Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00959

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00959

 

 

2024 05 06 210/МА2024/00959

 

Б.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00645 дугаар шийдвэртэй,

 

Б.М-н нэхэмжлэлтэй,О т-ХХК-д холбогдох

 

Илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.М- ньО т-ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл 1 өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа ч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож,О т-ХХК-иас 4,527,070 төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд зааснаар Б.М-н илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 10 сарын 7,290,712 төгрөг, 11 сарын 21,451,121 төгрөг, 12 сарын 8,085,154 төгрөгийн цалингаас нэг цагийн илүү цагийн хөлсийг тооцоход 70,821.13 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг байна. Иймээс Оюу толгой ХХК-аас 5,948,975 төгрөгийг гаргуулж Б.М-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу "Уртын ээлжийн зохицуулалт"-ыг хуульчилсан бөгөөд хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг батлан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй.

 

Түүнчлэн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа" гэсэн нь үндэслэлгүй байна. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар уртын өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийгО т-ХХК нь хуулийн дагуу олгож байгаа болно.О т-ХХК нь нэхэмжлэгч Б.М-н цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр хариуцагчтай өрмийн оператор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 03 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг байгуулан ажиллаж байна. Нэхэмжлэгчээс 2023 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ...." нэмэгдэл хөлс олгохоор заасан, ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-н хариуцагчО т-ХХК-аас 5,948,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт "...хуулийн 92.3-т хуулийн 87.1. 109.1 заалтыг багтаасан тул мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэсэн тул өдөрт 8 цаг ажиллах, Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан нь 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд хуулийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна" гэжээ.

 

Шүүх ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил, амралтын хугацааг ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мен хуулийн 92.4-т "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж заасан. Хуулийн эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг тодорхой заасан.

 

4.2. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд нөхөн амраасан тохиолдолд ажил, амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.

 

Шүүхийн шийдвэрт "Тодруулбал, хууль тогтоогч ердийн ажилтны өдөрт 8 цагаар сард 168 цаг ажиллах ерөнхий нөхцөлд уртын ээлжээр ажиллуулах нөхцлийг уялдуулан тооцоолох байдлаар ажилтанд өдөрт 12 цагаар ажиллахыг, ажил олгогчид илүү цагаар цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулахыг шууд зохицуулсан" гэсэн нь үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасныг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн юм.

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоосон амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагчийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

 

4.4. Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар дэлгэрүүлбэл,

 

-Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл энэхүү тусгай зохицуулалт нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд - Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, Оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа ажилтнаас өндөр. тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтонд хамааруулахгүй" гэж заасан. Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Уртын ээлжтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн ойлгож, дагаж мөрдөх талаар холбогдох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч, тайлбарласан. Анхан шатны шүүхээс 14:14 буюу уртын ээлжийн зохицуулалт нь 168 цагтаа багтаж байх тул цалинг сараар олгож байгаа нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92, 102, 109, 87 дугаар зүйлийн хоорондын хамаарал, 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам зэргийг үндэслэн энэхүү харилцаа хууль журмаас гажаагүй, хуульд нийцсэн харилцаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа байр суурь нь хөдөлмөрийн харилцааг нэлээдгүй савлуулах үр дагаварт хүргэхээр байна. 14 хоног ажиллах юм бол заавал цалин хөлс авна гэж байна. 14 хоногт 168 цаг ажиллуулахаар хуульд заасан. Ажил хүлээлцэх, дараагийн ажлын ээлж түр саатах зэрэг болон сар 30 эсхүл 31 хоногтой байгаагаас шалтгаалан илүү цаг тооцож, ном журмын дагуу олгодог. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд доголдол үүсгэж болохгүй, ажилтныг хохироож болохгүй гэсний үндсэн дээр хууль, дагаж мөрдөх журмын тухай хуульд ажилтны урьд байсан нөхцөл байдлыг дордуулахгүй тухай заалтыг оруулсан. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтны өөрийн сонголт бөгөөд 30 хоногийн ажлаа 14 хоногт шахаж ажиллаад, үлдсэн 14 хоногт өөрийн ахуй амьдрал болон бусад зүйлээ зохицуулахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож байгаа зохицуулалт. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагчО т-ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 5,948,975 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаархи дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нар хуульд нийцүүлэн, харилцан тохиролцох замаар өөрчлөлт оруулах бол ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байхаар заасан.

Талууд хуульд нийцүүлэн 2019 оны 07 сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ 2022 оны 03 сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хавсралт 1-д Ажлын байрны тодорхойлолтын 1.9-д заасан ажил амралтын хуваарийг ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) байна гэж өөрчилж, хөдөлмөрийн гэрээний бусад зохицуулалтад өөрчлөлт ороогүй байна.

 

4.1. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгч нь мөн хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч О т-ХХК-ийн өрмийн операторын ажлын байранд уртын ээлжээр ажиллаж эхэлжээ. Нэхэмжлэгч илүү цагийн хөлсийг 2022 оны 10 сард 7,290,712 төгрөгийн, 11 сард 21,451,121 төгрөгийн, 12 сард 8,085,154 төгрөгийн цалин хөлс авч байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг өдрийн ажлын үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байхаар зохицуулж, хэрэв илүү цагаар ажилласан бол мөн хуулийн 87 дугаар зүйлд заасныг баримтлан ажилтанд нэмэгдэл хөлс олгохоор зохицуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уртын ээлжээр ажиллах болон амралтын хоногийг 14/14 хоног байхаар гэрээний нөхцөлийг тохиролцсон учир уг нөхцөлд тохируулан баталсан журмаар тогтоосон ажил, амралтын цагийг баримтлах учиртай. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын цагийн хуваарийг хэрхэн ойлгож, ямар нөхцөлд илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, түүнийг хэрхэн тооцохыг хариуцагч О т-ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл, мөн Ажлын цагийн тухай журмын 8.1.7, 9.2.3-т тус тус зааснаар зохицуулахаар ажил олгогч уг харилцааг нарийвчлан журамлажээ.

 

4.3. Уг журамд заасны дагуу уртын ээлжээр ажиллаж буй нэхэмжлэгч Б.М-н ажилласан цагийг хөдөлмөрийн гэрээ, журмаар зохицуулсны дагуу тооцоход илүү цагийн хөлсийг олгох үндэслэлгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 3.б-д зааснаар илүү цагийн хөлсийг хууль болон байгууллагын бодлого, журмын дагуу тооцон олгохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн уртын ээлжээр 14 хоног ажиллах хугацааны нэг өдрийн ажлын үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар Ажлын цагийн тухай журмын 8.1.7-д зааж, мөн журмын 9.2.3-т заасны дагуу нийт 14 хоног ажилласныг нэг сар буюу 168 цаг ажилласан гэж үзэж, харин ийнхүү ажиллах хугацаандаа 168 цагаас илүү цагаар ажилласныг ажил олгогч нөхөн амруулаагүй бол (168+) тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцон олгохоор заажээ.

 

4.4. Хариуцагч О т-ХХК нь нэхэмжлэгч Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн харилцааны талаархи дотоод дүрэм, журамд энэ талаар тусгайлан зохицуулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид нэмэгдэл хөлс төлөх үүрэг үүснэ. Харин талууд уртын ээлжээр 14 хоног ажилласан ажилтныг амралтын 14 хоногийн хугацаагаар нөхөн амруулаагүй, мөн нэг сард 168+ цагаас илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс төлөхөөр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон, хөдөлмөрийн дотоод дүрэм, журамд заасан учир энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.5. Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-н 14 хоногийн хугацаанд 168 цаг ажилласныг хуульд заасан 14 хоногийн (24х12=336 цаг) хугацаанд бүтэн амруулсан байх тул нэхэмжлэгчид дээрх журмын 9.2.3-т заасны дагуу илүү цагийн хөлс олгогдох үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг 168 цаг ажиллуулсан хугацаанд 14 хоногийн амралтыг олгоогүй, эсхүл дутуу олгосон талаар маргаагүй, мөн нэг сард ногдох 168 цагаас илүү хугацаагаар ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч О т-ХХК-аас 5,948,975 төгрөгийн илүү цагийн хөлс гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Б.М-н шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Б.М-н 2022 оны 10, 11, 12 дугаар саруудад, сар бүр 56 цаг илүү ажилласныг ажил олгогч тухайн сар бүрт нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Б.М-н хариуцагч О т-ХХК-аас 5,948,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ