Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 333

 

Б.О, Г.С нарын нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн

8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь,                              

Шүүгчид:                             Л.Атарцэцэг,

Х.Батсүрэн,

Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:     Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0387 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.О, Г.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Гуравдагч этгээд Д.Д, Л.Ж, Х.Э нар. 

Нэхэмжлэгч Г.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар

сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг тус тус баримтлан Б.О, Г.С нэхэмжлэлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нарт холбогдох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0387 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О, Г.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

                 Хяналтын журмаар гаргасан гомдол

 

  1. “Захиргааны хэргийн дагнасан шүүх буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаар магадлалд хууль зөрчсөн, хуул буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

  1. а/ Захиргааны хэргийн дагнасан шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дахь хэсгийг зөрчсөн талаар. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ...хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан.

 

  1. Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж дэх нутгийн өөрөө удирдах байгууллага болох баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд төлөөлөгч гэсэн ойлголт байдаггүй бөгөөд хуульд зааснаар тухайн баг хорооны 20-30 өрх тутмаас иргэд тухайн шатны хуралд оролцсоноор хурал нь хүчинтэй тооцогдоно. Өөрөөр хэлбэл, тухайн баг хорооны иргэдийн нийтийн хурлын ирцэд олонхын зарчмыг хуулиар шаарддаггүй тул өөр өөр газар тухайн баг хорооны иргэд тус тусдаа хуралдах боломжтой. Гэсэн хэдий ч хуульд заасан 20-30 өрх тутмаас иргэд оролцож хуралдсан л бол ирц хүчинтэй, хууль ёсны баг хорооны иргэдийн Нийтийн Хуралдаан гэж үзэх нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Учир нь, аливаа хуралдааныг эрх бүхий этгээд зарлаж хуралдуулдаг билээ.

 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан бөгөөд энэ нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралдаанд мөн хамааралтай. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны 2012-2016 оны хугацаанд ажилласан иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг 8 дугаар хорооны иргэний танхимд хуралдуулахаар зарласан, энэхүү зараа өөрчлөөгүй байхад уг хорооны зарим иргэд 9 дүгээр хорооны иргэний танхимд хуралдсаныг захиргааны хэргийн шүүх “зөв” гэж үзсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсгийг зөрчиж байна.

 

  1. Хэрэв нэхэмжлэгчийн зөрчил гэж үзэж байгаа фактыг шүүх зөв гэж үзэх аваас цаашдаа баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хувьд тухайн баг хорооны 20-30 өрх тутмын иргэд цуглаад хуралдаад, асуудлыг шийдвэрлээд явах эрх зүйн боломж бүрдэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга нь 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016-2020 оны анхдугаар хуралдаан явуулахаар бүрэн эрх нь дуусч байгаа иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон байсан газрыг өөрчилж, 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын иргэний танхимд иргэдийг цуглуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

 

  1. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийн хүрээний асуудлыг өөр ямар байгууллага, албан тушаалтан өмнөөс нь хэрэгжүүлэх, эдлэхийг хориглодог. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэж заасан.

 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-д “хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлах” тухай заасан. Энэ нь тодорхой хугацааны өмнө иргэдэд зар хүргэх, хуралдаанд оролцох, хуралдаан болох газар, хугацааг мэдүүлэх, хувийн ажил амьдралын асуудлаа зохицуулах боломжийг олгосон зохицуулалт билээ. Гэтэл иргэдэд түгээсэн зараас өөр газар, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, албан ёсны зарыг хүргэхгүйгээр хуралдсан хуралдааныг буюу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016-2020 оны анхдугаар хуралдааныг эрх бүхий этгээдийн товлосон газраас нь өөр газар хуралдсаныг захиргааны хэргийн дагнасан шүүх хуульд нийцсэн гэж үзсэн нь хуулийн мөн хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн дагнасан шүүх захиргааны хэргийг нотлох чиг үүргийг өөртөө хүлээдэг. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016-2020 оны анхдугаар хуралдаан эрх бүхий этгээдийн товлосон газар, хугацаанд хуралдсан үйл баримтыг захиргааны хэргийн дагнасан шүүх нотлох үйл явуулаагүй атлаа “хуульд заасан шаардлагыг хангахгүй...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

 

  1. Нэхэмжлэгчээс тухайн үйл баримтыг нотолж баримт сэлт гаргасан бөгөөд уг баримтын хувьд 20-30 өрх тутам гэсэн хуульд заасан ирцийг хангасан баримтыг гаргасан болно. Нэхэмжлэгчээс гаргасан баримт нь эргэлзээтэй, шүүх “үл итгэж байгаа бол” нотлох зарчмын дагуу энэхүү “үл итгэлээ” мөн нотлох үүрэгтэй гэж үзнэ.

 

  1. Гомдлын шаардлагын хувьд ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

  1. Нэхэмжлэгч Б.О, Г.С нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...анхдугаар хуралдааныг зарласан газраас өөр газар хуралдуулж хууль зөрчсөн...” гэж маргажээ. 

 

  1. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явуулах тооллогын комиссыг байгуулж, 2 дугаар тогтоолоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Хуягбаатарыг сонгон баталж, 3 дугаар тогтоолоор Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр Х.Буяндалай, Х.Гантулуун, Л.Ж, Д.Д нарыг сонгон баталж, 4 дүгээр тогтоолоор Хорооны Засаг даргад Х.Эг дэвшүүлж тус тус шийдвэрлэсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргаар Х.Эг томилсон байна.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий дээрх захирамж, тогтоолуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

  1. Нэхэмжлэгч Г.Сгийн “...ИНХ-ын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг 8-р хорооны Иргэний танхимд хуралдуулахаар зарласан, энэхүү зараа өөрчлөөгүй байхад тус  хорооны зарим иргэд 9 дүгээр хорооны Иргэний танхимд хуралдсаныг захиргааны хэргийн шүүх “зөв” гэж үзсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсгийг зөрчиж байна” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

 

  1. Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан ба Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагт тус 8 дугаар хорооны Иргэний танхимд хуралдуулахаар тогтоосон, уг тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

  1. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан..., баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд..., хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан.

 

  1. Хуулийн дээрх зохицуулалтаар зөвхөн тухайн хорооны иргэд Хурлын хуралдаанд оролцож, Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох, тэдгээрт сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээр, мөн хуралдааныг хүчинтэйд тооцох үндэслэл нь хурлын ирц бүрдсэн байхаар хуульчилсан ба тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 75 өрх тутмаас /тус хороо нь 2230 өрхийн 9860 хүн амтай гэх/ нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэйд тооцогдохоор байна.

 

  1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхдугаар хуралдаан болох 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 дугаар хорооны Иргэний танхимд хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал /байр ашиглалтанд ороогүй/ үүсч, хуралдааныг 9 дүгээр хорооны Иргэний танхимд хийхээр шийдвэрлэн, энэ талаар хуралдаанд ирсэн иргэдэд мэдэгдсэн байна. Гэвч тус хорооны иргэд 2 өөр газар буюу 9 дүгээр хорооны Иргэний танхим болон 8 дугаар хорооны байрны гадна гэсэн байршилд Хурлыг хуралдуулж, хуралдаан тус бүрээс 4 тогтоол гаргаж, Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад нэр дэвшигчийг сонгож баталсан байх ба хэрэгт 9 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хуралдаанд 134 иргэн, 8 дугаар хорооны байрны гадна хуралдсан хуралдаанд 112 иргэн оролцсон талаарх ирцийн бүртгэл авагджээ.

 

  1. Хуульд зааснаар Хурлын хуралдаан ирцийн хувьд хуулийн шаардлага хангасан гэдгийг нотлох баримт нь тухайн хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн бүртгэл болох бөгөөд нэхэмжлэгч Б.О, Г.С нарын оролцсон гэх 8 дугаар хорооны байрны гадаа хуралдсан хуралдаанд ирсэн иргэдийн ирцийг бүртгэсэн дэвтэр /48 хуудастай/, дүрс бичлэг зэргээс үзэхэд тус хуралдааныг ирцийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

 

  1. Харин 9 дүгээр хорооны Иргэний танхимд болсон 8 хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан ирцийн хувьд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан хүчинтэй байх шаардлагад нийцсэн байх ба нэхэмжлэгч Б.О, Г.С нарын тус хуралдаанд оролцох болон сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдний энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.  

 

  1. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Сгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0297 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0387 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.С-гийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА