Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0518

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрээр: ”Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хууль тогтоомжид нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэснийг зөрчсөн.

        ... Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эрхээр хангаагүй, нэхэмжлэгч болон барьцаалагч “Г” ХХК-д тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй.

        ... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон, холбогдох зүйл, заалт, бусад мэдээлэл, үндэслэлийн талаар заагаагүй, тэдгээрт тайлбар гаргах боломж, хэлбэрийг зааж өгөөгүй нь сонсох ажиллагаа явуулах тухай хуулийн агуулгад нийцээгүй тул уг захиргааны актыг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хангахгүй байна.

        ... Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

        ... Нийслэлийн Засаг даргын “М” ХХК-ийн газрын хэвлийг ашиглах эрхгүй гэсэн шийдвэрийн үр дагавар нь “М” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг дуусгавар болгосон.

        Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө цуцлах буюу ашигт малтмал ашиглахыг зогсоох, болиулах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг ба Нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах эрх дуусгавар болгох байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй юм.

        Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж зохицуулсан.

        Нийслэлийн Засаг дарга нь газрын хэвлий ашиглах эрхийг уурхайн олгосон акт, газрын хэвлий ашиглах тухай зөвшөөрлийг олгосон нөхцөлд л түүнийгээ хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж ойлгогдож байна.

        Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн үндэслэлд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсгийг дурдаж, “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” тул газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон.

        Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан.

        Нийслэлийн Засаг даргын захирамжид “тусгай зөвшөөрлийг олгосноос хойш” гэсэн бол хуульд “газрын хэвлийг олгосноос хойш” гэсэн байна.

        Гэтэл шүүх газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож ...” хэмээн дүгнэлт гаргасан атлаа маргаан бүхий захирамжийн үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт болон түүний агуулгын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “М” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, үндэслэлээ “хуульд заасны дагуу ашиглах эрх зөрчигдсөн, уг тусгай зөвшөөрөл нь “Голомт банк” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан, тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл хязгаарлагдсан, захиргаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тодорхойлжээ.

        Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалт, тандалт судалгааны зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын тайлан, төлөвлөгөөг хянуулж, батлуулж байсан эсэх талаарх мэдээллийг гаргуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/182 дугаар албан бичгээр хандсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 дугаар албан бичгээр[1] ““М” ХХК 3 жил болон түүнээс дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй” талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгджээ.

        Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017/16 дугаар удирдамж[2]-ийн дагуу хийсэн хяналт, шалгалтаар “М” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш тус компани 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/1462 дугаар албан бичгээр[3] Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн,

        хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 2017/16 дугаар танилцуулга, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 5/586 дугаар албан бичиг, анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “М” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш тус компани 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж байгаагүй нь тогтоогджээ.

        Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 /газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй/-д зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан бөгөөд “М” ХХК дээрх байдлаар газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаагүй нь маргаан бүхий захирамжийг гаргах үндэслэл болжээ.

        Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагч Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамж хуулийн дээрх заалтад нийцжээ.

        Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 /Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно/-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг газрын хэвлийг ашиглаж эхлэх хугацааг ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

        Учир нь анх “Налайх-Алхам” ХХК-д Ашигт малтмалын хайгуулын 12560Х тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 1829 дүгээр шийдвэрээр олгож, 2009 оны 330 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

        Үүнээс гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 34 дүгээр зүйлийн 34.8, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.1.6, 39.1.7-д тус тус зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тэдгээрийн хуулбарыг дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд, байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх учиртай.

        Нэхэмжлэгч “М” ХХК-ийн тухайд хуульд заасан дээрх тайлан төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн талаарх баримтуудыг Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн байгаль орчны газарт гаргаж байгаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдсон бөгөөд энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэл болно.

        Нөгөөтэйгүүр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 онд “М” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос “Г” ХХК-аас иргэний хэргийн шүүхэд хандах 2014 он хүртэл хугацаанд нэхэмжлэгч компани тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

        Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6112, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2127 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн MV-012560 дугаар тусгай зөвшөөрөл 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дууссан, 2013 оноос хойш төлбөр төлөөгүй, Кадастрын бүртгэлийн системд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Голомт банкны зээлийн барьцаанд бүртгэгдээгүй энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянахад иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн барьцаанд барьцаалсан эсэх нь энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна.

        Үүнээс гадна Нийслэлийн Засаг дарга 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцаа, үүний дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах,

        Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох” гэж зааснаар газрын хэвлийг ашиглах эрхийг эрх хэмжээний хүрээнд дуусгавар болгох бүрэн эрхтэй байна.

        Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хяналт шалгалтын ажлын талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 /хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх/-д нийцсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн “хариуцагч албан тушаалтан захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

                                        ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 72 дахь тал.

[2] 1 дэх хавтсын 82 дахь тал

[3] 1 дэх хавтсын 75 дахь тал.