Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00922

 

 

 

 

 

 

Ц.Сүх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/00590 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Сүх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СС.Д ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 73,999,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч О.Вандандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ц.С нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр СС.Д ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Смарт таун 2 төсөлд 2 өрөө орон сууц 43,491,000 төгрөгөөр захиалсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн, **** УНХ улсын дугаартай, Альфард маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа 18,600,000 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл 24,891,000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 43,491,000 төгрөгийг төлсөн.

1.2. Гэрээгээр орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсан ч Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил зогсонги байдалд орсныг ойлгож хүлээцтэй байсан. Гэтэл 2022 оноос өнөөдрийг хүртэл нөхцөл байдал хэвийн болсон хэдий ч уг барилгын ажил зогсонги байдалтай байгаа учраас уг гэрээг цуцалж, хохирлоо шаардаж байна.

Гэрээний дагуу төлсөн 43,491,000 төгрөг, хүлээлтийн мөнгө 3,990,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү төлбөр 10,000,000 төгрөг, банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хүүнд төлсөн 6,419,440 төгрөг, түүнчлэн гэрээний төлбөр 43,491,000 төгрөгийг арилжааны банкуудад хугацаатай хадгаламжинд хадгалуулсан бол олж болох байсан орлого 10,099,300 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.

Иймд хариуцагчаас 73,999,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. СС.Д ХХК нь 2019 оны 06 дугаар сараас Смарт таун 2 гэх 5 блок бүхий орон сууцны хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд СС.Д ХХК нь иргэн Ц.С тэй 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, түүнээс 43,491,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд хүлээлгийн мөнгө 3,990,000 төгрөгийн хамт 47,481,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Харин хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2021 оны 01 дүгээр сараас дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж, хөл хорио 2022 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжилж, барилгын ажил хэвийн явагдах боломжгүй болж, манай компаниас шалтгаалаагүй хугацаа хэтрэлт үүссэн. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Ийм учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээх үндэслэл байхгүй гэж зааснаар хохирол төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3. Альфард маркийн тээврийн хэрэгслийг 18,600,000 төгрөгт тооцож авсан бөгөөд өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 28,600,000 төгрөг гэж үзээд 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар өгсөн, авснаа буцаах харилцаа үүсэж байна. Уг тээврийн хэрэгсэл байхгүй болсон тохиолдолд харилцан тохиролцсон 18,600,000 төгрөгийг төлөх үүрэг үүснэ.

2.4.Худалдаа, хөгжлийн банк ХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авсан үндэслэлээр зээлийн хүү 6,419,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Банкнаас авсан зээл нь орон сууц худалдан авахад зориулан авсан зээл мөн эсэх нь тодорхойгүй. Учир нь Худалдаа хөгжлийн банк ХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээл авсан байхад орон сууцны 21,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл, 1 сарын дараа энэ мөнгө орж ирсэн байна. Ийм учраас энэ зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй.

2.5. Мөн хэрвээ банкинд хадгалуулсан бол 10,099,300 төгрөг олох байсан гэж нэхэмжилсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хэрвээ Ц.С хадгаламжаасаа мөнгө авч өгсөн бол заавал олох байсан орлогод тооцох нь үндэслэлтэй. Хадгаламжинд хадгалуулсан бол гэсэн нь зайлшгүй олох байсан орлогод тооцогдохгүй.

Ц.Сүх-Эрдэнийн нэхэмжлэлээс хохирол гэх 26,518,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч СС.Д ХХК-аас 57,481,000 төгрөгийг гаргуулж Ц.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,518,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СС.Д ХХК-аас 445,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь хэсэгт Иймд гэрээнээс татгалзсан үр дагаврыг хэзээ, хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцсон хугацаагаа хариуцагч зөрчсөн байх тул нэхэмжлэгч автомашины зах зээлийн үнийн зөрүүг хохирол тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзээд Тоёота альфард маркийн автомашины өнөөгийн зах зээлийн ханш 28,600,000 төгрөг байгаа талаарх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул үнийн зөрүү 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв гэснийг эс зөвшөөрч байна. Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний нийт үнэ 47,481,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний хугацааг зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзаж хохирол нэхэмжилсэн. Хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсэн нь манай компанийн буруугаас болоогүй, дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болсон гэж маргаж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Бид Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар өгч холбогдох хуулийн дагуу хохирлын хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан хариу тайлбараа шүүхэд гаргаж, түүнийгээ дэмжиж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний үүрэг гүйцэтгэхэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлэх боломжгүй болсон талаарх нотлох баримтыг үнэлээгүй, түүнд дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй, хэргийг үнэн зөв шийдвэрлэх гол үндэслэлийг орхигдуулсан гэж үзэж байна.

4.2. Мөн хэрэгт СС.Д ХХК, Ц.С нарын үйлдсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт нотлох баримтаар авагдсан. Тус актаар Ц.С д тээврийн хэрэгсэл биш гэрээний үнэ 47,481,000 төгрөгийг буцаан олгохоор харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ гэж ямар ч хуулийн шаардлага хангасан баримт нотолгоогүй үнэ болох 28,600,000 төгрөг гэсэн тоог баримтлан үнийн зөрүү 10,000,000 төгрөг гэж тогтоосон нь буруу, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлээгүй, нотолгоогүй үнийн дүнг баримталсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч СС.Д ХХК-аас хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С д олгох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийн талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Учир нь тухайн тээврийн хэрэгслийг 18,600,000 төгрөгөөр тооцож өгсөн. Хариуцагчийн тайлбарт дурдсанаар өгсөн, авснаа буцаахад логикийн хувьд тээврийн хэрэгслийг буцааж авах боломжгүй. Хэргийн үйл баримтаар энэ нөхцөл байдал бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч СС.Д ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 73,999,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 47,481,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзаж маргажээ.

 

3. Ц.С , СС.Д ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч СС.Д ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун-2 орон сууцны цогцолбор хотхоны 13 дугаар давхар 1307 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч Ц.С нь 1 м.кв талбайг 1,090,000 төгрөгөөр тооцон 43,491,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг талууд маргаагүй тул талуудын зарчмын дагуу дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4059 УНХ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг 18,600,000 төгрөгт тооцож, мөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 21,400,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3,491,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

5. Гэрээний 3.1 дэх заалтын дагуу гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, улмаар нэхэмжлэгчийн гаргасан гэрээ цуцлах саналыг үндэслэн талууд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлджээ. Уг актаар захиалагчийн төлсөн 43,491,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид 100 хувь буцаан олгох, тус акт үйлдэгдсэн өдрөөс хойш орон сууц гүйцэтгэгчийн эзэмшилд шилжих, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хүлээлтийн төлбөр 3,990,000 төгрөгийг нэмж 47,481,000 төгрөгийг захиалагчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон хэдий ч талууд гэрээнээс татгалзсан байхад гэрээ цуцалсан гэж алдаатай дүгнэснийг залруулах нь зүйтэй.

Тодруулбал нэг удаагийн үйлчлэлтэй гэрээний хувьд буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой тохиолдолд гэрээг талууд татгалзаж дуусгавар болох хууль зүйн боломжтой. Энэ тохиолдолд гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь гэрээ цуцалсны үр дагаврыг шийдвэрлэхэд уг гэрээний дагуу хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, ирээдүйд чиглэгдсэн үүрэг дуусгавар болдог бол гэрээнээс татгалзахад талууд хэн алиндаа гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар бий болдгоороо ялгаатай.

Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлсэн байдлыг хариуцагч эсэргүүцээгүй.

 

6. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь бэлэн бусаар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 24,891,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэйг шүүх зөв дүгнэжээ. Харин хариуцагч нь гэрээний үнэд тооцож авсан Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлсний улмаас биет байдлаар буцааж өгөх боломжгүй тул уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ буюу бодит үнэ цэнэ болох 28,600,000 төгрөгөөр тооцож нөхөн төлөх нь мөн хуулийн 205.2.2-т заасантай нийцнэ.

6.1. Гэрээ дүгнэсэн актад захиалагчийн төлсөн 43,491,000 төгрөгийг гүйцэтгэгч буцаан олгох талаар тусгагдсан байх хэдий ч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хуулиар тодорхойлсон тул нэхэмжлэгч нь бусдын өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгслийн үнийг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн гэрээнээс татгалзах үед тээврийн хэрэгслийн анх шилжүүлсэн үеийн үнэ өсч 28,600,000 төгрөг болж, зөрүү 10,000,000 төгрөг үүссэн нь хохирол биш, харин түүний үнэ цэнэ болно.

6.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ үнэгүй.мн сайтад байршуулсан тээврийн хэрэгслийн үнийн мэдээллийг хавсаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээч томилж тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба хариуцагчийн өмгөөлөгч нь автомашиныг 28,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээн дээр маргахгүй гэх тайлбар гаргаснаар шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй.

Иймээс талуудын үйлдсэн акт болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг шүүх дүгнээгүй, хуулийн шаардлага хангасан баримт нотолгоогүй 28,600,000 төгрөг гэсэн үнэ баримталсан нь буруу, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Нэхэмжлэгч нь орон сууц хүлээж аваагүй учир түүнээс буцаан гаргуулах зүйлгүй болно.

 

7. Хариуцагч нь хүлээлтийн төлбөр 3,990,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх уг төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцжээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ банкнаас зээл авч хүү төлсөн гэх үндэслэлээр 6,419,440 төгрөг, мөн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг банкинд хугацаатай хадгаламжинд хадгалуулсан бол олох байсан хүүний орлого 10,099,300 төгрөгийг тус тус хохиролд тооцон хариуцагчаас нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/00590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 205 дугаар зүйлийн 205.1 гэсний дараа 205.2.2 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА