Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 4930

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 62-871-1 тоотод оршин суух Хэрээд овогт Дамдинпүрэвийн Энхтунгалаг /Регистрийн дугаар СЗ84071304/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 62-871-1 тоотод тоотод оршин суух Боржигон овогт Сандагдоржийн Цэрэнпил /Регистрийн дугаар ЦЕ85031613/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтунгалаг, хариуцагч С.Цэрэнпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д.Энхтунгалаг миний бие нь 2002 онд С.Цэрэнпилтэй танилцан улмаар 2004.03.16-нд гэрлэлтийн 02/735 тоот баталгаагаар гэр бүл болсон билээ. Миний нөхөр С.Цэрэнпил нь амьдрах хугацаандаа доромжилж, дарамталж, зодож зүхэж амьдарч ирсэн, нэг бус удаа зодож гэмтээх асуудал гаргаж байсан. Би хүүхдээ бодоод зодсон ч зодоогүй юм шиг ажлаа хийгээд 3 хүүхэд болон нөхөртэйгөө урьдын адил амьдарч ирсэн. Маш их хартай, бас аав, ээжээ өмөөрч зодно. Уул нь архи ууж, тамхи татдаггүй, ер нь их түрэмгий зантай, огцом ууртай хүн байгаа юм. 2015.12.26-нд ээжийгээ өмөөрч намайг зодож, бүр нэг нүдийг минь хараагүй болтол цохиж, ухархай дээд доод талын ясыг хугартал зодож, бас хөмсөгний арьсыг яз цохиж долоон оёдол тавиулсан. Ингээд 2016.01.05-нд хагалгаанд орсон. Иймд энэ хүнтэй эвлэрч дахин амьдрах сонирхол сэтгэл ч үгүй болоод байна. Чи намайг арай ч дээ ийм болгоод байхдаа яахав дээ гэсэн чинь хохь чинь, чи амнаасаа болоо биз дээ гээд ичиж зовсон, гэмшсэн ямар ч гомдол ажиглагдахгүй байгаа юм даа. Бүр чамайг ажлыг чинь хийлгэхгүй байж чадна шүү гэж доромжлоод байгаа юм даа. Одоо дахиж ямар нэгэн эд эрхтэнээ гэмтэхээс өмнө энэ хүнээс салж амар тайван амьдармаар байна. Бас 2016.02.24-нд дахиж муудалцан гэрт гал тавьж ор, хувцас хунарыг минь шатаасан. 2016.02.10-аас хойш би хөлсний байранд тусдаа амьдарч байна. 2016.03.09-нд нүдээ авахуулж, болор суулгуулсан. Би 3 хүүхдээ өөрөө авч өсгөх хүсэлтэй байна. Хүүхдийг чинь өгөхгүй гээд дарамтлаад байгаа юм. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох БЗД-ийн 9-р хороо, Шархад 61-871-1 байршилтай хашаа, өвлийн сууцнаас надад болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Хүү Ц.Цэрэн-Очир, охин Ц.Цэрэнпагма, Ц.Цэрэн-Оюун нарыг миний асрамжинд үлдээж, эцэг болох С.Цэрэнпилээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

   “С.Цэрэнпил бид хамтдаа 10-н хэдэн жил ханилсан. Хүн хэн нэгний гарын шүүс болохоор амьдардаггүй тул би эртхэн салахыг хүсэж байна. Ар гэрийнхэн ээжийгээ өмөөрч намайг зоддог, зодсоныхоо дараа надаас миний ханиа, миний хайраа намайг уучлаарай гээд уучлалт гуйсан ч зүйлгүй, буруугаа ухамсарлахгүй хохь чинь чи өөрийнхөө амнаас болж зодуулсан гэж хэлж байсан. Урьд нь намайг зөндөө л зоддог байсан би зодуулчихаад маргааш нь юу ч болоогүй юм шиг л байдаг байсан. Миний сэтгэлд маш их гомдол хуримтлагдсан учраас надад маш хэцүү байх тул тус тусын амьдралаа бодохыг хүсэж байна. Урьд нь намайг зодоход ээж, аав нь намайг зөндөө гуйсан. С.Цэрэнпил нь надаас зөндөө уучлал гуйж эвлэрэхийг хүссэн ч би хүлээн зөвшөөрөөгүй. Манай хүү, бага охин хоёр над дээр байгаа. Ц.Цэрэн-Оюун нь багадаа татаж унадаг өвчтэй, эмнэлгээр явж их эмчилгээ хийлгэдэг байсан ч өнгөрсөн хугацаанд гайгүй байгаа. Манай хүү хадам аав ээжийн гэрт очно гэж хэлдэг, учир нь багаасаа хамт байж, өссөн. Ээжтэйгээ байх уу гэж асуухаар би ээжтэйгээ байж чадна, хөгшин аавынд очиж байна шүү гэж хэлсэн. Манай том охин ер нь аавдаа илүү сайн тул аав дээрээ л байна гэж хэлэх байх. Ер нь бол бид хүүхдийн асрамж,  тэтгэлэг, дундын өмчийн маргаантай асуудал дээр харилцан тохиролцсон байгаа тул хүүхдийг асуух шаардлагагүй. Би хашаа, байшингаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хувиас татгалзсан байгаа. Хэн хэн нь хүүхдүүдээ асрамждаа авч байгаа болохоор тэтгэлэг гаргуулахгүй. Би очиж уулзаж байх болно. Манай хүү ээжийгээ л гэдэг, харин манай хоёр охин намайг нэг их тоолгүй ааваа л гэж хэлдэг тул асуудал гарахгүй гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагч С.Цэрэнпил шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“С.Цэрэнпил миний бие нь 2002 онд Д.Энхтунгалагтай анх танилцаж, улмаар 2004 онд гэрлэлтийн 02/735 баталгаагаар гэр бүл болсон. Үүнээс хойш эхлэн бид хоёр арав гаран жил хамт амьдрахдаа 3 сайхан хүүхэдтэй болж том охин маань 2005 онд төрсөн, дунд хүү маань 2007 онд төрсөн, бага охин маань 2010 онд төрсөн. Энэ хугацаанд бага сага хэрүүл гардаг байсан, юунаас болдог вэ гэхээр эхнэр маань хааяа архи ууж, заримдаа гэртээ ирж хонодоггүй үе гардаг байсан, үүнээс болж хэрүүл гардаг байсан. 2015 оны 12 сарын 26-ны өдөр гэр бүлийн жаахан маргаанаас болж эхнэртээ би гар хүрч, зодож гэмтээсэн. Үүнээс болж эхнэр маань гэрээсээ юмаа авч явсан. Одоо эхнэр маань надаас салахыг хүсч байна. Би хийсэн бүх зүйлдээ маш их харамсаж байна. Би одоо мянга уучил эрээд, мянга харамсаад нэмэргүй болсон юм байна гэдгийг сайн ойлгож байна. Миний амьдрал энд ирээд дуусна гэж даанч бодсонгүй явж дээ. Үнэхээр урьд нь бодсон бол миний амьдрал ийм болохгүй байсан юм. Даанч хожимдож ухаарлаа. Одоо эхнэр маань надаас салахыг маш их хүсч байна. Хэрвээ чи надаас ингээд салахгүй байх юм бол би дахиж нэмж өргөдөл өгнө шүү, тэгээд чи тэр явдаг газар луугаа яваарай за юу, тийм болохоор өргөдлөө хурдан өг гээд байх юм. Тийм болохоор би одоо салах хүсэлтэй байна. Харин эхнэр маань 3 хүүхдээ чи өөр дээрээ аваарай гэсэн тийм болохоор би 3 хүүхдээ өөрийн нэр дээрээ асран халамжлах хүсэлтэй байна“ гэжээ.

Хариуцагч С.Цэрэнпил шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа

“Би Д.Энхтунгалагаас салахыг хүсэхгүй байна. Ахин алдаа гаргахгүй гээд гуйхад, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, сална л гэж хэлсэн. Нэгэнт намайг үгүйсгээд салъя гэдэг тул гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би том охиндоо ээж, аав нь салвал хэнтэй нь амьдрах вэ гэх мэтээр асууж үзээгүй ч аавтайгаа байна гэж хэлэх байх. Бид нэгэнт хүүхдийн тэтгэмж, асрамжийн асуудал дээр харилцан тохиролцсон тул бидний тохиролцсоны дагуу асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Манай том охин хөдөө хадмын гэрт байгаа тул асуулгах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч С.Цэрэнпил хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчийн асуудлаар харилцан тохиролцсон байна.

Зохигч болох Д.Энхтунгалаг, С.Цэрэнпил нар 2004 оны 03 дугаар сарын 16-нд гэр бүл болсныг 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 131 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин Ц.Цэрэнпагма /регистрийн дугаар УК05250268/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1315 дугаарт бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хүү Ц.Цэрэн-Очир /регистрийн дугаар УК07302635/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 4422 дугаарт бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, 2010 оны 05 дугаар сарын 29-нд охин Ц.Цэрэн-Оюун /регистрийн дугаар УЛ10252920/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 2555 дугаарт бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа,  хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж байгаа нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Энх энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Ц.Цэрэнпагма, охинЦ.Цэрэн-Оюун нарыг төрсөн эцэг С.Цэрэнпилийн асрамжид, хүү Ц.Цэрэн-Очирыг төрсөн эх Д.Энхтунгалагийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжилж тогтоолгох шаардлагагүй гэж зохигчид харилцан тохиролцсон тул эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэснээс үл хамааран хүүхдийн эцэг, эх хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг, эх  /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд хэн хэндээ саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Хэрээд овогт Дамдинпүрэвийн Энхтунгалаг /Регистрийн дугаар СЗ84071304/, Боржигон овогт Сандагдоржийн Цэрэнпил /Регистрийн дугаар ЦЕ85031613/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ц.Цэрэнпагма /регистрийн дугаар УК05250268/, 2010 оны 05 дугаар сарын 29-нд төрсөн охин Ц.Цэрэн-Оюун /регистрийн дугаар УЛ10252920/ нарыг төрсөн эцэг С.Цэрэнпилийн асрамжид, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  төрсөн хүү Ц.Цэрэн-Очир /регистрийн дугаар УК07302635/-ыг төрсөн эх Д.Энхтунгалагийн  асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР