Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00131

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ариунжаргал, Э.Эрдэнэтуяа, Н.Доржпалам нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бат-Оюунд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : М.Ариунжаргал, Э.Эрдэнэтуяа, Н.Доржпалам нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Д.Бат-Оюунд холбогдох,

“7.482.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Д.Бат-Оюун, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ариунжаргал нь 2012 оны 5 сард 4-20-р байранд байрлах йХЫ компаний оффис руу кофе авахаар ороход нүдний шилтэй эмэгтэй танилцъя гэж гар бариад Бат-Оюун гэжтанилцсанаа энд өдөрт мөнгийг чинь 7% өсгөж өгдөг, маш гоё компани байна гээд яриад байсан. Бид 2 танилцсан болохоор утаснуудаа өгөөд явцгаасан. Гэтэл Бат-Оюун нь тэр оройноос эхлээд 3 хоног утасдаад та 2 мөнгөө хийсэн бол өчнөөн мөнгө болж өссөн байгаа шүү дээ гэж үнэхээр бид 2-ын мөнгийг автал ярьсан. Ингээд би 3 хоногийн дараа 3 500 000 төгрөгийг, 2 хоногийн дараа 2 000 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг энэ хүнд өгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй хохирч явна. Ганцхан намайг хохироогоогүй, миний үр хүүхдүүдийг хохироож байгаад нь бид бүгд гомдолтой явдаг юм. Энэ үед би нялх хүүхэдтэй байсан, 1 ой хүрч яваа нялх хүүхэд минь түгжрэл болж хүнд хагалгаанд ороход нэг ч төгрөг өгөөгүй. Тэр байтугай ядарч явахад минь чамд олон улсын виза алтан карт авч өгнө гэж худлаа ярьж 140 000 төгрөг нэмж авсан. Ингээд 5 500 000 төгрөг дээр 140 000 төгрөгийг нэмж нийт 5 640 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2012-06-10-нд Бат-Оюунд 600 000 төгрөг өгсөн, 200 000 төгрөгийг буцааж авсан. Одоо 400 000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь энэ хүн 2012 оны 4 сард хуурамчаар ашиглаж байсан нь тогтоогдоод хориглосон сайтыг ашиглан олон хүнийг хуурч залилсан байна. Анх их сайхан зантай миний мөнгийг тоолж авч байсан. Одоо их муухай ааштай болсон. Хэл амаар доромжилж тэнэг малаар дуудаж загнадаг. Бид мөнгөө олж авахын тулд үгээр нь байдаг байсан. Та нар санаа зоволтгүй найдвартай мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хэлж байсан. Нэг хүн авчирвал 20 долларын урамшуулалттай гэж хүмүүст сурталчилж байсан. Иймд үлдэгдэл 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Доржпалам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Доржпалам 2012-06-21-нд Д.Бат-Оюунд хурдан хугацаанд мөнгө өсгөх сайхан боломж байна, өдрийн 0.7%-ийн хүүтэй маш их найдвартай хүмүүс ингэж мөнгө өсгөөд аваад байна гээд байхаар нь 1 442 000 төгрөг, тэр үед 1 000 доллар өгсөн. Хүүхдийнхээ оюутны төлбөрийг өгсөн. Гэр бүлд хэрүүл маргаантай хэцүү байна. Одоог хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй. Иймд Д.Бат-Оюунаас 1 442 000 төгрөг гаргулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“...Ариунжаргал нь Д.Бат-Оюунд эхлээд 3 500 000 төгрөг дараа нь 2 000 000 төгрөг нийт 5 500 000 төгрөг өгсөн, У.Эрдэнэтуяа нь 600 000 төгрөг өгөөд 200 000 төгрөгийг нь буцааж авсан 400 000 төгрөгөө аваагүй, Доржпалам нь 1 442 000 төгрөг өгсөн. Эдгээр хүмүүс энэ мөнгөө буцааж аваагүй хохирогч байна. Тэр сайт нь хаагдсан байхад хуурамчаар ашиглаж байсан. Нэхэмжпэгч нарын мэйл хаягаас авсан баримтууд нь хуурамч баримт байсан. Д.Бат-Оюун нь гадаадын сүлжээ сайт гэдгийг хэлсэн байдаг...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Бат-Оюун, М.Ариунжаргалын нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би Ариунжаргалтай 2012 оны 4-р сард миний ажлын өрөөнд хүүхдээ тэврээд орж ирэхэд нь анх танилцсан.Тухайн үед бид бие биедээ өөрсдийн хийдэг юмаа харилцан танилцуулаад л өнгөрсөн. Үүнээс хойш Ариунжаргал миний ажил дээр хэд хэдэн удаа орж ирсэн. Би түүнийг нэг ч удаа утсаар хүрээд ир гэж дуудаж байгаагүй. Тэр үед би интернетээр www.Royalty7 com сайтын хөрөнгө оруулалтын программ дээр ажиллаж байсан. Тухайн үед Ариунжаргал хүслийн хүч сүлжээний өөрийнх нь спонсор Алтанчимэг www.Royalty7 дээр ажилладаг, даанч түүнтэй харьцаа муутай таарч тохирдоггүй учир энэ дээр ажиллаагүй гэж ярьж байсан. Харин би Ариунжаргалд Оросын АПЛ гэдэг 5 төрлийн бүтээгдэхүүнтэй компани шинээр орж ирэх гэж байгаа гэж ярьсан юм. Энэ хооронд 5 сарын 7-ны өдөр Ариунжаргал өөрөө 700 доллартай тэнцэх төгрөгийг барьж орж ирээд www.Royalty7 руу хийе гэсэн. Тухайн үед би өөрийнх нь хүссэний дагуу www.Royalty7 сайт дээр оруулах гэсэн мөнгийг нь байршуулахад тусалж интернетийн РАҮZА банкинд өөрийнх нь нэрийн дансыг и-мэйл хаягийн хамт нээж өгөөд нэвтрэх нэр, нууц дугаар бүх зүйлийг нь өгөхөд, би ер нь интернет компьютер дээр ажиллаж мэдэхгүй, чи миний юмыг хийгээд өгөөд байгаарай гэсэн. Би Ариунжаргалын гуйсны дагуу өдөр тутмын орлогын 49 долларыг нь РАҮZА руу нь татаж оруулж өгдөг ба өдөр бүр өөрөө орж ирж хардаг байсан. Ингээд РAYZA-д нь орж ирсэн 700 долларын хөрөнгө оруулалтын хүү болох 428.5 долларыг 2012-05-18-ны өдөр өөрөө буцаагаад нэмж хөрөнгө оруулалт болгож хийе гээд мөн дээр нь 1370 доллартай тэнцэх төгрөгийг нэмж авчирч өгч хийлгэсэн. www.Royalty7 руу Ариунжаргал нь өөрөөсөө цэвэр 2070 ам.доллар хийсэн. Ингээд байж байх хугацаанд Оросын АПЛ компанын бүтээгдэхүүн орж ирсэн. Ариунжаргал АПЛ компанид ажиллана гээд бүтээгдэхүүнийг нь авахын тулд төлбөрөө www.Royalty7-оос гарч байгаа мөнгөнөөс 1850 долларыг төлөхөөр надтай тохиролцсон. Нэгэнт амаар ярьж тохиролцсоны дагуу 1850 долларыг түүний www.Royalty7-гийн мөнгөнөөс гаргаж 36 ширхэг бүтээгдэхүүнийг урамшууллын 14 ширхэг бүтээгдэхүнтэй хамт нийт 50 ширхэг бүтэгдэхүүнийг Ариунжаргалд өгсөн. Ариунжаргал нь АПЛ-ын гишүүн болоод сүлжээ үүсгэж сайн ажиллаад цалин урамшуулал авсан. Тухайн бүтээгдэхүүний нэг бүрийн үнэ 50 доллар байсан. Гишүүн болсоны дараахи худалдан авалтын үнэ нь 20 доллар байдаг юм. АПЛ компанид ажиллаад 2 удаа нийт 1020 долларын цалин гаргаж авсан. Компаний бүтээгдэхүүнийг хариуцаж байсан Э.Туулаас 10 ширхэг бүтээгдэхүүн 9-р сард аваад одоо болтол тооцоо хийгээгүй, мөн Пүрэвдуламыг Туулаас 3 сая төгрөгний бүтээгдэхүүнийг Говь-Алтай явжзарая аваад ир, 2-лаа голруулчихъя гэж хэлсэн байсныг Пүрэвдулам өөрөө Туулд хэлж анхааруулсан байсан. Үүнээс гадна 2012-06-20-ны өдөр www.Royalty7-гоос гарсан 1396.29 доллартай тэнцэх төгрөгийг надаас авч явсан. Тухайн өдөр www.Royalty7-гийн мөнгөө гаргаж авсан хүмүүс миний хөтөлсөн дэвтэр дээр гарын үсгээ бүгд зураад авсан байсан. Тэдний дотор ганцхан Ариунжаргал л гарын үсгээ зураагүй байсан. Гэтэл тэр өдрөө үдээс хойш нь дахин орж ирээд Говь-Алтайгаас Дэнзэнноров гэдэг дүүгээс минь мөнгө ирлээ. 1250 долларыг Дэнзэнноровын нэр дээр www.Royalty7-д хийе гэж орж ирсэн. Тэр үед би энэ ч өдөр авч явсан мөнгөө л буцааж хийхээр ирлээ дээ гэж бодож байсан. Тэгээд Ариунжаргал Дэнзэнноров дээр данс нээлгэж 1250 долларыг www.Royalty7-д хийсэн. Ингээд 5 хоногийн дараа www.Royalty7-ийн сайт нээгдэж байгаа ч, дотор байгаа мөнгийг татахаар гаргахгүй байсаар байгаад 2013-06-26-ны өдрөөс эхлээд бүрмөсөн нээгдэхээ больсон. Ариунжаргал надаас 5 640 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь би Ариунжаргалаас мөнгө төгрөг гуйж, зээлж аваагүй. Тухайн үед миний хийж байсан бизнесийг өөрөөө сонирхож сайн дураараар хөрөнгө оруулалт хийж, гарсан хүү ашгийг авч өөрөө захиран зарцуулж дахин хөрөнгө оруулалт болгож хийсэн. 1850 долларт бол АПЛ компаний бүтээгдэхүүн авч, гишүүнээр элсэж АПЛ-ээс 1020 долларын цалин авсан. Дээр нь Туулаас 10 ширхэг бүтээгдэхүүн аваад төлбөр тооцоо хийгээгүй. Туул 500 долларыг өөрөө барагдуулсан гэж хэлсэн. Би Ариунжаргалд болон интернет сонирхсон бүх хүмүүст хамгийн түрүүнд эрсдэлтэй гэдгийг анхааруулж хэлсэн. Яагаад гэвэл сайт нь хаагдчихвал эндээс би яаж ч чадахгүй шүү дээ. Ариунжаргалын өөрийнх нь гаргасан шийдвэрийн үр дагаварт би хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмлэлийн шаардалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нь Н.Доржпаламын нэхэмжлэлд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Доржпалам нь М.Ариунжаргалаас өдөрт 7%-ийн хүү олдог www.Royalty7-гийн тухай сонсож над дэр орж ирсэн. Би түүнийг энэ бизнест урьж дуудаж оруулаагүй юмаа. Анх ирэхдээ Ч.Оюунгэрэлийг дагуулж М.Ариунжаргалтай 3-лаа орж ирж надаас мэдээлэл авсан. Би тэр тухай тайлбарлахдаа ямар эрсдэлтэй тухай тодорхой ойлгогдохоор тайлбарлаж хэлсэн. Үүний улмаас Ч.Оюунгэрэл нь татгалзаж харин Доржпалам 100 долларыг хийе гээд данс нээлгэж бүртгүүлсэн. Дараагийн өдөр нь дансанд нь 7 долларын хүү орсныг ирж харсан. 2 хоногийн дараа 6-р сарын 21-нд 1 000 долларыг 10 хоног хүүгээ буцааж нэмж хийнэ шүү гэж захиад хөдөө явсан. Би хэлснийх нь дагуу гарсан хүүг нь өдөрт нь Рауга банк руу таталгүй нэмж хийж байсан. Гэтэл ингээд 4-5 хоногийн дараа сайт нь доголдоод эхэлсэн. Тэгээд 2013-06-26-наас бүр мөсөн хаагдаж дотор нь хуримтлагсан мөнгийг гаргах ямар ч боломжгүй болсон. Би Доржпаламыг дараагаар нь ирэхэд нөхцөл байдлыг тайлбарласан. Тэгэхэд Доржпалам Ариунжаргал намайг хийчих, эрсдэл гарвал би даана гэж байгаад оруулсан гэж ярьж байсан. Үүний хариуд би анхнаасаа эрсдэлтэй шүү, сайн бодолцоорой гэж анхааруулж хэлсэн шүү дээ. Доржпаламд миний зүгээс их ашиг өгнө гэж ам өчиг гаргаагүй, ор гэж шахаж шаардаагүй. Тухайн үед өөрөө л саналаараа хөрөнгө хийсэн. Иймд надад энэ хүний нэхэмжпэлийг хангаж өгөх ямар ч боломж байхгүй болно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бат-Оюун нэхэмжпэгч У.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

У.Эрдэнэтуяаг урьд өмнө би ерөөсөө таньдаггүй байсан. Өөрийнхөө танилын урилгаар ч юмуу хэн нэгнээс мэдээлэл авч над дээр орж ирээд 450 долларыг төгрөгөөр тухайн үеийн ханшаар тооцож хийнэ гэж авчирсан. 200 000 төгрөгийг буцааж авсан гэж бичжээ. Тэр бол бодож олгогдсон хүү нь байсан. Энэ мөнгийг хүлээн авсан тухай гарын үсэг одоо эрүүгийн хэрэг үүсгэгдсэн хэрэгт хавсаргагдаад миний гар дээр байхгүй. У.Эрдэнэтуяа Бат-Оюунд 600 000 төгрөг өгсөн гэж бичжээ. Би энэ хүнээс хувиараа мөнгө гуйж зээлж аваагүй. Мөн хориглосон сайт ашиглаж хүмүүсийг залилсан гэжээ. Энэ асуудлыг цагдаа прокурор жил гаран шалгаж тогтоол нь гарсан байгаа. Би хүмүүст мөнгийг чинь өсгөж өгнө, хүн авчирвал 20 долларын шагнал өгнө гэж хэзээ ч ярьдаггүй. Энэ бол огт худал зүйлийг бичсэн байна. Мөн би хэзээ ч бусдыг хэл амаар дайрч доромжилж байгаагүй. Би хэзээ ч хүнээс худлаа ярьж ятган шахаж бизнес хийлгэдэггүй. Зүгээр л байгаа мэдээллийг үнэн зөвөөр нь хүргэж эрсдэл байдаг шүү гэдгийг бүх хүнд хэлдэг. Миний ойр орчимд харьцаж байдаг хүмүүс бүгд нас бие гүйцсэн, өөрийн үйлдэлдээ хариуцлагаа ойлгож мэдэх чадвартай хүмүүс байдаг. У.Эрдэнэтуяагийн ээж Дулмаа ирж 400 доллар хийх гэхэд нь интернет банкинд бэлэн байхгүй, банкаар мөнгө шилжүүлэхээр өндөр шимтгэлтэй 4-5 хонож очдог тул хийх гээд байгаа мөнгийг нь аваагүй, өөртөө байлга, Рауzа-д мөнгөтэй болохоор хэлье гэтэл дахин дахин орж ирж хөгшин хүний мөнгийг хийж өгөхгүй удаж байна гэж намайг загнаж байгаад би өөр хүн амьтанаас Рауга-ийн мөнгө сураглан олж хийж өгч байсан. Тэгээд тэр ээж Дулмаа нь намайг өөрийгөө залилуулсан гэж шалгуулж байсан. Эд нар цөмөөрөө 6 сарын 20-ноос хойш хийсэн тул хүү, ашиг авч чадаагүй сайт хаагдаж хохирсон. Ийм учраас энэ нэхэмжпэлийг би хариуцаж чадахгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.Бат-Оюунд холбогдох, М.Ариунжаргалын 5 640 000 төгрөг, У.Эрдэнэтуяагийн 400 000 төгрөг, Н.Доржпаламын 1 442 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ариунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 105 200 төгрөг, У.Эрдэнэтуяагаас төлсөн 6 250 төгрөг, Н.Доржпаламаас 38 022 төлсөн төгрөгийгтус тустөрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгч М.Ариунжаргал, У.Эрдэнэтуяа, Н.Доржпалам нарын нэхэмжлэлтэй Д.Бат-Оюунд холбогдох төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад бодит дүгнэлт хийсэнгүй нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Шүүх нэхэмжлэгч нарын мөнгийг хариуцагч өмчлөлдөө аваагүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад хариуцагч Д.Бат-Оюун нэхэмжлэгч нараас бэлэн мөнгө аваад өөрийн цүнхэндээ л хийдэг байсан болох нь нотлогддог бөгөөд Кибр аюулгүй байдлын газрын дүгнэлтэд нэхэмжлэгч нарын нэр байдаггүй .

Хариуцагч нэхэмжлэгч нараас мөнгө аваад ямар нэгэн банканд гүйлгээ хийгээгүй байдаг ба цахим орчинд л данс нээсэн гэдэг. Үүнийг шүүх үнэлээд нэхэмжлэлийг хангахгүй орхиод байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад хариуцагчийн яриад байгаа цахим банк нь 2012 оны 4-р сард хаагдсан болох нь нотлогддог бөгөөд нэхэмжлэгч нарыг мэхлэж мөнгийг нь авсан байхад буруугүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэгч У.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Хариуцагч Д.Бат-Оюунаас нэхэмжлэгч М.Ариунжаргал 5.640.000 төгрөг, У.Эрдэнэтуяа 400.000 төгрөг, Н.Доржпалам 1.442.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь 2012 оны 4-6 сард Их Британий Finanse Your Dreams компаний эзэмшдэг байсан www.Royalty7.com сайтад мөнгөө өсгөх зорилгоор өөрсдийн сайн дураар тодорхой хэмжээний мөнгө байршуулан бүртгүүлсэн байх ба, хариуцагч Д.Бат-Оюун уг сайтад урьдчилан бүртгүүлсэн байсны хувьд тэдэнд уг сайтын талаар мэдээлэл өгч, мөнгийг нь байршуулан, хандах хаяг, нууц үг зэргийг нээж өгсөн уг сайт нь 2011 оны 4 сараас 2012 оны 6 сарын 26-ны өдөр хүртэл нээлттэй ажиллаж байгаад хаагдсан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь Д.Бат-Оюунд ямар нэг гэрээний үндсэн дээр мөнгө шилжүүлээгүй, Д.Бат-Оюун нэхэмжлэгч нарын мөнгийг үндэслэлгүйгээр олж авч, эзэмшээгүй харин түүнээс уг сайтын талаар тодорхой хэмжээний мэдээлэл авсны  үндсэн дээр нэхэмжлэгч нар нь өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу интернэт хаяг нээлгүүлж, мөнгөө түүнд байршуулсан байна.

Мөн нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа нь нь хариуцагчийг www.Royalty7.com сайтыг 2012 оны 4 сард хуурамчаар ашиглаж байсан нь тогтоогдоод хориглосон сайтыг ашиглан олон хүнийг хуурч залилсан гэсэн байх боловч уг сайтын нэрийн өмнөөс Д.Бат-Оюун үйл ажиллагаа явуулаагүй, хариуцагч тэднийг хуурч залилсан үйлдэл тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нарын мэйл хаягаас авсан баримтууд хуурамч баримтууд гэх боловч энэ нь нотлогдоогүй, нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэл сонирхолоор гадны орны цахим орчин дахь чөлөөт сайтад мөнгөө байршуулан, өөрсдөө цахим хаягаараа орж хянаж байсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч Д.Бат-Оюун нь нэхэмжлэгч нарын мөнгийг өөрийн өмчлөлд аваагүй, уг сайтыг төлөөлж үйл ажиллагаа явуулаагүй, уг сайтын өмнөөс гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэл зоригоор цахим орчинд бусадтай хийсэн хэлцлийнхээ эрсдлийг өөрөө хариуцах ёстой.

Хариуцагч Д.Бат-Оюуны үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэж улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь  хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээх зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг ханхгахгүй орхисугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                   ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                        Б.БАТТӨР