Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00808

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00808

 

 Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00483 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох,

2021 оны 06 сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар шийдвэрээр Х ХХК-аас зээлийн төлбөрийг гаргуулан, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 04 сарын 12-ны өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3-т заасныг үндэслэж хүчингүй болгож, дахин 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 06 сарын 22-ны өдөр 7/5 дугаартай тогтоол гаргасан байдаг. Дээрх тогтоолыг Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн хэдий ч бодит байдал дээр 3 дахь удаагийн албадан дуудлага худалдаа юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 3 дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар хуульчлан тогтоогоогүй байтал 3 дахь удаагаа албадан дуудлага худалдаа явуулах талаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т зааснаар төлбөр авагчид үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг 2 дахь дуудлага худалдаанд санал болгосон доод үнийг 25 хувиар бууруулан тооцож, төлбөрт суутган авахыг санал болгох ёстой байсан. Дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон атлаа тухайн үеийн дуудлага худалдааны ялагч Ч.Ц-ийн дэнчингийн мөнгийг буцаан олгосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т зааснаар дэнчинг улсын орлого болгохоор байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д зааснаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг дуудлага худалдааг зохион байгуулагч томилохоор заасан. Гэвч тухайн дуудлага худалдааг явуулах эрхлэн хөтлөгчийг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байсан. В.А нь дуудлага худалдааг эрхлэн хөтөлж явуулах эрхгүй учраас албадан дуудлага худалдаа болон 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 7/3 дугаартай тогтоол хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан талаар огт танилцуулаагүй. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дампуурсанд тооцуулж, татан буулгах хүсэлтийг гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 183/Ш32021/09757 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан боломжийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжийг шийдвэр гүйцэтгэгч Б.С-д өгөхөөр очсон, өрөөндөө байгаагүй. Хамт суудаг шийдвэр гүйцэтгэгчид захирамжийг үлдээх талаар Б.С-д утсаар мэдэгдэж, үлдээсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.С нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн байхад 2021 оны 09 сарын 01-ний өдөр Б.Г-ын орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг цагдаагийн албан хаагч нарын хамт явуулсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад яагаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар шийдвэр гүйцэтгэгчээс асуухад надад ямар ч захирамж ирээгүй гэх зүйлийг ярьсан бөгөөд түдгэлзүүлсэн захирамжийг шийдвэр гүйцэтгэгч болон цагдаагийн алба хаагч нарт үзүүлж, ажиллагааг зогсоосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1050 дугаар шийдвэрээр Х ХХК, Б.Г нараас 55,484,000 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн **-р хороо, Бага тойруу гудамж, **-р байрны ** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 120/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 17300916/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөх талаар мэдэгдсэн, мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй. Үнийн санал ирүүлээгүй учраас 2018 оны 01 сарын 24-ний өдөр шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг 41,290,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2018 оны 02 сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Г үнэлгээнд гомдол гаргасныг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө 2019 оны 03 сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 50 хувь бууруулж 20,645,000 төгрөгөөр оруулсан. 2021 оны 07 сарын 09-ний өдөр 50,750,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч Х ХХК, Б.Г нарт 2021 оны 07 сарын 09-ны өдрийн 4-124/12712 тоот мэдэгдлээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар хариуцагчН-т холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  2019 оны 02 сарын 26-ны өдрийн тогтоолоор анхны дуудлага худалдаагаар хөрөнгө борлогдоогүй гэж үзэн 2019 оны 03 сарын 26-ны өдөр 10 дугаартай 2 дахь дуудлага худалдаа явуулж, н.Ц ялагчаар тодорсон ч төлбөр төлөөгүй үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 75 дугаар зүйлийн 75.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар албадан худалдахад хоёр удаа дуудлага худалдаа явуулахаар заасан байхад Шийдвэр гүйцэтгэгч Б.С нь дээрх заалтыг илтэд зөрчиж 2021 оны 06 сарын 22-ны өдөр 2 дахь гэж нэрлэн /үнэн хэрэгтээ 3 дахь/ дуудлага худалдааг явуулж хөрөнгийг бусдад шилжүүлж хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, бодит байдалд 3 дахь дуудлага худалдааг явуулж хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

4.2.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 27 өдрийн 183/Ш32021/09757 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжийг Х ХХК-ийн захирал Ж.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 124-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.С-д өгсөн байхад шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Г-ын орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулж байхад шүүгчийн захирамжийг цагдаагийн алба хаагч нарт үзүүлж ажиллагааг зогсоосон. Шийдвэр гүйцэтгэгч нь дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2021 оны 09 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар ялсан худалдан авагчид шилжүүлэх бичгийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргэж өгсөн ба нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 2021 оны 12 сарын 10-ны өдөр Г.Уртнасанд шилжүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн.

4.3.  Нэхэмжлэгч 2022 оны 11 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2022 оны 12 сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 4-124/65 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 03/3118 дугаартай албан бичгээр Б.Г-д хариу өгсөн. Хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байхад шүүх Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 сард 2 дахь албадан дуудлага худалдааг явуулж, үүнээс хойш төлбөр төлөгч талаас 2023 оны 03 сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2021 оны 07 сард албадан дуудлага худалдаа болох мэдэгдлийг авч, гомдол гаргасан. Гэвч 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль бус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Н-т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 3/9 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсчээ. /1хх 1-2, 216-218/

Хариуцагч нь дээрх шаардлагыг ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 33-34, 235-236/

3.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар захирамжаар хариуцагч Х ХХК, Б.Г нараас 55,484,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, хариуцагч төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Б.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, Бага тойруу гудамж, **-р байрны ** тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 39-41/

4. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2017 оны 08 сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1хх 42/

5.   Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан зохицуулалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5.1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ...Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулжээ.

5.2.  Нэхэмжлэгч Б.Г нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийн талаар 2022 оны 11 сарын 16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2022 оны 12 сарын 12-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргажээ. /2хх 1, 2/

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Г-д 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 03/3118 тоот албан бичгээр гомдолд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй... гэсэн хариуг өгчээ. /1хх 9/

5.3.  Нэхэмжлэгч Б.Г нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд анх гомдлоо гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/01166 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс хойш 2023 оны 03 сарын 15-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. /1хх 18-21, 2-арын нүүрний дардас/

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар шүүхэд гомдол гаргах хугацаа тасалдсан байх ба мөн зүйлийн 79.7-д зааснаар хугацааг шинээр эхлэн тоолоход 2023 оны 01 сарын 31-ний өдөр дууссан байна.

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Г ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР