Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Н.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кристалл” бааранд тооцооноос болж маргалдан иргэн Ц.Г-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Агийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүрэгт байрлах Кристал бааранд зөөгчийн ажил хийж байсан юм. 3 залуу манай бааранд ирж үйлчлүүлээд Абсолют архи авч уусан. Бас өөр нэг ширээн дээр өөр хүмүүс Абсолют архи авсан байсан юм би тооцооны хуудсыг андуурч өгсөн юм тэгтэл миний андуурч өгсөн ширээний залуу над дээр ирээд учраа тайлбарлахын завдалгүй намайг ирээд шанааруу цохиод гуяруу өшиглөсөн тэгээд хамгаалагч ирээд салгасан. Тэгээд манай зохион байгуулагчтай тэр залуу уулзсан тэгэхээр нь би тэр залуу дээр очоод андуурчихжээ гэж хэлээд уучлалт гуйгаад 20 минутын дараа тооцоогоо хийгээрэй гэж хэлээд явсан. Тэгтэл удалгүй тэр ах ирээд намайг мөргөөд нэг удаа цохиулаад тэкний урд тонгойгоод зогсож байснаа тэр залууг заамдаж аваад нэг удаа нүүрлүү цохисон. Тэгтэл тэр залуугийн хацарнаас цус гарсан байсан. Надад цохиулдаг ах цагдаа дуудаад камерын бичлэг шүүсэн тухайн үед бие биенээсээ уучлалт гуйгаад салсан.

Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлийг Галбарсын биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна миний буруу. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надруу дайраад байхаар нь нэг удаа нүүрлүү нь цохисноос болж учирсан байх. Гарын чигчий хурууны ард яс тэр ахын хацрын ясыг яг оноод цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-н 25-27, 45-46/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г-ын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өргөө кино театрын урд байрлах Кристал бааранд орж үйлчлүүлсэн. Тэр баарны зөөгч болох эрэгтэй надад тооцооны хуудас авчирч өгөхдөө илүү мөнгө авахыг завдсан. Тооцооны хуудсан дээрээ 135,000 төгрөг гэж бичсэн байсан би меньюн дээрх үнийг харахад 90,00 төгрөг болж байсан би тооцоон дээрээс болж зөөгч залуутай маргалдаж барилцаж авсан тэгэхэд зөөгч нь хурц үзүүртэй байх хутга ч юм уу нэг зүйлээр зүүн нүдний доод хэсэгт зүссэн. Энэ үед уг баарны хамгаалагч нар ирж салгасан тэгэхэд миний нүдний доороос цус гараад тогтохгүй байсан тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд камер шүүж үзэхэд олигтой юм гарахгүй байсан цагдаа намайг бааранд үлдээгээд явсан. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө гаргаж өгсөн. Надад учирсан зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын шарх бүхий гэмтлийг баарны зөөгч залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ___ тоот:

               1. Ц.Г-ын биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн  эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь хурц иртэй ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кристалл” бааранд тооцооноос болж маргалдан иргэн Ц.Г-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Агийн “...2018 оны 8 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүрэгт байрлах Кристал бааранд зөөгчийн ажил хийж байсан юм. ... тэр ах ирээд намайг мөргөөд нэг удаа цохиулаад тэкний урд тонгойгоод зогсож байснаа тэр залууг заамдаж аваад нэг удаа нүүрлүү цохисон. ...Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлийг Галбарсын биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна миний буруу. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надруу дайраад байхаар нь нэг удаа нүүрлүү нь цохисноос болж учирсан байх...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Г-ын “...Би 2018 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өргөө кино театрын урд байрлах Кристал бааранд орж үйлчлүүлсэн. Тэр баарны зөөгч болох эрэгтэй надад тооцооны хуудас авчирч өгөхдөө илүү мөнгө авахыг завдсан. Тооцооны хуудсан дээрээ 135,000 төгрөг гэж бичсэн байсан би меньюн дээрх үнийг харахад 90,00 төгрөг болж байсан би тооцоон дээрээс болж зөөгч залуутай маргалдаж барилцаж авсан тэгэхэд зөөгч нь хурц үзүүртэй байж, хутга ч юм уу нэг зүйлээр зүүн нүдний доод хэсэгт зүссэн. Энэ үед уг баарны хамгаалагч нар ирж салгасан тэгэхэд миний нүдний доороос цус гараад тогтохгүй байсан тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд камер шүүж үзэхэд олигтой юм гарахгүй байсан цагдаа намайг бааранд үлдээгээд явсан. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө гаргаж өгсөн. Надад учирсан зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацрын шарх бүхий гэмтлийг баарны зөөгч залуу учруулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ц.Г- хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Н.Аг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Ад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ