Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарт

холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч  Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Б.Ганбатын давж заалдах гомдлоор Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбат Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо:  Улсын Их Хурлын сонгуулийн 14-р  тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нам, нэр дэвшигчийн зүгээс иргэдийг урьдчилан зохион байгуулж микро автобусаар үнэ төлбөргүйгээр сум руу зөөвөрлөн улмаар өөрийн намын нэр дэвшигчид саналаа өгвөл мөнгөн /бэлэн/ урамшуулал, эд бараа олгох зэргээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлүүдийг гаргаж байна. Уг үйлдлийг гаргаж буй улсын дугаар нь тодорхойгүй, жолооч болон хүмүүсийн мэдээлэл тодорхойгүй, автомашины хувьд "Истана" маркийн 3-4 микро автобус зарим сум руу зөөвөрлөж байна. Мөн уг хууль бус үйл ажиллагааг мөнгөлөг цагаан өнгийн "Карина"  маркийн автомашинтай 30 орчим насны эмэгтэй бусадтай хамтран зохион байгуулж байна. Дээр дурдсан автомашин, хүмүүсийг манай намын ажилтнууд тод шинж тэмдэг, таних тэмгээр нь ялгаж таних бөгөөд хууль бус үйл ажиллагааг газар дээр нь шуурхай илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч С.Батхүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч М.Зоригтын штабын

ажилчдын зүгээс сонгуулийн үеэр сонгуулийн хуулийг зөрчсөн аливаа үйлдэл гарахаас

урьдчилан сэргийлж эргүүл хийж байсан. Сонгууль болох өдөр буюу 2016 оны 06 сарын 29-ны өглөө 05 цагийн орчимд 69-19 Дор, 72-39 Дор, 71-07 ЗАА гэсэн дугаартай ногоон өнгийн, Истана маркийн 3 автомашинаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Зангиатын 14-5 тоотоос эхлэн сонгогчдыг ээлж дарааллан гэрээс нь авч эхэлсэн. Мөн

38-69 Дор гэсэн Toyoto Carrina маркийн авто машинаар сонгогчдыг гэрээс нь тээвэрлэсэн байдаг. Энэ үйл ажиллагааг сонгуулийн хуулийн зөрчил байж болзошгүй гэж үзэн баталгаажуулахын тулд дүрс бичлэгийг хийсэн байдаг. Тухайн дүрс бичлэгийг нотлох баримтаар тогтоож шүүхэд өгсөн. Дорнод аймгаас Сэргэлэн сум руу зөөж, сонгогчдын саналыг өгүүлж, аймгийн төвд буюу Хэрлэн суманд хүргэж өгсөн. Энэ үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэхээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Сэргэлэн сум хүртэл 70 орчим километр зайтай газраас 20 орчим хүнийг үнэ төлбөргүй тээвэрлэж сонгууль өгүүлсэн нь тодорхой болоод байгаа юм. Энэ үйл ажиллагааг Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр гэх хоёр хүн зохион байгуулсан байдаг. Үүнийгээ Д.Эрдэнэбаатар өөрийн өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрдөг юм. Тухайн өдөр буюу 2016 оны 06 сарын 29-ний өдөр сонгуулийн санал өгөхөөр зорчсон нийт иргэдийн замын зардал болох 10-аас дээш мянган төгрөгийг эсхүл 40 литр түлш өгнө гэж машины жолооч нарт амласан байдаг. Энэ үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.3 дахь хэсгийг зөрчиж байгаа юм. Үүний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр УИХ сонгуульд нэр дэвшигч Х.Болорчулуун энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тухайн үед иргэдэд автомашинаар үйлчилсэн П.Ганбат гэх жолоочтой утсаар ярьж зохион байгуулж буй бичлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Х.Болорчулууны эдгээр үйлдлүүд нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс зөрчлийг нь тогтоож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагаас зөрчлийг хянан шалгасан үйл ажиллагаа учир дутагдалтай байна гэдгийг анхан шатны шүүхээс тогтоож дахин шалгуулахаар буцааж байсан. Ийм шийдвэр 2016 оны 09 сарын 27-ны өдөр гарсан. Тэр өдрийн шүүх хуралдаанд миний бие оролцохдоо 2 байр суурийг илэрхийлж байсан. Нотлох баримтын хүрээнд хэн, ямар зөрчил гаргасан бэ? гэдгийг тогтоох нь чухал. Цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийг шалгаж ирүүлсэн зөрчилд холбогдсон этгээдүүд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтын хүрээнд зөрчлийг тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байсан боловч нотлох баримтыг тойрсон маргаан бий болсон учраас хэргийг цагдаагийн байгууллага руу буцааж дахин шалгуулж шүүхээр шийдвэрлүүлье гэсэн 2 байр суурьтай тайлбар хийж байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд зөрчилд холбогдсон этгээдүүдийн үйлдлийг Сонгуулийн тухай хуульд заасан зөрчил мөн эсэхийг тогтоох бүрэн боломжтой. Энэ дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхэд буцааж хэргээ шийдвэрлүүлэх гэж байна. Зөрчилд холбогдож буй Д.Эрдэнэбаатар гэх хүн анх мэдүүлэг өгөхдөө жолооч нарт 40 литр түлш өгөхөөр ярилцаж тохиролцсон. Харин дараа нь түүнийгээ өгсөн, өгөхөөр тохиролцсон, өгнө гэж огт хэлээгүй гэж мэдүүлдэг. Энэ процесс нь өгсөн бол ямар хариуцлага хүлээх, өгөхөөр тохиролцсон бол ямар хариуцлага хүлээх талаар өмгөөлөгчид нь хуулийн зөвлөгөө өгсөн байгаа учраас зөрчилд холбогдсон Д.Эрдэнэбаатарын тайлбар нь өөрчлөгдөөд байгаа нь анзаарагдсан юм. Гэтэл 40 литр түлш гэдэг нь Истана маркийн машин Сэргэлэн сум ороход зарцуулагдах түлшийг 2 дахин нугалахаар байгаа нь харагдаж байгаа юм. Энэ нь өөрөө Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэлдээ тухайн этгээдийг татан оруулж байгаа нэг зөрчил болж байна. Иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэсэн ажиллагаа 2016 оны 06 сарын 29-ний өглөө 05 цагаас эхэлсэн байдаг. Тухайн үед машин дотор юу болж, ямар асуудлыг ярьсан талаар одоог хүртэл бүрэн тогтоож чадаагүй байгаа. Харин П.Ганбатын машинаар тээвэрлэсэн иргэд хаана очиж, юу хийсэн талаар маргаангүй тогтоогдсон юм. Эдгээр үйлдлүүд нь Х.Болорчулуунтай холбогдож байгаа шалтгаан нь "Бид нар баригдсан шүү" гэх утсаар хоорондоо ярьсан яриа бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудын хүрээнд зөрчлийг бүрэн тогтоох боломжтой гэж үзэж байна. Зөрчлийг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн боловч зөрчилд холбогдогч этгээдүүдийн үйлдсэн үйлдлийг захиргааны зөрчил мөн эсэх, тэдгээрийн гэм бурууг хянан шалгаж тогтоож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

Зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгчөөр оролцож байна. Гомдол гаргагчдын зүгээс Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр гэх хүмүүс сонгогчдын саналыг татах зорилгоор  2016 оны 06 сарын 29-ний өглөө 05 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат иргэдийг урьдчилсан зохион байгуулалттайгаар микро авто машинаар  үнэ төлбөргүй зөөвөрлөсөн гэх гомдлыг анх гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Сонгогчдын саналыг татахын тулд үнэ төлбөргүй микро автобусаар үйлчилсэн гэсэн гомдол яригддаг. Гэтэл энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр гэх хүмүүсийн зүгээс ямар нэгэн байдлаар сонгогчдын саналыг татах зорилгоор ухуулга, сурталчилгаа болоод эд зүйл

амлаагүй, сонгогчдын сонгох эрхэд нөлөө үзүүлээгүй гэдэг нь нотлогддог. Сонгогчдын саналыг татахын тулд Д.Эрдэнэбаатар нь ямар нэгэн үйлдлийг гаргаагүй байдаг. Мөн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штабтай холбогдуулж гомдлыг гаргадаг. Гэтэл Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нар нь Х.Болорчулууны сонгуулийн штабт ажилладаггүй байсан нь эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон байдаг. Мөн Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулсан гэх дүрс болон дуу бичлэгийг Цагдаагийн байгууллагад нотлох баримт болгож өгсөн байдаг. Эдгээр дүрс болоод дуу бичлэгийг нэр хаяг нь тодорхойгүй этгээдээс ирүүлсэн гэдэг. Үүнээс харахад тухайн нотлох баримт нь хууль дүрмийн дагуу баталгаажуулж авсан эсэх нь тодорхой бус байна. Тиймээс зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3 дахь хэсэгт зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор ямар нэгэн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн гэдэг нь батлагдахгүй байна. Энэ хэргийн хугацаа нэгэнт дууссан учраас Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжаар: Гомдол гаргагч М.Зоригтын гомдолтой Сонгуулийн тухай хууль зөрчсөн захиргааны зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарт захиргааны хариуцлага ногдуулахаас татгалзаж, энэ захиргааны зөрчилд холбогдуулж ирсэн 3 ширхэг DVD бичлэгийг хэрэгт хавсаргаж, энэ захирамжийг гомдол гаргагч, зөрчилд холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжийг ...эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгч уг захирамжийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийг илэрхий зөрчсөн, зөрчил нь үйлдэл дээрээ баригдаж, хангалттай нотлох баримтаар тогтоогдсоор байтал илтэд нэг талыг барьж зөрчлийн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй байна. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.4.4-д заасныг үндэслэн захиргааны хариуцлага ногдуулахаас татгалзсан ба ингэхдээ зөрчлийн талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4 дэх заалтад хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй гэж заасан. Гэхдээ мөн зүйлийн 3 дахь заалтад “Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх шаардлагатай баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах ажиллагаа хамаарна” гэж заасан байх тул шүүхээр хэргийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь зөрчлийг хянан шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зөрчил гаргаснаас хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан. Шүүхээр зөрчлийг хянан хэлэлцэх, зөрчил гарсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх    зохицуулалт байхгүй байна. Гомдол гаргагчийн өмгөөлөгчдийн зүгээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хугацаа 2016 оны 09 сарын 29-ний өдөр дуусгавар болсон, зөрчил гаргагч этгээдүүдэд захиргааны шийтгэл ногдуулах нь гомдол гаргасан үндсэн зорилго биш. Гагцхүү дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг шүүхээс хүсч гомдлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан болно. Зөрчилд холбогдогчдын 2016 оны 06 сарын 29-ний өдрийн үйлдлийг зөрчил мөн эсэхийг хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд шүүх тогтооход Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт саад болох ёсгүй. Энэхүү хэрэг 3 сарын хугацаанд шийдвэрлэгдээгүй сунжирсан явдал нь Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2 захирамж нь хууль тогтоомжид нийцээгүйн улмаас дээд шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тус хэрэг 2016 оны 12 сарын 06-ны өдөр тус хэргийг 2 дахь удаагаа хянан хэлэлцэж 86 тоот магадлал гаргасан байдаг. Тус шүүх хуралдааны үеэр хөөн хэлэлцэх хугацааны тухай гомдол гаргагч, зөрчилд холбогдогч талууд голчлон мэтгэлцэж, тайлбар, асуулт хариулт өрнөсөн байдаг. Хэдийгээр зөрчил гаргаснаас хойш 3 сарын хугацаа 2016 оны 09 сарын 29-ний өдөр өнгөрсөн байсан боловч давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоогоогүй. Харин ч магадлал “...шүүх Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарын үйлдлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах замаар шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдүүдийг оролцуулан хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл дээд шатны шүүх тус хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар шүүхийн ажиллагаа зогсох ёстой байсан бол дээд шатны шүүх хэргийг шууд хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, хуралд оролцсон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр зөрчил мөн эсэхийг нотлоход хангалттай баримт бүрдсэн байхад шүүгч уг зөрчлийн асуудлаар дүгнэлт өгөхгүй байгаа нь хууль тогтоомж зөрчсөн, илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр болжээ. Тиймээс Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, зөрчилд холбогдогч нарын үйлдэл Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нар нь 2016 оны 06 сарын 29-ний өглөө 05 цагийн орчим сонгогчдын саналыг татах зорилгоор Дорнод аймгийн төвөөс Дорнод аймгийн Сэргэлэн сум руу тус сумын харъяат иргэдийг урьдчилан зохион байгуулж микро автобусаар, үнэ төлбөргүйгээр зөөвөрлөсөн зөрчилд холбогджээ.

Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарын зөрчилд холбогдсон хугацаа нь 2016 оны 06 сарын 29-ний өдөр бөгөөд тэднийг захиргааны хариуцлагад татах хугацаа нь 2016 оны 09 сарын 29-ний өдөр дууссан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарт захиргааны хариуцлага ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчилд холбогдогчийн гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгатай заалт Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгагдаагүй тул анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж буруутгах боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх, “ анхан шатны шүүхийн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн зөрчилд холбогдогч Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарыг захиргааны зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй “ гэж үзэж, тэдэнд холбогдох захиргааны  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг няцаах буюу үгүйсгэх нотлох баримтыг хэлэлцэх, улмаар Д.Эрдэнэбаатар, Ч.Насанбаяр нарыг захиргааны зөрчил гаргасан гэм буруутайд тооцох боломжгүй байх тул гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбатын заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                              А.ЭНХБААТАР

                                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ