Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04883/и |
Дугаар | 4883 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4883
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо Баянхошуу 38-14а тоотод оршин суух Хайтан овогт Ядамбатын Энхбаатарын /РД:НЬ87103170/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 127/3 байр 27 тоот оршин суух Дархад овогт Наранбаатарын Лувсаншарав \РД:ДО86070114\,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 6-163 тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун 503 тоотод оршин суух Ажим овогт Дагвадуламын Ариундалай /РД:ХГ88010911/ нарт холбогдох
4,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Я.Энхбаатар би Н.Лувсаншарав Д.Ариундалай нартай 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.935.000 төгрөгийн үнэ бүхий камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт 1 өдрийн хөлс 50.000 төгрөгөөр тохиролцож 10 хоногийн хугацаатайгаар 2016 оны 01-р сарын 07 -ны өдөр хүртэл хөлслүүлсэн. Камер дагалдах тоног төхөөрөмжийн 3 хоногийн хөлс 150.000 төгрөгийг 2015 оны 12-р сарын 27-ны өдөр өгч үлдэгдэл хөлсийг камер тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө төлөхөөр тохиролцсон. Хүлээлгэн өгөх хугацаа дуусахад М.Лувсаншарав Д.Ариундалай нь ажил дуусаагүй байгаа тул камер тоног төхөөрөөмжийг хөлслөх хугацааг 40 хоногоор сунгаж хөлсөнд нь 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Н.Лувсаншарав, Д.Ариундалай нар нь 2.935.000 төгрөгийн үнэтэй камер дагалдах тоног төхөөрөмжийг, 40 хоногийн хөлс 2.000.000 төгрөгийн хамт өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул нийт 4.935.000 төгрөгийг хариуцагч Н.Лувсаншарав, Д.Ариундалай нараас гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Лувсаншарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Н.Лувсаншарав миний бие 2015 оны 12 дугаар сард найз Ариундалайгийн гуйлтаар Энхбаатараас камерыг нь авч түүнд өгсөн. Камерийг очиж авах үед Энхбаатар нэг хайрцаганд хийсэн байсан үзэж харахгүйгээр Ариундалайд хүлээлгэн өгсөн. Ариундалай, Энхбаатар бид гурав найз бөгөөд нэхэмжлэлд дурдсан камер, дагалдах тоног төхөөрөмжийг би хөлсөлж авч ашигласан зүйл огт байхгүй, хөлсөлж авах талаар тохиролцсон асуудалгүй, надад тийм хэрэгцээ шаардлага байгаагүй юм. Харин Ариундалай камерыг хөлсөлж авч байгаа тухайгаа тухайн үед надад утсаар ярихдаа хэлж байсан болно. Одоо тэр камер нь Ариундалайд байгаа бөгөөд найз Энхбаатар түүнийг мэдэж байх ёстой. Миний бие гэрээ хэлцлийг аливаа байдлаар Энхбаатартай байгуулаагүй байхад нэхэмжлэлд дурдсан 40 хоногийн хөлс гэх 2.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Энхбаатар, Ариундалай нар хооронд уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэжээ.
Хариуцагч Д.Ариундалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа- “4,935,000 төгрөг нэхэмжилсэн тухай танилцлаа. Тухайн үед видео аппаратыг түрээсийн журмаар авсан болно. 4,935,000 төгрөгийг төлнө. Эхний ээлжинд 3,000,000 төгрөгийг 2016 оны 6 сарын 27-ны өдрөөс өмнө төлж барагдуулах бөгөөд үлдэгдэл болох 1,935,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр төлнө. Лувсаншарав нь тухайн хэрэгт хамаагүй болно. Би өөрийн биеэр авсан болно гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хариуцагч Н.Лувсаншаравыг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Энхбаатар хариуцагч Н.Лувсаншарав, Д.Ариундалай нарт холбогдуулан 4,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Ариундалай нь нэхэмжлэлийн шаардлага 4,935,000 төгрөгийг эхний ээлжинд 3,000,000 төгрөгийг 2016 оны 6 сарын 27-ны өдрөөс өмнө төлж барагдуулах бөгөөд үлдэгдэл болох 1,935,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр төлнө. Н.Лувсаншарав нь тухайн хэрэгт хамаагүй болно. Би өөрийн биеэр авсан болно гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Лувсаншаравыг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд хариуцагч Д.Ариундалай нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Ариундалай нь нэхэмжлэлийн шаардлага 4,935,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг 2016 оны 6 сарын 27-ны өдрөөс өмнө, үлдэгдэл 1,935,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Я.Энхбаатарт төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Н.Лувсаншаравыг хариуцагчаар татсан шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 46,955 төгрөг, хариуцагч Д.Ариундалайгаас 46,955 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Я.Энхбаатарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР