Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0479

 

“Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Н.Н, гуравдагч этгээд “Д” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК давж заалдах гомдолдоо: “... 1. “Ж Ж Э” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр хууль зөрчөөгүй тухай:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжид “газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэсэн байх боловч “Ж Ж Э” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа болно. Нийслэлийн Засаг даргын захирамжаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшээгүй болон тэр бүү хэл газрын төлбөрөө төлөөгүй газар эзэмшигч нарт боломж олгон дуудлага худалдааны үнэ, газрын төлбөрийг нөхөн төлүүлж цэгцлэн нийтэд нь тэгш боломж олгож газар эзэмших эрхийг хууль ёсны болгосон байдаг.

Гэтэл “Ж Ж Э” ХХК-ийг илтэд ялгаварлан дуудлага худалдааны үнэ төлсөн, газрыг төлбөр төлж тооцоо нийлсэн төдийгүй газрыг зориулалтын дагуу эзэмшин ашиглаж байхад үндэслэлгүйгээр газрыг цуцалсан болохыг шүүх зөв дүгнээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэсэн байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн байна. Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “тэгш байдлыг хангах” үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа хуульд заасан дээрх зарчмыг илтэд зөрчиж газар эзэмшигчийг үндэслэлгүй ялгаварлаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байна.

2. Газрыг зориулалтын дагуу хугацаанд нь ашиглаж байсан тухай

Нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, тухайн газар дээр барилгын зураг төсөл хийлгэх, хашаа барих, харуул хамгаалалт, дохиолол камер суурилуулах, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, барилга барихтай холбоотой зохих зөвшөөрлүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас авч байсан нь нотлох баримтаар авагдсан.

Анхан шатны шүүхийн Үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж газрыг зохих зориулалтын дагуу ашиглаж байсан талаар зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрээ үндэслэлгүй гаргасан байна.

3. Шүүх Хот байгуулалтын тухай хуулийг буруу тайлбарласан тухай

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжид “Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн байна. Гэтэл дээрх заалт нь газар эзэмших эрхийг хүчингүй болгоход шууд хамааралгүй юм.

Учир нь энэхүү хуулийн зохицуулалт нь хот төлөвлөлт, барилга барихад хамааралтай буюу газар эзэмшигч өөрийн газар дээр барилга барихад мөрдөгдөх зохицуулалт юм.

 Газар эзэмшигч барилга барих зөвшөөрлөө аваагүй, барилгаа барьж эхлээгүй байхад урьдчилан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга барина гэж таамаглан буруутгах байдлаар газар эзэмших эрхийг цуцлах нь илт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн дараагийн хэрэгжүүлэх дүрэм журмыг урьдчилан өөрчилнө гэж таамаглах байдлаар үндэслэлгүй буруутган газар эзэмших эрхийг цуцлах нь илт хууль бус юм.

 Хотын бүхий л барилгууд инженерийн шугам сүлжээнд холбогддог гэдэг утгаараа газар эзэмших эрхэд инженерийн шугамууд давхацдаг бөгөөд гагцхүү барилга барихад зохих хамгаалалтын зай авах, тухайн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх боломж олгон барилга барих стандартыг мөрдөх үүрэгтэй байдаг.

Шүүх энэхүү хуулийн заалтыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

4. Сөрөг нөлөө бүхий захиргааны актад сонсох ажиллагаа хийгээгүй тухай

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан сөрөг нөлөө бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй буюу хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр хууль зөрчсөн болохыг анхан шатны шүүхээс дүгнэж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 410 дугаар захирамж[1]-аар “Ж Ж Э” ХХК-д тус дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны хойд талд байрлалтай 0.15 га газрыг “Үйлчилгээний барилга барих” зориулалтаар олгосноор үүссэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/435 дугаар захирамж[2]-аар “Ногоон байгууламж”-ийн зориулалтаар 1522 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамж[3]-аар газар эзэмших эрхийн зориулалтыг “Худалдаа үйлчилгээ” болгож өөрчилсөн, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 000305227 дугаар гэрчилгээ[4] олгон газар эзэмшүүлэх гэрээ[5]-г байгуулсан байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг зөрчсөн, тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн 1522 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчид өмнө газар эзэмшүүлж, баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/435, 2014 оны А/704 дүгээр захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон, улмаар нэхэмжлэгчийн газрыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар “Д” СӨХ-д 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Нэг. “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/328 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан тохиолдол бий болоогүй бол бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Энэхүү маргааны тухайд хариуцагч Нийслэлийн Засаг дарга “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж, нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь,

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн эзэмшил бүхий 1522 м.кв газрын зориулалтыг “Худалдаа үйлчилгээ” болгон өөрчилж, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулснаас хойш 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн маргаан бүхий А/328 дугаар захирамж гарах хүртэл нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь анхан шатны шүүхэд гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэл[6], фото зургууд[7], нэхэмжлэгчийн “... Газар эзэмшигч барилга барих зөвшөөрлөө аваагүй, барилгаа барьж эхлээгүй ...” гэх давж заалдах гомдол зэргээр тус тус тогтоогдож байна. Хэрэгт авагдсан “Харуул хамгаалалтын гэрээ”[8], “Хашаа барих гэрээ”[9], “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ”[10], “Ж Ж Э ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургуудыг он цагийн дарааллаар авч үзвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойшхи 2 жилийн дотор бус харин тус хугацаа өнгөрсний дараа хийгдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...” гэж тус тус заасан.

Маргаан бүхий тус газар нь хотын суурьшлын бүсийн болон инженерийн шугам, сүлжээ бүхий газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тус газрын кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл түүний хавсралт зургууд, “У х у с у г” ОНӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “... “Ж Ж Э” ХХК-ийн эзэмшиж байгаа нэгж талбарын 18641310704499 газрын байршлын зургийн 4-5 болон 7-8 дугаар цэгүүдийн талуудыг дайран манай байгууллагын эзэмшил бохир усны диаметр 800 мм-ийн төмөр бетонон төв шугам байрлаж  байна. ...” гэх 3/730[11], “У д с” ТӨХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “... уг газрын хойд талаар дулааны сүлжээний ... голчтой 11г магистраль байрладаг ...” гэх 2/339[12], “У ц т с” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “...18641310704499 нэгж талбарын дугаар бүхий газрын доогуур 4 цэгт 7 ширхэг кабель шугам байна. ...” гэх 32/256 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай нэхэмжлэх[13], Улаанбаатар хотын банкны 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн баримт[14] зэргээс үзвэл “Ж Ж Э” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын 1 удаагийн төлбөрт 24.108.480 төгрөгийг төлсөн байх боловч анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх үүсгэхээр заасан хуулийн зохицуулалтад хамаарах газрыг дүүргийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй,  энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хоёр. “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “Д” СӨХ-д холбогдох хэсгээс “Ж Ж Э” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 148005/0156 дугаар 1522 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Д” СӨХ, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 52 дугаар байрны оршин суугч иргэдээс төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж маргаан бүхий газрыг сууц өмчлөгчдийн холбооны журмаар ашиглах хүсэлтээ илэрхийлж, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг олгосон нь хууль зөрчсөн талаар удаа дараа гомдол гаргаж байжээ.

Нийслэлийн Засаг дарга “Ж Ж Э” ХХК-ийн 1522 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа тус газрыг “Д” сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 441 дүгээр зүйлийн 441.5-д “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/328 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410, газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, зориулалтыг нь өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/435, 2014 оны А/704 дүгээр захирамжуудын “Ж Ж Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул “Дэлгэр” СӨХ-ны хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, 2018 оны А/1106 дугаар захирамж нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны оршин суугч иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж Ж Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 1ХХ-ийн 49 дүгээр хуудас

[2] 1ХХ-ийн 50, 51, 192,193 дүгээр хуудас

[3] 1ХХ-ийн 40, 41 дүгээр хуудас

[4] 1ХХ-ийн 5 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 7, 8 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 70, 71 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 72, 74 дүгээр хуудас

[8] 1ХХ-125-128 дугаар хуудас

[9] 1ХХ-ийн 129-132 дугаар хуудас

[10] 1ХХ-ийн 133-137 дугаар хуудас

[11] 1ХХ-ийн 170 дугаар хуудас

[12] 1ХХ-ийн 200 дугаар хуудас

[13] 1ХХ-ийн 92 дугаар хуудас

[14] 1ХХ-ийн 93 дугаар хуудас