| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2017/0598/З |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 300
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Псүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Х.Т, Б.Б, “Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн Х.Тт Б дүүргийн Тын **-** тоот 700 м.кв газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **********366 дугаартай гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Х.Тын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгож, Б.Бийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********957 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, Б.С, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Х.Тын өмгөөлөгч А.З, А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.М 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын даргын зөвлөлийн шийдвэрээр “С” хувиараа эрхлэх аж ахуйн эзэн н.П, “М” ББХК-ийн эзэн болох би нийлж, 3 дугаар хорооллын Гандангийн дэргэд одоогийн Б дүүргийн одоогийн -- дугаар хороонд 5 дугаар станцын усан сангийн барилгыг иж бүрнээр нь худалдаж авсан. Аваад 27 жил өнгөрч байна. Энэ хугацаанд баялаг бүтээнэ гэх юм уу багагүй зүйл хийсэн. Жишээлбэл 900 шахуу сая төгрөгийн өмч бий болсон, 120 метр урт дулааны шугамыг иж бүрэн ашиглалтад оруулсан, 100 метр газраас цахилгаан татаж, цахилгааны эх үүсвэрийг өөрчилж, шинэчилсэн, 300 м.кв гаруй талбайтай агуулах, гараж, складын зориулалттай байрыг тохижуулж ашиглалтад оруулсан. 4 тал хашаа ашиглалтанд оруулсан. Ногоон байгуулалт зүлэгжүүлэлт, хоёр давхар байшин барих төсөл бэлдэж байна. Орон сууцны 3 байшин зэрэг зүйлсийг бүтээн байгуулсан. Энэ газартаа Б дүүргийн Засаг даргын С.Эийн захирамжаар 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тэр үед талбайг хуваагаагүй том хэвээрээ байсан. Манай гэр бүлийн эзэмшилд эхнэр бид хоёрын нэр дээр гэрчилгээ гарч байсан. Энэ үеэс эхлээд эзэмших эрх баталгаажсан. Үүнээс хойш одоог хүртэл байнга оршин сууж байгаа. Тэр үед хувьчлал эхэлж газар өмчлөх эрхийн талаар яригдаж, шийдвэр гарч эхэлсэн. 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1000 айлд газар өмчлүүлэх Нийслэлийн засаг дарга М.Эын гарын үсэгтэй шийдвэр гарч, энэ шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн асуудал яригдаж эхэлсэн. Маргаан бүхий асуудал яригдаж байгаа Х.Ттай ойр дотно, хуурай ах дүүгийн харилцаатай байсан. Энэ үйл явдал 2003 оны үед болсон. Ингээд 301 дүгээр захирамж гараад захирамжийн заалт дээр эрх зүйн зөрчил байхгүй. Өөрөө эзэмшиж байгаа, дүүрэг, хороондоо бүртгэлтэй газрыг хашааны хэмжээгээр эзэмшиж байгаа хүмүүст өмчлүүлнэ гэсэн заалт орсон. Өөрөөр хэлбэл ямар ч хүн өмчилж авах боломжтой болсон. Шийдвэр гарахдаа 6 хэсэг хуваасан шийдвэр гарсан. Тэр үед Х.Т надаас мөнгөө гаргуулж аваад гэнэт алга болсон. Утсаар яриагүй, хайгаад олоогүй. Өд явж байгаа гэсэн. 1 жил гаруйн дараа олж уулзсан. 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Түүнээс өмнө 30.000 ам доллараа шүүхэд хандаад авч чадсан. Үүний дараа газрын асуудал хөндөгдсөн. Х.Ттай арай гэж уулзаад шийдвэрээ авъя, хэн хэнийгээ хохироохгүй салъя гээд шийдвэр аваад салсан. Түүний дараа Х.Т Б дүүргийн хорооны Засаг даргаас 2005 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энд би амьдардаг гэсэн тодорхойлолт авсан байдаг. Энд амьдардаг, суудаг гэж бичээгүй энд газартай гэж бичсэн байдаг. Түүнийгээ “М” сонинд авч очоод бичиг баримтаа алга болгосон гэсэн гээд бичиг авсан. Бичиг баримт нь надад байсан. Энэ бичгээ барьж Нийслэлийн Газрын албанд очсон. Нийслэлийн Газрын алба түүнийг нь хараад өмнө нь гарсан шийдвэр байхад нэмээд шийдвэр бичээд өгсөн. 301 дүгээр шийдвэр нь байж байтал 24 гэсэн шийдвэр бичиж өгсөн. Тендер шалгаруулалттай холбоотой гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг аваад түүн дээрээ бичсэн. Х.Тын нэр дээр хоёр шийдвэртэй болсон. Би өөрөө очиж үзсэн. Ар талын дугаар нь алдаатай. Газрын үнийн дүнг 5.200.000 төгрөгөөр багасгаж бичсэн. 3-5 алдаатай шийдвэр авсан байдаг. Шийдвэрээ аваад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиход н.Б гэдэг хүн хүлээж авсан. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хүүгийн А гэдэг хүн 24 дүгээр шийдвэрийг хүлээж авсан байдаг. 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичиж өгсөн байдаг. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй болсон. Ийм хууль бус зүйл хийсэн байдаг. Би 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандаад нэг удаа мэдүүлэг өгчихөөд байж байтал манай Б дүүргийн найз над руу яриад танайх газраа зарсан юм уу ийм зүйл болсон байна гэж хэлсэн. Би шийдвэрээ аваад, 6 хувааж авсан гээд Б дүүргийн Газрын албан дээр яваад очтол 2003 оны дүүргийн Засаг дарга н.Зын гарын үсэгтэй 129 тоот гэсэн захирамж гарч ирсэн. Түүн дээр бичсэнээр эрх зүйн зөрчилгүй, гэрчилгээ байхгүй хүмүүст яаравчлан газар өмчлүүл гэсэн заалттай захирамж байсан. Х.Тын материалыг авч үзвэл өөрийн гараар өргөдөл бичсэн байдаг. *********336 тоот гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээг 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан байдаг. Дүүргийн Засаг даргын 109 дугаартай 1 сарын дотор шийд гэсэн захирамжийг ашиглаад жилийн дараа Х.Тт гэрчилгээ бичиж өгсөн. 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн цагдаад өргөдөл өгсөн. Хууль бусаар гарсан 109, 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхэд 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хандсан. Одоо хянагдаж байгаа. Энэ хүн залилаад авсан байна. Би шүүхэд хандаад шийдвэрлүүлээд ирье гэтэл Б дүүргийн Прокурорын газраас хүний хөрөнгийг үлэмж хэмжээгээр хохироогоод авсан нь үнэн байна гэж тогтоогоод 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 217 дугаар тогтоол гарсан. Нэхэмжлэлийн шаардлага бол 109, 301 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах байгаа. Анх үл хөдлөх эд хөрөнгийн газарт 24 дүгээр шийдвэрийг барьж очиж авчихаад, 24 дүгээр шийдвэрээ захиргааны хэрэгт өгсөн байдаг. Өмгөөлөгч нь хийсэн байх. Үүгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. 301 дүгээр захирамж нь байгаад байхад ийм зүйл хийсэн. Эрх зүйн зөрчилтэй ч гэсэн дахин нэг хүнийг хуурсан. Б.Бийг 5 сая ч байна уу, 50 сая ч байна уу авсан хүн чинь хаана ямар газар гэж үзнэ. Гэтэл ерөөсөө над дээр ирж үзэж байгаагүй. Саяын Хны хэрэг дээр ч ирээгүй. Өөрсдөөс нь асуухаар гудамжинд наасан зараар авсан гэдэг гэсэн. Ийм зүйл хийж яваад байна. Эцэст нь энэ хэргийг бодит үнэнд нийцүүлж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхний хоёр нэхэмжлэлийн шаардлагын тухайн анх яагаад газар эзэмших эрх Х.Тт үүсэх болсон. Яагаад өмчлөх эрхтэй болсон талаар нэхэмжлэгч өөрөө гол үйл баримтыг нь тодорхой ярьсан. Тухайн үед хүсэлт тавьж байсан. Түүнтэй нь холбоотойгоор эзэмшигчээс төрийн байгууллагад Газрын албанд хүсэлт, гэрээ хүргүүлж байсан зүйл байхгүй. Хоёр иргэний хооронд газар худалдах, эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл талуудын хүсэл зориг ямар байсныг төрийн байгууллага мэдэхгүй байж, шилжүүлсэн ч юм уу, одоо ийм тайлбар өгөх боломжгүй. Тийм учраас эзэмших эрх нь анхнаасаа үүсэх боломжгүй байжээ. Тухайн үед бусдын эзэмшилд байсан газрыг давхардуулан эзэмшүүлсэн. Түүнийг үндэслэж өмчлөх эрхийн шийдвэр гаргуулсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн иргэний газрыг өмчлүүлэхээр зохицуулсан. Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн эсэхийг нь тогтоохын тулд эзэмших эрхийн гэрчилгээтэй холбогддог. Тийм учраас энэ гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцалгүй байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь хууль бус байжээ. Тухайн үед ямар нэг байдлаар эзэмшдэггүй, амьдардаггүй байсан нь олон нотлох баримтаар тогтоогдсон. Тийм учраас энэ эзэмших эрх нь анхнаасаа хууль бус байсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээ буюу дараагийн шийдвэр гарах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тийм учраас өмчлүүлсэн нь өөрөө бас хууль бус. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасныг зөрчсөн. Шийдвэр гаргах үйл ажиллагаатайгаа холбогдуулаад захиргааны байгууллага мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас Х.Т анхнаасаа энэ газрыг өмчлөх эрх үүсэх боломжгүй байсан. Улсын бүртгэлийн байгууллага яагаад буруутай вэ гэвэл. Хавтас хэрэгт 2 дугаар хавтасны 101-106 дах талд авагдсан баримтаар өмчлөх эрхийг анх бүртгэхдээ ямар материалд үндэслэснийг нь шинжлэн судалсан. Мөн асуултанд хариулахдаа 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэсэн шийдвэр гэсэн баримт байгаа гэж байна. Шийдвэр гэсэн баримт нь газар өмчлүүлж байгаа шийдвэр биш шийдвэрийг баталгаажуулсан гэрчилгээ. Энэ гэрчилгээг үндэслэж бүртгэл хийсэн нь буруу. Яагаад гэвэл Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3-т тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ гээд шийдвэр гэрчилгээ аль аль нь байхыг шаарддаг. Гэтэл зөвхөн шийдвэр гэсэн гэрчилгээг нь хараад бодитоор гарсан Засаг даргын захирамжийг хянан шалгаагүй. Бүрдүүлэхдээ хавсаргаж ирүүлэхийг шаардсан баримт байхгүй. Хэргийн материалд ирүүлсэн 5 хуудас баримт болон хариуцагчийн тайлбарт энэ тухай дурдагдаагүй. Тийм учраас энэ заалтыг зөрчиж бодитой ийм шийдвэр байгаа эсэх энэ нь тухайн этгээдэд хамааралтай эсэхийг улсын бүртгэлийн байгууллага тогтоох ёстой байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Анхнаасаа Х.Тт захирамжийг үндэслэж гэрчилгээ олгохдоо хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Тийм учраас дараагийн өмчлөх эрх үүсэх боломжгүй байсан тул захиран зарцуулах эрхэд хамаарч байгаа учраас иргэн Б.Бд холбогдох хэсэг ч бас хүчингүй болох ёстой. Гуравдагч этгээдийн зүгээс 2004 онд яагаад гомдол гаргаагүй вэ гэж асуусан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандах эрх нь нээлттэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нотлох баримтыг хангалттай судалж, талуудын тайлбарыг бүхэлд нь сонслоо. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор өмчлөх эрхтэй болсон. Өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бүртгүүлсэн өмчлөх эрхээ бусдад зарж борлуулах боломжтой болоод Б.Бд зарсан. Яаж энэ эзэмших эрхийг авсан талаар гуравдагч этгээдийн зүгээс болон хариуцагчийн зүгээс ярьдаггүй. 109 дүгээр захирамжийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй. Газрын тооллогод хамрагдсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинээр баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй. Ямар нэг гэрчилгээгүй этгээдүүдийг гэрчилгээжүүлэх гэж заасан. Энэ зорилгын үндсэн дээр 2003 онд 1 сарын аян явагдсан байна. Гэтэл 2004 оны 04 дүгээр сард Х.Т хүсэлт гаргаад энэ захирамжийг үндэслэл болгоод газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Х.Тт өмнө нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан шийдвэр гарч байсан эсэхийг анхаарч үзнэ үү. Хэргийн материалд энэ талаар байдаггүй. Хариуцагч энэ талаар ярьдаггүй. Зөвхөн 109 дүгээр захирамжийг үндэслэж гэрчилгээ олгосон гэдэг. Гэтэл 109 дүгээр захирамж уул нь газар эзэмших тухай Засаг даргын шийдвэр гарчхаад тухайн тохиолдолд гэрчилгээгээ аваагүй. Түүний эзэмшиж байгаа газар нь өөр этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой зөрчилдөөгүй тохиолдолд газрын гэрчилгээг нөхөж олгох зорилготой байсан. Гэвч энэ зорилгоосоо хазайгаад эзэмших тухай шийдвэр гараагүй этгээдэд газар эзэмших гэрчилгээ олгосон нь илт хууль бус юм. Гэтэл тухайн үед бодит байдал дээрээ эзэмшиж байгаа 700 м.кв газар буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаа газар нь иргэн Д.М гэдэг хүний эзэмшилд хууль ёсоороо байсан гэдэг нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад гарсан кадастрын зургуудаас тодорхой харагдаж байгаа. Улмаар энэ нь үргэлжлээд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргуулсан. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д эзэмшиж байгаа газраа өмчилж авна гэж тодорхой заасан. Тэр шаардлагыг хангахын тулд газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль зөрчиж аваад хавсаргаж өгсөн. Энэ нь улмаар улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлага илт хууль бу с болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гээд маш тодорхой байгаа. Улсын бүртгэлд холбогдож байгаа шаардлага бол хүчингүй болгуулах. Тухайн үед хуульд заасан баримтуудыг үндэслэж бүртгэл хийгдсэн боловч өнөөдөр тэр баримт нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн болох нь шүүх тогтоосон тохиолдолд хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хийх ёстой байсан болов уу. Улсын бүртгэлийн байцаагч түүнийг шалгах ёстой байсан боловч шалгаагүй. Бүртгэлийн үндэслэл болгоод байгаа 24 дүгээр захирамж нь өөрөө Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамж байгаагүй. Гэрчилгээ нь агуулга болон бичвэрийн маш том алдаатай нөхцөл байдал байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хууль бус, хуульд нийцээгүй арга хэрэгслээр олж авсан этгээдийн газар өмчлөх эрх, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар гуравдагч этгээдэд худалдсан асуудал өөрөө хуульд нийцэхгүй. Хүчингүй болгуулах, илт хууль бусад тооцуулах үндэслэлтэй юм. Гуравдагч этгээд Б.Бийн өмгөөлөгч хүчин төгөлдөр эрхийн гэрээ гэрчилгээ байгаа гэж тайлбарлаж байна. Энэ асуудал энэ шүүх дээр яригдахгүй. Бид бүртгэлийн тухай маргаж байгаа. Анхны бүртгэл нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн учраас дараа дараагийн бүртгэлүүд дагаад хүчингүй болгуулах үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Дөрөв. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Т нь 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б дүүргийн Засаг даргын 109 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Үүнийг үндэслэн 2004 оны 301 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргаас Х.Тт газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Уг 301 дүгээр захирамж нь хууль журмын дагуу гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Тав. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “ газрын зөвшөөрөл” олгох тухай 197,198 дугаар захирамжууд гаргасан байх ба дээрх захирамжуудад иргэн Д.М, Ц.Ч нарын нэр нь дурьдагдаагүй байна. Б дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар газар эзэмших гэрчилгээ шинэчлэн аваагүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд иргэн Х.Тт газар эзэмшүүлсэн байна. Иргэн Х.Тт эзэмшүүлсэн Б дүүргийн -- дугаар хороо Тын 24 тоот хашааны газар нь иргэн Ц.Чд эзэмшүүлсэн тус хорооны 24а тооттой давхцаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Зургаа. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдриин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүртгэлийн байгууллага Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Т нь бүртгэлийн байгууллагад хандаж мэдүүлэг, түүнд баримт бичгүүдийг хавсаргаж мэдүүлэг гаргасан байдаг. Бүртгэлийн байгууллага тухайн мэдүүлгийг хүлээн авч хянан үзсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэхийг нэр заан хуульчилж өгсөн. Х.Тын гаргаж өгсөн мэдүүлэгт нотлох баримтууд бүрэн бүрдсэн байсан. Иймээс бүртгэлд авч 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 446 м.кв газар талбайтай газрыг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийг Х.Тт олгосон. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Холбогдох дүрэм, журамд нийцсэн. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б мэдүүлэг гаргаж, Х.Таас уг газрыг худалдан авлаа гэсэн. 87 дугаартай нотариатын гэрчилсэн худалдах худалдан авах гэрээг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй учраас худалдах худалдан авах гэрээний дагуу Х.Таас Б.Бд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн. Бүртгэлийн байгууллагын үйлдэл нь холбогдох хууль, журамд нийцсэн. Ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй. Хүлээж авах үед тухайн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул эдгээр бүртгэлүүдийг хийсэн гэв.
Долоо. Гуравдагч этгээд Х.Тын өмгөөлөгч А.З шүүхэд ирүүлсэн болон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх гэж байна. Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг. Шийдвэрлэхдээ төрийн захиргааны байгууллагаас, эрх бүхий албан тушаалтнаас хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж, бусад байдлаар шийдвэрлэнэ. Бүртгэлийн байгууллага Х.Тын хүсэлтийг үндэслэж бүртгэсэн асуудал нь ямар хууль зөрчсөн гэдэг нь харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар залилсан юм шиг. Эсвэл хоорондоо тохиролцсон байсан юм шиг. Залилсан, тохиролцсон байсан асуудал эрүүгийн эрх зүйн маргаан нийтийн эрх зүйн маргаанд хэрхэн нөлөөлөх, бүртгэлийн байгууллага тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх. Залилсан, хуурсан асуудлыг Захиргааны хэргийн шүүх харьяалж шийдвэрлэх нь эргэлзээтэй. Логик зөрчилтэй зүйлүүд харагдаж байна. Нэхэмжлэгчийг анх амьдарч байсан. Хашаа барьсан гэдэг дээр маргадаггүй. 2000 онд Б дүүргийн Засаг дарга С.Ээ гэдэг хүний гарын үсэгтэй гэрчилгээ байгаа. Амьдарч байсан гэдэг дээр маргаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Анх “С” ХХК-аас худалдан авч өмчлөгчөөр тогтоогдсон ч гэж ярьдаг. Газрын тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл газар бол төрийн өмч байсан. Иргэд ямар нэг байдлаар өмчлөөд худалдах асуудал байгаагүй. Тухайн үед “С” ХХК болон Ус сувгийн удирдах газрын хурлын тэмдэглэлд үзлэг хийлгэхэд тухайн газрыг хүлээлцэж авсан тэмдэглэл нь байдаг. Гэтэл хэлэлцэж шийдвэрлэсэн нь хүлээлцэж авахаасаа сүүлд шийдвэрлэсэн. Ийм зөрчилтэй. Нөхөж шийдвэрлэсэн зүйл харагддаг. Үнэхээр өмчилж авсан уу. Тухайн үед эзэмшиж, ашиглаж, худалдаж авсан гэдэг дээр маргаагүй ч гэсэн ийм эргэлзээтэй асуудал байдаг. Ийм нөхцөл байдал байсан ч гэсэн Газрын тухай хууль хэрэгжиж эхлээд бүх иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх боломжийг нээж өгсөн. Энэ үед Х.Т тухайн газрыг эзэмшиж байсан уу, ямар үндэслэлээр энэ газрыг олж авсан. Үнэхээр өмчлөл нь хууль ёсны байвал бусад нөхөж авсан асуудал нь хамаагүй. Анх өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр авсан бол сүүлд нь гэрчилгээ нь надад байхад буцааж авчихлаа. Буцааж өгөхдөө алдаатай захирамж гаргасан гэх тайлбарууд нь ямар ч үндэслэлгүй байна. Газрыг анх 301 дүгээр захирамжаар авахдаа Д.М гуайн гэр бүлийн гишүүдтэй адилхан хүсэлт өгсөн. Өмнө нь 2003 онд эзэмшиж байсан эзэмших эрхийн гэрчилгээ дээр үндэслэсэн. Д.М гуайн мөн өөрөө сайн дураараа шилжүүлж өгсөн гэж ярьдаг. Үнэхээр тухайн үед Газрын тухай хуулиар нэг иргэн хоёр гэр бүлийн хэрэгцээний газар ганцаараа эзэмших, өмчлөх боломж байгаагүй. Энэ үүднээс энэ хүмүүс хоорондоо тохиролцоод Х.Тт шилжүүлсэн асуудал харагдаж байна. Өнөөдөр хамгийн гол нь тохиролцоо бүтсэнгүй гэх юм уу, өөр шалтгаанаар тухайн үед шилжүүлсэн газраа буцааж авахдаа бүртгэл хүчингүй, миний эрх ашгийг хөндлөө гэж эсрэг байдлаар тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайн үед хууль ёсны дагуу бүртгэсэн. Х.Т гэр бүлийн хэрэгцээндээ зориулж тухайн газрыг авсан байхад Д.М гуай гэр бүлийн 5 гишүүнд нэг газар өгөх байсныг 5 гишүүнээ тусдаа гэр бүлтэй мэтээр хуурамч мэдүүлэг хөтлөөд бусад газраа хууль бусаар авсан байдаг. Х.Т хууль ёсны дагуу эзэмших эрхийн гэрчилгээ дээр үндэслэж, хуульд заасан шаардлагын дагуу мэдүүлгүүдээ өгөөд гаргасан байдаг. 301 дүгээр захирамжийн урьдач захирамж нь 109 дүгээр захирамж, аль алийг нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 24 дүгээр захирамж бол эрх бүхий Газрын алба өөрөө андуурч бичсэн гэдгээ тайлбарласан. 24 дугаартай захирамж нь өөрөө тендертэй холбоотой захирамж байгаа. 301 дүгээр захирамж дээр яг адилхан газар өмчлөх эрх авсан Д.М гуайн гэр бүлийн гишүүдтэй жагсаалт дээр нь бичигдсэн. Дугаар нь өөрчлөгдсөн. Газрын албанд байдаг өмчлөгчийн дэлгэрэнгүй мэдээлэл дээр энэ хоёр захирамж нь хоёулаа авагдсан. Эрх бүхий этгээд нь давхардуулсан байна гэдгээ тайлбарласан байхад энэ үндэслэлээр Х.Тын өмчлөх эрхэнд халдаад, түүнийг хүчингүй болгох ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Найм. Гуравдагч этгээд Х.Тын өмгөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн болон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэргийн 217, 43, 203 хуудсанд байгаа материалуудыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэх байх гэж бодож байна. Үүнд 43 дугаар хуудсанд гэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл анх гаргахдаа, тайлбарлахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл дархны газар байгуулна гэж тохиролцоод газраа шилжүүлсэн гэж тайлбарладаг. Энэ нь Иргэний хэргийн шүүхээр маргаад, Эрүүгийн хэргийн шүүхээр маргаад энэ газраа авч үлдэх энэ хүний эцсийн боломж нь болохоор энэ олон залуучуудад буруу үлгэр дууриалал үзүүлээд худлаа яриад сууж байгаад харамсаж байна. Хавтаст хэрэгт нэг өөрөөр бичдэг. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нарынхаа зааж өгснөөр өөр тайлбар гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа энэ хүний бичсэн тайлбар, хэлсэн үгийг дүгнэж өгнө үү. Энэ хэрэг, энэ нэхэмжлэл Захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн эсэх. Энэ хүн өөр шугамаар төрийн байгууллагад хандаад аль эсвэл иргэний журмаар аман болон бичгийн хэлцлээ шийдвэрлүүлэхээр явах ёстой. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх байх. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр болон буруу зөв гарсан асуудал бол энэ хэлцэл Захиргааны хэргийн маргаан мөн эсэхийг шийдэхэд хамаагүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг мөн гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацааны асуудал гарч ирнэ. Яагаад вэ гэвэл 2004 онд яг адилхан захирамж гарахад яагаад маргаан гаргаагүй вэ. Тэгсэн мөртлөө ярьж байсан гэдэг. Уулздаггүй гэдэг яаж энэ хоёр хүн уулзаж байсан бэ. Огт уулзаагүй гэдэг. Босож ирээд хоёр өөр юм ярьдаг. Худлаа ярьдаг. Энэ бүхнийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Ес. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Мын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Б дүүргийн Засаг дарга, Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Х бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан. Гол маргааны асуудал болох банкны барьуаа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн тул энэхүү хэрэгт Х хамааралгүй тул шүүх хуралд оролцохгүй гэжээ.
Арав. Гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн худалдан авах гэрээ байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Бд олгосон худалдах, худалдан авах гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус. Хуульд заасан нэхэмжлэлийн гол шаардлага тодорхойгүй байна. Хууль бус гэдгийг нь хэрхэн тайлбарлаж байгааг нь сонслоо. Худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан үндэслэл бүхий, хуулийн дагуу хийгдсэн. Үүнийг нотариатын эрх бүхий субъект баталсан. Үүнийг үндэслээд улсын бүртгэлийн газар бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй, холбогдох баримтууд нь бүрэн, хуульд нийцсэн байсан учраас энэ хүнийг өмчлөгчөөр бүртгэсэн гэж тайлбарлаж байна. Энэ олгогдсон гэрчилгээ, улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн явц, худалдах худалдан авах гэрээ маань хуульд заасан үндэслэлээр хийгдсэн. Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль зэргийг зөрчсөн зүйл байхгүй. Хуульд заасан үндэслэлээр уг газрыг худалдан авч өмчлөлөө бүртгүүлсэн. Б.Б шударгаар авсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа болон Х.Тт холбогдох асуудлыг Б.Б мэдэхгүй. Мэдэх боломж байгаагүй. Дээрх асуудлуудыг мэдэх боломжгүй байсан. Олгогдсон гэрчилгээ, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэсэн бүртгэл, нотариатын үйлдэл, худалдах худалдан авах гэрээ хуульд нийцэж хийгдсэн байна. Тийм учраас үүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Гуравдагч этгээд Х.Тын өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Дэмжиж байна. Ямар нэг байдлаар хууль зөрчсөн асуудал гэхээсээ илүү хувь хүн хоорондын маргаан явагдаж байна. Тийм учраас эрүү, иргэн, захиргааны шүүхээр удаа дараа хөөцөлддөг. Нэхэмжлэлээсээ татгалздаг. Цагдаагийн байгууллагаар шалгуулдаг зэрэг асуудлыг ерөнхийд нь харвал хоорондоо ярьж хэлэлцсэн зүйл байдаг. Үүнийгээ газартай холбогдуулж илэрхийлж гаргаж ирч байгаа нь зохимжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот захирамжийг үндэслэн Х.Тт газар өмчлүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24 өдрийн 24 тоот гараагүй учир Г.Мын гарын үсэгтэй 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гэж тодорхойлж байгаад Б дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн Х.Тт Б дүүргийн Тын **-** тоот 700 м.кв газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **********366 дугаартай гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Х.Тын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгож, Б.Бийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********957 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Б дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамжийг үндэслэн Х.Тт олгосон Б дүүргийн 16 дугаар хорооны Тын **-** тоот 700 м.кв газрыг эзэмших эрхийн **********366 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ус сувгийн ашиглалтын газар “С” жижиг үйлдвэрийн захирал М.Пийн хүсэлтийг үндэслэн 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр жижиг үйлдвэрт түрээсээр ашиглагдаж байсан станцын барилга, усан сан, манааны байр, уурын зуух, салхивч, бойлерын хашааг 172332 төгрөгөөр үнэлж, худалдах шийдвэр гаргажээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, Ус сувгийн удирдах газраас “С” жижиг үйлдвэрт шилжүүлэн өгсөн орон сууцны байшингийн жагсаалт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Ус сувгийн ашиглалтын газраас худалдаж авсан эд хөрөнгөөс станцын барилга, усан сан, 6300 м.кв хашаа болон станцын барилга 2800 м.кв хашааг М.П, усан сан, харуулын байр болон 3500 м.кв хашааг Д.М өөрийн өмчлөлд авахаар харилцан тохирч, тус газартаа “М” пүүс буюу Д.М дулааны шугам татах техникийн нөхцөл авч, энэ ажлын зардлыг 100 хувь хариуцахаар тохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай техникийн нөхцөл, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дулааны шугам хүлээлцсэн протокол, “М” ББХК-ийн захирал Д.М, “С” ХЭАА-н эзэн М.П нарын хооронд байгуулсан 01 тоот гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
Нэхэмжлэгч Д.Мад Б дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0101002316 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Б дүүргийн -- дугаар хороо Тын нутаг дэвсгэрт 1500 м.кв газрыг, мөн өдрийн 0101002316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр түүний эхнэр Ц.Чд 1500 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Д.Мын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургаар маргаан бүхий газрыг нийтэд нь 2411.38 м.кв гэж оруулжээ.
Дээрх нотлох баримтуудаар Д.М нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан хуулийн хүрээнд маргаан бүхий газрыг эзэмшсэн болох нь тогтоогдож байна.
Б дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 109 дүгээр захирамжийг үндэслэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х.Тт Б дүүргийн Тын **-** тоотод байршилтай 700 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр **********366 дугаартай гэрчилгээ олгожээ. Тус захирамжийн 1 дэх заалтаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэдэд газраа өмчилж авахад шаардагдах баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор гаргажээ. Тодруулбал, Б дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Х.Тт Б дүүргийн Тын **-** тоот газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Х.Т нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг 31.1 дэх хэсгийн дагуу газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эзэмших хүсэлт гаргахдаа мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу 32.2-д заасан иргэний үнэмлэх, эзэмших газрын засаг захиргаа, газрын зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа, зэрэг баримтуудыг тусган өгч, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж болохоор байна. Гэвч Х.Т нь тухайн шатны Засаг даргад хүсэлт гаргахдаа дээрх хуулийн шаардлагуудыг хангаагүй бөгөөд тухайн газар нь бусдын эзэмшил газартай давхцаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчжээ.
Гуравдагч этгээд Х.Т “...алт мөнгөний дархан ажиллуулаар аман хэлэлцээр хийж, тухайн газрын авсан” гэж, нэхэмжлэгч “...Х.Т нь Б дүүргийн Тын **-** тоотод ганц ч удаа амьдарч байгаагүй бөгөөд тухайн үед намайг залилан миний газрыг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан” гэж маргадаг. Тэгвэл газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшигч газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй. Шилжүүлэхдээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдаж болох бөгөөд эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт зэргийг хавсаргаж гаргах бөгөөд эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулж, ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж, дүүргийн Газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Иймд Х.Тт газар эзэмшүүлж, гэрчилгээ олгох тухай захирамж гараагүй, мөн Д.М дээрх хуулийн заалтын дагуу өөрийн эзэмшил газраа шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байхад “Х.Тт Б дүүргийн Тын **-** тоот 700 кв.м газрыг “амины” зориулалтаар 2 жил эзэмшүүлэхээр **********366 дугаартай гэрчилгээ олгосон нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг дарга М.Э 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 301 дүгээр захирамжийн хавсралтын “157” дугаарт Х.Тт Тын 13 дугаар гудамжны 24 тоот 446.4 кв.м газрыг өмчилж, газар өмчлүүлэх тухай шийдвэрийг 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр авчээ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж заасан байх бөгөөд эндээс үзэхэд Х.Тын өмчилж авахыг хүссэн газар дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшилд байгаа газрыг гуравдагч этгээд Х.Т нь өмчилж авах хүсэлт гаргах хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Х.Тын эзэмшиж буй газраа өмчилж авахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр түүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 446.4 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Тэрээр 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “М” сонинд “ Хүүгийн Түмэнбаяр нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжтай 002755 тоот шийдвэр хүчингүй болсонд тооцох” гэсэн утга бүхий зар өгсөн байна. Мөн Д.М нь Б дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө “2003 онд Х.Т та нэг хэсэг газраа миний нэр дээр шилжүүлчих миний алтны уурхайг хоёулаа хамтран эзэмшье. Танай газар дээр алт мөнгөний дархан ажиллуулъя гэхэд би зөвшөөрч, 38400 /гучин найман мянга дөрвөн зуун/ ам доллар зээлдүүлсэн. Гэтэл удалгүй бүх зүйл худлаа болох нь тодорхой болсон тул эхний ээлжинд мөнгөний асуудлаа шийдвэрлүүлсэн юм. Гэтэл Х.Т уг хашааны эзэн мэт дүр үзүүлэн материал бүрдүүлж, Б дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж, газрыг эзэмших гэрчилгээ авч, өөрөө тэр хашаанд байнга оршин суугч мэт газрын хэмжээг 700 м.кв гэж залилан өмчилж авсан байна. Анхны гэрчилгээ надад хадгалагдаж байгааг мэдсээр байж уг гэрчилгээг хүчингүй болгуулж шинээр гэрчилгээ авсан байна” гэсэн тайлбар гаргаж, гуравдагч этгээд Х.Т 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...би Нийслэлийн Засаг даргад хуулийн дагуу газар өмчлөх хүсэлтээ тавьж, Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар уг газрыг өмчлөх газрын гэрчилгээ авсан. Д.М нь Ус сувгийн удирдах газраас 6300 м.кв талбайтай объектыг худалдаж авсан нь уг газрыг өмчлөх эрх үүсэхгүй бөгөөд эзэмших эрхийг зохих журмын дагуу авсан гэх нотлох баримт алга байна. Хэдийгээр өөрийн хувийн хөрөнгөөр иж бүрэн дулааны шугам сүлжээ ашиглалтанд оруулсан гэж байгаа боловч төрийн захиргааны байгууллагаас иргэн надад тухайн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан тул би хариуцахгүй. Тухайн үед Д.М энэ талаар мэдэж байсан маргаан байсан юм бол тухайн үед нь зохих газарт нь хандаж шийдвэрлүүлэх боломж байсан” гэжээ.
2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор “...яллагдагч Х.Т нь 2004 онд “алт мөнгөний дарханы газар нээн ажиллуулъя” хэмээн хохирогч Д.М болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн Б дүүргийн -- дугаар хороо, Тын 13 дугаар гудамжны 2114 м.кв газраас 446 м.кв газрыг хуурч мэхлэн өөрийн нэр дээр болгуулан залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Х.Т нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож байна” гэж тогтоож, Ерөнхий прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 5/26 дугаар тогтоолоор “Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгожээ. Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолоор прокурорын 5/26 дугаар тогтоолоор “хохирогч Д.М нь Б дүүргийн -- дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тын **-** тоот 446 м.кв газрыг өөрийн санаачлагаар Х.Тт өмчлүүлж байх бөгөөд Х.Тын газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдлаас дүгнэж үзээд Х.Т нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах санаа зорилготой болох нь тогтоогдохгүй байна” гэж тогтоожээ.
Дээрх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд хэдийгээр маргаан бүхий газрыг шилжүүлэх талаар талууд хоорондоо тохиролцсон гэж байгаа боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх талаарх хуулийн заалттай зөрчилдөж байна. Нэгэнт дээрх хуулийн заалтыг зөрчиж, хууль бусаар газар эзэмших эрхийг иргэн Х.Тт олгож, улмаар маргаан бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй байна.
Иймд Х.Тт Б дүүргийн -- дугаар хорооны нутаг дэвсгэр, Тын **-** тоот байршилтай 446.4 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. ”Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэл Х.Т олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Г.М нь 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Тт Б дүүргийн -- дугаар хорооны нутаг дэвсгэрт 446 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд “Нийслэлийн Засаг дарга М.Эын 2004 оны 301 дүгээр захирамжийг үндэслэн олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрээ хүчингүйд тооцуулж, дахин 2009 онд авсан” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед буюу 2004 онд Нийслэлийн Засаг даргаар Г.М гэдэг хүн ажиллаж байгаагүй байхад газар өмчлүүлэх шийдвэр олгосон өдрийг 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэснээс харахад тухайн үед эрх хэмжээ олгогдоогүй албан тушаалтан шийдвэр гаргасан харагдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дугаартай захирамжийг шүүж үзэхэд энэ нь Х.Тт газар өмчлөх тухай биш байх бөгөөд 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дүнг баталж, гэрээ байгуулах тухай” 24 дүгээр захирамж, Б дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1185 дугаар албан бичигт “Нийслэлийн Засаг даргын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот захирамж гараагүй болно” гэж тодорхойлолт нэхэмжлэгчийн “...2004 оны 301 дүгээр захирамжийг үндэслэн олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийг надад байгаа гэдгийг Х.Т мэдэж байсан...” гэсэн тайлбар зэргээр илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.
4. “Х.Тын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгож, Б.Бийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********957 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд Х.Т нь 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, газрын байршлын кадастрын зураг зэргийг хавсаргаж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ирүүлжээ.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Тт Б дүүргийн -- дугаар хороо, Тын 13 дугаар гудамжны 24 тоот 446 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********667 дугаартай гэрчилгээ олгожээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д зааснаар “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” эрхтэй бөгөөд, мөн хуулийн 11.5.3-д заасан “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” үүрэгтэй байхад Х.Тт газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэл болгосон байхад уг захирамжийг шалгах үүргээ биелүүлээгүй байна.
Үүгээрээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимыг зөрчжээ.
Х.Тын гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах татгалзах үндэслэл байхад улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл Х.Тт газар өмчлүүлэх тухай шийдвэр нь Нийслэлийн Засаг даргаас огт гаргаагүй 24 дүгээр захирамжийг үндэслэн олгогдсон байхад, шалгаж тодруулалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.
Х.Т нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Бтэй газар худалдах худалдан авах гэрээ байгуулж, өмчилж авсан газраа 50.000 /тавин сая/ төгрөгөөр худалдсан тухай гэрээ байгуулжээ. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, маргаан бүхий газрыг иргэн Б.Бийн өмчлөлд шилжүүлж газар өмчлөх эрхийн ********957 дугаартай гэрчилгээг олгожээ. Ингэснээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Х.Тын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********667 гэрчилгээ хүчингүй болсон боловч энэхүү гэрчилгээ нь хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.М 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр анх тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 333 дугаар шүүхийн тогтоол гаргаж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангаж, 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 477 дугаар тушаалаар тус байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон шүүхэд ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Нэхэмжлэгч Д.М нь гуравдагч этгээд Х.Тын газрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байсан бөгөөд энэ хэрэг өдийг хүртэл эцсийн шийдвэр гаргалгүй үргэлжилсээр байгаа юм.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор байхад Б.Бд Улаанбаатар хотын Б дүүргийн -- дугаар хороо, Тын **-** тоот 446 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, ********957 дугаартай гэрчилгээ олгосон нь буруу байна.
Мөн гуравдагч этгээд Б.Б нь худалдан авч байгаа газрынхаа захирамж, түүнийг үндэслэн гаргасан газар өмчлүүлэх тухай шийдвэрийг шалгах бүрэн боломжтой байсан төдийгүй худалдан авсан газартаа өнөөдрийг хүртэл амьдардаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
Нэгэнт гуравдагч этгээд Б.Б хууль бусаар эзэмшил, өмчлөл үүссэн газрыг худалдан авч хохирсон учраас Х.Таас хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дугаар зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5-д тус тус заасныг баримтлан Б дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн тус дүүргийн -- дугаар хороо, Тын 13 дугаар гудамжны 24 тоот 700м2 газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **********366 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Тт холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Тт олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцож, энэ газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Х.Тт олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ********667 дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, Б.Бийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ********957 дугаар гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ