Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00853

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00853

 

М.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00440 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 87,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т.Д-гийн хүсэлтийн дагуу 2020 оны 11 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 сарын 07-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөр 45,000,000 төгрөг, 6 сарын хүү 6 x 2,250,000=13,500,000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүрэг 58,500,000 төгрөг болсон. Үүнээс алданги тооцоход нэг өдрийн 292,500 төгрөгийг шаардах эрхтэй байна. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн алдангид 29,250,000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 58,500,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие худалдааны төвд олон жил тогтвортой борлуулалт хийсэн бөгөөд 2020 оны 03 сараас эхлэн Ковид-19 дэгдэн, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын удаа дараагийн тогтоол шийдвэрээр тодорхой хязгаарлалт, хөл хорио тавьсантай холбоотойгоор миний хувийн бизнес зогсонги байдалд орж эхэлсэн. Ийнхүү улам хатуу хязгаарлалт тавигдаж, улсын хил бүрэн хаагдахыг огт мэдээгүйн улмаас шинэ жилийн бараа захиалах зорилгоор М.Т санал тавьсны дагуу 45,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Засгийн газрын болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоон, улсын хил бүрэн хаагдан, тээвэрлэлт саатан, захиалсан барааг хүлээн авч чадахгүй болж, миний бие алдагдал хүлээсэн. Энэ хохирол алдагдлын талаар нэхэмжлэгч М.Т-д тайлбарлаж, тодорхой хэмжээний төлбөр төлөн, өрийн асуудлыг зохицох талаар санал хэлсэн боловч нэхэмжлэгч саналыг хүлээн авахаас эрс татгалзан, заавал мөнгийг 100 хувь бүрэн буцааж авна гэж шаардсанаар, төлбөр өндөр дүнтэй болж өнөөдрийг хүрсэн билээ. Иймд 2020-2023 он хүртэлх хугацаанд улс орон даяар бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, хөнгөлөлт болон хугацаа олгон нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Т.Д-гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 73,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 523,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  М.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь 2020 оны 11 сараас 2022 оны турш хоёр жил гарангийн хугацаанд буюу дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 гэх онцгой нөхцөл байдлын үед, Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын удаа дараагийн шийдвэрээр иргэд, байгууллагын үйл ажиллагааг хязгаарлан, хатуу хөл хорио тогтоож байсан үе, үйл явдалтай нягт холбоотой юм. Ялангуяа үйлчилгээний салбарын үйл ажиллагааг бүрэн зогсоосон, хувийн хэвшлийн үйл ажиллагаа маш ихээр хумигдан, үйл ажиллагаа огт явуулаагүй, нэг ч төгрөгийн орлогогүй байсан, улс хоорондын тээвэр саатан, захиалсан бараа материал хилийн цаана гадаа бороо шороонд автан ашиглах боломжгүй болсноос алдагдал хүлээн хохирсон. Энэ хүнд нөхцөлд зээлийн өрийн төлбөрийг боломжит богино хугацаанд төлж барагдуулахаар хариуцагч миний зүгээс шударгаар төлбөрийг барагдуулах санал гаргахад нэхэмжлэгч М.Т нь саналыг хүлээн аваагүй, төлбөрийн дүн өсч нэмэгдэхэд нөлөөлсөн болохыг тайлбарласан боловч шүүх шийдвэр гаргахдаа анхаарч дүгнээгүй.

4.2.  Зээлийн хүү, алданги нэмэгдэн маш их дарамтыг хариуцагчид бий болгож байгаа, эвлэрэн асуудлыг шийдвэрлэх боломж байсан. Цар тахал Ковид-19 гэх онцгой нөхцөл байдлын улмаас учирсан эдийн засаг болон сэтгэл санааны алдагдал, хохирлын үр дагавар өнөөдрийг хүртэл үргэлжилж дарамт болж дампуурал зарлах нөхцөл-ийг бий болгож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч аль аль талын тайлбар, нотолгоог нягтлан шалган дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хууль бус тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Т.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 13,500,000 төгрөг, алданги 29,250,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож, алдагдал хүлээсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 15/

3.   Талууд 2020 оны 11 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, М.Т нь 45,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Т.Д нь зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4.   Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Т.Д-д 45,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Т.Д нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

5.   Иймд нэхэмжлэгч М.Т нь үндсэн зээл 45,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 45,000,000 х 5 % х 6 сар = 13,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Д гээс шаардах эрхтэй.

6.   Алданги 29,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Зээлийн гэрээ-ний дагуу тооцогдох алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүрэг 58,500,000 төгрөгийн 50%-иас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь 58,500,000 : 2 = 29,250,000 төгрөгийн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх нийтэд илэрхий үйл баримт буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 50% бууруулан 29,250,000 : 2 = 14,625,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан шүүхийн эрх хэмжээнд хамаарч байна. Нэхэмжлэгч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй.

7.   Иймд анхан шатны шүүх Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийн хэмжээг 50%-иар бууруулан тооцсон байх тул хариуцагчийн гаргасан ...Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсож, нэг ч төгрөгийн орлогогүй байсан, захиалсан бараа материал саатаж, алдагдал хүлээсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч Т.Д г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/00440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Т.Д-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 523,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР