Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 126

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Б.Х, Х.Б,

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М.М, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Э.Б, С овогт М.М нарт холбогдох эрүүгийн 1918000000052 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С овогт М.М /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, М овогт Э.Б /РД: / Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч М.М, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч М.М, Э.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух иргэн Б.Хын байшингийн цонхыг хагалан нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, самсунг эс-4 зүүм загварын гар утас 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Х.Бгийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хонины 30 кг гулууз мах, үхрийн 18 кг ястай мах, үхрийн 3 кг цул мах зэргийг хулгайлж 358.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Мын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Б нь нэг айл руу орохдоо ахынх руугаа орчхоод ирье гэж хэлээд 20 минут болсон. Гарч ирэхдээ зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөгтэй гарч ирсэн. Би хулгай хийж байгааг мэдээгүй. Юм аваад гараад ирэхээр нь хулгай хийгээд гараад ирлээ гэж бодсон. Зөөврийн компьютерыг 38.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг яасныг мэдэхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эмээгийнхээс мах авах санааг би гаргасан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Бы өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М.Мынд очсон. Гэрт нь очоод Э найзтайгаа нэг шил архи уусан. Би М.Мыг хол байж байгаарай гэж хэлээд хашааг давж ороод зөөврийн компьютер, 20.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараагийн үйлдэлд байшин руу цонхыг түлхэж ороод мах авсан. Шөнө буудалд орсон. Би хулгайн хэргийг санаачилдаг гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Хын өгсөн: Би М.М, Э.Б нарыг танихгүй. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 цагийн үед Төв аймгаас гэртээ ирэхэд цонх хагалсан байсан. Гацуур дээр байсан 20.000 төгрөгийг авсан байсан. Би эхнэртээ хулгай орсон талаар хэлээд гайгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгтэл хөөрөг, зөөврийн компьютер, гар утас зэрэг байхгүй байсан. Одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Бгийн өгсөн: ...Эх орны 50.000 төгрөг өгч байгаа сургаар гэрээсээ гараад 1-2 цагийн үед гэртээ иртэл үүдний өрөөнд байсан ууц, үхрийн мах зэрэг алга болсон байсан. Ууц алга болсон талаар гэрийнхэндээ хэлсэн. Хаалганы ямар ч зүйл хөндөгдөөгүй байсан. Харин цонх дутуу хаагдсан байдалтай байсан. Одоо гомдол санал байхгүй. Шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Д.Бийн өгсөн: Манай хүүхдүүдийн хичээлийн амралт эхлэхээр нь би хүүхдүүдээ аваад Төв аймаг руу явсан. 2019 оны 01 дүгээр сарын19-ний өдөр Дархан руу буцаад ирж байхад нөхөр Б.Х над руу утсаар яриад “гэрийн цонхыг хагалаад хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ иртэл манай нөхөр зөөврийн компьютер, даалинтай хөөрөг, Самсунг эс-4 зүүм загварын камер нь сунадаг гар утас болон хүүхдийн гацуур модон дээр байсан 20.000 төгрөгийг авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/,

Гэрч Г.Эын өгсөн: Би өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт Э.Б, М.М нар орж ирэхдээ Э.Б нь цүнхтэй Самсунг гэсэн бичигтэй хар саарал өнгийн зөөврийн компьютер барьсан орж ирсэн. Мөн Э.Б халааснаасаа хар өнгийн ардаа том камертай Самсунг загварын гар утас, эрээн алаг даалинтай, бордуу өнгөтэй, толгой хэсэг нь улаан өнгөтэй хөөрөг гаргасан. М.М нь 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи барьсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80/,

Гэрч Г.Гын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30 орчим насны 2 залуу орж ирээд нүүрэн хэсэг нь саарал, ар тал нь хар өнгөтэй, Самсунг загварын товчлуур нь ажиллахгүй зөөврийн компьютерыг 38.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2-3 хоногийн дараа нэг хүний зөөврийн компьютерынх нь ворд нь эвдэрсэн гэхээр нь нөгөө 2 хүнээс худалдаж авсан зөөврийн компьютерын вордоор солиод засаж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84/,

Гэрч Ч.Аны өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23:15 цагийн үед манай дэлгүүрт 25 орчим насны, 160 орчим сантиметр өндөртэй, туранхай, шардуу царайтай эрэгтэй хүн 20 гаруй килограмм хонины махыг 80.000 төгрөгөөр худалдсан. Тэр эрэгтэй сая хөдөөнөөс орж ирлээ, зах дээр зарах гэсэн боловч зах хаачихсан, шатахууны мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136/,

Гэрч Б.Эийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед манай зочид буудалд 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орж ирээд хөдөө аав, ээжээс өгч явуулсан үхрийн махаа худалдаад зочид буудлын тооцоогоо хийе гэж хэлсэн. Тэгээд туранхайвтар, шар царайтай эрэгтэй хүн нь үхрийн мах худалдаж авах хүн асуугаад өгөөч гэхээр нь би 1 килограммыг нь 5000 төгрөгөөр хүнд зарж өгөөд зочид буудлын өрөөний тооцоо болох 35.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,

Гэрч Ц.Оын өгсөн: ...Э.Б нь Тосгонд очоод Болормаа эгчийнд ороод махаа аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би машин дотроо хүлээж байтал Э.Б нь Болормаа эгчийн хашаа руу ороод гарч ирэхдээ үхрийн гуя аваад гарч ирсэн. Тэгээд буцаад зочид буудалдаа очиход Э.Б нь намайг өрөө рүүгээ орж бай гээд өөрөө гадаа үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа миний араас өрөөнд орж ирэхдээ махгүй орж ирсэн... Одоогоос 10-аад хоногийн өмнө би Г.Энхбаярынд байж байхад Э.Б нь Самсунг гэсэн бичигтэй, хар өнгийн зөөврийн компьютер, камер нь сунадаг, бараан өнгөтэй гар утас, бор өнгийн хөөрөг зэрэг эд зүйлс авч ирсэн. Намайг зөөрийн компьютер худалдаж аваач гэсэн. Зөөврийн компьютер нь нууц кодтой байсан бөгөөд кодыг нь мэдэхгүй гэхээр нь би хулгайн эд зүйлс байна гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140/,

Гэрч Ц.Бийн өгсөн: Өнөөдөр өдөр 14 цагийн үед манай хадам ээж орж ирээд байшинд байсан ууц, үхрийн хаа болон шулсан мах алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь илүү байшингийн үүдэнд очтол урагшаа харсан вакуум цонхыг түлхэж онгойлгоод байшин дотор орсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

Гэрч Д.Сын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө Э.Б нь орж ирээд гутлаа солиод хувцсаа давхарлаж өмсөөд гараад явсан. Э.Бы өчигдөр өмсөж явсан гутал нь эмэгтэй хүний цасны гутал... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/,

“...М.М нь Цагдаагийн газраас хөдлөн Ус сувгийн уулзвар дээр ирж Дархан Сэлэнгэ чиглэлийн төв замаар ертөнцийн зүгээр хойд зүгт явахыг заав...” гэх шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-70/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “иргэн Б.Хын гэрээс алдагдсан замагт ногоон дунд гарын хөөрөг 1 ширхэг, хар өнгийн Самсунг загварын хуучин зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн Самсунг эс-4 зүүм загварын хуучин гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-93/,

“Дархан  сумын 2 дугаар багийн Хушаатын 7-13 тоот гэх газар хэрэг учрал болсон...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /1-р хх-ийн 109-115/,

“...хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын мөртэй ижил байж болох ултай, хар өнгийн, цасны гэж нэрлэгддэг, хагас түрийтэй 1 хос гутлыг хурааж авав...” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 116-118/,

“...Би яллагдагч Э.Бы хамт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 7-13 тоот хашаанд байхдаа эмээ Х.Бгийн өвлийн байшингаас Э.Б цонхоор хонины ууц, мах авч дамжуулж өгсөн...” гэх шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 120-122/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “хонины гулууз мах 30 килограмм, үхрийн ястай мах 18 килограмм, үхрийн цул мах 3 килограмм зэрэг нь 358.500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-154/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх гутлын улны мөр нь Э.Бы зүүн хөлийн өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 160-164/, 26 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын гарын мөр Э.Бы баруун гарын ядам хурууны гарын дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирно. Шинжилгээнд ирүүлсэн М.Мын гарын хээний дардас санд бүртгэлтэй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 170-173/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Даран сумын 2 дугаар багийн Хушаатын 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ш.Дын байшинд нэвтэрч 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, савтай металл эд зүйлс зэргийг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Бы өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэр лүүгээ харих замдаа эзэнгүй айл байхаар нь цонхыг нь хагалж ороод ээмэг, бөгж зэргийг авсан. Хохирол төлбөрийг одоогоор төлөх боломжгүй байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ш.Дын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед гэртээ очиж үзэхэд хэвийн байсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зав гараагүй тул гэрээ эргэж очиж чадаагүй. Тэгтэл өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонх нь хагарсан байсан. Тэгтэл манай жижиг өрөөнд байдаг 32 инчийн зурагт алга болсон байсан. Цагдаагийн алба хаагчид явсны дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд том өрөөнд байсан жижиг ягаан өнгөтэй эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйлсээ хийдэг хайрцагтай эд зүйлс алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,

Гэрч М.Мын өгсөн: ...”Ариун далай” зочид буудалд архи ууж байгаад Э.Б нь “би гараад ирье” гээд гарсан. Э.Б 40 минутын дараа орж ирэхдээ алаг эрээн бүтээлэгтэй, хар өнгийн, нимгэн зурагт болон жижиг дөрвөлжин хайрцагтай зүйл бариад орж ирсэн. Тэгэхээр нь би “хаанаас авсан юм бэ?” гэхэд Э.Б нь “та нар чимээгүй бай. Би өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 4 дүгээр гудамжинд байрлалтай ертөнцийн зүгээр хойд зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, хашааны хаалганы мод 4 гэсэн дугаартай байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /1-р хх-ийн 4-10/,

...201 дугаартай өрөөний ариун цэврийн өрөөнд хогийн савны гялгар уут дотор ягаан болон саарал өнгийн хатуу материалтай хайрцаг мэт зүйл байх бөгөөд түүний дотор металл ээмэг, зүүлт, тэмдэг зэрэг байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд урд талын орны баруун талд эрээн өнгийн даавуунд боосон зурагт байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-13/,

Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг HOTEL гэсэн бичигтэй 2 давхар барилгын 2 дугаар давхрын 201 тоот өрөөнөөс хурааж авсан зурагт, саарал болон ягаан өнгийн хатуу материалаар хийгдсэн хайрцагтай ээмэг, зүүлт, тэмдэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-15/,

Хурааж авсан зурагт, ягаан өнгийн хатуу материалаар хийгдсэн хайрцагтай ээмэг, зүүлт, тэмдэг зэргийг хохирогч Ш.Дд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16/,

...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед ганцаараа явж байгаад Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 3-4 тоот хашааг хойд талаас нь зааж харуулаад хашааны урд талын нам дор хэсгээр хашааг давж дотогш орсон... гэх шүүгдэгч Э.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-25/,

“Капитал  зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “иргэн Ш.Дын байшингаас алдагдсан Ти Си Эл загварын 32 инчийн хуучин өнгөт зурагт 1 ширхэг, жижиг хайрцагтай эмэгтэй хүний металл ээмэг, бөгж, зүүлт, алдарт эхийн одон 1 ширхэг зэрэг эд зүйлс нийт 300.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 43-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.М, Э.Б нарын  согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух иргэн Б.Хын байшингийн цонхыг хагалан нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, самсунг эс-4 зүүм загварын гар утас 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Х.Бгийн өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хонины 30 кг гулууз мах, үхрийн 18 кг ястай мах, үхрийн 3 кг цул мах зэргийг хулгайлж 358.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Э.Бы 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Даран сумын 2 дугаар багийн Хушаатын 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ш.Дын байшинд нэвтэрч 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, савтай металл эд зүйлсийг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч М.М, Э.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хд 820.000 төгрөгийн, хохирогч Х.Бд 358.500 төгрөгийн, хохирогч Ш.Дд 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Ш.Д нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Хурааж авсан зурагт, ягаан өнгийн хатуу материалаар хийгдсэн хайрцагтай ээмэг, зүүлт, тэмдэг зэргийг хохирогч Ш.Дд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16/, хохирогч Ш.Дын хэргийн материалтай танилцаад гаргасан “...хэргийн материалтай танилцав. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх санал хүсэлт /1-р хх-ийн 219/ зэргээр, хохирогч Х.Бд 358.500 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бгийн өгсөн “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Харин хохирогч Б.Х нь шүүгдэгч нараас 820.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч М.М, Э.Б нараас тус бүр 410.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Хд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Б.Хд 410.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч М.Мын эх Ц.Болороогоос хохирогч Б.Хд 410.000 төгрөг өгсөн тухай мөнгө хүлээлцсэн баримт /2-р хх-ийн 8/-аар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Баас 410.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Хд олгож, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Д, Х.Б нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.М, Э.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Б нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч М.М, Э.Б нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Мт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас шүүгдэгч М.М нь хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээ илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлаж 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагаас шүүгдэгч Э.Б нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ам бүл 4, ээж эмээ дүүгийн хамт амьдардаг. Ээж нь цус харвасан, ажил хийх боломжгүй хүн байдаг. Хохирол төлбөрийг төлж чадсангүй. Өөрөө ажил хөдөлмөр хийж төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б нь өмнө нь 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн ба ял эдэлж дууссаны дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Э.Бы 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч Э.Б нь буцаан авахгүй гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт М.М, М овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 жил 3 сар, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бы цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Баас 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х овогт Б.Х /РД:, утас: /-д олгож, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Д, Х.Б нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР