Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4906

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,75-6 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын Энхжин /РД:ЦА87052369 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 1-86 тоотод оршин суух Урианхад  овогт Сүхбатын Тайванжаргал /РД:РЭ80071504/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,750,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Тайванжаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн ба зээл авсан өдрөөс хойш хүүгийн төлбөрт 50,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүүгийн болон үндсэн зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөгийг С.Тайванжаргалаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Үндсэн мөнгө болох 3,500,000 төгрөгийг төлөх болно. Хүү, алдангийг төлөх боломжгүй...”гэжээ

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч дараахь эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд:

”Г.Энхжин миний бие С.Тайванжаргалаас 9,750,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ярилцаж тохиролцсоны дүнд 6,150,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,600,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлнө гэсэн нөхцөлтэйгээр тохиролцов. С.Тайванжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхжин нь хариуцагч С.Тайванжаргалд холбогдуулан 9,750,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Тайванжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Энхжин 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 6,150,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Тайванжаргал нь үлдэх 3,600,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, С.Тайванжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Энхжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,950 төгрөгнөөс 85,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 85,475 төгрөгийг, хариуцагч С.Тайванжаргалаас 85,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Энхжинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР