Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 156

 

                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Э, Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт О-ийн Г-, Б овогт Д-ийн Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180501940152 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймаг .... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “....” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, .......... дүүргийн ... дүгээр хороо ............... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт О-ийн Г-.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт .........  дүүрэг 10 дугаар хороо 705 дугаар байр 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Э.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төв дотор иргэн Эгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төв дотор иргэн Ц.Б-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Мөн нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г, Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Б-ийн “Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Г-ын хамт Барс худалдааны төв орж цагаан сарынхаа хүнсний бараагаа цуглуулж явсан. Тэгээд 25 дугаар лангуун дээр очоод том шилтэй огурцы үзэж байгаад гар хальтраад газар унагасан. Тэгээд буцаагаад аваад хартал уг огурцынд тунадас үүссэн байхаар нь худалдагчид тунадас үүссэн байна гэхэд чи өөрөө газар унагаагаад хөөстэй болгочихлоо гэхээр нь дахиад өөрийг өгчих гээд үзэхэд бас хөөстэй байсан. ... Тэгээд та нар болиочээ гээд салгах гэхэд нөгөө худалдагч эмэгтэй над руу дайрч үсдээд нүүр рүү 2-3 удаа цохиж гэдэс рүү 1 удаа цохисон. Огурцы газар унагаад өөр огурцы худалдаж авахад тэр унагасан огурцыгээ аваагүй гэж маргаан үүссэн. Би уг эмэгтэйгээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

Хохирогч Э-гийн “Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Барс худалдааны төвийн В25 дугаар лангуун дээрээ худалдаа эрхэлж байхад үл таних, эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд огурцы авъя гээд манай грушик Баяраа авч өгсөн.Тэгээд нөгөө эмэгтэй барьж байсан огурцыгээ газар унагаасан. Би тухайн үед өөр хүнтэй худалдаа хийж байхад нөгөө эмэгтэй унагасан огурцыгээ тавиад өөр огурцы авах гэсэн. Тэгэхээр нь би унагаасан огурцы чинь таг нь пөмбийсөн байна, та нар энэ огурцыгээ худалдаад авчих гэхэд бид нар хөдөө авч явах гэж байгаа, тэгвэл дахиад нэгийг авъя гээд нөгөө унагасан огурцыгээ үлдээгээд өөр огурцы аваад явсан. Би араас нь та яаж байгаа юм бэ энэ огурцыг хүн авахгүй ш дээ гээд нөхрийнх нь куртикнээс татахад нөгөө эрэгтэй нь эргэж хараад над руу шууд цохисон. Тэгээд би газар унаж миний зүүж байсан харааны шилний нэг тал нь хагарсан. Тэнд явж байсан хүн намайг босгосон. ... Тэр эрэгтэй нь намайг цохиод газар унагасан. Тэгээд би тухайн үед толгой манараад газар унасан. Нөхөр нь намайг нэг удаа нүүр рүү цохисон. ... Би уг хүмүүст гар хүрсэн эсэхээ санахгүй байна. Огурцы газар унаснаас болж зодоон үүссэн. Тэгээд унагаасан огурцыгээ ав гэхэд өөр огурцы аваад явсан. Тэрнээс болж маргаан үүссэн. ... Уг залууд зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа, нүдний шилнийхээ хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

“Миний бие эрүүл саруул байгаа. Тухайн үед учирсан гэмтэл бүрэн  эдгэрсэн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би  Г-тай харилцан зөвшөөрч эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 125 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2597 дугаартай:

“1. Ц.Б-ийн биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2593 дугаартай:

“1. Эгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины  зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/

Гэрч Ц.Батбаатарын “... Тухайн үед Э- эгч нөхөр дээр нь очоод “энэ огурцыгээ авчих, энэ хий орсон огурцыг нь хүн авдаггүй юм гээд маргалдаад Э- эгчийг Г- нь цохиод авсан чинь Э- эгч зөрүүлээд нөгөө эрэгтэйг нь цохиод авсан. ... Э- эгч нөгөө эмэгтэйгийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа гараараа цохиод үсдэж авсан чинь Буянцог нь бас зөрүүлээд цохиж байсан. ... Тухайн үед Э- эгчийн нэг нүд нь хөхөрсөн байсан. ... Тэр үед Г- нь Э- эгчийг заамдаж байгаад нүүр рүү нь 2-3 удаа цохиж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/

Гэрч Д.Эрдэнэбилэгийн “... Тухайн үед би худалдан авагч ирээд үйлчлээд байж байсан. Тэр үед хүн маш их байсан. Тэгсэн чинь гэнэт нэг хүн “дүү чинь цохиулаад газар уначихлаа” гэхээр нь би лангуунаас гараад очсон чинь манай дүү манай лангууны харалдаа Э- газар хэвтээд унасан байсан. Тэгэхээр нь би очоод чи хүн цохичихлоо гээд нэг өндөр залууг нь очоод нэг цохиод зуураад авсан. Тэр үед хамт явсан гэх нэг эмэгтэй над руу хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсэн. ... Тухайн үед би ямар хүмүүс цохиж зодсоныг хараагүй. ...Тухайн үед нэг нүдний орчим нь хөхөрсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төв дотор иргэн Эгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төв дотор иргэн Ц.Б-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э, хохирогч Ц.Б-, гэрч Ц.Батбаатар, гэрч Д.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, шинжээчийн 2593, 2597 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч Э, Г нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э, Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Э, Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Б-, Э нарын “... эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримт /хэргийн 127-128 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгч Э, Г нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э, Г нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овогт О-ийн Г-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Э, Г нарт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э, Г нарт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ