Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 288

 

         ЖХ-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Э.Алтан-Уяа, хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 719 дүгээр магадлалтай, ЖХ-д холбогдох эрүүгийн 2003004460025 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, “Монгол Хьюндай Киа сэлбэг сервис” ХХК-д захирал ажилтай, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй ЖХ.

ЖХ нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 25 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний арын уулзвар дээр “Volkswagen Touaregзагварын 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас 34-92 УБ улсын дугаартай Husqvarna Svartpilen-701”  загварын мотоциклтэй мөргөлдсөний улмаас жолооч Э.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ЖХ-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 19 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ЖХыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан.

Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ЖХ-ны нь тухайн осол гарах үед өөрийн “Volkswagen Touareg” 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо туслах замаас гол зам руу нэвтрэхдээ үзэгдэх орчноо хянаж, ойр орчмын хөдөлгөөнийг харж байгаад нэвтрэх үйлдэл хийх явцад “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П нь маш их хурдтай орж ирсэн, хурд хасах болон зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж энэхүү осол аваар гарсан байна гэж үзэж байна. Учир нь: “Volkswagen Touareg” 52-25 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ЖХ нь тухайн гол зам руу орох үйлдэл хийхийн тулд ойр орчим болон замын хөдөлгөөн үзэгдэх орчноо харж байгаад гол зам руу орох үйлдэл хийх явцад тухайн гол замаар явж байсан мотоциклын жолооч Э.П нь гол замын муруй хэсгээс гарч ирэхдээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдтайгаар явж байсан бол харагдах боломжтой, өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах, саадыг тойрч гарах боломж бололцоо бүрэн байсан.

Гэтэл “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П Замын хөдөлгөөний дүрэмд заасан 60 км цагаас илүү буюу 72.6 км цагийн хурдтай явж байснаас үүдэлтэйгээр ердөө 1,8 секундийн дотор осол болсон байна.

Эндээс үзэхэд: “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.6. Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх; в/ «Хурдны хязгаар» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэхээр байна. Техникийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14/16 дугаар дүгнэлт нь хэтэрхий нэг талыг баримталсан, тодорхойгүй, тавигдсан асуултанд бүрэн гүйцэд хариулаагүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Асуулт-2: “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх...” гэсэн асуултанд хариулахдаа: “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.Пг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна”. Асуулт-4: Мотоциклын бүрэн зогсолтын зайг тогтоох боломжтой юу? Хариулт: “...Мотоциклын хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалаар үндэслэн тогтоох боломжгүй... зориулалтын программ ашиглан тогтооно”. Асуулт-5: Тухайн мотоциклын жолооч нь осол үйлдэгдэхээс өмнө зогсоох арга хэмжээ авсан эсэх? Хариулт: ”... Бичлэг дээрх мотоциклын хүрд өөрчлөгдөж байгаагаас үзэхэд зогсоох арга хэмжээ авсан байх магадлалтай боловч зогсоох арга хэмжээ авсан эсэхийг техникийн шинжээч тогтоох боломжгүй байна...” гэж тус тус хариулжээ. Дээрх дүгнэлтээр асуултуудад бүрэн гүйцэд хариулаагүй нь учир дутагдалтай болсон. Шүүх хуралдаанд шинжээч И.Базаррагчааг оролцуулсан бөгөөд шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултуудад яагаад хариулт өгөөгүй талаар асуухад: Хавтаст хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэл болгохгүй, дээрээс нь дүгнэлт гаргасан шинжээч нар нь миний шавь нар, 72 км цагийн хурдтай явна гэдэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл ... гэх мэтчилэн хариулт өгсөн болно. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан” гэж үзсэн мөртлөө хохирлыг 80%, 20% хувь хэмжээтэйгээр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Э.П нь мөн адил Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.5, 19 дугаар зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн: Дахин 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тухайн хэрэгт шинжээч томилуулах шаардлагатай ба шинжээчид дараах асуултуудыг тавьж хариулт авах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.6. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх; в/ «Хурдны хязгаар» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх гэсэн заалтуудыг “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П нь зөрчсөн эсэх. Тухайн “Husqvarna Svartpilen-701” маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Э.П нь осол үйлдэгдэхээс өмнө зогсоох арга хэмжээ авсан эсэх, зогсоох арга хэмжээ авсан бол бүрэн гүйцэд зогсох боломжтой эсэх, ямар хэмжээний зайд бүрэн зогсох боломжтой эсэх, мотоциклын бүрэн зогсолтыг зайг тогтоох боломжтой юу, ...зэргийг тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан “ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг бүрэн гүйцэд тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 2003004460025 дугаартай хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлал, прокурорын яллах дүгнэлтэнд яагаад нэг талыг барьж яллаад байгааг ойлгохгүй байна. Миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж үзэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1-д заасан зорилго нь бол замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоохоор зааж өгсөн байдаг. Хохирогч гэх П нь замын хөдөлгөөний маш олон дүрмийг зөрчсөн байхад зөвхөн нэг талыг барьж түүний буруутай үйлдлийг огт  дурдахгүйгээр шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Пгийн хувьд нэгдүгээрт: хурд хэтрүүлсэн байдлыг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 72 км цагийн хурдтай явж байсан гэдгийг тогтоосон. Гэтэл шинжээчийн дүгнэлт дээрээ замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн талаар оруулж ирдэггүй. Хоёрдугаарт: Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т учрах саадыг мэдсэн үед жолооч зайлшгүй зогсоох арга хэмжээ авна гэж заасан байдаг. Энэ зогсоох арга хэмжээг огт аваагүй байдал дээр дүгнэлт хийхгүйгээр, гэмтсэн гэдэг дээр шүүгдэгчийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Пгийн хувьд өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эрүүл мэнддээ хүнд хохирол учруулсан байдаг. Энэ нөхцөл байдлыг огт харгалзахгүй байгаа учраас хавтаст хэрэгт цугларсан баримтыг харахад ингэж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч бидний хувьд үйлчлүүлэгчийн хүсэлтийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, гомдол гаргах ажиллагаа явуулдаг. Манай үйлчүүлэгч шашинлаг хүн учраас энэ асуудал дээр гомдол санал гаргаад явмааргүй байна гэдэг. Гэхдээ аарцаг, уролог, шээсний замын хоёр эрхтэнд хүнд гэмтэл учирсан ч гэсэн гомдол гаргамааргүй байна гэсэн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өмгөөлөгч нарын хувьд гомдол гаргаагүй. Гэхдээ шүүх энэ нөхцөл байдалд өөрийн дүгнэлтээ хийх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр гомдол гаргаагүй ч өмгөөлөгчийн хувьд үзэхэд хохирогчийн буруутай үйлдэл буюу 72 км цагийн хурдтай явж байсан нь тогтоогдсон зүйл байдаггүй. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч үүнийг тусгай мэдлэгийн хүрээнд болон техникийн хувьд ч тогтоох боломжгүй, 72 км цагийн хурдтай явж байсан гэдгийг зөвхөн механик аргаар тогтоосон гэдгээ удаа дараа шүүгч, холбогдогчийн өмгөөлөгч нар асуухад хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Холбогдогчийн өмгөөлөгч нарын дахин шинжээч томилуулахтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх дүгнэлт хийж тодорхой бичигдсэн байгаа учир энэ ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдэг буюу баттай тогтоогдоогүй шинжээч эмч ч гэсэн эргэлзээтэй гэдэг нөхцөл байдлыг хэлээд байхад хурд хэтрүүлсэн байна гэж үзээд холбогдогчоос 80 хувийг гаргуулж, 20 хувийг хохирлоос хасаж байгаа нь хэр үндэслэлтэй юм. Тухайн гэмт хэрэг гарахад холбогдогчийн буруутай үйлдэл 100 хувь нөлөөлж энэ гэмт хэрэг гарсан байгаа. Холбогдогчийн буруутай үйлдэл байгаагүй бол хохирогчид ийм хэмжээний хохирол учрахгүй байсан. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирлыг 80, 20 хувь гэж хувааж байгаа хэр үндэслэлтэй юм бэ гэдэг дээр шүүх анхаарч үзнэ үү гэв. 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч ЖХ-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих ажиллагаануудыг бүрэн шалгаж, хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах шийдвэрийг өршөөн хэлтрүүлсүгэй гэж өөрчлөлт оруулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагыг хангаагүй байхад энэ хуульд хамааруулж шийдвэрлэсэн нь буруу байна. Хоёрдугаарт: анхан шатны шүүх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 278 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ зүйлийг хэрэглэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад ял оногдуулах буюу тэнсэх заалтыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн /Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/ 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох юм.

Уг зохицуулалт нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд оногдуулахгүйгээр тэнсэж болно.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог билээ.

ЖХ нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг засч залруулахын оронд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж гаргасан түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялуудыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 719 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, ЖХ-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол ЖХ-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                     ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН