Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,  

улсын яллагч Н.Нарангэрэл,          

шүүгдэгч Н.Г , Б.Г , тэдгээрийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Н-ын  Г , Б  овогт Б-ны  Г нарт холбогдох эрүүгийн 1810020180802 дугаартай, 187/2019/0109/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Н-ын  Г  /РД:......./ 

 

            Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ны  Г /РД:......./    

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г , Н.Г  нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KGB TEGBE” ХХК-ийн хойд талд иргэн Д.Даваанямыг араас нь татаж газар унагаан хүч хэрэглэж түүний халаасанд байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г , Н.Г  нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KGB TEGBE” ХХК-ийн хойд талд иргэн Д.Даваанямыг араас нь татаж газар унагаан хүч хэрэглэж түүний халаасанд байсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн авсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Н.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Өөрийн гар утсаараа яриад “KGB TEGBE” байгууллагын баруун талын жалгаар хойшоо явж байхад үл таних 2 хүн миний араас миний өмсөж байсан цамцаар хоолой боож газар унагааж өмдний карманд байсан Жи-7 маркийн гар утас аваад зутгсан...нөгөө залуу нь халаасанд байсан утсыг авах гээд байхаар нь би утастай халаасаа гараараа дарсан чинь нөгөө намайг дараад зогсож байсан залуу урдаас аваач гэхээр нь нөгөө залуу нь шууд ханз татаад ураад аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13/

            4. Гэрч Р.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай нөхрийн найз Ганбат, Г  нар орж ирсэн. Тэр хоёр хар өнгийн “Самсунг Жи-7” маркийн гар утас үзүүлээд энэ бид хоёрын утас байгаа юм, ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримтгүй байна. Тэгээд ч орой болоод энэ хавийн ломбардууд хаачихжээ. Та 2 хамт хотын төв ороод бичиг баримтаараа ломбарданд тавиад өгөөч гэхээр нь найзууд болохоор зөвшөөрсөн....25 дугаар эмийн сангийн замынхаа урд талд байдаг Эрдэнэс нэртэй ломбард руу Г , манай нөхөр бид 3 хамт ороод 280.000 төгрөгөөр миний бичиг баримтаар ломбарданд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

            5. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай гэрт гаднаас Ганбат, Г  нар гаднаас халамцуу орж ирээд бид хоёрт иргэний үнэмлэх байхгүй байна. Бичиг баримтаараа ломбарданд нэг утас тавиад өгчихөөч гэсэн. Тэгэхээр нь би хэний утас юм гэхэд Г миний гар утас гэсэн. Тэгээд эхнэр Гансүхийн бичиг баримтаар тавихаар болж Ганбат, Г , манай эхнэр Гансүх бид дөрөв Яармагаас такси барьж 25 дугаар эмийн сан дээр очиж Г машинд үлдээд Гансүх, Г  бид дөрөв машинаас буугаад “Эрдэнэс” нэртэй ломбарданд 280.000 төгрөгөөр Самсунг жи-7 маркийн гар утсыг барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            6. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манайд Рагчаагийн Гансүх гэдэг хүн Самсунг жи-7 маркийн гар утас 8 хоногийн хугацаанд тавьсан байсан. Манай гэрээнд барьцаанд тавьсан үндсэн хугацаа дууссаны дараа 21 хүртэл хүлээгээд авахгүй бол зарж борлуулдаг. С.Гансүх гэдэг хүний тавьсан утас одоо манайд байхгүй, зарж борлуулсан болно, 280.000 төгрөгөөр тавьсан байсан тэр үнээр л зарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

          7.  “Дамно” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан ХУ-18-749 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 44/

          8. Эрдэнэсломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-58/

          9. Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...40 орчим насны махлагдуу биетэй эрэгтэй хүн автобуснаас буусан бөгөөд нэлээд согтолттой байх шиг байсан. Гартаа цүнхтэй байсан бөгөөд Г бид 2 тэр хүний араас нэлээн дагаж явж байгаад нүүлгэлтийн “KGB TEGBE” ХХК-ны ар талаар нь ороод явах үед би дөхөж очоод нөгөө хүнд “сайн байна уу ах” гэсэн чинь тэр хүн “чи хэн бэ, чамайг танихгүй юм байна” гэж хэлээд надаас зайгаа барихаар нь толгой хэсэг орчим гараараа дарахад Г нөгөө хүний халаасыг нь ухаж байгаад нэг юм авчих шиг болсон. Тэгээд гүйгээрээ гэхээр нь нөгөө хүнийг тавиад араас нь гүйж очоод юу авсан юм бэ гэж асуутал утас авсан гэж надад үзүүлсэн. Хар өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй утас байсан бөгөөд хоёулаа найз Гантулгын гэрт очсон...Гантулгын гэрт очих үед эхнэр Гансүх нь хүүхдүүдтэйгээ хамт байсан. Г “би утсаа ломбарданд тавих гэсэн юм, та 2 бичиг баримтаараа тавиад өгөөч” гэж хэлсэн чинь ямар учиртай утас юм бэ? гээд асуугаад байхаар нь Г миний утас байгаа юм аа, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Нөгөө хоёр тэгвэл хоёулаа хамт явъя гэж хэлээд дөрвүүлээ хамт замаас такси бариад орой 21 цаг өнгөрч байсан болохоор одоо Яармагаар ломбард байхгүй байх гэж бодоод шууд хотын төв рүү явсан...Эрдэнэс нэртэй ломбард руу Гантулга, Гансүх бид 3 хамт ороод Гансүхийн бичиг баримтаар 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-38/,

          10. Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Автобусны буудал орчим зогсож байтал 40 орчим настай бага зэрэг махлагдуу биетэй эрэгтэй хүн автобуснаас бууж ирсэн. Тэр хүний араас хэсэг дагаж яваад дөхөж очоод Г  нөгөө ахыг “за юу байна ах” гэсэн чинь нөгөө танихгүй ах бас бага зэрэг халамцуу байсан бөгөөд “чи хэн бэ?, чамайг танихгүй юм байна” гэсэн чинь Г  нөгөө ахыг араас нь цамцаар нь боогоод газар унгаасан. Би дөхөж очоод халааснаас нь Самсунг жи-7 загварын утас байсныг авсан. Тэгээд найз Гантулгын гэрт очсон чинь эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Г  энэ миний утас байгаа юм, ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримтгүй болчихоод байна, та 2 тавиад өгөөч гэхээр нь нөгөө хоёр тэгье гэж хэлээд такси бариад 25 дугаар эмийн сан ороод ломбарданд тавьсан...би хийсэн хэргээ хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Б.Г , Н.Г  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 57/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г , Н.Г  нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KGB TEGBE” ХХК-ийн хойд талд иргэн Д.Даваанямыг араас нь татаж газар унагаан хүч хэрэглэж түүний халаасанд байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэн авсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж үзнэ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд: "...Б.Г  нь хэвтрийн дэглэм сахиж, эмчийн хяналтад байлгах шаардлагатай нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1528 дугаартай Эрүүл мэндийн төвийн комиссын шийдвэр хэрэгт авагдсан байх тул Н.Г д холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Г бад холбогдох хэргийг түдгэлзүүлж өгнө үү..." гэсэн,   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Г , Г  нарт холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг түдгэлзүүлэх шаардлага байхгүй. Шүүгдэгч Б.Г  нь шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж байгаа тул хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой...” гэсэн тайлбаруудыг тус тус гаргажээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан  “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол”-аар хэргийг түдгэлзүүлэхээр хуульчилжээ. Шүүгдэгч Б.Г , Н.Г  нарт холбогдох хэргийн шүүгдэгч Б.Г ыг хэвтрийн дэглэм сахиж, эмчийн хяналтад байлгах шаардлагатай гэсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1528 дугаартай Эрүүл мэндийн төвийн комиссын шийдвэр хэрэгт авагдсан хэдий ч Б.Г  нь шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж хуралдаанд оролцож байгаа тул хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.          

Иймд шүүгдэгч Б.Г , Н.Г  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.         

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Н.Г  нь хохирогч Д.Даваанямд 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, Б.Г  нь хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Д-ын “...Н.Г  нь утасны мөнгө 375.000 төгрөгийг төлсөн, Б.Г  нь 375.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тул надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, Н.Г-ийн хувийн байдал /....29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт.../, Н.Г-ийн хувийн байдал /32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг /зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г ыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ган-Эрдэнийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.

            Анх удаа гэмт хэрэг хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г ын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ял, Н.Г-ийн эдлэх 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.            

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г аас 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Даваанямд олгохоор шийдвэрлэв.         

Б.Г , Н.Г  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч Б  овогт Н-ын  Г , Б  овогт Б-ны  Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Б-ны  Г-ыг  2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Н-ын  Г-ийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г ын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ял, Н.Ган-Эрдэний эдлэх 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.          

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г аас 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгосугай.              

5. Б.Г , Н.Г  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Г , Н.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г , Н.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР