Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00910

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00910

 

хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/00637 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,100,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх ХХК нь хххх ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хххххх дугаартай гэрээ байгуулж, ургамал хамгааллын Овсюген экспресс гэх бодис 80 литрийг 6,040,000 төгрөгөөр, метамилл гэх бодисыг 80 литрийг 3,840,000 төгрөгөөр, нийт 9,880,000 төгрөгийн бодис худалдан авсан. Худалдан авахдаа 4,780,000 төгрөгийг хоёр хувааж төлсөн, үлдэх 5,100,000 төгрөгийг төлөөгүй. Уг төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч гүйцэтгээгүй.

1.2. Гэрээний 5.1-д хэрвээ шүүхэд хандвал өмгөөлөгч хөлслөх зардлыг хариуцагчаар төлүүлэхээр тохиролцсон. Дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 5,100,000 төгрөг, гэрээний 4.3-т заасны дагуу алданги 50 хувиар тооцон 2,550,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 660,800 төгрөг гаргуулна.

1.3. 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөн Зонтран нэртэй ургамал хамгааллын бодис 20 литрийг 1,790,000 төгрөгөөр худалдан авсан, төлбөрөө төлөөгүй. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй, зээлээр худалдаж авсан.

Иймд хариуцагчаас 10,100,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. хххххх дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр Овсюген экспресс гэх бодис 80 литрийг, метамилл бодисыг 80 литрийг тус тус худалдан авахаар болсон, нийт үнэ 9,880,000 төгрөг болсон. Үүнээс 4,780,000 төгрөгийг хоёр хувааж төлсөн. Үлдэх 5,100,000 төгрөгийг тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй. Харин нэхэмжлэлд дурдсан 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зонтран ургамал хамгааллын бодис 20 литрийг 1,790,000 төгрөгөөр зээлээр худалдан авах гэрээ байгуулаагүй тул Иргэний хуульд заасан үүрэг үүсэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,550,000 төгрөг, Зонтран ургамал хамгааллын бодисны үнэ 1,790,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 660,800 төгрөгийг тус тус зөвшөөрөх боломжгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххх ХХК-иас 9,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххх ХХК-иас 165,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэлд дурдсан 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисыг 1,790,000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,550,000 төгрөг, Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисын үнэ 1,790,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал гэх 660,800 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрдөггүй.

Анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисыг 1,790,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад хэлцэл хүчин төгөлдөрт тооцон хэргийг шийдвэрлэсэн мөн талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж

өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй, шүүх хуралдааныг орхиж явсан. 2023 оны 08 сард гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд 2023 оны 12 сард гардаж авахдаа хэргийн материалтай танилцсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ч хэргийн материалтай танилцах боломжтой байсан.

5.2. Алдангийн хувьд гэрээнд заасны дагуу нэхэмжилж байгаа. Хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисыг хүлээж авсан үйл баримт дээр маргаагүй. Харин бичгээр гэрээ байгуулаагүй учир төлөөгүй гэж л маргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дансны хуулга, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зонтран ургамал хамгааллын бодисыг хариуцагчийн төлөөлөгчийн хүлээж авсан зарлагын баримт зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч хххх ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,100,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 5,100,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг алданги болон зардал зөвшөөрөхгүй, 1,790,000 төгрөгийн үнэ бүхий бодис худалдан авах гэрээ байгуулаагүй ... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хххххх дугаартай гэрээ байгуулж, худалдагч хххх ХХК нь 6,040,000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын Овсюген экспресс бодис 80 литр, 3,840,000 төгрөгийн үнэ бүхий метамилл бодис 80 литр, нийт 9,880,000 төгрөгийн өртөг бүхий бодисыг нийлүүлсэн, худалдан авагч хххх ХХК нь гэрээний үнээс 4,780,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй.

 

4. хххх ХХК нь хххх ХХК-д 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зонтран ургамал хамгааллын бодис 20 литрыг 1,790,000 төгрөгөөр худалдсан, гэрээний үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлан, 1,790,000 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх-14/ Хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр татгалзсан боловч дээрх зарлагын баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлохдоо мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг зөв хэрэглэсэн байна.

Тэрээр гэрээний үүрэг шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

5.1. Тодруулбал, хариуцагч нь хххххх дугаартай гэрээний үнийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь уг гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,100,000 төгрөг, гэрээний 4.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги тооцон 2,550,000 төгрөг, нийт 7,650,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

5.2. Мөн хэргийн 14 дэх талд авагдсан Зарлагын баримт-д Зонтрон бодис 20 литрыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. гэж заасан. Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийг заагаагүй. Анхан шатны шүүх дээрх зарлагын баримтыг үндэслэн талууд 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь 1,790,000 төгрөгийн үнэ бүхий Зонтрон бодисыг худалдагч талд шилжүүлэн өгсөн гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Хариуцагч нь худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй. Иймээс 1,790,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн гаргасан гомдол хуулийн үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөнд 660,800 төгрөг төлсөн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххх ХХК-аас 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, 2022.07.31-ний өдрийн гэрээний үүрэгт 1,790,000 төгрөг, нийт 9,440,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххх ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 660,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Шүүгч зохигчдод шаардлага ба татгалзаа үндэслэж буй нотлох баримтаа аар гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг заасан журмын дагуу явуулсан байна. Иймд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/00637 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,990 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД