Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн,

улсын яллагч Г.Эсэн,    

хохирогч Д.Уранчимэг,     

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт А-ийн  Б-д холбогдох эрүүгийн 1910000000109 дугаартай, 187/2019/0225/Э индекстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... дүүгийн хамт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт А-ийн  Б /РД:......../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 30 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Б.У-ийг Энхболдтой хардаж маргалдан зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 30 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Б.У-ийг Энхболдтой хардаж маргалдан нүүрэн тус газарт нь боксын бээлий өмсөж хэд хэдэн удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Д.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Хохирогч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах найз залуу А.Б-ийн гэрт унтаж байсан. Өглөө 08 цаг 41 минутад манай ажлын ахлах тогтооч Энхболд залгахаар нь би утсыг нь аваагүй. Манай найз залуу утас авахад нь “Андаа ирж байна уу” гэж ахлах тогооч асууснаас болж намайг хардаж унтаж байхад хэрүүл хийгээд боксын бээлий өмсөөд орон дээр сууж байх үед нүүр рүү бээлийтэй гараараа 6-8 удаа хурдтайгаар цохьсон. Ингээд хамар амнаас цус гарсан чинь чихэртэй цай авчираад миний нүүр рүү цацаад цусыг чинь арилгаж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/

          4. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр манай эхнэр Лхагвасүрэн бид хоёр гэртээ байгаагүй харин маргааш өдөр нь гэртээ ирэхэд Бат-Эрдэнийн хажуу өрөөнд амьдардаг Лхагвамаа гэх охин /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/ өчигдөр Б найз охинтойгоо хэрэлдэж зодолдоод цагдаа нар ирээд аваад явсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

          5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1423/-ний дүгнэлт:

          -Б.Уранцэцэгийн биед зүүн дээд 1-р шүдний үзүүрийн эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 13/

         6. Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өглөө 8 цагийн үед унтаж байхад Уранчимэгийн гар утас дугараад байхаар нь би утсыг нь авахад нэг эрэгтэй хүн андаа яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? гэхээр нь чи хэн бэ гэхэд утсаа салгасан. Тэгэхээр нь би Уранчимэгийг сэрээгээд залгасан дугаарыг нь харуулаад энэ хэн бэ гэхэд манай ажлын зөөгч байгаа юм гэхээр нь зөөгч чинь яахаараа менежерээ андаа гэж хэлдэг юм бэ гээд уурлахад Уранчимэг уурлаад намайг алгадаад цээжнээс самардахаар нь би түүнийг болиулах гээд цээж рүү нь түлхэж ор руу унгасан. Би орилоод байхаар нь тэвчихээ болиод боксынхоо зүүн гарын бээлийг өмсөж байгаад хацар руу нь нэг удаа цохиход амнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14765/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 30 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Б.У-ийг Энхболдтой хардаж маргалдан нүүрэн тус газарт нь боксын бээлий өмсөж хэд хэдэн удаа цохиж зодож, түүний биед Б.Уранцэцэгийн биед зүүн дээд 1-р шүдний үзүүрийн эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.         

Иймд шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч Б.Уранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /...25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, Ийзи тур ХХК-нд ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан А.Б-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзэв.          

Шүүгдэгч А.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.      

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Х  овогт А-ийн  Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт А-ийн  Б-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. А.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Б-д сануулсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР