Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4907

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 89  тоотод оршин суух Сэцэн овогт Баярын Анхбаяр  /Регистрийн дугаар ШЗ85061017/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Жоханес төв, 206 тоотод байрлах “Мэргэн девелопмент” ХХК-д холбогдох,

Захиалгын гэрээний дагуу өгсөн 122,040 ам доллар, алданги 61,020 ам доллар, нийт 183,060 ам доллар буюу 368,761,555 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батнасан, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-ийн  захирал Ж.Алтанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Анхбаяр  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Баярын Анхбаяр нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Худалдааны талбайг худалдан авах захиалгын гэрээг “Мэргэн девелопмент” ХХК-тай байгуулсан. Тус компаниас худалдаа хийх зориулалтаар 61,02 метр квадратын үнийг 2,000 америк доллараар худалдан авахаар тохирч 122,040 америк долларыг гэрээнийхээ дагуу 100 хувь хугацаанд нь төлсөн юм.

“Мэргэн девелопмент” ХХК нь үйлчилгээний талбайг 2014 оны 4  дүгээр улиралд ашиглалтанд оруулж, гэрээний дагуу надад өгөх ёстой байсан. Гэтэл барилгаа ашиглалтанд гэрээнийхээ дагуу оруулаагүй учраас худалдагч тал болох “Мэргэн девелопмент” ХХК нь үүргээ биелүүлээгүй тул захиалагч миний бие 2 жил гаруй харсан боловч одоо хүртэл ашиглалтанд ороогүй байна. “Мэргэн девелопмент” ХХК-д миний гэрээнийхээ дагуу төлсөн 122,040 ам.долларыг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлөхөөр гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд захиалгын гэрээний дагуу захиалагч миний өгсөн 122,040 ам.доллар, алданги 61,020 ам.доллар, нийт 183,060 ам.долларыг “Мэргэн девелопмент” ХХК-аас гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1 америк доллар 2,014.43 төгрөгийн ханштай байгаа тул нийт 368,761,555 төгрөг гаргуулж өгнө үү. Миний энэ нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбажав шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Мэргэн девелопмент” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан талбай ашиглалтанд өнөөдрийг хүртэл ороогүй байх тул анх гэрээ байгуулахдаа өгсөн 122,040 долларыг өнөөгийн төгрөгийн ханшаар тооцоолохоор хүү, алдангийн хамт 368,761,555 төгрөг гарч байгаа юм. Иймд хариуцагчаас 368,761,555 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батнасан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг шүүх алдангийн хамт гаргаж өгөөч гэж хүсэж байна. Тохиролцсон хугацаанаас нийт 480 хоног хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нийт алдангийн 50 хувийг хасан тооцож нэхэмжилсэн байгаа. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2 хувиар тооцон алданги бодохоор гэрээнд тохиролцсоны дагуу хоног тутам 244,08 цент болж байгаа юм. Ингээд нийт хугацаа хэтэрсэн 480 хоногоор бодохоор 117,000 доллар болж байгаа боловч хуульд заасны дагуу 50 хувиас нь татгалзан нэхэмжлэл гаргасан. Бид бодоод үзэхэд 50 хувиас хэтэрсэн байх тул хуульд заасны дагуу 315,412,380 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байна. Хариуцагчаас 315,412,380 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэв.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Манай компани нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Анхбаяртай тохиролцож бартераар 2008 оны Toyota Lexus 570 мөн Dodge Ram хоёр автомашиныг 210,274,920 төгрөгт тооцон бэлэн мөнгөний баримт гарган өгч “M-Square” худалдааны төвийн талбайгаас 1м.кв-ыг 2,000 ам.доллартой тэнцэх монгол төгрөг буюу 3,446,000 төгрөгөөр тооцож, нийт 61,02 м.кв-ыг талбайг бартерт тооцон гэрээ хийсэн. Гэрээндээ  “M-Square” худалдаа үйлчилгээний төвийг 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатсанаас Монгол улсын барилгын салбар зогсонги байдалд байхад харин манай компани барилгын улиралдаа зогсолтгүй ажилласаар 70 хувийн гүйцэтгэлд хүргэчихсэн ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна. Тухайн үед дээрх хоёр автомашин нь 150,000,000 төгрөгний өртөгтэй байсныг бид бартер хийж байгаа учраас 60,000,000 төгрөгний илүү өртөгтэйгөөр гэрээ хийсэн. Иймд манай компани Б.Анхбаярын бартерт тооцсон хоёр машины үндсэн төлбөр болох 210,274,920 төгрөгийн төлбөр дээр 20,000,000 төгрөгний алданги нэмэж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-ийн захирал Ж.Алтанбилэг шүүх хурлдаанд өгсөн тайлбартаа:

“Анх бэлэн мөнгө биш хоёр ширхэг автомашиныг 210,000,000 төгрөгөөр тохиролцон үнэлж, бэлэн мөнгөний баримтыг үйлдсэн байдаг. Н.Ууганбаяр нь Б.Анхбаярт 13,000 доллар өгсөн байдаг. Өгсөн автомашин нь 150,000,000 төгрөгийн үнэтэй байсан боловч бартер гэдэг утгаараа 210,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Худалдааны талбайг маш бага мөнгөөр үнэлэн бартераар авсан, 20,000,000 төгрөгийн алданги төлнө гэж тооцоод бэлэн мөнгөөр 230,000,000 төгрөгийг өгнө гэсэн саналтай байна” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баярын Анхбаяр  нь захиалгын гэрээний дагуу өгсөн 122,040 ам доллар, алданги 61,020 ам доллар, нийт 183,060 ам доллар буюу нийт 368,761,555 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК нь захиалгын гэрээний төлбөрт бэлэн мөнгө аваагүй, бартераар хоёр автомашиныг 210,274,920 төгрөгт тооцон авсан тул энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрнө, уг төлбөр дээр 20,000,000 төгрөгний алданги нэмж төлнө, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд төлөх үүрэггүй гэж маргасан.

“Мэргэн девелопмент” ХХК болон иргэн Б.Анхбаяр нар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Худалдааны талбайг худалдан авах, захиалгын гэрээ” байгуулсан байна. /хх-9 дүгээр тал/ Уг гэрээгээр худалдагч тал болох “Мэргэн девелопмент” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Мэргэн” худалдаа үйлчилгээний төвийн 4, 5 дугаар давхарт 4А, 35, 36, 39, 75, 76, 77, 78, 79, 5А, 52, 53 дугаартай худалдаа үйлчилгээний талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал болох иргэн Б.Анхбаяр нь нийт 61,02 м.кв талбайг 1 м.кв талбайн үнийг 2,000 ам.доллароор тооцон, нийт 122,040 ам.доллар төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээний 2.2 дахь заалтад “Захиалагч нь үйлчилгээний талбайн үнийг 2014.02.03-ны өдөр 100% төлсөн болно” гэж бичжээ. Талууд 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Бэлэн мөнгөний орлогын баримт” үйлдэн мөнгө хүлээлцэхдээ 61,02 м2 талбайн үнэ болох 122,040 $-г тухайн өдрийн 1 америк долларын ханшийг 1,723 төгрөгөөр тооцон 210,274,920 төгрөг тушаасан баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

Нэхэмжлэгч нь худалдааны талбайн захиалгын төлбөрт 122,040 ам.доллар, алданги 61,020 ам.доллар, нийт 183,060 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн монгол банкны ханш 2,014.43 төгрөгөөр тооцож 368,761,555 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээ байгуулсан үе буюу 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө хүлээлцсэн актыг үндэслэн 210,274,920 төгрөгнөөс үүргийн гүйцэтгэлийг тооцож, төлбөр, алдангийн хамт 315,412,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Талуудын хооронд “Худалдааны талбайг худалдан авах, захиалгын гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээ нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан.

Гэрээ байгуулагдсан өдөр захиалагч болох иргэн Б.Анхбаяр 61,02 м.кв худалдаа үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлсөн байна. Төлбөрийг талуудын харилцан тохиролцсоны дагуу бартераар “Toyota Lexus” 570, “Dodge Ram” гэсэн хоёр автомашиныг 210,274,920 төгрөгт тооцон худалдагч тал болох “Мэргэн девелопмент” ХХК-д хүлээлгэн өгч бэлэн мөнгөний баримт үйлдсэн байна. /хх-17 дугаар тал/

Гэрээнийн 5.1-д “...худалдаа үйлчилгээний талбайг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулах болно...”, 7.3-т “худалдагч тал нь үйлчилгээний талбайг 2014 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах үүрэгтэй...” гэж ашиглалтанд оруулах хугацаа зөрүүтэй бичигджээ. 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах  ёстой байсан боловч уг төвийг барьж ашиглалтад оруулаагүй байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.

“Мэргэн девелопмент” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаяр нь худалдаа үйлчилгээний талбайн захиалгын төлбөрт өгсөн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зохигчид худалдаа үйлчилгээний талбайн үнийг ам.доллароор  тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Бэлэн мөнгөний орлогын баримт” үйлдэн мөнгө хүлээлцэхдээ 61,02 м2 талбайн үнэ болох 122,040 $-г тухайн өдрийн 1 ам.долларын ханшийг 1,723 төгрөгөөр тооцон 210,274,920 төгрөг тушаасан баримт үйлдсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэж байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.3-т “Худалдагч тал нь үйлчилгээний талбайг 2014 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах үүрэгтэй бөгөөд хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагч талын төлсөн нийт үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг Захиалагч талд төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Анхбаяр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа дууссан өдөр болох 2014 оны 4 дүгээр улирал буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааг тоолж үзэхэд 480 хоногоор бодоход 117,000 ам.доллар болсон боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу захиалгын үндсэн төлбөр 210,274,920 төгрөг, түүний 50 хувь болох алданги 105,137,460  төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

Зохигчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

Хариуцагч нь Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатсанаас Монгол Улсын барилгын салбар зогсонги байдалд орсноос шалтгаалж гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд  гүйцэтгэж чадаагүй учраас нэхэмжилсэн алдангийг төлөхгүй гэх тайлбарыг өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

“Мэргэн девелопмент” ХХК нь худалдаа үйлчилгээний талбайн захиалгын төлбөр 210,274,920 төгрөг, түүний алданги 105,137,460  төгрөг, нийт 315,412,380 төгрөг төлөх үүрэгтэй байна.

            Шүүх хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас худалдаа үйлчилгээний талбайн захиалгын төлбөр 210,274,920 төгрөг, түүний алданги 105,137,460  төгрөг, нийт 315,412,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 53,349,175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

       ТОГТООХ нь:                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас худалдаа үйлчилгээний талбайн төлбөр 210,274,920 төгрөг, алданги 105,137,460  төгрөг, нийт 315,412,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхбаярт олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 53,349,175 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,001,364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,735,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР