Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/73

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн 1936000000067 дугаартай, 178/2019/0070/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн нутаг дэвсгэрт Тэмээн харгана гэх газарт малын бэлчээрт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.*******тэй маргалдаж, улмаар түүнийг цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

 

Хохирогч овогт ын *******гийн / регистрийн дугаартай, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед Ц.*******гийн мал манай гэрийн ойролцоо хүрээд ирэхээр нь цаашаа туучихаад Ц.******* дээр мотоцикльтойгоо очоод нэлээд тулгасхийгээд зогсчихоод “ чи малаа жаахан цаашаа хариул, цас орох шинжтэй, хургаа цуглуулж авмаар байна” гэхэд Ц.******* намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Ц.******* эхлээд миний зүүн шанаа руу гараар цохисон.Би бас шанаанд нь цохисон. Тэгээд хоёулаа зэрэгцээд сууж байгаад дахин маргалдаж Ц.******* намайг арагш түлхэж унагаад дээрээс дараад “ чамайг алаад хаячихъя” гээд толгой цээж шанаа руу цохисон ... гэх мэдүүлэг /хх 18-19-р хуудас/

Гэрч Х.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед манай ээж над руу залгаад “ аав чинь хониныхоо бэлчээр дээр хүнд зодуулчихлаа, эмнэлэг цагдаа руу дуудлага өгөөтөх гэсэн.Маргааш нь Чандмань суманд аавынд очиход аавын зүүн хацар хэд хэдэн газар зулгарч, цус гарч хавдсан, зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай хэвтэрт байсан... гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

Гэрч Ч.Сундуйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Хэдний өдрийг нь санахгүй байна.Би эхнэр Долзодмаагийн хамт сүлжээнд гарч утсаар ярих санаатай явж байтал зам дагуу хоёр хүн хоорондоо заамдалцаад зогсож байсан.Бид хоёрыг очиход М.*******, Ц.******* хоёр байсан. Би тэр хоёрыг салгаад цаашаа явсан.Тухайн үед М.*******гийн хацарт өнгөц шалбархай байсан.Ц.*******гийн дээлний 2-3 ширхэг шилбэ тасарсан, чихний ар хэсэгт нь шалбарсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/

Гэрч Л.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* оройхон гэртээ ирээд М.******* хөөж туугаад, бэлчээр газар харамлаад, хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаад нэг хоёр гар зөрүүллээ гэж хэлсэн.Манай нөхөр гэртээ ирэхэд чихнийх нь ар талд шалбархайтай дээлнийх нь 2,3 шилбэ тасарсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Р.Долзодмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.*******гийн хацар хэсэгт 2-3 орчим шалбарч зулгарсан,Ц.*******гийн дээлний шилбэ нь тасарсан, чихний ар хэсэгт шалбарч зулгарсан байсан,өөр надад ил шарх сорви харагдаагүй.Нөхөр бид хоёр тэр хоёрыг салгаад цаашаа утсаар ярихаар явсан.Буцаад ирэхэд тэр хоёр явчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн...Ц.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-25-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн...М.*******гийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралтууд, зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт,цээжний зүүн хэсэгт  зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.М.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 29-р хуудас/

Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.******* мотоциклийнхоо урд дугуйгаар миний өвдөгт тулж зогсоод намайг ална гэсэн. Тэгэхээр нь би “ та яахаараа хүн алдаг юм, хүн дайрлаа ш дээ” гэхэд намайг заамдаж аваад миний зүүн шанаа руу нэг удаа цохиж, намайг боохоор нь би нэг гуя руу нь 2 удаа өшиглөж толгой руу нь нэг удаа хальт цохиод авахад намайг тавьсан. Тухайн үед миний дээлний шилбэ урагдаж 2 товч унасан байсан.М.*******г би бээлийтэй гараар цохиход нүүр нь шалбарч цус гарсан... гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт малын бэлчээрээс үүдэн маргалдаж М.*******гийн нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч М.*******гийн мэдүүлэг, гэрч Ч.Сундуй,Х.Хишигжаргал, Л.Мөнхзаяа, Р.Долзодмаа нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  153 дугаартай “...М.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах үйлдэлд хохирогчийн буруутай үйлдэл байсан болох нь М.*******г Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас /хх-10/, гэрч Ч.Сундуйгийн... Хоёр хүн заамдалцаад зогсож байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Мөнхзаяагийн... Ц.******* бид хоёр хоорондоо маргалдаад нэг хоёр гар зөрүүллээ гэж хэлсэн.Манай нөхөр гэртээ ирэхэд чихнийх нь ар талд шалбархайтай дээлнийх нь 2,3 шилбэ тасарсан байсан ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь малын бэлчээрээс үүдэн  маргаан үүсгэн, хохирогч М.*******тэй харилцан зодолдож, М.*******гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-*******/-аар тогтоогдож байна.Хохирогчид учирсан хохирлын 442750 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн.

            Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдлын талаар гэрч Д.Баатарсүхийн өгсөн...Ц.******* нь зан байдлын хувьд дуугүй, даруу, ноомой зантай,архи уугаад байдаггүй, мал сайн малладаг, Чандмань сумын сайн малчин хүн байгаа юм. Дунд сургуулийн 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Увс аймагт цэргийн алба хаасан....  гэх мэдүүлэг / хх- 22-р хуудас/

Гэрч Т.Баатарзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* нь ноомой дуу цөөтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм. 2017 онд байх сумын Сайн малчнаар шалгарч байсан, удмын малчин, багийнхаа иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн.... гэх мэдүүлэг /хх-23-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “Ц.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирлын 442750 төгрөгийг удахгүй төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдлыг нь харгалзан, торгох ялын 460.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 460000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны *******60084791 тоот дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/46 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, ХААН банкны *******60084791 тоот дансанд байгаа 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/46 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******гээс 442.750 / дөрвөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч М.*******д олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form