Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч М-ийн М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт М-ийн М-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905002400066 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... аймаг ........... сум ... дугаар баг ... газарт оршин суух хаягтай, ........... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, Ж овогт М-ийн М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М-ийн М- нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ...  дугаар хороо ... дугаар байрны ...  тоотод эхнэр Э.С-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-ийн М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Гэрч Ж.Б-ын “2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 02 цагийн үед С- утсаар залгаад зодуулчихлаа гэж хэлсэн. Би шууд гэрт нь яваад очсон. М-г цагдаа аваад явсан. С- ганцаараа зодуулсан гээд сууж байсан. Яаж зодуулсан гэж асуухад уруулнаас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

          Хохирогч Ж.С-гийн “2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М-гийн төрсөн өдөр болсон. Тухайн өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед гэрээс гараад гэрийн ойролцоо нэрийг нь санахгүй байна караокед орсон. ... Ингээд М-г аваад би гэртээ харьсан. Харин замдаа М- бөөлжөөд гэртээ орсон. Гэрт ороод М- буйдан дээр унаад өгсөн. Би тасарсан байна гэж бодсон. Ор засчихлаа ороод унт гээд гутлыг нь тайлах гэсэн чинь байж бай гээд тайлуулахгүй байсан. Би цай чанаж ирээд гутлыг нь тайлсан. ... Чи эхнэр хүн байж  бэлэг өгсөнгүй гээд байсан. Өдөр хоёулаа ярьсан ш дээ мөнгө муутай бэлэг өгч чадахгүй гэж хэлсэн ш дээ гэж хэлсэн чинь нойл руу утсаа барьж ороод ярихаар нь би утсыг нь булаагаад авсан. Гарах гээд байхаар нь гутлыг нь аваад жижиг өрөөний орны ар руу шидсэн. Намайг гутал нуусныг мэдээд авах гэхээр нь би араас нь татсан чинь биеэрээ намайг түлхээд би паар руу унасан. Би босож ирээд М-гийн хөл рүү нь өшиглөсөн. Би гартаа нэг гутлыг нь бариад хөргөгчний хажууд зогсож байсан чинь ирээд хоолой боосон. Би түлхсэн чинь баруун шанаа руу нэг удаа цохисон. Би шанаа руу цохилоо гээд уйлсан чинь жижиг өрөөнд ороод жинсэн яакаа өмсөөд гутлаа өмсөөд гарсан. Карт аваад гарах гэж байна гэж бодоод хөлнөөс нь зуурсан чинь чирэгдээд коридорт гарсан. Гэтэл намайг үсдэж аваад толгойгоор шалан дээр хоёр удаа хавсарч цохисон. Мөн уруул руу гараараа 1 нэг удаа цохисон. ... Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1020 дугаартай:

          “1. Ж.С-гийн биед тархи доргилт, уруулд шарх, цус хуралт, дагзны хуйх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч М-ийн М- согтуурсан үедээ эхнэр “Ж.С-г гэрээс гаргасангүй” гэсэн шалтгааны улмаас маргалдан Ж.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ж.С-, гэрч Ж.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Ж.С-гаас “... миний бие нь нөхөр болох Мөнх-Эрдэнэ овогтой М-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” /хэргийн 54 дүгээр хуудас/ гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М-ийн М- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч М-ийн М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

                                                                                      

1. Шүүгдэгч Ж овогт М-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-ийн М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М-ийн М- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М-ийн М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М-ийн М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М-ийн М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ