Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 284

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ж.Б нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Л.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Л.А, гэрч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б миний бие Монгол Улсын Үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхийн хүрээнд тус дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хуралд Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд нэр дэвшин оролцсон. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын иргэд сонгогчдын олонхийн санал авсан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Иргэдийн Нийтийн Хурлын 03 тоот тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2  дахь заалтыг хангаагүй тул Засаг даргад нэр дэвшүүлэх хурлыг 15 хоногийн дотор дахин хуралдуулах албан тоот ирсэний дагуу 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт хорооны иргэний танхимд хуралдсан. Засаг даргад Л.Давийгомбо, Ж.Б, Л.А нарын гурван хүн нэр дэвшиж, санал хураалт явагдахад аль нэг нэр дэвшигчийн саналын дүн 50%-д хүрээгүй тул дахин санал хураалт явагдахаар болсон. 

   Дахин санал хураалтын дүнд саналын хайрцагнаас 251 саналын хуудас гарч, үүнээс гурван саналын хуудас хүчингүйд тооцогдож нэр дэвшигч Ж.Б 124 хүн, нэр дэвшигч Л.Ад 124 хүн санал өгснөөр нэр дэвшигчдийн санал тэнцсэн дүн гарсан. 

  Гэтэл тооллогын комиссын гишүүд болон иргэдийн дунд маргаан үүсэж, хүчингүйд тооцсон гурван  саналын хуудаснаас  Л.Аг сонгосон тамгагүй саналын хуудсыг хүчинтэйд тооцуулахаар маргаан үүссэн. 

  Сонгуулийн саналын хуудаснууд нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ажлын албаны даргын тамгатай байсан. 

  Гэтэл Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б дээрх хүчингүй саналын  хуудсыг хүчинтэйд тооцуулахаар хуралд оролцсон иргэдээр гар өргүүлэн санал авч хүчинтэйд тооцон Л.Агийн саналыг 125 хүний санал авсанд тооцож хууль бус шийдвэр гаргасан. 

  Түүнчлэн дахин санал хураалт дуусч, саналын хайрцаг нээхээр иргэдийг танхимд оруулсаны дараа нэмж санал авах зэргээр санал хураалтын дүнд сөргөөр нөлөөлөхүйц шударга бус үйл ажиллагаа явуулсан ноцтой зөрчил гаргасан. Мөн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б нь хурлын тогтоолын төслийг хуралд оролцсон иргэдэд танилцуулж, батлуулаагүй. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

   Мөн тогтоолын комиссын протоколд нийт санал өгсөн иргэдийн тоо саналын хайрцагнаас гаргасан саналын хуудасны тоо зэрэгт тулгалт хяналт хийгээгүй. Саналын хуудсанд өөр балаар тэмдэглэгээ хийсэн зэргийг нягтлаагүй зэрэг зөрчил дутагдал гарсан. 

   Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагад хамаарах бөгөөд уг байгууллагаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд хамаарч байх тул Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчсөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг хоёр удаа зарлан хуралдуулж хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт 3 удаа болсон юм. 2017 оны 02-р сарын 03-ны өдөр болсон хуралд Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад өмнөх хуралдаанд нэр дэвшсэн 4 иргэнээс иргэн н.Н нэрээ татаж Л.Д, Л.А, Ж.Б нар саналын хуудсанд нэрээ бичүүлэхийг зөвшөөрсөн юм. 

  Тооллогын комиссыг хуралдаанд оролцсон иргэдийн дундаас тэдний санал болгосон 5 иргэнийг сонгож ажилд нь оруулсан. Хуралдааны дотоод журмаар нэр дэвшигч нараас аль нэг нэр дэвшигч нь нийт иргэдийн 50 хувиас дээш санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч нарыг дахин санал хураалтад оруулахаар тогтсон болно. Санал хураалтын дүнгээр Л.А 154 иргэн буюу нийт хуралд оролцсон иргэдийн 46,2%-ийн санал, Ж.Б 107 иргэн буюу нийт хуралд оролцсон иргэдийн 32,1%-ийн санал авч дахин санал хураалт явуулахаар дахин саналын хуудас хэвлэгдсэн бөгөөд тооллогын комисс ажилдаа орж санал хураалт явуулсан болно. Дахин санал хураалтын дүнгээр хүчингүй гэж үзсэн 3 саналын хуудсан дээр тооллогын комиссын гишүүд, иргэдийн дунд маргаан үүссэн юм. Тооллогын комисс санал хураахын өмнө нэрсийн жагсаалтанд бичигдсэн нэр дэвшигч нарын нэрний өмнөх дугаарыг дугуйлна гэж нийт хуралд оролцсон иргэдэд танилцуулсан. 

  Саналын хуудас тамгатай, өөр тэмдэглэл хийвэл хүчингүй болно гэсэн зүйл яригдаагүй болно. Хүчингүй болсон 3 саналын хуудас нь иргэдийн өмнө нээж задалсан санал хураах хайрцгаас гарсан бөгөөд 2 саналын хуудас нь нэр дэвшигч Л.Ад санал өгч дугуйлсан байсан бөгөөд нэг нь нэр дэвшигч Л.Аг дугуйлаад нэр дэвшигч Ж.Бийн нэрийг дарсан нөгөө саналын хуудас нь нэр дэвшигч Л.Аг дугуйлсан байсан бөгөөд саналын хуудас нь тамгагүй байсан. Саналын хуудсыг тухайн хурлын танхимд хэвлэж хорооны Засаг даргын ажлын албаны тамга дарж олгож байсан.

 Тооллогын комиссын 3 гишүүн тамгагүй саналын хуудас нь хайрцгаас гарсан тул хүчинтэйд тооцсон гэж үзэж олонхийн саналаар нэр дэвшигч Л.Ад 125 иргэн буюу нийт санал өгсөн иргэдийн 50,1%-ийн санал өгсөн тухай тогтоолыг танилцуулсан. Миний бие Иргэдийн Нийтийн Хурлын даргын хувьд тамгагүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох эсэх тухай иргэдээс илээр гар өргүүлж санал хураахад хуралд оролцсон нийт иргэдийн олонх хүчинтэйд тооцох нь зөв гэж үзэж санал өгсөн учир дахин санал хураалт явуулсан дүнгийн талаар хурлаас гарах тогтоолын төслийг уншиж батлуулсан болно. 

Санал хураалт дуусаж хайрцаг нээгээгүй байхад хэдэн хүн саналаа өгнө гэж орж ирсэн тооллогын комисс өмнөх санал хураалтад оролцож санал өгсөн тэмдэглэл хийгдсэн байвал саналыг нь ахаар шийдвэрлэж саналыг нь авсан. Тооллогын комиссын тогтоолд санал өгсөн эдийн тоог заан тэмдэглэсэн байсан. Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан эрх зүйн акт холбогдох журамд хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргыг сонгох/ санал хураалтыг хуульчлан зааж өгөөгүй болно. Ийм учир хуралдаанд дотоод журмын дагуу явагдаж тооллогын комиссын гишүүдийн олонхийн саналаар батлагдсан тогтоолын дагуу Иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар тогтоол гарсан болно. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд иргэн Ж.Бийн 2017 оны 02-р сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэв. 

Гуравдагч этгээд Л.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хорооны Иргэний танхимд 15 цагт эхэлсэн. Тус хурлаар хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад өмнөх хуралд нэр дэвшсэн 4 иргэнээс н.Н нэрээ татаж Л.Д, Л.А, Ж.Б нар өрсөлдөхөөр болсон. Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б хурлын дэгийг танилцуулж хурлыг нээсэн. Уг дэгэнд өрсөлдөж буй 3 иргэний аль нэг нь 50% хувьд хүрээгүй тохиолдолд дахин өндөр оноо авсан 2 нь өрсөлдөнө гэж дэгийг баталсан. Эхний иргэдийн санал хураалтаар:

Л.А 154 хүн буюу 46,2%

Ж.Б 107 хүн буюу 32,1 %

Л.Д 72 хүн буюу 21,7% саналыг тус тус авсан.

Гэтэл хэн нэг нь 50%-д хүрээгүй тул дахин санал хураалт явагдахаар болсон. Иргэдийг өгүүлээд гаргаж байсан, тэр үеэр эхний санал өгсөн иргэд эргэж орж ирж саналаа өгч чадахгүй үүд түгжсэн байсан. Тооллогын комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй “байгуулагдаж ажилдаа орсон байсан. Тооллогын комисс иргэдэд зөвхөн нэр дэвшигчийн урд талын тоог дугуйлах зааварчилгаа өгсөн, өөр ямар нэгэн тайлбар зааварчилгаа өгөөгүй. Санал хураалт дөнгөж дуусч байтал хаалга нүдэж, хэсэг иргэд орж ирсэн. Учир нь тэд эхний санал хураалтад оролцож саналаа өгсөн иргэд байсан учир нэрийг нь тулган тооллогын комисс саналыг нь өгүүлэхээр болсон. Гаднаас орж ирсэн иргэд хаалгаа онгойлгож өгөхгүй хөлдөж үхэхээ шахлаа гэсэн бухимдалтай байсан. Саналыг нууцаар явуулж байсан тул гаднаас орж ирсэн иргэд хэнд саналаа өгсөнийг би мэдэх боломжгүй, сонгох эрхээ эдэлсэн иргэд гэж бодож байна. Сүүлийн саналын хайрцагнаас 251 саналын хуудас гарсан. Тооллогын комисс иргэдийн өмнө саналын хайрцагийг задлаж, иргэд бид бүгд зэрэг тоолж байсан. Гэтэл дахин санал хураалтаар тооллогын комисс хоёр нэр дэвшигчийг 124, 124 хүний санал авч Л.Ад өгсөн 3 саналын хуудсыг хүчингүй гэж иргэдийн дунд маргаан болсон. Учир нь иргэд өөрсдөө бүгд босоод тоолж байсан, тооллогын комиссыг ямар шалтгаанаар хүчингүй болгож байгааг тайлбарлахыг шаардсан. Тооллогын комисс дахин хуралдаж Л.Аг дугуйлсан тамгагүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох шийдвэр гаргасан. 

Учир нь тооллогын комисс санал хураахын өмнө иргэдэд тамгатай бол хүчинтэй, тамгагүй бол хүчингүй гэж ямар нэгэн тайлбар хийгээгүй. Зарим иргэд саналын хуудсыг тамгаласныг ч мэдээгүй байсан. Ингээд олонхийн саналаар Л.А миний бие 125 хүний санал буюу 50.1% саналаар ялсан. Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б дахин иргэдээс тамгагүй саналын хуудсыг хүчинтэй эсэхийг гар өргүүлэн баталгаажуулж, тогтоолыг уншиж батлуулсан. Иймд манай хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 05-р тогтоолыг хүчинтэйд тооцож, иргэн Ж.Бийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бийн “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тус хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг 2 удаа явуулсан байна.

Тус хорооны Засаг даргад иргэн Л.А, Л.Д, Ж.Б нар нэр дэвшсэн бөгөөд эхний удаагийн санал нэр дэвшигчдийн хэн нь ч тавин хувиас дээш санал аваагүй тул хамгийн олон санал авсан эхний 2 нэр дэвшигч болох Л.А, Ж.Б нарын дунд дахин санал хураалт зохион байгуулж уг санал хураалтад нийт 251 хүн оролцсон байна.

Санал хураалтын дүнгээр Л.А 124 хүний санал, Ж.Б мөн 124 хүний санал авсан болон 2 саналын хуудас/хэний ч нэрийг дугуйлаагүй олон цэглэсэн болон Л.Агийн нэрийн өмнөх тоог дугуйлж Ж.Бийн нэрийг дарсан/-ыг хүчингүйд тооцсон тухайд талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчээс “Хүчингүйд тооцсон тамгагүй саналын хуудсыг дахин хүчинтэйд тооцсон болон санал хураалт дууссан байхад дахин 4 хүнээр санал өгүүлсэн, мөн тогтоолын төслийг танилцуулж батлах эсэх асуудлаар санал хураалт явуулж тоолоогүй нь хууль бус” гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс “тооллогын комиссоос тамгагүй саналын хуудсыг хүчинтэйд тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд иргэдээс асуухад олонх нь дэмжсэн тул маргаан бүхий акт нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ. 

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны дэгийг дотоод журам хэлбэрээр баталсан  байх ба “санал хураах хуудас нь тамгатай байх, эсхүл тамгагүй тохиолдолд хүчинтэйд тооцох, эсхүл хүчингүйд тооцох” эсэх талаар урьдчилан тогтоогоогүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэгээс үзвэл 2 дахь удаагийн санал хураалт дууссаныг зарлаж, саналын хайрцгийг задлахаас өмнө уг санал хураалтаас хоцорсон 4 иргэн танхимд орж ирж санал өгүүлэхийг шаардсан байх ба тооллогын комисс уг н.Нэргүй, н.Нямсүрэн, н.Мажиглхам, н.Алтанчимэг нарын 4 иргэн нь эхний санал хураалтад оролцсон байх тул саналыг өгүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна. 

Тодруулбал, дээрх нэр бүхий иргэд нь тус хороонд оршин суугч гэдэгтэй талууд маргаагүй ба дээрх иргэд саналын хайрцгийг нээгээгүй байхад орж ирсэн, мөн ийм тохиолдолд хэрхэхийг хурлын дэгээр урьдчилан тогтоогоогүйгээс асуудлыг тэр даруйд нь шийдвэрлэж дээрх иргэдийн саналыг авсан нь дээрх иргэдийн “иргэдийн нийтийн хуралд оролцох эрх”-ийг хангасан шийдвэр байх тул хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн “санал хураалт дууссан байхад дахин 4 хүнээр санал өгүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлах”-аар зохицуулжээ. 

Энэ нь засаг захиргааны анхан шатны нэгжид иргэд өөрийн оршин сууж буй засаг захиргааны нэгжийн иргэдийн нийтийн хуралд оролцож эдийн засаг, нийгмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, санал өгөх байдлаар хэрэгжих тул саналын хуудас нь тамгагүй гэсэн шалтгаанаар тус хорооны иргэний саналыг “хүчингүйд тооцох” нь  хуулийн дээрх зарчимд нийцэхгүй юм. Учир нь:

- Тамгагүй саналын хуудас нь санал хураалтын хайрцагнаас гарч ирсэн болох нь хэрэгт авагдсан видео бичлэгээр тогтоогдож байна,

- Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь тамгагүй саналын хуудас яагаад санал хураалтын хайрцагнаас гарсныг тайлбарлаж чадахгүй байна,

- Гэрч Л.Ц “Тамгагүй хуудас саналын хайрцагт яагаад орсныг мэдэхгүй”  гэж, гэрч Т.Б “...Бид анхнаасаа лацтай юм явуулсан учраас тамгатай, тамгагүй хамаагүй гэж яриагүй. Гарч ирсэн болгоныг хүчинтэйд тооцъё. Харин бүр баллаж сохолсон байвал хүчингүй гэж тооцъё гэж шийдсэн”  гэж, гэрч Д.Өнөрцэцэг “Саналын хайрцагнаас гарч ирсэн хуудас. Тэр тамгагүй хуудсыг хүчинтэйд тооцох уу гээд иргэдээс асуухад хүчинтэйд тооцъё гэсэн...хорооны ажилчид тамгалахдаа дутуу тамгалсан байж болно”  гэж, гэрч Э.У “...гэхдээ олон хуудасны тамга байгаа эсэхийг анзаараагүй”  гэж, гэрч Э.А “...хоёр дахь тоололтоор тамга байхгүй саналын хуудас саналын хайрцагнаас гарч ирсэн”  гэж тус тус мэдүүлж байна, 

- Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд 336 хүн оролцохоор ирцийн бүртгэлд бүртгүүлсэн, 2 дахь санал хураалтад дээрх иргэдээс 251 нь оролцсон болох нь ирцийн бүртгэлийн гарын үсэг хэсэгт “√” гэж тэмдэглэсэн  зэргээс үзвэл маргаж буй тамгагүй саналын хуудас нь тухайн хорооны иргэний өгсөн санал мөн гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл, тамгагүй саналын хуудас ямар учраас саналын хайрцагт орсныг тогтоох боломжгүй байх ба санал хураалтаар Л.Ад санал өгсөн 124, Ж.Бт санал өгсөн 124, хүчингүй 2/балласан/ саналын хуудас, маргаж буй тамгагүй саналын 1 хуудас  нийлээд 251 саналын хуудас санал хураалтын хайрцагнаас гарсан байх ба энэ нь ирц болон түүнд хийсэн тэмдэглэгээ, видео бичлэгтэйгээ тохирч байх тул тухайн хорооны иргэний саналыг тамгагүй гэсэн хэлбэрийн шалтгаанаар үгүйсгэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”-аар 26 дугаар зүйлийн 26.2-т “... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгчээс “хурлын тогтоолын төслийг танилцуулж иргэдээс санал хурааж тоолоогүй” гэж маргаж байх боловч хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан бол уг нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох агуулгатай байна. 

Өөрөөр хэлбэл, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааны тухайд иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал нь санал хураалтын дүнгээр тодорхойлогдох тул тогтоолын төслийг танилцуулж батлах эсэх талаар дахин санал хураалт явуулах шаардлагагүй юм. 

Иймд нэхэмжлэгч Ж.Бийн “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ