Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04909/и |
Дугаар | 4909 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 4909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Спарк плаза, 4 давхар, 402 тоотод байрлах “Абсолют капитал” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011515131, регистрийн дугаар 5906393/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1 гудамж, 79 тоотод оршин суух Чингүүнжав овогт Болдын Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ЦА83082472/-д,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжу гудамж, SKY night club-ийн 2 давхар, 1 тоотод байрлах “Ноён капитал” ХХК-д холбогдох,
Б.Бат-Эрдэнээс 7,464,000 төгрөг гаргуулах, “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямрагчаа, хариуцагч “Ноён капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Б.Бат-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ00140030 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн 5433УБА улсын дугаартай /арлын дугаар KMFZCS7HP7U234364/ суудлын автомашиныг барьцаалан “Абсолют капитал” ХХК-н нэр дээр шилжүүлэн, тус ХХК-аас 6 сарын хугацаатай, 4,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлдэгч Б.Бат-Эрдэнэтэй байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дууссан, гэвч зээлдэгч Б.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Бат-Эрдэнээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,464,000 төгрөг, алдангийн төлбөрт 2,000,000 төгрөг, нийтдээ 7,464,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 134,374 төгрөгийн хамт дээрх барьцаа хөрөнгөөс гаргуулах, “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал тус автомашиныг битүүмжлэн нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК-д гаргуулан өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямрагчаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэтэй зээл болон фидуцийн гэрээ байгуулсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд Б.Бат-Эрдэнээс 7,464,000 төгрөгийг гаргуулах, “Ноён капитал” ХХК, Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:
“Болд овогтой Бат-Эрдэнэ би “Абсолют капитал” ХХК-аас 4,000,000 төгрөгний зээл аваад одоо хүртэл төлөөгүй байгаа. “Абсолют капитал” ХХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл, хүү, алдангийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 11 сард Казакстан улс руу явах шаардлагатай болоод Ноён капиталд 7,000,000 төгрөгөнд тавьсан 54-33УБА Портер машинаа Абсолют ХХК-д унаж явдагаар зээлтэй байсан” гэжээ.
2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Бат-Эрдэнэ өгсөн тайлбартаа:
“Хариу тайлбараа өмнө нь буруу бичиж өгсөн байсан. Эвлэрэх боломжтой. “Абсолют капитал” ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөөд, “Ноён капитал” ХХК-аас авсан зээлийнхээ хүүг хугацаанд нь төлж байгаа тул барьцааны автомашиныг “Ноён капитал” ХХК-д үлдээх саналтай байна” гэжээ.
Хариуцагч “Ноён капитал” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
“...“Абсолют капитал” ХХК нь “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. “Ноён капитал” ХХК нь иргэн Б.Бат-Эрдэнийн хүсэлтээр 2015.04.24-нд 7 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, зээлийн барьцаанд зээлдэгчийн эзэмшил өмчлөлийн 5433 УБА улсын дугаартай, Hyindai Porter маркийн автомашиныг барьцаалж, барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн эзэмшил өмчлөлийн гражид байршуулан, гражийн төлбөрт сар бүр 60,000 төгрөг төлж байхаар барьцаалан зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулж зээлдүүлсэн. Бидний хооронд байгуулсан дээрх гэрээ нь талуудын чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан ИХ-ийн 156.1, 286-р зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэхүү хэлцлийг нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК нь ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК нь Б.Бат-Эрдэнэд зээл олгохдоо манай “Ноён капитал” ХХК-д барьцаалагдсан эд хөрөнгийг барьцаалан, нэрийг өөр дээрээ шилжүүлэн зээл олгосон явдал нь бидний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах үндэслэл болохгүй.
“Ноён капитал” ХХК болон иргэн Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2015.04.24-ний өдрийн №929 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээний үндсэн дээр барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн 5433 УБА улсын дугаартай Hyindai Porter маркийн автомашин нь гэрээ байгуулж, зээл олгосон өдрөөс өнөөг хүртэл “Ноён капитал” ХХК-ийн гражид барьцаалагдсан хэвээр байгаа болно. Хэрэв “Абсолют капитал” ХХК нь бусдын барьцаанд барьцаалагдсан эд хөрөнгийг давхар барьцаалж зээл олгосон гэж байгаа бол тухайн барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрх бүхий субьект нь “Ноён капитал” ХХК болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд “Ноён капитал” ХХК нь анхны барьцаалагч болж байгаа ба ИХ-ийн 153, 154.5-д зааснаар шаардлагыг барьцааны гэрээ байгуулсан дарааллаар хангуулна гэж заасан байна. Иймд “Ноён капитал” ХХК-д холбогдуулж “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Ноён капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь Б.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 7,464,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ тал дээр тайлбар хэлэх боломжгүй байна. “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 929 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тухай хариуцагч хариу тайлбар болон өмнөх шүүх хуралдаанд дурдсан байдаг. Эхлээд “Ноён капитал” ХХК-тай өмнө нь гэрээ байгуулсан гэж хэлсэн. Бид харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө “Абсолют капитал” ХХК-д барьцаалагдахаас өмнө “Ноён капитал” ХХК-ийн барьцаанд байсан нь бусад холбогдох нотлох баримтаар нотлогдож байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК нь Б.Бат-Эрдэнээс 7,464,000 төгрөг гаргуулах, “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь “Абсолют капитал” ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцааны автомашиныг “Ноён капитал” ХХК-д үлдээх тайлбарыг гаргасан.
Хариуцагч Ноён капитал” ХХК нь “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
“Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн 54-33 УБА улсын дугаартай, Hyindai Porter маркийн автомашиныг барьцаалж 929 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” байгуулсан байна. /хх-27, 43-44 дүгээр тал/ Барьцааны автомашиныг худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг “Ноён капитал” ХХК-ийн захирал О.Намжимбаатарт олгосон итгэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-21 дүгээр тал/
“Абсолют капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх ЗГ00140030 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж /хх-7 дугаар тал/, уг зээлийн барьцаанд Б.Бат-Эрдэнэ нь өөрийн өмчлөлийн 54-33 УБА улсын дугаартай Hyindai Porter маркийн автомашиныг барьцаалж ЗГ00140030-1 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /Фидуцийн гэрээ/ байгуулжээ. /хх-8 дугаар тал/
“Абсолют капитал” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан 54-33 УБА улсын дугаартай Hyindai Porter маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ авсан байна. /хх-4 дүгээр тал/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Нэг. “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
“Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 929 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”, “Абсолют капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ00140030 дугаартай “Зээлийн гэрээ”, ЗГ00140030-1 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-үүд нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5, 156 дугаар зүйлийн 156.1, 235 дугаар зүйлийн 235.5-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д “Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээ байгуулсан дарааллаар хангана” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Б.Бат-Эрдэнэ “Абсолют капитал” ХХК-тай эхэлж гэрээ байгуулсан, “Ноён капитал” ХХК-тай дараа нь гэрээ байгуулсан, автомашин өмчлөгчийн нэрийг шилжүүлсэн тул дахиж барьцаалах боломжгүй байхад “Ноён капитал” ХХК барьцаалсан байгаа нь тэдний хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байх тул “Ноён капитал” ХХК-д барьцааны эрх “Абсолют капитал” ХХК-аас өмнө үүссэн байна.
Нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК нь Б.Бат-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээл авч, гэрээ байгуулахдаа өөрийн автомашиныг бодитойгоор авчирсан, тухайн үед даатгалын байгууллага дуудаж даатгуулсан. “Ноён капитал” ХХК нь барьцааны зүйлийг хадгалах нөхцөлтэйгээр барьцаалсан байсан боловч барьцааны зүйл болох автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлсөн байсан тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасны дагуу барьцааны эрх нь дуусгавар болсон гэж үзнэ. Энэ нь “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэх тайлбарыг өгсөн.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байдаг бөгөөд 160.1.3-т “барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн” тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заажээ.
Б.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн биелүүлээгүй байгаа тул барьцаа хөрөнгө болох автомашин “Ноён капитал” ХХК-ийн гражид байгаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12726 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах тухай” захирамжаар автомашин тус гражид битүүмжлэгдсэн талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулах үед автомашин барьцаанд байгаагүй гэх тайлбарыг өгч байгаа боловч барьцаа хөрөнгө болох 54-33 УБА улсын дугаартай Hyindai Porter маркийн автомашин “Ноён капитал” ХХК-ийн барьцаанд байгаа, барьцааны эрх дуусгавар болоогүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг зааж өгсөн бөгөөд “Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Б.Бат-Эрдэнээс 7,464,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь “Абсолют капитал” ХХК-аас 4,000,000 төгрөг зээлж авсанаа үгүйсгээгүй бөгөөд нэхэмжилж буй үндсэн зээл, хүү, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбарыг ирүүлсэн.
“Абсолют капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нь хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 4,000,000 төгрөгт хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.
“Абсолют капитал” ХХК нь 4,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр заасны дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, 6 сарын хүү 1,440,000, нийт 5,440,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т заасан хугацаанд зээлдэгч зээл болон хүүг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь алдангийг тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
Энэ хэргийн хариуцагчаар иргэн Б.Бат-Эрдэнэ, “Ноён капитал” ХХК татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Шүүх хариуцагч Б.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 5,440,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 7,440,000 төгрөг гаргуулж, 24,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Б.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 5,440,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 7,440,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 24,000 төгрөг, Ноён капитал” ХХК болон Б.Бат-Эрдэнэ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, барьцаа хөрөнгө болох автомашиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,374 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс 133,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Абсолют капитал” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР