Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Алтанхуягын нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний

Төвд холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : М.Алтанхуягын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөлт бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзорийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Мөнхчулуун овогтой Алтанхуяг нь БОЭТ-ийн Хүүхдийн шүдний кабинетэд шүдний эмчээр ажиллаж байгаад 2014-10-1-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тул Сум дундын шүүхэд хандасны дагуу 2015-01-26-ны өдрийн 112-р шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон боловч ажилд авалгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2015-3-12-ны өдөр тушаал гаргуулан ажилдаа орсон. Миний оронд Ж.Сарнай гэх эмчийг авч ажиллуулж байсан ба намайг эргэж ажилдаа ороход Ж.Сарнай эмчийг хэвээр нь ажиллуулж намайг Ж.Сарнай эмчтэй зохицож ажилла гэсэн. Гэтэл гэнэт 2015-4-8-ны өдөр Б/146-р тушаал гарган намайг Түргэн тусламжийн тасагт дагалдан эмчээр ажиллуулж цалинг 50 хувиар бууруулсан. Мөн удалгүй 2015-5-12-ны өдөр Б/172 тушаал гарч намайг Түргэн тусламжийн тасагт диспетчер эмчээр ажиллуулсан. Энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын газраар шалгуулахад хууль бус гэсэн дүгнэлт гаргаж өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасаны дагуу ажилдаа эргүүлэн тогтоогдсон. БОЭТ Улсын дээд Шүүхэд өргөдөл гаргасан ч Улсын дээд шүүхээс 2015-11-19-ний өдөр 955-р тогтоол гаргаж намайг ажилд маань эргүүлэн тогтоосон.

Тогтоолын дагуу 2016-1-5-ны өдөр Б/06 тушаалаар хуучин ажилдаа орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Мөн тэр үед нэг өрөөнд Ж.Сарнай эмчтэй зохицож ажилла гээд ажиллах нөхцөл бүрдүүлж өгөлгүй ажиллуулсан. Ингээд ажлаа хийж байтал 2016-3-23-ны өдөр Б/138-р тушаал гарч намайг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөллөө. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1 Бүтэц орон тооны цомхотголд би орох ёсгүй бөгөөд шүүхээс намайг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир би ажилдаа үлдэх ёстой гэж үзэж байна.

2. Ж.Сарнай гэх эмчийг ажиллуулахын тулд албаар орон тооны илүүдэл үүсгэн, намайг ажлаас үндэслэлгүй халсан. Одоо орон тооны цомхотголд би биш миний оронд орсон хүн хамрагдах ёстой. Би зүгээр ажлаа хийж явж байгаад намайг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдсон байхад заавал Ж.Сарнайг авч үлдээд намайг дахин халж байгаа энэ асуудлыг миний бие, анхаасаа намайг чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг маань хаасан, зориуд санаатай үйлдэл гэж үзэж байна.

З.Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.3-д зааснаар миний албан тушаал цомхотгогдсон бол намайг өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй тул намайг үндэслэлгүйгээр халлаа гэж үзэж байна. Иймд намайг ажилд маань эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа:

М.Алтанхуяг нь БОЭТ-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тус төвийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар шүдний эмчийн орон тоо нь хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 сарын 23-ны өдрийн Б/138 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан, хамтын гэрээний 2.2.а-д 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл нь тус М.Алтанхуяг болон ажил олгогчоос үл хамаарах шалтгаанаар буюу бүтэц орон тоог цөөрүүлсэн шалтгаан бөгөөд үл хамаарах шалтгаан байсан. Ийнхүү дээрх шаардлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж, энэ тухай мэдэгдлийг мэдэгдсэн бөгөөд түүний зүгээс “зөвшөөрөхгүй” тайлбар бичиж тус мэдэгдлийг хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдсэн байна. Нөгөө талаас нэхэмжлэгч М.Алтанхуяг нь өөрийнхөө бус харин эмч ....Сарнай хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлал үүсэхгүй байх үүднээс хамгийн сүүлд ажилд орсон ажилтан болох М.Алтанхуягийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нөгөө талаас М.Алтанхуяг нь өөрийгөө орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлах Сарнай эмчийг халах ёстой байсан мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэл муутай бөгөөд Сарнай эмч нь М.Алтанхуягийг ажилд орохоос өмнө ажиллаж байсан бөгөөд жирэмсний амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан юм. Түүнээс Алтанхуягийг халахдаа Сарнай эмчийг ажилд авсан зүйлгүй. Мөн Сарнай эмчтэй зохицож ажиллаарай гэдэг нь Алтанхуяг өөрөө хамт олонтойгоо таардаггүй, хамт олны дунд нэр хүнд муутай байсан учраас хамт олонтойгоо зохицох талаар сануулсан үг гэж ойлгож байна.

М.Алтанхуяг нь шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу ажилдаа эргэн томилогдсоноос хойш тухайн албан тушаалын цалинг олгож байсан бөгөөд энэ талаар өөрөө ч гомдол гаргаж байгаагүй болно. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд 40.5-д заасны дагуу мэдэгдсэн, нөгөө талаас орон тоо нь хасагдаж байгаа ажилтныг өөр ажлын байраар хангах боломжгүй, хуулиар ийм үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Алтанхуяг нь ажлаас халагдсаны тэтгэмжээ авахыг зөвшөөрсөн бөгөөд түүнд тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс өгсөн баримт болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан М.Алтанхуягийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн шүдний эмчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт журмын дагуу бичилт хийхийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3-д зааснаар нэхэмжпэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

МАлтануяагийн нэхэмжлэлтэй БОЭТ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-16-ны өдрийн 142/ШШ2016/00842 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай байтал анхан шатны шүүх хэргийн хянан нэхэмжлэгчийн гаргаагүй, маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл муутай боллоо.

Нэхэмжлэгч М.Алтанхуяг нь нэхэмжпэлийн зарим шаардлагаасаа татгалзаж энэ талаарх үндэслэлээ шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа ...ажлаас халагдсаны тэтгэмж хүлээн авсан учраас нэхэмжилж байгаа цалиндаа тооцож, цалин нэхэмжлэхээсээ татгалзаж байна....гэсэн ба мөн ажлаас халагдсаныхаа тэтгэмжийг хүлээн авсан, зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа хэлсээр байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Хэрэв тэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тэтгэмжийг авч цалингийн зээлдээ төлсөн нь энэ талаар маргаж байгаа гэдэг дүгнэлттэй зөрчилдөж байна.

Нөгөө талаас шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох М.Алтанхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэгт заасан байгаа ажил албан тушаалын нэр гэх нэг утга илэрхийлж буй шүдний эмч, шүдний их эмч гэх нэрийг огт өөр зүйл мэтээр тооцон шалтаглаж хууль бусаар халсан гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэртээ М.Алтанхуяг нь сүүлд ажилд орсон гэдэг тайлбар нотлогдохгүй гэж байгаа нь үндэслэл муутай болсон. Ингэж үзэх учир нь М.Алтанхуяг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...Сарнай эмч өөрөөс ажилд орсон гэдгийг үгүйсгээгүй, өөрөө өмнө ажиллаж байсан гэдгээ нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-16-ны өдрийн 142/ШШ2016/00842 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Алтанхуяг нь хариуцагч Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөлт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.Алтанхуяг нь  2013 оны 09 дүгээр сарын 17 ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Орхон аймаг дахь  бүсийн оношлогоо эмчилгээний төвд шүдний эмчээр ажиллаж эхэлжээ.

М.Алтанхуягийг БОЭТ-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,42 дугаар зүйлийн 42.1, 40.5 дахь заалт, эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээний 2.2.а дахь заалт, БОЭТ-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 23 тоот тушаал, Хүний нөөцийн албаны 2016-02 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот мэдэгдэл зэргийг үндэслэн “Амбулаторийн тасгийн шүдний кабинетийн их эмчийн орон тоо БОЭТ-ийн 2016 оны зохион байгуулалтын бүтцээс хасагдсан тул” гэж заан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 25 ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч М.Алтанхуяг нь энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд : Дараах дүгнэлтийг хийжээ.

Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай “2016 онд ажиллах орон тоо батлах тухай” тушаалын хавсралтанд “Поликлиник” гэсэн хэсгийн 6 дугаарт “шүдний эмч”-1,16 дугаарт “шүдний их эмч”-1,17 дугаарт “шүдний эмч”-1 гэж заажээ.

М.Алтанхуягийн ажил олгогчтой 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-д “ажлын байрны буюу албан тушаалын нэр :хүүхдийн шүдний эмч”, хэргийн 10-14 дүгээр хуудаст байгаа ажлын байрны тодорхойлолтын “нэгжийн нэр”: Хүүхдийн шүдний кабинет,ажлын байрны нэр: Нүүр амны их эмч” гэж тус тус заажээ.

Хариуцагчийн Б/138 дугаар тушаалд “Амбулаторийн тасгийн шүдний кабинетийн их эмчийн орон тоо БОЭТ-ийн 2016 оны зохион байгуулалтын бүтцээс хасагдсан тул” гэж заажээ.

Эдгээр баримтаас дүгнэхэд : Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Поликлиникийн хэмжээнд 2016 онд шүдний кабинетэд шүдний эмч -2, шүдний их эмч-1, нийт 3 эмч ажиллахаар орон тоо баталсан байх ба урьд хэдэн шүдний эмч ажиллаж байснаас хэдийг хассан нь тодорхойгүй.

Зохигчдын тайлбарлаж байгаагаар 1 эмчийг хассан гэх ба хасагдсан 1 орон тооны ажлын байр, албан тушаал нь Хүүхдийн шүдний кабинетын хүүхдийн шүдний их эмч биш,”шүдний кабинетийн их эмч”ийн ажлын байр хасагдсан гэж үзэхээр байна.

Поликлиникийн Шүдний кабинет нь дотроо “хүүхдийн шүдний эмч”ийн ажлын байр, албан тушаалтай болох нь М.Алтанхуягтай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ ажлын байр албан тушаалыг орон тоо бүтцээс хасаагүй болох нь дээрхи баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн М.Алтанхуяг нь “Шүдний кабинетэд хамгийн сүүлд ажилд орсон тул хасагдсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай, баримтаар нотлогдохгүй байна.

М.Алтанхуяг нь тус БОЭТ-д 2013 оны 9 сард ажилд орсон гэх ба үүнээс хойш ажил олгогч 2 удаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд бусад шүдний эмч нарын ажилд орсон хугацаа тодорхойгүй байх тул М.Алтанхуягийг хамгийн сүүлд ажилд орсон гэж дүгнэх боломжгүй6

Нөгөө талаар,”шүдний кабинетийн их эмчийн орон тоо хасагдсан” гэх тушаалын үндэслэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь хоорондоо зөрчилтэй байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...орон тоо хасагдсан,эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан нь 2 өөр агуулгыг илэрхийлэх бөгөөд орон тоо хасагдсан гэхийг тухайн ажлын байр,ажил албан тушаал байхгүй болохыг ойлгох тул “хамгийн сүүлд ажилд орсон тул” гэх тайлбар энэ үндэслэлд хамаарахгүй.Хэрэв “хамгийн сүүлд ажилд орсон хүнийг орон тоо цөөрүүлэн цомхтгож байгаа бол нэхэмжлэгчийн “Орон тооны цомхтголд би биш миний оронд орсон хүн хамрагдах ёстой”гэх тайлбар үндэслэлтэй.Гэтэл Б/138 тоот тушаалд “орон тоо хасагдсан” гэж үндэслэжээ. гэж дүгнэлт хийж нэхэмжлэгч М.Алтанхуягийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан  гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхээс цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй нь зөв байна.

Нэхэмжлэгч М.Алтанхуягийг Сарнай эмчээс өмнө ажиллаж байснаа нотлож чадаагүй гэж байгаа боловч хариуцагч байгууллага нь Сарнай  эмчийг өмнө ажиллаж байсан, жирэмсний амралттай, хүүхэд харах чөлөөтэй байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан  үүргээ хариуцагч тал тус тус биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                ШҮҮГЧИД                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.БАТТӨР