Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00918

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00918

 

 

2024 05 01 210/МА2024/00918

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00116 дугаар шийдвэртэй,

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй, М-ТӨХК-д холбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Э нь М-ТӨХК-д 2020 оны 09 сард хуулийн мэргэжилтнээр ажилд орж, 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс хойш гэрээний мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн Б/471 тушаалаар ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 оны 08 сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж буй мэдэгдэх хуудсыг нийт ажилтнуудад өгсөн. Энэхүү мэдэгдэх хуудсаар орон тоо цөөрсөн гэж мэдэгдэж, цөөрсөн орон тоон дээр томилсон мэргэжилтнүүдийг ямар шалгуур, шаардлагыг үндэслэл болгон томилсон нь тодорхойгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

 

1.2. Ажил олгогч нь эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор өөр ажил, албан тушаал санал болгон ажиллуулах үүргээ биелүүлээгүй. М-ТӨХК нь нийт 690 орон тоотой байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор 550 орон тоотой болгож, 150 гаруй албан тушаалтан халсан буюу бөөнөөр халсан. Бөөнөөр халах хуулийн журам зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. М-ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 09-ний өдрийн ******* тушаалаар бүгдийг нь ажлаас чөлөөлж, мөн өдрийнхөө тушаалаар буцаагаад ажилд нь томилсон ба ихэнх хүмүүсийг дахин томилоогүй. Мөн зарим хүмүүсийг нэг нэгээр нь ажлаас халах тушаалыг гаргаж өгсөн.

 

1.3. Урьд нь компани нь гэрээний мэргэжилтэн 3, хуулийн мэргэжилтэн 4, үүнийг хариуцсан 1 ахлах мэргэжилтэн, хууль эрхзүйн газар /хэлтэс/-ийн менежер 1 гэсэн орон тоотой байсан. Орон тоо цөөрүүлж баталсан тушаалаар хууль, эрх зүйн мэргэжилтэн 2, гэрээний мэргэжилтэн 1, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн орон тоотой байна. Гэрээний мэргэжилтний орон тоог цөөрүүлж 1 ажилтныг ямар шалгуураар үлдээсэн нь тодорхойгүй, сонгон шалгаруулалт явуулаагүй. Нөгөө талаар энэ хүн нь шинээр ажилд орсон хүн байсан. Гэтэл дахиад 1 хүн шинээр авсан байгаа.

Иймд М-ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн Б/471 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар М-ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119-өөр хасагдсан. М-ТӨХК-ийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023 оны 08 сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан, цөөрсөн ажилтнуудыг 2023 оны 09 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр цөөрсөн буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн албаны гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн үндэслэлээр Д.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй байна.

 

2.3. Гэрээний мэргэжилтний 1 орон тоонд ажиллаж үлдсэн хүн нь 2023 оны 1 сард ажилд орсон байсан. Гэрээний мэргэжилтэн 3 байсан, н.О-хуулийн мэргэжилтэн байсан бөгөөд яагаад гэрээний мэргэжилтэн болж үлдсэнийг мэдэхгүй. Гэрээний мэргэжилтэн-1 орон тоонд хуулийн мэргэжилтэн 1 үлдсэн, хуулийн мэргэжилтнээр гаднаас 2 хүн нэмж авсан. Хэнийг гэрээний мэргэжилтнээр авч үлдэх нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

 

2.4. М-ТӨХК нь нийт 669 орон тоотой байснаас 550 орон тоотой болж, нийт 119 орон тоо цөөрсөн, эдгээр ажлын байранд ажиллаж байсан хүмүүс бүгд өргөдлөө өгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, 7 хүн л өргөдлөө өгөөгүй. Иймээс 7 хүнийг ажлаас халах тушаал гаргасан учраас бөөнөөр халах зохицуулалтад хамааралгүй. Иймд М-ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн ******* тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.07-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ыг М-ТӨХК-ийн Гэрээний мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М-ТӨХК-аас 9,296,901 төгрөг гаргуулж Д.Э-т олгож, Д.Э-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М-ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар М-ТӨХК-аас 233,900 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор Хуулийн алба татан буугдаж Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалагдан гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2 нийт 3 орон тоотой болж ажлын байр цөөрч бүтэц, орон тоо батлагдсан.

 

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгож, М-ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, орон тооны дээд хязгаарт багтаан албан тушаалын жагсаалт баталж үйл ажиллагаа явуулахыг гүйцэтгэх захиралд даалгасан байна. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу М-ТӨХК- ийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн А/27 тушаалаар албан тушаалын жагсаалтыг батлахдаа гэрээний мэргэжилтэн гэсэн албан тушаалыг хасаж баталсан.

 

Өмнө нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 379 тогтоолоор гэрээний мэргэжилтэн-1 байсан бол 2024 оны А/27 дугаар тушаал батлагдсанаар гэрээний мэргэжилтэн гэсэн албан тушаал нь хасагдсан бөгөөд 3 хууль, эрх зүйн мэргэжилтэнтэй байхаар батлагдсан байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн гэрээний мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн ба хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар М-ТӨХК-ийн орон тоо 119-өөр багасгасан. 500-аас дээш ажилтантай байгууллага 50-аас дээш ажилтныг халж байгаа тохиолдолд ажилчдын төлөөлөл болон орон тоо цөөрсөн хүмүүстэй холбоотойгоор хэлэлцээр хийх, шинээр орон тоо гарсан тохиолдолд тэдгээрийг эхний ээлжид буцаан авах, мөн өөр орон тоо руу шилжүүлэх, сургах гэх мэт ажлын байраар хангах ажил олгогчийн үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч М-ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Э- нь М-ТӨХК-д гэрээний мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн *******тай Д.Э-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль зүйн албаны гэрээний мэргэжилтэн ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн, энэ тухай үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.9, 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9, 8 дугаар зүйлийн 8.1.2, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 сарын 19-ний өдрийн хурлын 23/18 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг хуульчилсан.

 

4.1. Хариуцагч М-ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 сарын 19-ний өдрийн ******* Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэх тухай тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны 379 дугаартай тогтоолын дагуу компани нь 690 ажлын байрны орон тоотой байсныг 550 болгож цөөрүүлжээ. Тус шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан 9 орон тоотой Хуулийн албыг татан буулгаж, тус албанд хамаарч байсан ажлын байрнаас гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2 байхаар Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалуулжээ.

 

4.2. Улмаар хариуцагч М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 09-ний өдрийн А/99 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 461 хүнийг ажлаас чөлөөлж, мөн өдрийн А/100 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар 463 хүнийг ажилд томилоход дээрх 3 ажлын байранд нэр бүхий ажилтнуудыг томилжээ. Гэвч хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлж компанийн шинэчлэн баталсан бүтэц, зохион байгуулалтын дагуу бий болсон ажлын байранд ажилтнуудыг буцаан томилохдоо нэг ижил үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж буй нэхэмжлэгч Д.Э-ыг уг шийдвэрт хамруулаагүй байна.

 

4.3. Хариуцагч нь 2023 оны 08 сарын 09-ний өдрийн А/99 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хууль, эрх зүйн мэргэжилтний албан тушаалаас Г.Н, Б.О-нарыг чөлөөлж, мөн өдрийн А/100 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар хууль, эрх зүйн мэргэжилтнээр Г.Н-г, гэрээний мэргэжилтнээр Б.О-нарыг томилохдоо гэрээний мэргэжилтний ажлын байранд тус компанид гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Э-ыг бус хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.О-ыг томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн гэх үндэслэл хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4.4. Түүнчлэн нэхэмжлэгчийг уг ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулаагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Учир нь хариуцагч талаас дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй. Өөрөөр хэлбэл, ажлын байр нь цөөрсөн хуулийн албаны ажилтнуудын дунд шинээр бий болгосон Хууль, эрх зүйн болон Гэрээний мэргэжилтэн-ий 3 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, мөн хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Н, Б.О-нарыг хууль, эрх зүйн болон гэрээний мэргэжилтнээр шууд томилсон үндэслэлээ тайлбарлаж нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн тайлбарыг мөн шүүхэд гаргаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э-ыг гэрээний мэргэжилтэн ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хариуцагч М-ТӨХК-ийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн ******* тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, Д.Э-ыг гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

Иймд шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулга гэж тодотгосныг алдаа гэж үзнэ. Хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлоход уг нэр томъёог хэрэглэх талаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж байгаа тохиолдолд уг хууль нь анхдагч эсхүл шинэчилсэн найруулга, түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан эсэх нь ач холбогдолгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт шинэчилсэн найруулга гэж тодорхойлсныг хасна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарна. Иймд хариуцагч М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 08-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг шийдвэрийн тогтоох хэсгээс хассан өөрчлөлтийг тус тус оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... /шинэчилсэн найруулга/- ... хариуцагч М-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.07-ны өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож ... гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М-ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ