Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогч Х.Алтанбаяр,   

шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э-ийн  Т-д  холбогдох эрүүгийн 1810016780119 дугаартай, 187/2019/0223/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....,  ам бүл ..... хамт, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Э-ийн  Т  /РД:................/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т  нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуй их сургуулийн орчмын зам дээр хохирогч Х.А-тай “Машин руу юм шидлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар Х.А-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Т  нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуй их сургуулийн замын хажууд тогтсон усыг машинаараа дайрч гарахад нь хохирогч Х.А “ус цацлаа” гэх шалтгаанаар машин руу нь гар утас шидсэний улмаас маргалдан Х.А-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан болох нь: 

1.Шүүгдэгч Э.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр ажил руугаа явж байхад гадаа маш их бороо орсон байсан. Гэтэл миний машин руу нэг юм шидэх шиг болсон, тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал хохирогч Алтанбаяр гар утсаа шидсэн байсан. Түүнээс болж маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Х.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Алтанбаяр: 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өглөө 8 цагийн үед ажил руугаа замын явган хүний замаар явж байсан. Тухайн өдөр маш их бороо орсон өдөр байсан. Тэр үед машинууд борооны тогтсон усыг тойроод гарч байсан. Гэтэл Т гийн машин над руу шавхай цацсан. Тэгэхээр нь би барьж явсан гар утсаа шидсэн. Тэр үед улаан гэрэл асаад Т гийн машин зогссон. Тэгээд очоод уулзахад Т  машинаасаа буугаад намайг цохиж өшиглөсөн. Түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Би ухаан балартсан байсан. Нэг сэрэх үед байрны харуулын өрөөнд сэргэсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очсон. Т  залуу хүн байж надаас уучлал гуйхгүй байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

            3. Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 8 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн сургуулийн уулзвараас Белла Веста хотхон руу замын хажуугаар явж байсан чинь цагаан өнгийн суудлын автомашин хажуугаар өнгөрөхдөө шавхай цацсан юм. Би уурандаа өөрийн барьдаг байсан айфоне 10 загварын гар утсаа машин руу нь шидчихсэн юм. Гэрлэн дохио дээр машин зогсоход би гар утсаа авахгүйгээр гүйгээд очтол машины урд сууж байсан 30 гаруй насны залуу бууж ирээд намайг нүүр рүү түлхтэл би өөрийг нь түлхэж машиных нь хаалгыг хаасан. Миний утас газарт харагдаад байхаар нь авах гээд тонгойтол нөгөө хаалгыг нь хаасан залуу машинаас бууж ирээд миний нүүр рүү өшиглөөд намайг газар унангуут дээрээс баахан цохиж ноцолдож байтал замын цагдаа болон Белла Веста хотхоны хамгаалах албаны 3 залуу ирж бид хоёрыг салгасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

            4. Гэрч Н.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10:00 цагийн үед өөрийн хамаатны дүү болох Э.Т гийн эзэмшлийн Хонда Сивик маркийн автомашиныг бариад Т гийн хамт Хөдөө аж ахуй сургуулийн уулзварын хажууд явж байхад бороо ороод замын хажууд тогтоосон усыг дайраад гарсан чинь араас нэг хүн юм шидэх шиг болсон. Тэгсэн Т  машинаасаа буугаад машинаа харах гээд буутал үл таних 30-34 насны эрэгтэй хүн Т г гараараа нүүр рүү нь түлхэхээр нь машиныхаа аваарыг татаад буугаад очсон чинь тэр хоёр хоорондоо ноцолдоод байсан. Тэр үед хажуугийн хотхоны 3 хамгаалагч ирсэн. Тэр хамгаалагч нар Т  бид хоёр руу үл таних залууг өмөөрч чи яагаад явган хүн рүү ус цацаж байгаа юм бэ, зөөлхөн явж болдоггүй юм уу гээд дайраад байсан. ...Тэр үед хэрүүл маргаан үүсгэсэн гэх залуугийн уруулнаас нь цус гарсан байсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирээд хэрүүл маргаан үүсгэсэн залуу, Т  2-ыг цагдаа аваад явсан. ...Анх тэр хүн Т гийн нүүр рүү нь түлхэхэд Т  зөрүүлээд нүүр рүү нь гараараа түлхэснийг нь харсан. Нүүр рүү нь өшиглөх хэмжээний асуудал үүсээгүй. Т  тэр залууг гараараа түлхэхэд л цус гарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8252/-ний дүгнэлт:

            -Х.А-ын биед доод уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 35/

            6. Шүүгдэгч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Машин руу юм шидсэн ба намайг машинаас бууж ирэхэд намайг түрүүлж цохьсноос болж муудалцах шалтгаан болсон. ...Тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг түлхсэн. ....би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8252/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Т  нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуй их сургуулийн замын хажууд тогтсон усыг машинаараа дайрч гарахад нь хохирогч Х.А “ус цацлаа” гэх шалтгаанаар машин руу нь гар утас шидсэний улмаас маргалдан Х.А-ын нүүрэн тус газар нь цохиж түүний биед доод уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, доод уруулд зулгарагалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Э.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Т г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Толгойн зураг авахуулсан 120.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна, Э.Т гээс 120.000 төгрөг авахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Э.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Хохирогч Х.А нь Натур эмнэлэгт компьютер томографийн оношлогоо хийлгэсэн 120.000 төгрөг /хх-32, 61/, Дамно хөрөнгийн үнэлгээгээр 2.090.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг тус тус Э.Т гээс нэхэмжилсэн боловч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Толгойн зураг авахуулсан 120.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна, Э.Т гээс 120.000 төгрөг авахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт/,

          Хохирогч Х.А нь Дамно хөрөнгийн үнэлгээгээр 2.090.000 төгрөгөөр үнэлэгдсэн Айфоне 10 гар утсыг нэхэмжилсэн хэдий ч Э.Т  нь Х.А-ын биед хөнгөн хохирол учруулах үед буюу гэмт хэрэг болсон тухайн цаг үед хэдэн төгрөгийн үнэтэй, ямар гар утас байсан нь тодорхойгүй, Х.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн миний ухаан балартсан байсан, нэг сэрэхэд байрны харуулын өрөөнд сэргэсэн гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2 цагдаа ирээд бид нарыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст аваачсан...” гэсэн мэдүүлэг /хх-53/, хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...машинаас бууж ирээд миний нүүр рүү өшиглөөд намайг газар унангуут дээрээс цохиж ноцолдож байтал замын цагдаа болон Белла Веста хотхоны хамгаалах албаны 3 залуу ирж бид хоёрыг салгасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Н.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагдаа ирээд хэрүүл маргаан үүсгэсэн залуу, Т  хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-25/ зэргээр үгүйсгэгдэж байх тул  

хохирогч Х.А-ын Айфоне 10 гар утасны үнэ 2.090.000 төгрөгийг шүүгдэгч Э.Т гээс гаргах үндэслэлгүй гэж үзлээ.    

Мөн шүүгдэгч Э.Т гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

Э.Т д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Э-ийн  Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Э-ийн  Т г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т д оногдуулсан 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Э.Т д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Т д сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР