Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00776

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00776

 

Ч.С,Б.М, Б.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00693 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.С, Б.М, Б.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02, 6/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Ч.С, Б.М, Б.О нараас 146,392,069 төгрөгийг гаргуулан Ү ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 4-224/10686, мөн өдрийн 4-224/10685 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдтэй төлбөр төлөгч нар 2023 оны 05 сарын 30-ны өдөр танилцсан. Төлбөр төлөгч Ч.С, Б.М нарын төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн **-р хороо, З-ийн **-*** тоот хаягт байрлалтай, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, 159 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 199,060,000 төгрөгийн үнэлгээний 50 хувь буюу 99,530,000 төгрөгөөр, 2023 оны 06 сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02 тогтоолоор, Б.О-ын төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол **-** тоот хаягт байрлах 33 м.кв талбай бүхий орон сууцыг 161,822,500 төгрөгийн үнэлгээний 50 хувь буюу 80,911,250 төгрөгөөр 2023 оны 06 сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/04 тогтоолоор тус тус мэдэгдсэн. Дээрх хөрөнгүүдийг 2023 оны 06 сарын 09-ний өдөр дуудлага худалдаанд оруулахаар товлосныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй ба одоогийн зах зээлийн үнэ ханшид нийцэхгүй, хэт бага үнэлгээ байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу анх үнэлгээ хийлгэснээс хойш үнэ ханш 66.6 хувиар өссөн, 2 жил гаран хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж үл хөдлөх эд хөрөнгөнүүдэд дахин үнэлгээ хийлгэх шаардлага гаргасан тул 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02 тогтоол, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/04 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах гомдлыг Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн болно. Мөн 2023 оны 06 сарын 09-ний өдөр дээрх үнээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгч бидэнд төлбөрийн үүрэг биелүүлэх ямар ч боломж олгоогүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгө хэт хямд үнээр борлогдож бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бий болсон тул 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02, 6/04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Ч.С, Б.М, Б.О нараас 144,939,223 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 952,486 төгрөг, нийт 145,891,709 төгрөгийг гаргуулж Ү ХХК-д олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.С, Б.М-ын өмчлөлийн Баянгол дүүргийн **-р хороо, З-ийн **-р гудамж, *** тоотод байрлалтай эрхийн улсын Ү-********, Г-********** дугаарт бүртгэгдсэн 269 м.кв талбайтай, хувийн сууц, Б.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоотод байршилтай, эрхийн улсын Y-********** дугаарт бүртгэгдсэн 33 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт заасан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 06 сарын 23-ны өдөр нийтэд мэдээлж, 2022 оны 07 сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Б.М нь 2022 оны 06 сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 102/Ш32022/12164 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03899 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 301 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төлбөр төлөгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00358 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 05 сарын 25-ны өдөр мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 08-ны өдөр 102/Ш32023/10775 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02 тогтоол, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/04 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай Ч.С, Б.М, Б.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хөрөнгийн үнэлгээний талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч тал 2023 оны 05 сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Өмнөх шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага өөр юм. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн хийсэн үнэлгээ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд хандсан. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой шүүхээр явж байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоогүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 6 сар болсон бол энэ хуулийн заалт үйлчилнэ. 6 сараас илүү хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Ч.С, Б.М, Б.О нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2023 оны 05 сарын 23-ны өдрийн хоёр дахь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/02, 6/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 34-35/

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00485 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 761 дугаар магадлалаар хариуцагч Ч.С, Б.М, Б.О нараас 144,939,223 төгрөг болон 952,846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, Б.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоот хаягт байршилтай 33 м.кв талбайтай орон сууц, Ч.С, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, **-р хороо, З ** гудамж, *** тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай хувийн сууц, 159 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 14-16, 17-20, 40-45, 46-52/

 4.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 210/МА2023/00301 дугаар магадлалаар өмнө дурдсан орон сууц, хувийн сууц, өмчлөх эрхтэй газар зэргийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 69, 74/

Тус магадлалд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлүүлэх, үнэлгээний талаар мэдэгдэх зэрэг ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

5.   Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 6/02, 6/03 дугаар тогтоолуудаар шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдсан орон сууц, хувийн сууц, өмчлөх эрхтэй газар зэргийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч Ч.С, Б.М, Б.О нарт 2023 оны 05 сарын 29-ний өдөр тус тус мэдэгдсэн байна. /хх 76, 77, 78, 79/

Улмаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 03/1527 тоот албан бичгээр Ч.С, Б.М, Б.О нарын гомдолд хариу өгсөн байна. /хх 9/

Иймд нэхэмжлэгч Ч.С, Б.М, Б.О нарыг шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийн талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацаанд гаргаагүй гэж үзнэ. /хх 1-арын нүүрний дардас/

6.   Нэхэмжлэгч талын гаргасан ...үнэлгээ хийлгэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд зах зээлийн үнэлгээ 66.6 хувиар өссөн учир дахин үнэлгээ тогтоолгоно... гэсэн агуулгатай тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, өмнө дурдсанчлан төлбөр төлөгч тал шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан дээрх хугацаа нь нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах субъектив эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой өнгөрсөн буюу хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй байна.

7.  Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00693 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...177 дугаар зүйлийн 177.3, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлгүй тул... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Сгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР