Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01001

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01001

 

 

2024 05 10 210/МА2024/01001

 

Х.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00898 дугаар шийдвэртэй

Х.Э-ын нэхэмжлэлтэй, Т.Э-т холбогдох

10,506,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т.Э- нь манай бүтээгдэхүүнийг авч борлуулдаг бөгөөд, манай эхнэр түүнийг Н-зах дээр худалдагчаар авч ажиллуулсан. Манай компани нь монгол гэрийн эсгий, цагаан бүрээс, хөшиг, өрх зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдан борлуулдаг. Тодорхой хэмжээний барааг лангуун дээр хүлээлгэж өгөөд худалдагч зарж борлуулдаг. Бараа бүтээгдэхүүн аваачиж өгөхдөө байнга зарлагын баримт үйлдэж өгдөг. Манайх сар бүр худалдагчтайгаа тооцоо нийлдэг. Гэтэл Т.Э- нь янз янзын шалтгаан хэлж тооцоо нийлдэггүй байсан. Тооцоо нийлэхдээ байгаа бараа болон Т.Э-ийн шилжүүлсэн мөнгө, зарлагын падаан зэргийг тооцож гаргадаг. Ингээд тооцоо нийлэхэд Т.Э- 10,689,249 төгрөгийн дутагдалтай гарсан ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүнд төлбөрөө төлөх боломж олгож үргэлжлүүлэн ажиллуулсан ч дахин мөнгөний дутагдал гаргасан учир ажлаас нь халсан. Иймд 10,689,249 төгрөгийг хариуцагч Т.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Х.Э- гэх хүнийг өнөөдөр шүүх хуралдаан дээр харж байна. Би Х.Э-тай ажиллаж байгаагүй түүний эхнэр н.Э-тэй танилцаж ажилд орсон. Энэ хүн надтай харилцаж байгаагүй. Надад тооцоо нийлье гэж хэлдэг боловч өөрсдөө тооцоо нийлдэггүй, түүнээс биш би тооцоо нийлэхгүй гэх шалтгаан байхгүй. Надруу бараа явуулдаг, ирээгүй барааг ч хүртэл ирсэн гэж бичихийг шаарддаг байсан. Би энэ газраас цалин авдаггүй. Бараа нь дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж ашиг олдог байсан. Орсон орлогуудаа тухай бүрд нь шилжүүлдэг байсан. Сүүлд надтай тооцоо нийлэхдээ н.Э өөрөө байгаагүй, өөр хүнтэй тооцоо нийлсэн. Иймд би нэхэмжилж байгаа 10,689,249 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар хариуцагч Т.Э-ээс 10,506,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,049 төгрөгийг улсын орлогод үлдэж, хариуцагч Т.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 183,049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Би нэхэмжлэгч Х.Э-ын өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. Би Н.Э-тэй тохиролцож түүний монгол гэрийн эсгий, цагаан бүрээс зэрэг бараа материал дээр тодорхой хэмжээний ашиг нэмээд Н-зах дээр худалдах үйл ажиллагаа явуулж байсан. Орлогоо Н.Э болон түүний хүүхдүүдийн данс руу тухай бүр шилжүүлдэг байсан бөгөөд Х.Э- гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй.

4.2. Нэхэмжлэлд дурдсан 2 удаагийн тооцоог нийлэхдээ анх ямар хэмжээний бараа материалыг Т.Э-т хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдээгүй бөгөөд өөрсдийн давуу байдлаа ашиглан гарын үсгээ зурчих, дахиж ажиллуулж өрийг чинь төлүүлнэ" гэж хуурах байдлаар гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлд дурдсан шиг их хэмжээний барааг би дутаагаагүй тул тооцоо нийлсэн баримтуудыг зөвшөөрөхгүйг шүүх хуралдаанд хэлсэн боловч авч хэлэлцээгүй.

4.3. Хэрэгт Н.Э-, Х.Э- нарын гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй байхад миний шүүх хуралдаанд Н.Э-ийн нөхөр гэдгийг мэднэ" гэснийг ашиглан шийдвэрийн үндэслэл болгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хэн нь ч шаардах эрхтэй гэж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжпэлийг хангасан нь үндэслэлгүй. Эдгээр хүмүүс албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн эсэхийг мэдэхгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар Н.Э-, Х.Э- нарын гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн, хэзээ гэрлэлтээ батлуулсан эсэхээс хамаарч гэр бүлийн дундын хөрөнгийн талаар дүгнэлт хийх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага нийцээгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч Т.Э-т холбогдуулан монгол гэрийн эсгий, цагаан бүрээс, хөшиг, өрх зэрэг бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны орлогыг дутаасны төлбөр 10,506,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барааг худалдах талаар нэхэмжлэгчийн эхнэртэй нь тохиролцсон, нэхэмжлэгчийг анх удаа харж байна, тийм учраас нөхөр нь нэхэмжлэх эрхгүй, шахалтад орж тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх 2022 оны 05 сарын 18, мөн оны 08 сарын 30-ны өдрүүдэд талуудын хооронд тооцоо нийлсэн гэх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэгч уг баримтыг үндэслэн хариуцагчаас 10,506,200 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй эсэхийг зөв тогтоож чадаагүй байна. Улмаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

4. Дээрх хоёр удаагийн тооцоо нийлсэн гэх баримтад Т.Э-ийн нэр бичигдсэн боловч тэрээр нэхэмжлэгч Х.Э-ын өмнө мөнгөн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэдгийг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ баримтад заасан бараа материалын үнийг шаардах эрх Х.Э-т үүссэн гэж дүгнэх мэдээлэл энэ баримтад байхгүй байна. Иймд тэдгээрийн хооронд үүрэг үүссэн, тооцоо нийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, дээрх хоёр баримтаар тооцоо нийлэх үед нэхэмжлэгчийн эхнэр н.Э- намайг худалдагчийн ажилд авч ажиллуулсан, н.Э-тэй биш өөр хүнтэй тооцоог нийлсэн гэх хариуцагчийн, мөн манай ******* ХХК нь монгол гэрийн эсгий, цагаан бүрээс, хөшиг, өрх үйлдвэрлэдэг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд дээрх хоёр баримтыг үндэслэн нэхэмжлэгч Х.Э- болон хариуцагч Т.Э- нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч Х.Э- нь 10,506,200 төгрөгийг хариуцагч Т.Э-ээс шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

5. Харин дээрх баримтын талаар хариуцагчтай тооцоо нийлсэн этгээд нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Т.Э-ээс 10,506,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э-т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.Э-ээс 10,506,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ