Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0102/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ө.Гд холбогдох эрүүгийн 1918000560061 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ө.Г /РД: /, Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Ө.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын орчимд иргэн Г.Гын эзэмшлийн 86-98 СЭҮ улсын дугаартай ХИНО маркийн тээврийн хэрэгслээр 11.1 м.куб нарсан модыг гарал үүслийн бичиггүйгээр тээвэрлэж явсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.Гийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найзынхаа тээврийн хэрэгслийг гуйж аваад хамаатны ахынд галын модыг нь дөхүүлж өгөх санаатай мод ачиж яваад саатуулагдсан. Мод бэлтгэх эрхтэй хүнээс модыг худалдаж авсан. Модыг тээвэрлэх эрхтэй байсан үгүйг сайн мэдэхгүй байсан. Би мод тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой гэдгийг мэдээгүй. Өмнө нь би мод тээвэрлэж байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг ямар дансанд шилжүүлэхээ мэдэхгүй байсан учраас хохирлоо өгөөгүй байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Бын өгсөн: 2019 оны 01 дүгээр сард цагдаагийн газрын мөрдөн байцаагч П.Үнэнбаяр над руу залгаж хэргийн талаар мэдсэн. Хэргийн материалтай танилцсан. Хуулийн дагуу шийдүүлнэ. Модны эдийн засгийн үнэлгээ 316.350 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Мөн хураагдсан модыг улсын орлогод үлдээх саналтай байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Гын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Г надтай уулзаад “Машинаа өгч байгаач. Хүдэрээс түлээний мод ачаад Дарханд байдаг хоёр хөгшнийд аваачиж өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Хүдэр яваад Ө.Г нь түлээний мод худалдаж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед Дархан луу орж явтал цагдаад шалгуулсан. Цагдаа нар Ө.Гөөс ачиж яваа модны бичиг баримтыг асуухад Ө.Г нь 2018 оны 10 дугаар сарын хүчингүй болсон гарал үүслийн бичиг цагдаа нарт үзүүлсэн. Тээврийн хэрэгслийг Ө.Г жолоодож явсан, би 86-98 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Очирхүү гэх хүнээс худалдаж авсан. Машиныхаа тал мөнгийг төлөөд, үлдсэн талыг нь төлөөгүй байгаа тул өөрийн нэр дээр шилжүүлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

Гэрч М.Аын өгсөн: ...Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын ойролцоо байх “Дархан” самбарын хажууд 86-98 СЭҮ улсын дугаартай ХИНО маркийн бүхээгтэй ачааны машин зогсож байхаар нь очиж шалгасан. Уг ачааны машины бүхээгт 2 метрээр нь тайрсан хуурай, бөөрөнхий нарс моднууд ачсан байсан. Жолоочоос нь ачиж яваа ачааны бичиг баримтыг асуухад түлээний гоожин гэх нэг бичигтэй хамт 2018 оны 10 дугаар сард тээвэрлэгдэж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн гэсэн тэмдэглэгээг нь хийсэн хүчингүй болсон модны гарал үүслийн бичиг үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Гэрч Б.Гын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Г гэх залууд ойгоос мод бэлтгэх эрхийн бичигтэй модыг 150.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд Ө.Г нь “худалдаж авсан модоо Дархан руу авч явна, Хүдэр сумын ойн ангиас мод тээвэрлэх гарал үүслийн бичгийг нь авна” гэж хэлж байсан. Тэгээд гарал үүслийн бичгээ авалгүй явчихсан байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч Ц.Дийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай найз Ө.Г нь миний ачааны машины бүхээгт байсан ажлын хүрмийг даараад байна гээд өмсөөд явсан. Миний ажлын хүрмийн халаасанд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас түлээний модны гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгсэн Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас түлээний мод ачиж яваад цагдаад шалгуулахдаа миний хүрмийн халаасанд байсан хүчингүй болсон гарал үүслийн гэрчилгээг үзүүлсэн байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ертөнцийн зүгээр урд талд зүүн тийш харсан байрлалтай 86-98 СЭҮ улсын дугаартай ХИНО маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Тээшийг нээж үзэхэд тээшинд хөндлөн байрлалтай, дээр дээрээс нь давхарлаж байрлуулсан нарс моднууд байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дархан-Уул аймагт 15 м.куб түлээний модыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тээвэрлэсэн СБА серитэй 1664129 дугаартай мод, модон материалын гарал үүслийн бичиг /хх-ийн 10/,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жаргалант гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд мод бэлтгэх тухай СБА серитэй 0091062 дугаартай эрхийн бичиг /хх-ийн 13/,

Шүүгдэгч Ө.Гийн тээвэрлэж явсан 2 метрийн урттай, хуурай нарсан 47 ширхэг модыг эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 23/,

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...Иргэн Ө.Гийн тээвэрлэсэн гэх мод нь амьдрах чадваргүй, түлээний нарс мод болох нь тогтоогдлоо. 2 метрийн урттай 47 ширхэг мод нь 11.1 м.куб болж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.6-д Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ хэмээн заасан байна. Ө.Гийн тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 316.350 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.Гийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын орчимд иргэн Г.Гын эзэмшлийн 86-98 СЭҮ улсын дугаартай ХИНО маркийн тээврийн хэрэгслээр 11.1 м.куб нарсан модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ө.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засагт 316.350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгчээс 316.350 төгрөг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс 316.350 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, Төрийн сан дахь ................... тоот дансанд 316.350 төгрөгийг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ө.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ө.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метрийн урттай 47 ширхэг буюу 11.1 м.куб модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 метрийн урттай 47 ширхэг буюу 11.1 м.куб модыг улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР