Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4958

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 45-681Б тоотод оршин суух Жонгоор овогт Намхайнямбуугийн Сод-Эрдэнэ /Регистрийн дугаар ЦЕ86083115/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 45-681Б тоотод оршин суух Боржигон овогт Гэлэгбаатарын Сарангоо /Регистрийн дугаар ТГ91013108/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Сод-Эрдэнэ, хариуцагч Г.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Н.Сод-Эрдэнэ миний бие нь эхнэр болох Г.Сарангоотой 2009 онд танилцаж гэр бүл болсон. Ингээд 2010 онд охин С.Нандин-Эрдэнэ, 2012 онд хүү С.Ням-Эрдэнэ төрсөн. Энэ хугацаанд эхнэр Г.Сарангоо бид хоёр таарч тохирохгүй, салж нийлж байсан зүйлүүд олон байсан. Гэвч 2015 оны 07 сарын 20-нд эхнэр Г.Сарангоо нь муудалцаж гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хоёр хүүхэд над дээр байгаа бөгөөд эхнэр Г.Сарангоо нь хоёр хүүхэдтэйгээ ч ярихгүй, уулзахгүй байгаа. Иймд цаашид бид хоёр нийлж хамт амьдрах боломжгүй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж хоёр хүүхдийг маань цаашид миний асрамжид үлдээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Н.Сод-Эрдэнэ шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

   “Миний бие нь 2009 онд Г.Сарангоотой танилцан, 2 хүүхэдтэй болсон. 2016 онд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. 2015 оны 07 сараас хойш тусдаа амьдрах болсон. Бид уулзаж харилцан тохиролцоод хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахаар болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.  Өмнөх шүүх хуралдаан дээр хэрвээ Г.Сарангоо өөрийнхөө асрамжид хоёр хүүхдээ авсан тохиолдолд миний нэр дээр байдаг хашаа, байшингаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хувиа гаргуулан авахыг хүсэж байх шиг байсан. Г.Сарангоо бид хоёр харилцан тохиролцсон тул эд хөрөнгийн маргаангүй гэж ойлгож байна” гэв.

 

Хариуцагч Г.Сарангоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Г.Сарангоо миний бие 2009 оноос хойш нөхөр Н.Сод-Эрдэнэтэй хамт амьдарч гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн. Бидний гэр бүлийн харьцаа хувийн таарамжгүй, үл ойлголцлоос болж би 2 хүүхдээ дагуулаад 2015 оны 7 сард гэрээсээ ах дүү нарт нь хөөгдөөд зодуулаад гарсан.

Хариуцагч миний хувьд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ эцэг дээр нь асран хамгаалалт тогтоолгох бодолгүй байна. Учир нь би энэ босгосон амрьдралаа нураах, 2 хүүхдээ өнчрүүлж, хойт эх, эцгийн нүдний үзүүрт байлгах хүсэлгүй байна. Нөхөр Н.Сод-Эрдэнэ маань “уучлалт гуйгаад ирэх болов уу” гэж бодон, хүлээн өнөөдрийг хүрлээ. Иймд миний хувьд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асран хамгаалалт тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна “гэв.

Хариуцагч Г.Сарангоо шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа

“Миний бие нь Н.Сод-Эрдэнэтэй хүүхдийн асрамжийн асуудал дээр зөвшөлцөж, харилцан тохиролцож, би өөриийн асрамждаа бага хүүхдээ авахаар болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Сод-Эрдэнэ гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Г.Сарангоо хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч дундын өмчийн хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг гаргуулна гэх тайлбарыг гаргасан боловч, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тул дундын өмчийн маргаангүй гэх тайлбарыг өгсөн.

Зохигч болох Н.Сод-Эрдэнэ, Г.Сарангоо нар 2009 оны 04 дүгээр сарын 09-нд гэр бүл болсныг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1110670655 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин С.Нандин-Эрдэнэ /регистрийн дугаар УК10251143/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 2309 дугаартай гэрчилгээ, 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  хүү С.Ням-Эрдэнэ /регистрийн дугаар УА12320251/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1110000117 дугаартай гэрчилгээ, хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж байгаа нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Энх энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 120  дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг баримтлан “Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 13617 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь шүүгчийн захирамжийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болж, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 441  дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авсан боловч зохигчдын хэн аль нь гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2015 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч байгаа,  гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин С.Нандин-Эрдэнийг төрсөн эцэг Н.Сод-Эрдэнийн асрамжид, хүү С.Ням-Эрдэнийг төрсөн эх Г.Сарангоогийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжилж тогтоолгох шаардлагагүй гэж зохигчид харилцан тохиролцсон тул эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэснээс үл хамааран хүүхдийн эцэг, эх хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг, эх  /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд хэн хэндээ саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Жонгоор овогт Намхайнямбуугийн Сод-Эрдэнэ /Регистрийн дугаар ЦЕ86083115/, Боржигон овогт Гэлэгбаатарын Сарангоо /Регистрийн дугаар ТГ91013108/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С.Нандин-Эрдэнэ /регистрийн дугаар УК10251143/-ийг төрсөн эцэг Н.Сод-Эрдэнийн асрамжид, 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү С.Ням-Эрдэнэ /регистрийн дугаар УА12320251/-ийг төрсөн эх Г.Сарангоогийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР