Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

хохирогч С.Ч- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Приус центр” төвийн ойролцоо иргэн С.Ч-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ч- мэдүүлэхдээ:

“...Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав. Б- сөрөг урсгалд ороод зогсож байсан. Б-гийн машины хойно урд машинууд зогсож байсан. Нэг машин яам руу орох гээд ухарч байсан. Би машины цонх руу цохисон нь үнэн. Би Б-д олон удаа хэлсэн. Энэ хугацаанд холдоод явах хугацаа байсан. Би хуулийн дагуу хохирлоо гаргуулж авмаар байна. Б- надаас уучилалт гуйгаагүй. Би эмнэлэгээр явахдаа найз нөхдөө гуйж хамт явдаг байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед өөрийн төрсөн ах Э, түүний 2 найзын хамт Гандангийн арын Приус центр төврүү ахынхаа __улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай очоод зогсоол байхгүй хажууд нь байрлах Яамны хажууд таглаад зогсож байсан. Тэгэхэд хар масктай 40 гаран насны хүн ирээд машинаа холдуул, хурдал гээд байсан.Тухайн үед манай ах Приус центрлүү орсон байсан. Тэгээд би удахгүй гарлаа гэхэд нөгөө ах чи яг одоо машинаа гарга пизда минь гээд машины шилрүү балбаад байхаар нь би бууж очоод та одоо яагаад байгаа юм бэ гээд түлхчихээд машиндаа суусан. Тэгээд ухраад хөдлөх гэтэл нөгөө ах машины арлуу дахиад цохиод чи сэг уначаад миний газраас зайл гээд хөөсөн. Тэгээд хажууд нөгөө ах ирээд цонхоор надруу нулимсан. Тэгэхээр нь би бууж очоод нөгөө ахыг нүүрлүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэр ахын амнаас цус гараад хажууд хүмүүс боль гээд тэгэхэд тэр ах цустай шүлсээрээ надруу дахиад нулимаад байсан. Тэгээд би машинаа хөдөлгөөд холдуулаад зогсож байхад цагдаа нар ирсэн. Би уурандаа гар хүрсэндээ гэмшиж байна. Би хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 23-24, 26-27/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Ч-ын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед өөрийн ажил болох БГД-н 16-р хороо Гандангийн арын автобусны буудал дээр байрлах "Приус центр" төвийн хажуу талд байрлах гагнуурын яаман дээр ажил дээрээ байхад манай яамыг таглаад приус 20 маркийн машин хаагаад зогссон байсан. Тэгэхээр нь жолоон дээр сууж байсан хүнд машинаа холдуулчих, машин орж ирэх гээд байна гэхэд хөдлөхгүй зогсоод байсан. Тэгэхэд манай яамруу гагнуур хийлгэх гээд машин орох гээд ухраад ороод ирсэн байхад нөгөө приус холдохгүй байхаар нь би машинаа холдуулаачээ гээд цонх руу нь гараараа тогшсон. Тэгэхэд жолооч залуу нь машинаас бууж ирээд шууд миний уруул руу 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд амнаас цус гарсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс настай хүн цохилоо яаж байгаа юм гээд бужигнаад машиных нь жолооч нь цаанаас гарч ирээд машинаа унаад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д-ийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-нд өдөр 12 цагийн үед БГД-н 16-р хороо Гандангийн арын автобусны буудлын хажууд байрлах ажил дээрээ байсан. Тухайн үед доошоо гражруу орсон байхад гадаа хүн орилоод байхаар нь гараад иртэл манай гагнуурчин Ч ахын нүүр нь цус болсон хажууд нь улаан приус 20 машинтай залуу цохьчихсон дайраад байсан. Тэгээд би салгаад цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд уг залуу ачаа буулгана яараад байна гээд явах гээд байхаар нь цагдаа дуудсан одоо ирж байгаа түр байж бай гэхэд бид нар яараад байна гээд машины номер тайлж аваад үлд гээд хөдлөөд явсан. Уг залуу Ч ахыг ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Сгийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-нд өдөр 12 цагийн үед хамт ажилладаг Цогт, Эрка, түүний дүү Б- нарын хамтаар Эркагийн Тоёота приус 20 маркийн машинтай Гандангийн арын Приус Центр засварын газарлуу орсон. Тухайн газар зогсоол байхгүй хажуу талын яамны хажууд тавьсан байсан. Тэгээд Эрка дотогшоо орсон байхад хажууд нэг ах ирээд машинаа холдуул гэхэд Б- жолоон дээр суугаад урд машин гарах гэж байна тэгээд би орчъё гэхэд нөгөө ах машинруу нь гараараа 2,3 удаа машинаа холдуул гээд цохиод наад сэгээ ав гээд орилоод байсан. Тухайн үед Б- цонхоо онгойлоод би машин гарахад байрлуулчихъя гэхэд нөгөө ах цонхоор нь Б- руу 2 удаа нулимсан. Тэгэхэд Б- бууж очоод яахаараа нүүрлүү нулимдаг юм гээд уг ахын нүүрлүү 1 удаа цохисон. Тэгэхэд уг ахын амнаас цус гараад дахиад нулимаад байх шиг байсан. Тэгээд тал талаас нь залуучууд гарч ирээд цагдаа дуудна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ___ тоот:

               1. Ч-н биед дээд доод шүдэнд зүүн 3-р шүд хөдөлсөн гэмтэл, дээд уруулд шарх тогтооглоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Приус центр” төвийн ойролцоо иргэн С.Ч-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бгийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед өөрийн төрсөн ах Э, түүний 2 найзын хамт Гандангийн арын Приус центр төврүү ахынхаа __улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай очоод зогсоол байхгүй хажууд нь байрлах Яамны хажууд таглаад зогсож байсан. Тэгэхэд хар масктай 40 гаран насны хүн ирээд машинаа холдуул, хурдал гээд байсан.Тухайн үед манай ах Приус центрлүү орсон байсан. Тэгээд би удахгүй гарлаа гэхэд нөгөө ах чи яг одоо машинаа гарга пизда минь гээд машины шилрүү балбаад байхаар нь би бууж очоод та одоо яагаад байгаа юм бэ гээд түлхчихээд машиндаа суусан. Тэгээд ухраад хөдлөх гэтэл нөгөө ах машины арлуу дахиад цохиод чи сэг уначаад миний газраас зайл гээд хөөсөн. Тэгээд хажууд нөгөө ах ирээд цонхоор надруу нулимсан. Тэгэхээр нь би бууж очоод нөгөө ахыг нүүрлүү нь 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Ч-ын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед өөрийн ажил болох БГД-н 16-р хороо Гандангийн арын автобусны буудал дээр байрлах "Приус центр" төвийн хажуу талд байрлах гагнуурын яаман дээр ажил дээрээ байхад манай яамыг таглаад приус 20 маркийн машин хаагаад зогссон байсан. Тэгэхээр нь жолоон дээр сууж байсан хүнд машинаа холдуулчих, машин орж ирэх гээд байна гэхэд хөдлөхгүй зогсоод байсан. Тэгэхэд манай яамруу гагнуур хийлгэх гээд машин орох гээд ухраад ороод ирсэн байхад нөгөө приус холдохгүй байхаар нь би машинаа холдуулаачээ гээд цонх руу нь гараараа тогшсон. Тэгэхэд жолооч залуу нь машинаас бууж ирээд шууд миний уруул руу 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Д-ийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-нд өдөр 12 цагийн үед БГД-н 16-р хороо Гандангийн арын автобусны буудлын хажууд байрлах ажил дээрээ байсан. Тухайн үед доошоо грашруу орсон байхад гадаа хүн орилоод байхаар нь гараад иртэл манай гагнуурчин Ч ахын нүүр нь цус болсон хажууд нь улаан приус 20 машинтай залуу цохьчихсон дайраад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Сгийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-нд өдөр 12 цагийн үед хамт ажилладаг Цогт, Эрка, түүний дүү Б- нарын хамтаар Эркагийн Тоёота приус 20 маркийн машинтай Гандангийн арын Приус Центр засварын газарлуу орсон. Тухайн зогсоол байхгүй хажуу талын яамны хажууд тавьсан байсан. Тэгээд Эрка дотогшоо орсон байхад хажууд нэг ах ирээд машинаа холдуул гэхэд Б- жолоон дээр суугаад урд машин гарах гэж байна тэгээд би орчъё гэхэд нөгөө ах машинруу нь гараараа 2,3 удаа машинаа холдуул гээд цохиод наад сэгээ ав гээд орилоод байсан. Тухайн үед Б- цонхоо онгойлоод би машин гарахад байрлуулчихъя гэхэд нөгөө ах цонхоор нь Б- руу 2 удаа нулимсан. Тэгэхэд Б- бууж очоод яахаараа нүүрлүү нулимдаг юм гээд уг ахын нүүрлүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч С.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 16, 18 дугаар талуудад хохирлын нийт 48.200 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүх хуралдаанд хохирогч С.Ч-т шүүгдэгчийн зүгээс хохирлын 50.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн 1 хуудас баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч С.Ч- нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ