Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00807

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00807

 

 Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00901 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,284,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2022 оны 05 сарын 05-ны өдөр Т ХХК-ийн захирал О.А-тай мод суулгац худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 49,350,000 төгрөгийн үнэ бүхий модны суулгацыг зээлээр өгсөн. Дахин Т ХХК-ийн захирал О.А 21,000,000 төгрөгийн барааны үнийг төлж, 11,200,000 төгрөгийг 7 хоногийн дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй худалдан авч, энэ тухай О.А хүсэлт бичиж өгсөн. Миний бие Т ХХК-ийн захирал О.А-д нийт 60,550,000 төгрөгийн суулгац зээлээр өгөөд 29,300,000 төгрөгийн суулгацыг буцаан аваад хариуцагчаас төлсөн 13,966,000 төрөгийг хасаад 17,284,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 05 сарын 05-ны өдөр Т ХХК-тай байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь Д.Б-д биднээс моднуудыг зараад өгөөч, та итгэлгүй бол худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тооцоо нийлсэн мэтээр гарын үсэг зуръя гэж өөрөө гэрээний төслийг барьж ирээд зуруулсан. Уг гэрээ анхнаасаа зориулалтын бус өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан. Бид уг моднуудыг зарж чадахгүй, ийм олон тоогоор авах хүн олдохгүй байна гэж удаа дараа шаардсан боловч аваагүй. Иймд моднуудыг нь буцааж өгөөд хэлцлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 11,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,034,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1.  Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байсан. 2020 оны 05 сарын 05-ны өдөр Т ХХК болон Д.Б-д нарын хийсэн хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хамтран ажиллаж, хамтдаа үр ашиг хүртэх тохиролцоотой байсан. Таримал мод өргөн хэрэглээний бараа биш талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Д.Б-ийн тус хэлцлийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа талаар дурдсан.

4.2.  Худалдах, худалдан авах гэрээ биш болох нь 2022 оны 05 сард Т ХХК-аар барааг заруулж тодорхой хэмжээний мөнгө авч, зарим хэсгийг буцааж авсан нь худалдан борлуулж, хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна. Үүнийг Д.Б-д мөн хүлээн зөвшөөрч, сүүлд үлдсэн тооцоо нийлэх саналыг бидэнд тавьж У.Шинэбаяртай нэг мөсөн тооцоогоо дуусгая гэж шинэчилсэн гэрээ байгуулсан. Бид модыг зарж чадахгүй байна, худалдан авагч олдохгүй байна, буцааж ав гэсэн шаардлагыг удаа дараа илэрхийлж байсан.

4.3.  Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2022 онд гэрээ хийсэн талаар дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа буруу тодорхойлсон. Шүүхийн шийдвэрт эргэлзээ төрж байгаа бөгөөд дахин хянан хэлэлцэх шаардлага үүсэж байгаа нь харагдаж байгаа юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ биш зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Т ХХК өөрсдийн худалдан авах гэрээний загварыг гаргаж, компанийн тамгаар баталгаажуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Д.Б-д нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,284,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа байсан, зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 25/

3.   Талууд 2022 оны 05 сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Б-д нь 2,500 ширхэг бургасны суулгац, 3,300 ширхэг улиасны суулгац, 4,700 ширхэг шар хуайсны суулгацыг нийлүүлэх, Т ХХК нь бургасны 1 ширхэг суулгацыг 4,500 төгрөгөөр, улиасны 1 ширхэг суулгацыг 5,000 төгрөгөөр, шар хуайсны 1 ширхэг суулгацыг 4,500 төгрөгөөр тус тус үнэлж үнийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2.3-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөл нь ...төлбөл зохих хүүгийн хэмжээ бөгөөд талууд энэ талаар гэрээнд тусгаагүй байх тул Д.Б-д болон Т ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

5.   Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хариуцагч нь 2022 оны 05 сарын 05-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Энэ талаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т ХХК-аас нийлүүлсэн модны суулгацын үнийг шаардах эрхтэй.

6.1.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Т ХХК-ийн захирал О.А ын гар бичмэл, Д.Б болон У.Шинэбаяр нарын хооронд 2023 оны 05 сарын 03-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзээд талуудын хооронд 2,500 ширхэг бургас модны суулгацны тооцоо үлдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх 5, 37, 41-42/

6.2.  Иймд 2,500 ширхэг бургас модны суулгацыг 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нд тусгагдсан үнэ 4,500 төгрөгөөр тооцож, нийт 11,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00901 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...262 дугаар зүйлийн 262.1... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 244,370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР