Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 134

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Э.Э,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1918001140102 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Г.Б /РД: /, Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос-Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “..........” ХХК-нд багаж тосны нярав ажилтай, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 321 дүгээр байрны 57 тоотод иргэн Э.Этай маргалдаж, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Бын өгсөн: ...Гаднаас Э.Э нь халамцуу байдалтай орж ирсэн. Э.Э нь золгох гэж орж ирлээ гэхээр нь золгосон. Би тэгээд гэрээс гарах шаардлага тавихад та надад шаардлага тавих эрхгүй гэдгээс болж маргаан үүссэн. Улмаар хохирогч миний хоолойг боосон. Үүнээс болж бид хоёрын хооронд ийм зүйл болсон. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би өөртөө дүгнэлт хийж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Эы өгсөн: ...тэгтэл Г.Б ах “юм дуусаад өнгөрсний дараа орж ирлээ дээ” гэж хэлсэн. Тэгтэл би зүгээр гэж хэлэхэд “дүү нар зайл” гэж хэлсэн. Г.Б ах надад “дүү яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлсэн. Г.Б ах намайг тухайн үед гаргах гээд 2-3 удаа цохисон. Г.Б ахыг би хэд цохиод боосон. Тэгтэл тэнд байсан нэг залуу намайг бас цохисон. Г.Б ахад “миний үүдэн 3 шүдийг хугалчихлаа” гэж хэлэхэд “муусайн дүү нар зайл” гэж хэлсэн. Би одоо тагнайтай шүд хийлгэсэн байгаа. Буйлыг бүрэн гүйцэт эдгээж байж шаазан шүд хийлгэдэг юм байна лээ. Шаазан шүд хийлгэхэд 1.600.000 төгрөг гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Р.Нийн өгсөн: ...Нэг мэдэхнээ Г.Б, Э.Э нар заамдалцаад зогсож байсан. Цагдаа нар манай гэрт үзлэг хийхэд 1 ширхэг шүд хурааж авахад нь би зодоон болсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Д.Мын өгсөн: ...Г.Б гаднаас орж ирээд мэнд мэдчихээд Э.Э руу “Чи муу над руу муухай хараад байна уу” гээд эвгүй харьцаад эхэлсэн. Тэгээд Г.Б нь сууж байснаа “ахын дүү нар одоо зайл” гэж хэлээд намайг заамдсан. Тэгээд би босоход Г.Б нь Э.Эыг бас заамдаад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. ...Э.Э нь надад “миний 3 шүд унасан байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

Гэрч С.Гийн өгсөн: ...С.Мөнхцогт бид 2 ариун цэврийн өрөөнд тамхи татаж байхад Г.Б нь сүүлд орж ирсэн танихгүй 2 залуутай маргалдаж байгаа чимээ сонсогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч С.Мын өгсөн: ...С.Гантөмөр бид 2 ариун цэврийн өрөөнд тамхи татаж байхад Г.Б нь сүүлд орж ирсэн танихгүй 2 залуутай маргалдаж байгаа чимээ сонсогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Ж.Оын өгсөн: ...жижиг өрөөнд гар утсаар ярьж байхад хүмүүс чанга чанга дуугараад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би жижиг өрөөнөөс гарч ирэхэд сүүлд орж ирсэн залуугийн нэг нь амаа дарчихсан “намайг цохичихлоо шүү дээ” гэхээр нь би орц руу авч гараад юу болсон талаар асуухад “Г.Б намайг цохиод шүдийг ийм болгочихлоо” гээд амнаас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 321 дүгээр байр, 5 давхар, 57 тоот байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан нэг ширхэг шүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаартай “Э.Эы биед зүүн нүдний зовхинд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Бын согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 321 дүгээр байрны 57 тоотод иргэн Э.Эыг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Эы биед зүүн зовхинд цус хуралт, 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Б нь 1.600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь 1.600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, “..........” ХХК-нд багаж тосны нярав ажилтай, сарын 1.068.000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, Г.Бын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43/, Г.Бын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “..........” ХХК-ийн 3/18 дугаартай албан бичиг /хх-ийн 47/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бын ам бүлийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Баас 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 45а байр, 36 тоотод оршин суух Боржигон овогт Энх-Одын Энхсайхан /РД:ТА89072552, утас: 95112324/-д олгож, шүүгдэгч нь 1.600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР