Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ж.Энхжаргал   

шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ийн  Б-д холбогдох эрүүгийн 1803009020490 дугаартай, 187/2019/0185/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоолны технологич, цахилгаанчин мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл .... хамт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ийн  С /РД:............/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С  нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Энканто таун хотхоны урд замд 24-15 УНУ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Батбархасыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг орхин зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.С  нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Энканто таун хотхоны урд замд 24-15 УНУ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Батбархасыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг орхин зугтаасан болох нь:   

1. Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13/

            3. Авто тээврийн хэрэгсэл байсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах ажиллагааны тэмдэглэлүүд /хх-20-24/

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б.Батбархас бид 2 эх нэгтэй, эцэг ондоотой юм. Бид гэр бүлээс тавуулаа байснаас Батбархас нийлээд гурвуулаа үлдсэн. Батбархас нь манай хамгийн бага дүү, түүний эгч нь Бадарчийн Ариунчимэг манай хашаанд бие нь муу ажил хийж чадахгүй хамт амьдардаг. Батбархас миний төрсөн хүү Б.Алтанхуягтай хамт Баянзүрх дүүрэг, 14 хороо Цагаанхуаран хотхоны 86-83 тоотод хамт амьдардаг. Бид нар хамтдаа Нарантуул дээр 10 орчим жил ажиллаж байна. Батбархас нь өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхнэр, хүүхэд байхгүй..., ....2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул зах дээр ажиллаж дуусаад 21 цаг өнгөрч байхад Цагаан хуарангаас гараад Яармаг явлаа гэж хэлээд дэлгүүрт өр тавьсан та мөнгө өгчих гэхээр нь би 3000 төгрөг өгөөд эрүүл гараад явсан. Түүнээс хойш холбоо барихгүй алга болсон байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө цагдаагаас нас барсан талаар мэдэгдсэн...., ...талийгаачийн буяны ажлыг Буян ХХК-ийн ажлын багцаас 2.018.000 төгрөгийн багцыг авч мөргөсөн жолооч нараас төлбөрийг гаргуулан авсан. Мөн Буяны ажилд Соната-6 машины жолооч эрэгтэйд 500.000 төгрөг, нөгөө машины жолоочид 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Буяны ажилд нийт 6.969.600 төгрөгийг манай гэр бүлээс зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

             6. Гэрч Г.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...40-44 УБА улсын дугаартай Т.Марк экс маркийн тээврийн хэрэгслийг өөрийн ажлын ах Отгонбаяраар жолоодуулан гэр лүүгээ харихаар явсан. Нисэхийн тойрог өнгөрөөд голын эгнээгээр явж байхад Энканто таун хотхоны ойролцоо санагдаж байна замын голын хэсэг буюу боржур хэсэгтэй ойролцоо согтуу гэмээр нэг эрэгтэй хүн хөлөө жийсэн байдалтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

            7. Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг өнгөрч 00 цаг дөхөж байх үед ажлаасаа тараад гэртээ харихаар Нисэхээс Яармагийн чиглэл явсан. Энэ үед хамт ажилладаг Энхсайханы хамт явсан. Би Энхсайханы Т.Марк-Х маркийн 40-44 УБА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Ингээд ажлаасаа гараад Нисэхийн тойрог өнгөрөөд Яармагийн замд ороод Энканто хотхоны урд замд 2 дугаар эгнээгээр явж байтал замын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд замын хашлага боржуртай ойрхон алаг өмдтэй, согтуу бололтой хүн хөлөө жийсэн байдалтай сууж байсан. Би хажуугаар нь гарах үед миний хажууд сууж явсан Энхсайхан 3 дугаар эгнээнд согтуу хүн зам дээр сууж байна та харсан уу? Машинд дайруулчих вий дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд гэр лүүгээ явсан. ..., Ямар ч байсан зорчих хэсэг дээр сууж байсан хүн хөдөлж байсан. Босох гээд байгаа бололтой хөдөлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

            8. Гэрч А.-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Нисэхийн тойргоос баруунаас зүүн рүү явж байхад Энканто тауны урд хойноос урд зүг рүү замын 3 дугаар эгнээ рүү гэнэт нэг согтуу хүн гараад ирсэн. Би рулээ зүүн тийшээ дарж замын голын хашлага даван ороод автомашиныхаа баруун талын толиор шүргэхэд миний толь сууриараа хугарч нөгөө хүн сөхрөөд газар унасан. Би зогсох гэсэн боловч тоормос ажиллахгүй байхаар нь араагаа мултлаад замын урагшаа шороон зам руу орж Морин тойруулгын зогсоол дээр автомашинаа байрлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/

            9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2407/-ний дүгнэлт:

            -Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, хоёр тал бөмбөлгийн таславч, бага тархины тархмал аалзан хальсны доорх цус харвалт, хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушигны гадаргуу дахь тархмал няцрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний орой дахь голомтлог цус хуралт, элэгний няцрал, давсагны ханийн цус хуралт, эрүү яс, 3 шүдний хугарал, умдаг ясны үйрч бяцарсан хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн ташуу зөрөөтэй хугарал, хуйх, нүүрний олон тооны зулгаралт, шарх, цээж, хэвлий, мөчдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            -Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            -Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

            -Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас шууд нас баржээ.

            -Талийгаач нь 2018.10.30-ны өдрийн 03 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 1 цаг болжээ.

            -Талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байна.

            -Талийгаачийн цусанд 5.7 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /1хх-ийн 98-103/

            10. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Талийгаачид учирсан гэмтлүүд нь шүргэгдэх үед үүсэхгүй, мөргөгдөж дайрагдах, шидэгдэх үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархи, цээж хэвлий, мөчдийн хавсаргасан олон гэмтлийн улмаас шууд нас барсан байна...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шүргэгдэх үед үүсэхгүй мөргөгдөж, дайрагдах, шидэгдэх үед үүсэх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/

            11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 6222 дугаартай дүгнэлт:

            -Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дөрвөлжин хээтэй цамц, хантааз, улаан ханцуйтай саарал цамц, хар, ногоон алаг өнгийн өмд, хөх өнгийн дотоожинд цооролт, сэмрэлт, урагдалт, ханзралт, хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна. Цооролт, сэмрэлт, урагдалт, ханзралт зам тээврийн осолд орох үед гарсан байж болно. /хх-ийн 113-114/

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 11750 дугаартай дүгнэлт:

            -Шинжилгээнд ирүүлсэн 24-15 УНУ улсын дугаартай цагаан саарал өнгийн Hyundai Sonota-6 маркийн автомашин тээшинд байх их гэрэлийн зүүн талын гэрэлд цус илэрч байна.

            -24-15 УНУ улсын дугаартай цагаан саарал өнгийн Hyundai Sonota-6 маркийн автомашины дээд гадаргууд хийсэн үзлэгээр урд их гэрэл, гупер, крилан, капот, салхины шил, дээвэр, баруун зүүн талын хаалга, толь, арын тээшний хаалга, баруун болон зүүн талын 4 дугуй, обуд болон доод ангиуд уг автомашины тээшинд байх 2 ширхэг их гэрлийн баруун талын гэрэл, урд гупер зэрэгт цус илрээгүй.

            32-33 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Civic маркийн автомашины дээд гадаргууд хийсэн үзлэгээр урд их гэрэл, гупер, крилан, капот, салхины шил, дээвэр, баруун зүүн талын хаалга, толь, арын тээшний хаалга, баруун болон зүүн талын 4 дугуй, обуд болон доод ангиуд зэрэгт цус илрээгүй.

            -Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E8 D5S818, D13S317, D7S820, D16S593, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоож үр дүнг ДНХ-ийн лабораторийн 1112 дугаартай архивт авч хадгалав. /1хх-139-140/

            13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний 6331 дугаартай дүгнэлт:

            -Шинжилгээнд ирүүлсэн 60х21,5 см, 62х37 см, 25х20 см, 37х2 см хэмжээтэй саарал хуванцарууд 24-15 УНУ улсын дугаартай Х.Соната-6 автомашины ар талын багаажнаас гарсан саарал өнгийн бамбайн хагархайтай урьд нэг бүхэл байсан байна.

            -Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн хагас дугуй хэлбэрийн 97х37,5 см хэжээтэй хуванцар 24-15 УНУ улсын дугаартай Х.Соната-6 автомашины зүүн урд талын дугуй дээд талд бэхэлгээтэй байх усны хаалттай урьд нэг бүхэл байсан.

            -Хэргийн газраас хураан авсан гэх 36,3х4,6 см, 8,5х4 см, 4,4х6 см хэмжээтэй цагаан хуванцар нь өөр хоорондоо зах ирмэг хэсгээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна.

            -Шинжилгээнд ирүүлсэн гадаргуу дээрээ Honda>RAMXD6-6+1 гэсэн үсэг, тоотой 18,5х8, 5х12,5 см хэмжээтэй хар өнгийн объект нь 23-33 УБЕ улсын дугаартай сааран өнгийн Хонда Сивик автомашин баруун талын толины суурьтай урд нэг бүхэл байсан байна.

            -Харин шинжилгээнд ирүүлсэн бусад объектууд нэг бүхлийг үүсгэхгүй байна. Мөн уг жижиг объектуудын гадаргуу дээрх бичиг хэсэгчилсэн, объектууд ямар нэг хэлбэр дүрс агуулаагүй байх тул шинжээчээс асуусан 2 дугаар асуултанд хариулт өгөх боломжгүй байна. /1хх-148-149/     

            14. Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан 72873 дугаартай дүгнэлт: “...Ослын үед копутын зүүн урд тал нугарч хонхойсон мөн будаг нь халцарсан, зүүн урд крыло үзүүр хэсэгтээ будаг халцарсан хонхойсон., урд гупер зүүн тал унжсан, урд хоёр их гэрэл, оврын гэрэл, дохионы гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэл үүссэн байна...,...ослын дараа уг тээврийн хэрэгслийн жолооч нь урд 2 их гэрлээ сольж тавьсан, мөн копутны зүүн урд хэсэг, урд гуперийн зүүн талыг шруфтсэн, зүүн урд крылоны үзүүр хэсгийг засаж янзалсан байдалтай байна...” /хх-185-196/

            15. Техникийн шинжээчийн 427 дугаартай дүгнэлт: “....24-15 УНУ улсын дугаартай Х.Соната-6 маркийн автомашины жолооч Б.С  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

            а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах бас ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

            б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх

            в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

            9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-179/

            15. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амралтын өдөр учраас Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10-260 тоотод байх гэртээ хүү Амгалан, эхнэр Ашиймаа нарын хамтаар кино үзээд амарч байхад миний төрсөн дүү Солонго миний 80171897 дугаар луу залгаад “манай нөхөр намайг зодоод байна, та ирж ав” гэж хэлэхээр нь нялх 4 сартай хүүхдийг нь бодоод эхнэрийнхээ хамт явъя гээд хувцсаа өмсөн гарсан. Би өөрийн 24-15 УНУ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 21 дүгээр хорооллын залуус хороололд гэрт нь очсон..., Солонгоог 4 сартай хүүтэй нь чемдомтой хувцаснуудыг нь янзалж эмхлүүлээд жаахан байж байгаад 23 цагийн орчим гарсан санагдаж байна...Залуус хорооллоос Тесо төвийн урдуур уруудан 5 шар луугаа эргэж, Сонсголонгийн замаар Нисэхийн тойргоор тойрч Яармаг руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байхад хүн юм шиг өндийх шиг болсон, би тулаад ороод ирсэн болохоор дээгүүр нь автомашиныхаа зүүн талаар дайраад гарсан. Би сандраад 40-50 метр орчим зайтай хальт зогсолт хийгээд хүн үү, шуудайтай хог уу гэж хэлээд гэр лүүгээ шууд явсан...хашаандаа ороод машинаа байрлуулж тавтал урд урд гуфер, крылогны хажуугаар цус шиг улаан зүйл болсон байхыг хараад хүн дайрсан юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 214-216/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

          Тээврийн Прокуророос Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.С  нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Энканто таун хотхоны урд замд 24-15 УНУ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Батбархасыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг орхин зугтааж, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.С-ын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....хохирол төлж барагдуулсан...” гэсэн баримт /хх-221, 236-237/, гэрч А.-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Нисэхийн тойргоос баруунаас зүүн рүү явж байхад Энканто тауны урд хойноос урд зүг рүү замын 3 дугаар эгнээ рүү гэнэт нэг согтуу хүн гараад ирсэн. Би жолооны хүрдээ зүүн тийшээ дарж замын голын хашлага даван ороод автомашиныхаа баруун талын толиор шүргэхэд миний толь сууриараа хугарч нөгөө хүн сөхрөөд газар унасан. Би зогсох гэсэн боловч тоормос ажиллахгүй байхаар нь араагаа мултлаад замын урагшаа шороон зам руу орж Морин тойруулгын зогсоол дээр автомашинаа байрлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/, шүүгдэгч Б.С-ын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй, 6.969.600 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан..:” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /...44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоолны технологич, цахилгаанчин мэргэжилтэй, 34 дүгээр бүрэн дунд сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Б  овогт Б-ийн  Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүхээс хүлээлгэсэн гэмт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 /тав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Мөн шүүхээс шүүгдэгч Б.С д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал /2018 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Энканто таун хотхоны урд замд А.Анхбаяр нь талийгаачийг автомашиныхаа баруун талын толиор шүргэхэд толь нь сууриараа хугарч, сөхрөөд газар унах үед тухайн замаар явж байсан Б.С  нь үргэлжлүүлэн автомашиныхаа зүүн талаар дайрсан/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 407 дугаартай шинжээчийн  “…талийгаачийн цусанд 5.7 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /1хх-ийн 98-103/ гэсэн дүгнэлт зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.С-ын В ангиллын 277171 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.  

            Б.С д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ийн  С-ыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

             хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Б  овогт Б-ийн  Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүхээс хүлээлгэсэн гэмт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С д оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.С д сануулсугай.

            7. Б.С д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.С-ын В ангиллын 277171 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.С д сануулсугай.

            11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР