Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00854

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00854

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00881 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Ё.Ц нь Т ХК-тай 2021 оны 01 сарын 19-ний өдөр 106300****** тоот зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Мөн өдөр 106300****** тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Т ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, Ё.Ц-ийн зээлийн дансанд 2021 оны 01 сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 01 сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талууд 2021 оны 01 сарын 19-ний өдөр 106300****** тоот барьцааны гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн **-р хороо, М-гийн ** гудамж, *** тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 000****** дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, 435 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаартай, 000****** дугаар гэрчилгээ бүхий өмчлөх эрхтэй газар, Хан-Уул дүүргийн **-р хороо, М-гийн ** гудамж, ** тоот хаягт байршилтай 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаартай, 000****** дугаар гэрчилгээ бүхий өмчлөх эрхтэй газар барьцаалсан. Мөн талууд 2021 оны 01 сарын 20-ны өдөр 106300****** тоот барьцааны гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоосго, цемент, хайрга-12,500,000 төгрөг, гэрийн эд хогшил /жагсаалтаар/-4,360,000 төгрөг, хөнгөн блокны машин-1ш-5,000,000 төгрөг, монгол гэр-1ш-540,000 төгрөг, чингэлэг-Зш-4,000,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийн бараа материал барьцаалсан болно. Зээлдэгч Ё.Ц зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөлгүй, зээлийн гэрээг ноцтой зөрчсөн тул банкнаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж байсан. Зээлдэгч Ё.Ц нь 106300242860 тоот гэрээний дагуу 2023 оны 11 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 38,139,265 төгрөг, үндсэн хүү 1,847,506 төгрөг, хуримтлагдсан хүү 100,311 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261,174 төгрөг, нийт 40,348,258 төгрөгийн үлдэгдэлтэй, 106300242883 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 11 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 24,353,633 төгрөг, үндсэн хүү 12,855,729 төгрөг, хуримтлагдсан хүү 243,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,664 төгрөг нийт 38,406,431 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ё.Ц-оос 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Зээлийн гэрээтэй маргахгүй, зээл авсан нь үнэн боловч Ө.Б энэ мөнгийг хэрэглэсэн, хариуцагч авч хэрэглээгүй. Энэ нь Ковид-19 цар тахлын үед олгогдсон зээл бөгөөд гэрээний 6.2.1-д зээл төлөх хуваарийг ноцтой зөрчсөн бол гэрээг нэг талаас цуцалж болно гэж заасан байхад 2024 он хүртэл гэрээг цуцлахгүй хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд оруулж байгааг асуумаар байна. Гэрээг дуусгавар болгох эрх нь банкинд байхад ийм хуримтлал үүсгэсэндээ банк хариуцлага хүлээх учиртай. Хэдэн удаагийн зөрчлийг ноцтойд тооцох, яагаад нийтийг хамарсан цар тахлын үед зээл олгов, одоо ч цар тахлын сөрөг нөлөө арилаагүй байна. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгөхөөс гадна жинхэнэ зээлдэгч нь Ө.Б гэдгийг анхаарч өгнө үү гэжээ.

3.   Гуравдагч этгээд Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би зээлийг авч ашигласан нь үнэн, миний хувьд зээлийн хүүг хойшлуулах талаар банкинд хэлж байсан гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ё.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт 78,754,689 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн **-р хороо, М-гийн ** гудамж, *** тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 000****** дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн **-р хороо, М-гийн ** гудамж, **** тоот хаягт байршилтай 435 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, №000****** дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Хан-Уул дүүргийн **-р хороо, М-гийн ** гудамж, ** тоот хаягт байршилтай 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, №000****** дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 551,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ё.Ц нь 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 106300****** тоот гэрээгээр Төрийн банкнаас 25,000,000 төгрөг зээлсэн ба нэхэмжлэгчийн зээлийн үндсэн хүү 12,855,729 төгрөг, хуримтлагдсан хүү 243,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,664 төгрөг, нийт 14,052,797 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн үндсэн хүү 12,855,729 төгрөгийг ямар хугацаанд төлөх хүү гэдэг нь тодорхойгүй байхад шүүх нарийвчилж тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч гэрээний 2.2.1-д заасныг баримтлан, зээлдэгч Ё.Ц-ийг гэрээний эргэн төлөлтийн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзээд гэрээний 6.2.1-д заасны дагуу 2021 оны 5, 6 сараас гэрээг дангаар цуцлах эрхтэй атал энэ эрхээ эдлэлгүй цаг хугацааг 2023 оны 11 cap хүргэсэн бэ гэдэг асуулт зүй ёсоор гарах ба үүнийг хариуцагч талаас 2, 3 жил дамнуулан хүүний хуримтлал үүсгэн, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль авах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нэхэмжилсэн 14,052,797 төгрөгийг нэхэмжлэгч гэрээнд заасан эрхээ санаатайгаар хэрэгжүүлээгүй, цаг хугацаа, тооцоолол тодорхойгүй үндэслэлээр хасч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийг гэрээнд тусгагдсан нөхцөлөөр шаардсан. Уг нөхцөл байдлыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн хуваарьт тодорхой тусгасан. Хүү тооцоолсон хүснэгтээс төлсөн төлбөр, төлөх ёстой төлбөрийг харах боломжтой. Гэрээнд 3-аас дээш удаа төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан. Мөн уг гэрээг цуцлах эсэх асуудал нь банкны эрхийн асуудалд хамаарна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Ё.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...зээлийн мөнгөн хөрөнгийг Ө.Б авч хэрэглэсэн, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй, банк гэрээг цуцлаагүйн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 95/

Гуравдагч этгээд Ө.Б нь хариуцагч Ё.Ц-ийн тайлбарыг дэмжсэн байр суурийг илэрхийлжээ. /хх 95/

3.   Талууд 2021 оны 01 сарын 19-ний өдөр 106300****** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 45,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, Ё.Ц нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-10/

Мөн өдөр талууд 106300****** тоот Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 25,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, Ё.Ц нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 13-15/

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд хариуцагч маргаагүй.

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.   Зээлдүүлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Ё.Ц-оос шаардах эрхтэй.

Гуравдагч этгээд Ө.Б нь зээлийн гэрээний нэг тал биш учир ...зээлийн мөнгөн хөрөнгийг Ө.Б авч хэрэглэсэн... гэх хариуцагчийн тайлбар Т ХК-ийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хариуцагч нь ...зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй... гэж маргах боловч хэрэгт нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол болон зээлийн дансны харилцагчийн хуулга авагдсан, хариуцагч уг тооцооллыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. /хх 19, 20-26, 27, 28, 68-74, 75/

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эсэх нь ТХК-ийн эрх учир уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж түүнийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд хариуцагч Ё.Ц-оос 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 106300****** тоот болон 106300****** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

6.   Талууд 2021 оны 01 сарын 19-ний өдөр 106300****** тоот Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө.Б-гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, М ** гудамж, *** тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 435 м.кв талбайтай газар, Ё.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, М ** гудамж, ** тоот хаягт байршилтай 342 м.кв талбайтай газар зэргийг барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /хх 11-12, 18, 37, 38, 39, 43, 44/

Мөн өдөр талууд 106300******* тоот Барьцааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 44,200,000 төгрөгийн үнэ бүхий тоосго, цемент, хайрга, 10,900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн блокны машин, 1,800,000 төгрөгийн үнэ бүхий монгол гэр, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг чингэлэг зэрэг эд зүйлийг барьцаалахаар харилцан тохиролцжээ. /хх 16-17/

Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцаалагч Т ХК-д үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар барьцаалуулагч Ө.Б, Ё.Ц нараас шаардах эрхтэй.

7. 106300****** тоот Барьцааны гэрээ-гээр 106300****** тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан байтал анхан шатны шүүх 106300******* тоот Барьцааны гэрээ-ний зүйлээр 106300********* тоот Зээлийн гэрээн-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь буруу. Түүнчлэн, анхан шатны шүүх барьцаа хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа өмчлөгчийн нэр, газрын нэгж талбарын дугаар зэргийг бичээгүй орхигдуулсан байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

8. Анхан шатны шүүх 106300****** тоот Барьцааны гэрээ-тэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсанд нэхэмжлэгч Т ХК давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөхгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00881 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Ө.Б-гын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн **-р хороо, М ** гудамж, *** тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***************** дугаартай, Хан-Уул дүүргийн **-р хороо, М ** гудамж, *** тоот хаягт байршилтай 435 м.кв талбайтай газар, Ё.Ц ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ********** дугаартай, Хан-Уул дүүргийн **-р хороо, М ** гудамж, ** тоот хаягт байршилтай 342 м.кв талбайтай газар зэргээр 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 106300****** тоот Зээлийн гэрээ-ний үүрэг буюу 40,348,258 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 228,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР