Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4818

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,        

 

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд холбогдох

         

          Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,042,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад                                           

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- “...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж  нэг бүр нь 260,000 төгрөгийн үнэтэй, нийт 2,860,000 төгрөгөөр 11 ширхэг гар утсыг 6 сарын хугацаатай худалдсан. Гэрээг тус хорооны засаг дарга Д.Наранцэцэг байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй 695,000 төгрөгийн төлбөртэй байна. Иймд 695,000 төгрөг, алданги 347,500 төгрөгийн хамт нийт 1,042,500 төгрөгийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооноос гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч дараахь эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд:

”Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 228,000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 695,000 төгрөгөөс хасч, үлдэх 467,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр, алданги 347,500 төгрөгийн 50 хувь болох 173,500 төгрөгөөр багасгахаар тохиров. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 1,042,500 төгрөгийн 401,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 641,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК  хариуцагч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд холбогдуулан 1,042,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд : ”Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 228,000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 695,000 төгрөгөөс хасч, үлдэх 467,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр, алданги 347,500 төгрөгийн 50 хувь болох 173,500 төгрөгөөр багасгахаар тохиров. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 1,042,500 төгрөгийн 401,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 641,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэв” гэжээ. 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Ганзоригт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон        

           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлага 1,042,500 төгрөгийн 401,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 641,000 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 9,940 төгрөг, хариуцагч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооноос 9,940 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

   

                                      ШҮҮГЧ                          Д.ЦЭРЭНДОЛГОР