтгүүлч хххххххийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан тухайн үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн. Энэ бичлэг сэтгүүлч хххххххтэй хамааралтай бичлэг юм байна гэж би ойлгосон. Тэрнээс биш ххххх, ххххххх гэдэг хүмүүс энэ асуудал хамраалтай гэснийг тогтоосон баримт байхгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хххххххххххххххххххххххх албан бичиг нь хххххын бэлэглэлийн гэрээтэй холбоотой энэхүү хэрэг маргаанд ач холбогдолгүй, хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

3.1. Гуравдагч этгээд хххххххгийн тухайд шударга өмчлөгч, шударгаар эд хөрөнгийг олж авсан, 100 хувь мөнгөө зохих ёсоор төлж, тухайн эд хөрөнгийг авсан. ххххх гэдэг хүнийг танихгүй, урьдын танил найз нөхдийн харилцаа байхгүй.

3.2. Нэгэнт хэргийн оролцогч болсон болохоор хэргийн материалтай танилцаж үзэхэд энэ хэрэгт огт хамааралгүй материалууд харагдаж байна. Энэ хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагыг нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж би ойлгосон.

3.3. хххг яаж ноцтой гомдож байгаа Иргэний хууль, иргэний хэрэгт заасны дагуу хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээ байх ёстой. Хөрөнгийн үнэлгээ 160 сая төгрөг гэж бичсэн байна. Бэлэглэгч ноцтой гомдож байгаа асуудлыг ярих ёстой түүнээс хаа хамааралгүй урьдын асуудал энэ хэрэгт ямар ч холбоо хамааралгүй. Ийм байдлаар ноцтой гомдож болохгүй, хуульд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, татгалзах хоёрхон үндэслэл байгаа тэр үндэслэл байхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххх, хххх,ххххх нарын хариуцагч хххххд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, бэлэглэлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Бэлэглэлийн гэрээний хүсэл зориг нь бэлэглэгчээс шууд хамаардаг бөгөөд бэлэглэгчийн ноцтой гомдоосон үйлдэлийг бэлэглэгчийн хүсэл зоригоор тодорхойлогдох ёстой. Бэлэг хүлээн авагчийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өв залгамжлалын журмаар шилжиж байгаа гэдэг байдлаар тайлбар гаргадаг бөгөөд дээрх тайлбараас харахад талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь үнэн санаанаасаа бус өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл мэтээр харагдаж байхад шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Талууд бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсэх талаар маргасан. Харин бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдал өөрөөр хэлбэл хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийн талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар давж заалдах гомдол гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. хххххын зүгээс бэлэглэгчийг гомдоосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөв үнэлсэн. Талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь үнэн санаанаасаа бус өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл мэтээр харагдаж байхад шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж өгөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд байх баримтуудыг бүрдүүлээгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. хххххххгийн тухайд анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ххх, хххх,ххххх нар хариуцагч хххххд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн дүү болох хххххын шахалтаар ххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххххххххххххх байрны хххх тоот хаягт байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. ...энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр дүү ххххх нь намайг болон миний гэр бүлийг дарамтлахаа болих болов уу, мөн тус орон сууц нь хххххын амьдралд нэмэртэй байх болов уу гэж бодсон боловч ххххх дарамтлахаа зогсоохгүйгээр үл барам шүүхэд болон цагдаагийн байгууллагаар ххх болон манай гэр бүлийнхнийг удаа дараа шалгуулах тухай гомдол гаргасан ... миний хувийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, харилцагч байгууллагууд руу үндэслэлгүй худал мэдээлэл хүргүүлж, миний болон манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж... бэлэглэгчийг ноцтой гомдоосон ... гэж тайлбарласан байна.

Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, ...миний эцгийн гэрээслэлийн дагуу эгч ххх нь 2022 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба гэрээ хийгдэх үед уг орон сууц ххх, хххх,ххххх нарын нэр дээр байсныг мэдсэн .... , ... хххг ххххх гомдоосон талаар ярьсан. хххх,ххххх нарыг ноцтой гомдоосон үйл баримт яригдахгүй байна ... гэх үндэслэл заан, маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, бэлэглэгчххххх, хххх, ххх нар төлөөлөгч ххххххгээр өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн ххххххххххх дүүрэг, хх дүгээр хороо, хх дүгээр хороолол, ххххххх байрны ххххх тоот ххх м.кв талбай бүхий хх өрөө орон сууцыг бэлэг хүлээн авагч хххххд дүүдээ орон сууцыг нь үнэ төлбөргүй шилжүүлэв гэх үндэслэлээр хариу төлбөргүйгээр бэлэглэж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /1хх10-11, 12/

Гэрээний дагуу бэлэглэгч нар бэлэг хүлээн авагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад маргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон болохыг баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

6.1. Тодруулбал, хххххын нэхэмжлэлтэй, ххх, ххххххх ХХК-д холбогдох мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт 825,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ххххххх ХХК-аар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/01897 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01669 дугаартай магадлалд хххг 130 тоот 32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хххххд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ..., орон сууцыг аав ххххххх худалдан авсан бөгөөд аав, ээж хоёр амьд байхдаа удам залгаж байгаа миний хүү ххххххт өвлүүлсэн гэх хххххын тайлбарыг үндэслэлтэй, орон сууцыг мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж тус бүр дүгнээд хххгээс Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт 375,000,000 төгрөг гаргуулж хххххд олгож, нэхэмжлэлээс 450,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хххгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2023/01234 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагч хххгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх-58, 66, 67/

6.2. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн ххххххххх ХХК, 2023.05.02 гэж огноолсон, гүйцэтгэх захирал хххххаас хххххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал ххххххххххххт хүргүүлсэн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь байх шаардлага хангаагүй, нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. /хх14-15/ Хариуцагч ххххх нь ххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал, тэрээр хххххххххххх ХХК-д хүргүүлсэн албан бичиг нь хуулийн этгээд талаасаа өгсөн, энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарлажээ.

Дээрх нотлох баримтууд нь хариуцагчаас нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үйл баримтыг нотлох тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт биш байна.

6.3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ххххх сайтаар нэхэмжлэгч ххх,ххххх, хххх нарт холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байгаа, дотоодын хөрөнгө оруулагчийг залилсан гэх мэдээлэл тараасан ... гэж тайлбарлан, флаш диск шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Анхан шатны шүүх флаш дискэнд үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй гэсэн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн буюу бэлэг хүлээн авагчаас талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээтэй холбоотой, бэлэглэгч рүү чиглэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь үнэн санаанаасаа бус өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл мэтээр харагдаж байхад шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэжээ.

8.1. Зохигч талууд анхан шатны шүүхэд бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00835 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950,954 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД